| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0118/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Х-ийн Хт холбогдох 2428000000171 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг .. гэр хорооллын ... тоотод оршин суух иргэн Л.Н-ын гэрийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 430,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Х-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Х нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны шөнө манай гэрт ирээд манай гэрийн эд хогшил болох зурагтын дэлгэц, шүүгээний толь, жаазтай зурагны толь, бурханы зурагтай жаазны шил, аяга таваг зэргийг хагалж эвдэлсэн байсан. Тухайн үед шөнө миний утас унтраалттай байсан болохоор Х манай гэрт ирээд намайг байхгүй болохоор уурлаад гэрийн эд хогшлыг эвдсэн гэж би бодсон. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өглөө урд талынхаа айлын камерыг шүүгээд үзэхэд Х манайд ирээд явсан бичлэг байсан... Эвдлүүлсэн эд хогшлоо төлүүлж авмаар байна.” /хавтаст хэргийн 17 дахь тал/
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнийн 00 цаг 16 минутад Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг .. гэр хорооллын .. тоотод байх гэртээ зааланд тоголчихоод ирсэн. Тухайн үед манай хоёр дүү намайг заалнаас гэрийн гадаа хүргэж өгсөн ба манай хашааны зүүн тал эргээд манай ээж болох Н-ын хувцас болон хөнжил гудсыг нь гаргаад шидсэн байхыг манай хоёр дүү хараад намайг дуудаад би очиж харчихаад ээжийн гэрийг онгойлгож харахад ээжийн гэрийн эд хогшлыг эвдсэн бүх зүйл замбараагүй дотор нь хүн байхгүй байсан. Тэгээд ээж рүү залгахад ээжийн утас холбогдохгүй байсан. Тэгээд тухайн шөнө ээжийгээ хайгаад олоогүй ба ээжийг нагац ахынд байгаа юм болов уу гэж бодоод ахын гэрт очиход ээж байгаагүй, харин Х гэх хүн ахын хашаанд явж байсан ба ээж хаана байна гээд намайг асуухад би мэдэхгүй байна, түрүү нь залгахад утсаа аваад байна уу байна уу гээд тасарсан гэж Х надад хэлсэн... Би ээжийн утсыг аваад Х-тэй утсаар яриад та ээжийн гэрийн эд зүйлсийг эвдэлсэн юм биш үү гэж асуухад Х надад би согтоод ороод эвдэлсэн байна лээ цагдаад битгий хэлээрэй би хохирлыг чинь барагдуулаад өгье гэж надад хэлсэн.” /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Шүүгдэгч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед .. гэр хорооллын .. тоотод байх гэртээ эхнэр М-тэй муудалцаад уурандаа гадаа гараашиндаа нэг шил архи уусан. Тэгээд архи уусны дараа гудамжинд хүний утсаар Н руу ярьсан юм шиг байсан. Тэгээд би тухайн үед архи ууж согтоод хаагуур явснаа болон Н-ын гэрт нь очиж гэрийнх нь эд зүйлсийг эвдэлсэн талаар би огт санахгүй байна. Харин тухайн өдрийн маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өглөө Н-ын хашаанд хажуу гэрт нь амьдардаг охин нь та шөнө ээжийн гэрт ирээд гэрт нь ороод хамаг эд зүйлийг нь эвдэлсэн байна та төлж өг, цагдаад өгнө гэж надад хэлсэн.” /хавтаст хэргийн 19 дэх тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10338 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шкафны толь /66*8 хэмжээтэй/ 1 ширхэг 55,000 төгрөг, жаазны толь 50*30 хэмжээтэй 1 ширхэг 55,000 төгрөг, “Elko” брэндийн 32 инчийн телевизор 1 ширхэг 320,000 төгрөг, нийт дүн: 430,000 төгрөг.” /хавтаст хэргийн 26-28 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/
Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 312 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 41 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/
Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 50 дахь тал/
Л.Н-ын Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 61 дэх тал/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Х-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд манай үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас улсын яллагчийн яллаж буй хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцэх зүйл байхгүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 430,000 төгрөгийн хохирол төлбөр учирсан ба уг хохирол төлбөрийг манай үйлчлүүлэгч төлж барагдуулсан учраас хохирол төлбөргүйд тооцуулах саналтай байна гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд харамсаж байна гэх тайлбарыг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.Х нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг .. гэр хорооллын ... тоотод оршин суух иргэн Л.Н-ын гэрийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 430,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч Л.Н-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, гэрч Н.Б-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Х-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Нд 430,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирлыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан тул хохирогч Л.Н-д учирсан 430,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Үнэлгээний дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг үнэлгээг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Мөн шүүгдэгч Х.Х нь бусдын эд хөрөнгөд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Х-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.Х-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Н-д 430,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс уг хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан талаар илэрхийлсэн ба энэ нь хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 50 дахь тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч нь манай үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд эхнэр, 2 бага насны хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хоёрдогч түүхий эдийг иргэдээс худалдан авч ангилж, цааш нь боловсруулдаг ажлыг эрхэлдэг. Энэ ажлынхаа орлогоороо спорт заал барих ажлыг хийж гүйцэтгэж, спорт заалныхаа ажилд өөрөө гар бие оролцож, материалыг нь авч өгөх зэрэг байнгын ажил хөдөлмөр тасралтгүй эрхэлж байгаа. Хэрэв торгох ял оногдуулсан тохиолдолд төлж барагдуулах бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 ялын сонгох санкцтай. Манай үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Тийм учраас холбогдсон хэрэгт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтүүдийг, шүүгдэгчийн хувьд торгуулмаар байна, хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Х.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Х-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, түүнийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нд 430,000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Х-ийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нд 430,000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ