| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2021/00339/И |
| Дугаар | 136/ШШ2022/00004 |
| Огноо | 2021-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 136/ШШ2022/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Цийн У /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.У миний бие Дорноговь аймгийн Барилга угсралтын конторын гөлтгөний цех улмаар Дархан хотын цементийн завод-ын харьяа Карьерын аж ахуй болон өргөжсөнд нярав, лаборант чанар шалгагч, жижүүр зэрэг ажлуудыг 1994 он хүртэл ажиллаж байсан бөгөөд тус албан газарт анх ажилд орсон, ажлаас гарсан тушаал аймгийн архивын материалаас олдоогүй тул тухайн хугацаанд улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд тус КАА-д ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ч.Ггийн бичсэн ...1989-1992 оны хооронд Ц.У нь барилгын материалын түүхий эдийн лаборант чанар шалгаж нярав, байгууллагын жижүүр зэрэг ажил хийж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт /хх-4/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Дын бичсэн ...1985-2011 он хүртэл ажиллаж байх хугацаанд Ц.У нь барилгын материалын чанар шалгагч, нярав, байгууллагын жижүүр зэрэг ажлуудыг хийж байсан нь үнэн билээ. гэх тодорхойлолт /хх-6/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 1980 оноос эхлэн ажиллаж байсан хамт олон 2015 онд зугаалсан гэрэл зураг /хх-8/, 1987 онд авхуулсан гэрэл зураг /хх-9/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 332 дугаартай тодорхойлолт /хх-10/, Дархан цементийн заводын харьяа үнэгтийн гөлтгөний ил уурхайн даргын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаартай Уралдаан дүгнэх тухай тушаал /хх-11-12/, Улсын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь Карьерийн аж ахуйн даргын 35 дугаартай тушаал /хх-13/, Дорноговь аймгийн Краьерийн аж ахуйн даргын 1994 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Ажилд түр томилох тухай тушаал /хх-14/, Барилгын материалын үйлдвэрийн нэгтгэлийн харьяа Дорноговь аймгийн Карьерийн аж ахуйн даргын 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 215 дугаартай тушаал /хх-15-16/, Барилгын материалын үйлдвэрийн нэгтгэлийн харьяа Дорноговь аймгийн Карьерийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай 1991 оны орон тоо, цалинг баталж, албан тушаалд томилох тухай тушаал /хх-17-18/, Улсын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь Карьерийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 213 дугаартай Ажиллах орон тоо хөдөлмөрийн нөхцөл цалингийн тариф өөрчлөн батлах тухай тушаал /хх-19-20/, Улсын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь Карьерийн аж ахуйн даргын 1989 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай 1989 оны орон тоо цалинг дахин өөрчлөн баталж албан тушаалд томилох тухай тушаал /хх-21-22/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-23/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ч.Г, Д.Д нарыг гэрчээр асуусан байна.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нь Дархан цементийн заводын харяа Үнэгтийн гөлтгөний ил уурхайд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нярав, лаборант, чанар шалгагч, жижүүр зэрэг албан тушаалд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Дархан цементийн заводын харяа Үнэгтийн гөлтгөний ил уурхайн даргын 1987 оны 12 дугаар сарын 21-ний 63 дугаартай тушаалаар 1987 оны орон тооны тушаал гаргах жагсаалтыг баталсан байх бөгөөд 6 дугаар зүйлд лаборант Ц.Ут 350 төгрөгийн цалин олгох тухай, Усын барилгын хорооны харьяа Дорноговь аймаг дахь карьерийн аж ахуйн даргын 1990 оны 35 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалаар Ц.Ут 1990 оны ээлжийн амралтыг 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл олгохоор тушаасан байна. Дээрх баримт бичгүүдээс үзэхэд Ц.Уийг өдөр Үнэгтийн гөлтгөний ил уурхайд, 1990 онд Дорноговь аймаг дахь карьерийн аж ахуйл ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Гэрч Д.Дын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ...1985 онд намайг ажилд ороход лаборант гээд байж байсан. Намайг ажилд орохоос өмнө нь орчихсон байсан. 1998 онд Карьерын аж ахуй Дархан руу нүүгээд л гарсан даа. Баахан хүмүүсийг бичиг баримтгүй болгоод л явсан. Би өөрөө хөдөлмөрийн дэвтрээ хогийн савнаас олсон. гэх мэдүүлэг /хх-31-32/, гэрч Ч.Ггийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ...Намайг ороход л Карьерын аж ахуйд лаборантаар ажиллаж байсан. Би тэгээд 1992 онд халагдсан тэгэхэд ажиллаад үлдсэн. гэх мэдүүлэг /хх-33-34/-ийг өгч нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байснаа гэрчилж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Уийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цийн У /РД:*/-ийг Дархан цементийн заводын харьяа Үнэгтийн гөлтгөний ил уурхайд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Уийн
улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА