| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2024/02749/И |
| Дугаар | 001/ХТ2025/00092 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2025/00092
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/05089 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00337 дугаар магадлалтай,
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“М” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/05089 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас 89,000,000/наян есөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 602,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00337 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/05089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр:
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 болон 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Талуудын 2023.06.28-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д гэрээг баталгаажуулан гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан нийт төлбөрийн 60 хувийг шилжүүлэхээр тохиролцсон ба үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар гэрээнд тодорхой заагаагүй тул Иргэний хуулийн 351.1.1-д заасны дагуу ажлын үр дүнг хүлээн авмагц үлдэгдэл ажлын хөлс төлөх үүрэг үүссэн гэж ойлгох нь зүйтэй. Гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул ажлын хөлсийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан. Ажил гүйцэтгэх гэрээний 6.5-д гүйцэтгэгчийн нэхэмжлэх, хийж гүйцэтгэх ажлын даалгавар, ажил хүлээлцсэн акт зэрэг нь гэрээний салшгүй хэсэг байхаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нотлох баримт болох ажлын даалгавар, ажил хүлээлцсэн актыг гаргаж өгөөгүй байхад ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн мэтээр дүгнэж ажлын хөлсийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь 116 дугаар зүйлийн 116.2-д заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, тус ажилд нь тохирсон хөлсийг төлөх саналыг тавьж байсан ба нэхэмжлэгч бэлэн бараа байхгүй, БНХАУ-аас захиалж хийлгэх боломжтой гэсэн хариуг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч ажлын үр дүн байхгүй байхад ажлын хөлсийг бүрэн гаргуулахаар шийдэж байгаа нь Иргэний хуулийн 343.1, 351.1.1-т заасантай нийцэхгүй юм.
Анхан шатны шүүх 2024.12.03-ны өдөр хийсэн үзлэгээр Б, А нарын харилцсан зурвасд ирсэн фото зургаас гуравдагч этгээд болох Б.Булгантамир, Н.Ариун-Эрдэнэ нарын хооронд харилцсан зурвасыг бэхжүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, зураг дээр байгаа Т гэх фэйсбүүк хаяг нь “М” ХХК-ийн ажилтан Б мөн эсэх, гуравдагч этгээд рүү явуулсан фото зургаас харилцсан зурвасыг баталгаажуулсан зэрэг нь хэрэгт хамааралгүй, үнэн бодит байж чадахгүй талаар хариуцагч анхан болон давж заалдах шатны шүүх хуралд маргасан боловч 2 шатны шүүхээс яагаад тус харилцан яриаг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж байгааг тайлбарлахгүй шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-д заасны дагуу хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 1-т дурдснаар зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан байна. Тэр ч бүү хэл анхан шатны шүүх 3 үндэслэлээр 4 ширхэг нотлох баримтыг хуулийн 40.2-т заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй талаар гомдол гаргаж байхад эдгээр гомдлыг хэрхэн дүгнэсэн талаар магадлалд огт дурдаагүй. Ганцхан хянавал хэсгийн 5-д “...хэрэгт хамааралгүй баримт байгааг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг буруутгахгүй” гэж дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаагүй нь Монгол Улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 263 дугаар тогтоолын 24-т “...Түүнчлэн хуулийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан эсэх талаар хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Иймд дээрх үндэслэлийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.04.10-ны өдрийн 001/ШХТ2025/00390 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“К” ХХК нь 2023.06.28-ны өдөр “М” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 11 нэр төрлийн барааг захиалагчид нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний 5.1-д заасны дагуу хариуцагч “М” ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх хүргүүлсэн боловч хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг шилжүүлээгүй, ... “М” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зөвхөн хариуцагч компанийн захиалгаар гүйцэтгэсэн ажлыг бусад этгээдэд худалдан борлуулах боломжгүй болсон. ...Иймд хариуцагч “М” ХХК-д гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгч, гэрээний төлбөр болох 89,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарласан,
Хариуцагч тайлбартаа: “...“М” ХХК, “К” ХХК-ийн хооронд 2023.06.28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр “М” ХХК нь урьдчилгаа 60 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид төлж, гүйцэтгэгч нь тухайн урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш 21-24 хоногийн дотор тухайн ажил үүргийг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Тодруулбал, захиалагч нь гэрээний 5.1-д заасан урьдчилгаа төлбөрийг шилжүүлж захиалгыг баталгаажуулах ёстой байхад гэрээ байгуулагдмагц захиалга баталгаажиж урьдчилгаа төлбөр шилжүүлмэгц ажлыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон мэтээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
9. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т тус тус зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар гүйцэтгэгч гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх бөгөөд захиалагч ажлын үр дүнг хүлээн авсны дараа хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 346.2-т ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэжээ.
10. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна.
Зохигчийн хооронд байгуулсан 2023.06.28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь хавсралтад тусгагдсан эх загварын дагуу барааг нийлүүлэх, захиалагч захиалгын зүйлийг хүлээн авах, гэрээнд зааснаар төлбөр тооцоог төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээний нийт үнийн дүн 89,000,000 төгрөг гэж тохирсон ба гэрээг баталгаажуулан гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт нийт төлбөрийн 60 хувийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ гэжээ
Хэдийгээр хариуцагч гэрээгээр хүлээсэн урьдчилгаа 60 хувийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй буруутай боловч нэхэмжлэгч нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй атлаа ажлын хөлсийг бүрэн гаргуулахаар нэхэмжилсэн нь ойлгомжгүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй байна.
Тухайлбал, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар ажлыг үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцсон бол тухайн хэсгийн ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр ажлын хөлс төлөгдөх учиртай.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага болох 89,000,000 төгрөг нь гүйцэтгэх ажлын хөлсийг урьдчилан шаардсан, эсхүл урьдчилгаа төлбөр төлөөгүйгээс учирсан хохирол шаардсан аль нь болохыг шүүх тодруулах байжээ.
Тухайлбал, уг шаардлагын үндэслэл, задаргаа тодорхойгүй, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул “...гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байхад ажлын хөлсийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.
11. Түүнчлэн, зохигчийн маргаж буй маргааны үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс гарсан зардал нотлогдоогүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, хөрөнгө шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр захиалга буюу ажлын үр дүн бэлэн болоогүй тул ажлын хөлсийг авснаар захиалгыг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэж өгнө гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбартай холбоотой гуравдагч этгээдэд төлбөр шилжүүлсэн үйлдлийг баримтаар нотлоогүй, төлбөр төлсөн гэх баримт нь 2022 онд төлбөр шилжүүлсэн өөр баримттай андуурагдан хэрэгт өгөгдсөн байгаа талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласаар байхад анхан шатны шүүх энэ талаар анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн, түүнчлэн тухайн баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ тусгаагүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа “...дээрх нотлох баримт хэрэгт хамааралгүй тул анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг буруутгахгүй...” гэж, улмаар хариуцагч нь гэрээний 2.3, 5.1-д заасан төлбөр төлж, ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэсэн үйл баримттай нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Иймд давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.
12. Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/05089 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-аас 2025.03.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД