| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2021/00370/И |
| Дугаар | 136/ШШ2022/00005 |
| Огноо | 2021-12-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 136/ШШ2022/00005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Тгийн О /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.О,
Гэрч: О.Д,
Гэрч: О.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.О миний бие 1975 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ээж Тгийн 4 дэх хүүхэд болж мэндэлсэн. Миний төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх дэх овог нэр Тгийн О гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. Гэвч 2005 оноос 2019 он хүртэлх жил бүрийн мал тооллогоор мал тоолж, малын А дансанд миний овгийг бичихдээ хойд эцэг болох Пүрэвээр овоглон буруу бичсэн байна. Одоо миний бие малчин байсан хугацаагаа тоолуулж нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч овгийн зөрүү гараад байна. Иймд миний А данс дахь овгийг улсын бүртгэлд бүртгэлтэй баримт бичиг дэх Тгийн О болгож тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, 01297517 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2005-2018 оны тооллого /хх-4-26/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 445 дугаартай тодорхойлолт /хх-27/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-29/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх О.Д, О.Ж нараас гэрчийн мэдүүлэг авсан байна..
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь Пүрэвийн Оийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2005-2018 оны тооллого /малын А данс/-ын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Т.О нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн нутагт мал малладаг болохыг тус багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай албан бичгээр тодорхойлжээ (xx-44).
Гэрч О.Д нь шүүх хуралдаанд Манай ээж ер нь төрсөн цагаасаа эхэлж мал дээр байсан. Өөрийнхөө нэр дээр мал тоолуулж эхэлсэн нь 2005 оноос эхэлж тоолуулсан. Өмнө нь өвөө, эмээтэй бөөндөө амьдарч байгаад өрх тусгаарлаж 2 хүүхдээ авч 2005 оноос хойш өөрийн нэр дээр мал тоолуулсан. Пүрэв бол манай өвөө. Манай ээжийн хойд аав нь байгаа юм. Хөдөө, манай ээжтэй саахалт амьдардаг. Би 2018 он хүртэл хөдөө байсан, ээжийнхээ мал маллаж байсан үеийг нь мэднэ. Багийн засаг дарга нь ээжийн овгийг таамаглаж бичсэн байж магадгүй. гэж, гэрч О.Жын шүүх хуралдаанд Ээж маань 2005 оноос эхэлж өөрийн нэр дээр мал тоолуулж эхэлсэн. А дансны бүртгэлийн овгийг багийн засаг даргын буруу, андуурч бичсэн байх гэж боддог. Би тусдаа гарч амьдрал зохиогоогүй байгаа. Ээжийндээ байдаг тул энэ малыг би өөрөө хамт хариулж өсгөж байсан. Тийм учраас энэ мал тоолуулж байсан талаар сайн мэднэ. Энэ А дансны нэр бол ээжийн минь нэр мөн гэж мэдүүлж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2005-2018 оны тооллого /малын А данс/-ын жинхэнэ эзэмшигч нь Т.О мөн болохыг гэрчилж байна.
Түүнчлэн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2009-2012, 2014, 2017, 2018 оны тооллого /малын А данс/-д бичигдсэн Пүрэвийн Оийн регистрийн дугаар нь Тгийн Оийн регистрийн дугаартай ижил бичигдсэн буюу тохирч байна. Харин үлдсэн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2005-2008, 2013, 2015-2016 оны тооллого /малын А данс/-д мал тоолуулсан малчны нэр, гарын үсэг нь Т.Оийн гарын үсэгтэй ижилхэн байх бөгөөд 2005-2018 он хүртэлх жил бүрийн малын тоо, толгой өмнөх оны малын тоотой тохирч байх тул хэрэгт авагдсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2005-2018 оны тооллого /малын А данс/-ийн жинхэнэ эзэмшигч нь Тгийн О мөн болохыг тогтоох үндэслэлэтй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нанжин тайж овогт Тгийн О /РД:*/ нь Пүрэвийн Оийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2005-2018 оны тооллого /малын А данс/-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА