| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0119/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/123 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/123
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Амь хохирогч Б.М-ы хууль ёсны төлөөлөгч Б.М,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мө,
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б,
Шүүгдэгч Д.Т,
Өмгөөлөгч Б.Борхүү,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-ийн Т-т холбогдох 2428000880472 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 136 дахь километрт 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 18 минутын орчимд “Toyota Lexus-570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Э жолоочтой “Тoyota Lexus 570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Тoyota Lexus-570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.М-ы амь нас нь хохирч, зорчигч М.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, “Toyota Lexus 570" загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээний буюу 104,625,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Т-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Цогтцэций сум руу цагаан сараа хийх гээд явсан. Дундговь дээр хоол идчихээд хөдөлсөн. Цогт-Овоо сум руу орохоос өмнөөс машин ирээд зөрөхөд би гулгаатай зам руу орсон. Тоормосоо огцом гишгэж болохгүй байсан. Гулгаанаас гараад огцом тоормос гишгэсэн. Гэмшиж харамсаж байгаа. Одоо хүү бид 2 үлдсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай ахын эхнэр байгаа. Тусдаа гараад 12 жил болсон ам бүл гурвуулаа байсан. Гэр бүлээрээ явж байгаад гэнэт ослоор ах бурхан болсон. Бэр эгчдээ гомдолгүй гэсэн байр суурьтай байгаа. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Оршуулгын зардлаа дундаасаа гаргасан, нэхэмжлэхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бэр эгчдээ ойр дотно байсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна. Хүүхдийн эрүүл мэнд хэвийн байгаа. Бүгд харж хандаад хамт байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Голомт банкны зүгээс ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалагч гэдэг утгаараа шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмээд тайлбар хэлье. Голомт банкны зүгээс эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэдэг утгаас илүү барьцаалагч гэдэг агуулгаар явдаг учраас Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль болон талуудын хоорондын байгуулсан гэрээний заалтуудаар тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдал болон учирсан гэм хорыг тухайн эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь хариуцахаар зохицуулсан байдаг. Энэ талаар мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлгээ дэмжих байр суурьтай байгаа. Өнөөдрийн байдлаар амь хохирогч болон шүүгдэгчтэй байгуулсан гэрээний хувьд үүргийн зөрчилгүй байгаа. Барьцаа хөрөнгийн хувьд бүрэн бүтэн байдлыг хангуулсан учраас зээлийн гэрээний үүргээ хангуулах боломжтой гэж үзээд нэхэмжлэх зүйлгүй байгаа гэв.
Амь хохирогч Б.М-ы хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би тухайн зам тээврийн ослын талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ хотод байж байсан манай дүүгийн нөхөр Э нь 19 цагийн үед утсаар залгаад М ах авто аваарт орсон байна гэж хэлсэн, ер нь найдваргүй байна шүү гэж хэлсэн, тэгээд утсаа тасалсан. Би хотоос үеэл М-ийн хамт гарсан. Өмнөговь аймагт осол болсон газар очоод юу болсон талаар мэдэж авсан ба ах Б.М-ыг зам тээврийн осолд орж нас барсан талаар мэдсэн. Миний ах Б.М нь Ховд аймагт төрсөн бөгөөд айлын том хүү байгаа юм. Доороо нэг эрэгтэй хоёр эмэгтэй дүүтэй хүн бөгөөд манай ах гэр бүлтэй, 10 гаран жил хамт амьдарч байгаа. Улаанбаатар хотод эхнэрийн хамт амьдарч байсан. Улаанбаатар хотод манай дүү болон би байдаг ба ээж аав маань бид нарыг бага байхад эрт нас барсан... Талийгаач Б.М-ы оршуулгын зардалд 8,000,000 төгрөг гарсан байгаа. Би гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Манай бэр эгч болохоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 32, 136 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймагт гарсан ослын талаар сайн мэдэхгүй, манай нөхөр рүү тухайн өдөр 18 цагийн үед танихгүй дугаараас залгаад зам тээврийн осол гарсан талаар хэлсэн. Тэгээд манай нөхөр Б.Э-гаас мэдсэн, би тухайн үед нөхөртэйгөө цуг байсан, тэгж мэдсэн. Манай төрсөн ах Б.М нь нас барсан гэж дуулсан ба эхнэр, хүүхэд нь Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтсэн. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа саяхан эмнэлгээс гарсан. Манай дүү М.Б-ын эгэмний яс хугарсан тархинд цус хурсан гэж байсан ба тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гарсан, одоо гайгүй байгаа. Надад гомдол санал байхгүй, манай ах эгч хоёрын хүүхэд болохоор нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт байрлах Нүүрс угаах үйлдвэр дээр ажил байдаг. Тэгээд би ажлаас манай байгууллагын нэр дээр байдаг “Toyota Lexus 570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад ганцаараа 11 цагийн үед гараад Улаанбаатар хот орох гээд 164 км яваад Цогт-Овоо сум дээр ирээд шатахуун түгээх станцаас бензин авах гэсэн бензин байхгүй гээд цаашаа явж байтал миний машины урд талд “Toyota Prius” загварын саарал өнгийн машин явж байсан ба тухайн зам тойруу байсан тэгсэн чинь “Toyota Prius” загварын машины зүүн талаар Хар өнгийн “Тоyota Lexus 570” загварын машин зөрөхдөө мөргөлдөх шахаад өнгөрсөн. Тэр машин баруун тийшээ үрүүлээ дараад хоёр тийшээ шарваад өөдөөс яваад байсан. Тэгэхээр нь би тоормос гишгээд хурдаа хасаад баруун талын далан руу бууя гэж бодож байтал миний машины зүүн урд талаас ирээд мөргөсөн. Тэгээд хэсэг зуур би ухаан санаа самуурч байгаад гайгүй болсон, машины бүх дэр гарсан ба цээж өвдөж байсан. Тэгээд машинаас буух гэсэн чадахгүй байсан чинь хүмүүс ирээд машины арын шилийг хагалаад намайг гаргасан. Тэгээд цагдаа, эмнэлэг хоёр ирсэн байсан, нөгөө машины жолооч болон хүүхдийн хамт бид гурвыг эмнэлэг рүү авч явсан... Өөдөөс ирж байсан машины зам нь цастай гулгаатай байсан, тухайн машин гулгаад яваад байсныг би харсан... Надад машины үнэлгээгээр гарсан мөнгийг өгөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай автозамын 136 дахь км замд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 18 минутын орчимд “Toyota Lexus- 570” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь “Toyota Lexus-570” загварын ... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж ослын улмаас зорчигч нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас “Toyota Lexus-570” загварын ... улсын дугаартай автомашины зорчигч М.Б нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,551,000 /хоёр сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлэх хүсэлтэй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч М.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн “Toyota Lexus- 570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын нэр дээр байдаг боловч манай “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сү-ын Э нь өөрөө эзэмшиж унаж явдаг ба өөр хүн унадаггүй... Манай байгууллагын “Toyota Lexus-570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл хохиролтой холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллагын гүйцэтгэх захирал Сү-ын Э нь өөрөө мэднэ. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Toyota Lexus- 570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Голомт банкны барьцааны баталгаажилтад Б.... тоот гэрээний дагуу гэрчилгээ шилжиж ирсэн. Тодруулбал Б овогтой М, Д овогтой Т нар нь Голомт банктай 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр З.... тоот тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 275 сая төгрөгийг 16.8 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатай авто тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар зээлж авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дээр дурдсан Б.... тоот барьцааны гэрээг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б овогтой М нь байгуулж хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 болон 14 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны баталгаажилт хийлгэж “Lexus-570” загварын авто тээврийн хэрэгслийг Голомт банкны нэр дээр шилжүүлж өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч болох Б овогтой М нь эзэмшил ашиглалт, өмчлөлтэй холбоотой бүхий л эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд Голомт банкны зүгээс дээр дурдсан барьцааны эрх бүртгүүлэх, барьцааны баталгаажуулалт хийлгэх зорилгоор зөвхөн автомашины нэрийг шилжүүлэн авдаг. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч тал нь энэ эрхийг эдэлдэг болохоор банкны зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй... Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч тал нь энэ аливаа автомашины эвдрэл хохирол, бусдад учруулсан гэм хор, уршгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байдаг тул Голомт банк нь бусдад учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.” /1 дүгээр хавтаст хэргийн 179, 182 дахь тал/
Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн өдрийн 17 цагийн орчимд Голомт банкны нэр дээр бүртгэлтэй “Lexus-570” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодоод талийгаач нөхөр М, хүү Б нарын хамт гурвуулаа Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций рүү явж байсан. Ингээд Цогт-Овоо гэх нэртэй газар өнгөрөөд сөрөг хөдөлгөөнтэй асфальтан 2 эгнээ замаар явж байхад эсрэг урсгалд автомашин ирж байсан тэр машинтай миний жолоодож явсан автомашин их ойрхон зөрсөн. Тэр үед би бага зэрэг сандарсан, тэгэхэд Приус загварын автомашины араас нь ойрхон бас нэг машин гараад ирсэн, тэр машиныг хараад бүр сандраад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би уг нь өөрийнхөө эгнээд явж байсан, тэгээд сандраад тоормос, хааз алийг нь гишгэснээ мэдэхгүй байна. Ослын дараа хүү маань уйлаад би тэр чимээг сонсоод ухаан орсон, намайг ухаан ороход автомашины бүх дэр нь гарсан нөхөр маань зам дээр хэвтэж байсан, хүүгээ олж хараагүй, би машинаас буух чадваргүй жолооныхоо ард байсан, талийгаач нөхөр болон хүү маань урд зорчигчийн суудал дээр сууж байсан, тэр хоёр маань хамгаалах бүс бүслээгүй байсан. Дараа нь үл таних замын хоёр хүн ирээд надад туслаад намайг машинаас буулгасан, би нөхөр дээрээ очих гэсэн боловч алхаж чадахгүй, биеэ даахгүй байсан. Тэгээд замаар явж байсан хүний машинд намайг нэг эрэгтэй суулгасан, 30 орчим минутын дараа түргэний машин ирээд эмч нь нөхрийг маань үзээд нас барсан байна гэж хэлсэн, хүү бид хоёр тус тусдаа замын автомашинаар эмнэлэг рүү явсан. Би хол замд явахдаа 80-100 орчим хооронд явдаг осол болох үед хурдан яваагүй, зам гулгаатай байсан, миний явж байсан зорчих хэсэг гулгаатай эсрэг урсгал гайгүй байсан санагдаж байна, осол болох үед би бас машин шарваж байсныг санаж байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.Б-ын биед баруун эгэм ясны далд хугарал, тархины аалзан халсан доорх голомтлог цус харвалт, дух, чихэнд зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 213-216 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7661 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Э-ийн биед баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт, цээж, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал/
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Б.М-ы цогцост суурь яс, баруун чамархай ясны олон тооны шугаман хугарал, тархины эдийн няцрал, зүүн бугалга дээд 1/3-р далд хугарал, баруун чамархай дух хэсэг, баруун хацар, дээд уруулын баруун хэсэг, баруун зүүн хөмсөгний гол хэсэг, зүүн хөмсөгний гадна хэсэг, хамрын нуруу, зүүн мөрний ар хэсэг, зүүн сарвуу 1-р хурууны гадна хэсэг, 5-р хуруу 4-р үений гадна хэсэг, баруун сарвуу 1-р хурууны гадна хэсэг, 4-р хуруу 2-р үенд зулгаралт, нуруу, баруун ташаанд зулгаралт, зүүн шуу дунд хэсгээс сарвууг хамарсан цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Б.М-ы биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач Б.М-ы биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач Б.М нь баруун чамархай, суурь ясны олон тооны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна. Талийгаач Б.М нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 56-62 дахь тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1645 дугаартай дүгнэлтэд: “ “Toyota Lexus-570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 284,270,000 төгрөгийн хохирол учирсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1644 дүгнэлтэд: “Toyota Lexus-570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 104,625,000 төгрөгийн хохирол учирсан.” /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1154 дугаартай магадлагаанд: “1.Жолооч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна..., 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..., гэсэн заалтыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. 4. Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, Л.Анхбаяр би магадлагаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж №24-018С дугаартай баримт бичгийг магадлагаанд хавсаргав.” /2 дугаар хавтаст хэргийн 64-66 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 05-20 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал/
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 108-115, 138, дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 54-62 дахь тал/
Голомт банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 733 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал/
Голомт банкны тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 187-191 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Т-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Д.Т-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр сууриас оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг бүртгэх, прокурор, шүүхийн шатанд үйлдсэн гэмт хэрэг болон прокуророос ялласан яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолуудтай ямар нэгэн байдлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа учраас өөр ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх дүгнэлтүүдийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь хэлэх зүйл байхгүй гэх,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мө-ийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б нь хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгчийн хувьд болгоомжгүй ийм үйлдэл гаргасандаа харамсаж гэмшиж байна, дүү нараасаа уучлалт гуйж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Т нь Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 136 дахь километрт 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 18 минутын орчимд “Toyota Lexus-570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Э жолоочтой “Тoyota Lexus 570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Тoyota Lexus-570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.М-ы амь нас нь хохирч, зорчигч М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, “Toyota Lexus 570" загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээний буюу 104,625,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.М /1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Мө /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/, хохирогч С.Э /1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал/, иргэний нэхэмжлэгч С.С /1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.Бу /1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал/, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б /1 дүгээр хавтаст хэргийн 179, 182 дахь тал/ нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 213-216 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7661 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56-59 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1645 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1644 дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1154 дугаартай магадлагаа /2 дугаар хавтаст хэргийн 64-66 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 05-25 дахь тал/, цогцост үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1154 дугаартай магадлагаагаар “Жолооч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна..., 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..., гэсэн заалтыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна...” /2 дугаар хавтаст хэргийн 64-66 дахь тал/ гэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Д.Т-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.М нь баруун чамархай, суурь ясны олон тооны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56-59 дэх тал/-ээр, мөн шүүгдэгч Д.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Б-ын эрүүл мэндэд баруун эгэм ясны далд хугарал, тархины аалзан халсан доорх голомтлог цус харвалт, дух, чихэнд зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 213-216 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, амь хохирогчийн үхлийн шалтгаан, мөн насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Д.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Т нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний амь нас хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Тээврийн Прокуророос шүүгдэгч Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Тийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.М нас барж, насанд хүрээгүй хохирогч М.Б-ын эрүүл мэндэд баруун эгэм ясны далд хугарал, тархины аалзан халсан доорх голомтлог цус харвалт, дух, чихэнд зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56-59 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 213-216 дахь тал/-ээр,
...ийн өмчлөлийн “Toyota Lexus-570” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 104,625,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1644 дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Мөн зорчигч М.Б нь гэмтлийн улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсны төлбөр 2,551,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч С.С нэхэмжилсэн болно.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мө, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б нарын зүгээс шүүхэд хандан “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлж мэдүүлсэн болно.
Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Т-ийн зүгээс хохирогч С.Э болон ...т тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 104,625,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 2,551,000 төгрөг, ...ээс тээврийн хэрэгслийн үнэлгээнд төлсөн 6,290,000 төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 122-124, 126 дахь тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэх тухай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа. Холбогдсон хэргийн тухайд гэр бүлээрээ явж байгаад зам тээврийн осолд орж, нөхөр нь тухайн ослын улмаас газар дээрээ нас барсан, одоо бага насны хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд чиглэлийн зам дээр кемптэй, тэндээ байрлан аж ахуйн үйл ажиллагаагаа явуулж, 20 гаран хүнийг ажлын байраар хангаж байна. Холбогдсон гэмт хэргийн тухайд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр хүний амь нас эрсэдсэн боловч Д.Т-т ч гэсэн маш хүнд байгаа. Өөрөөр хэлбэл 10 гаран жил ханилсан ханиа алдсан, тийм учраас ял шийтгэлээс илүүтэйгээр Д.Т-т сэтгэл зүйн хувьд болон бусад байдлаар маш хүнд цаг хугацааг үүрч яваа. Улсын яллагчаас санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, хязгаарлалтыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь Улаанбаатар Цогтцэций чиглэлд байнга явж ажил хийдэг миний үйлчлүүлэгчид хүнд тусна, хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтүүдийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гийн зүгээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мө нь бэр эгчийг ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгнө үү? гэж хүсэж байна гэх, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б-гийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгчийн хувьд ажил хийх боломжтой нөхцөлөөр тогтоож өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:
Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялд өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод, дээд хэмжээ, хорих, зорчих эрхийг хязгаарлах зэрэг үндсэн ялын доод хэмжээ тус тус нэмэгдсэн байна.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь дээрх хуулийн зүйл, хэсэгт өөрчлөлт орж, хүчин төгөлдөр болсны дараа үйлдэгдсэн байх тул хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэхгүй болно.
Шүүгдэгч Д.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Т-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.
Шүүгдэгч Д.Т-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүхийн шатанд хохирогч С.Э болон ...т нийт 110,915,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2,551,000 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нь дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Т-т хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мө, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч С.Э болон ...т нийт 110,915,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2,551,000 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-ийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Т-т хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мө, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч С.Э болон ...т нийт 110,915,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2,551,000 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ