| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 001/2020/0130/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 52
П.Г, А.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгчдийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Б.Тэнгис,
Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох, 1929001070077 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй хаягтай, урьд Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 20 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
Монгол Улсын иргэн, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй хаягтай, урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1,236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркийн УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч П.Г, А.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч П.Г, А.Т нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан хэрэгсэхгүй болгож, П.Г, А.Т нарыг цагаатгаж, П.Г, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн 1929001070077 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1236,25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Г, А.Т нарт буцаан олгож, П.Г, А.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчдийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Эрүүгийн хуулийн дээрх заалтад гэмт этгээдийн хоёр үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Үүнд:
1. Нэн ховор. ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн бэлтгэсэн. худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан,
2. Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн. бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Яллагдагч П.Г, А.Т нарын үйлдэл нь ховор ургамал болох Дэрэвгэр, Жиргэрүүгийн үндсийг хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч тээвэрлэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагч П.Г, А.Т нараас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тухайн ургамлын үндсийг ямар зорилгоор худалдаж авсан, тээвэрлэсэн талаар нь асуухад “хятад хүнд л бэлтгэж өгч байсан, зүгээр хадгалах гэж байсан” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээнд хэрэглэх зорилготой байсан гэж мэдүүлээгүйгээс гадна харьяалах нутаг дэвсгэрийн Засаг даргын зөвшөөрлийг аваагүй болох нь тогтоогдсон.
Яллагдагч П.Г, А.Т нар нь Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно” гэж заасан заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нар нь тухайн ховор ургамлыг ямар зорилгоор ашиглах талаараа тодорхойлоод тухайлбал: хүнсний болон ахуйн бусад хэрэгцээгээ хангах зорилгоо илэрхийлээд дээрх хуульд заасан журмын дагуу орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдахгүй, тэдэнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахгүй, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхгүй байсан.
Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг харалзаж үзэлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Мөн тус шүүхийн цагаатгах тогтоолд “...Мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж шүүгдэгч П.Г, А.Т нарыг тухайн зүйл хэсэгт заасан гэмт үйлдсэн гэж мэтгэлцэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэжээ.
Хэрэв шүүх улсын яллагчийг Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг хэрхэн, яаж төсөөтэй хэрэглэж, хууль буруу хэрэглэсэн талаар цагаатгах тогтоолд тодорхой тусгаж дүгнэж бичих ёстой. Гэтэл огт тэр талаар цагаатгах тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй, хууль зөрчсөн байна.
Шүүх 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаартай цагаатгах тогтоолын ТОГТООХ хэсгийн хууль зүйн үндэслэлээ “шүүгдэгч П.Г, А.Т нарын өмгөөлөгчийн өмгөөллийн үг нь хууль зүйн үндэслэлтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэдэг нь гэмт хэргийн диспозец юм тэрнээс тус тусдаа гэмт хэрэг биш...” гэсэн өмгөөллийн үг нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж цагаатгаж шийдвэрлэлээ” гэж тайлбарласан атлаа шүүхийн цагаатгах тогтоолдоо энэ талаар огт тусгаагүй, шийдвэрийн үндэслэл нь шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараас илтэд зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад заасан ноцтой зөрчил байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад тус тус заагдсан ноцтой зөрчилтэй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичдэг. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцүүлэх нь зүйтэй юм байна. Ингэснээр яллах болон цагаатгах баримтыг хэргийн оролцогч нар өөрсдөө бүрдүүлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Байгаль орчин аялал зуучлалын яамнаас уг ургамлыг хууль ёсоор түүж цуглуулсан ургамлыг худалдан авч байгаа тохиолдолд нарийвчилсан хуулийн зохицуулалт байхгүй гэдэг хариу тоот хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан цагаатгах нотлох баримтуудыг анхан шатны шүүхээр хэлэлцүүлээд цагаатгах тогтоол гарсан. Энэ тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуулийг буруу хэрэглэсэн байна гэж эсэргүүцэлдээ дурдаад байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад дунд хууль, хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлтийг хийдэг. Энэ мэтгэлцээнээс өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсанаар эргэлзээ бүхий үйл баримт бий болох юм бол шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэсэн хууль зүйн зохицуулалт байгаа. Энэ заалтыг анхан шатны шүүх 34.19 дүгээр зүйлийн 1-т заагдсанаар гэмт хэргийн шинжгүй юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйл нь өөрөө хууль бус аргаар бэлтгэсэн энэ байгалийн ургамлыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах, олж авах тээвэрлүүлэх, хадгалах гэсэн хууль зүйн зохицуулалттай байгаа болохоор зөвшөөрлийн дагуу бий болсон гэдэг асуудал дээр ямар нэгэн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзээд хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Төгсбаяр дүгнэлтдээ: Шүүгдэгч нар ховор ургамлыг тээвэрлэх, хадгалах, худалдан авах болсон зорилго тодорхойгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй гарсан. Тэдний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаар П.Г, А.Т нар нь Б.Мандахнар гэх хүний өмчлөлд байсан ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэгүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх 1 тонн орчим ургамлыг түүнд хэлэлцэн тохирсон үнэ болох 50000000 төгрөгийг төлж, өөрсдийн өмчлөлд хүлээн авч, улмаар дээрх ургамлыг газарт 2019 оны 4 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө тээвэрлэн авч ирсэн үйл баримт нь П.Г-ын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “2019 оны 02 дугаар сарын 07-нд сум дээр” Бэрх цагаан овоо” ХХК-ийн захирал гэх эмэгтэй хүнээс 1 тонн ургамлын үндсийг 50 сая гаруй төгрөгөөр авсан. Мөн Улаанбаатар хотоос Даш гэдэг хүнээс 300 кг-ыг аваад Улаанбаатар хотод байдаг Х гэдэг хүнээс УБН улсын дугаартай, Истана маркийн машиныг нь орж бараа буулгачихаад буцаж очно гэж тохиролцоод нийт 1230 кг Дэрвэгэр жиргэрүү ургамал ачаад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэх газар ирж саатуулагдсан. ...Би тэр ургамлыг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй, мөн худалдан авах БНХАУ-ын иргэд нь Гашуун сухайтын хилийн боомтоор авах сонирхолтой байгаа гэхээр нь ойртуулж хадгалах зорилгоор тээвэрлэж ирсэн” / хэргийн 01 дүгээр хавтас, 50 дугаар хуудас/ ,
А.Т-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “Би 2019 оны 4 дүгээр сарын 11-12-ны шөнө нөхөр П.Г-ын хамт аймгийн “Б.Ц.О” ХХК-ийн захирал М гэдэг хүнээс тусгай зөвшөөрөл, албан бичигтэй гээд худалдаж авсан. М араас Халх гол сумаас нэг бичиг ирэхээр бүх бичиг баримтыг явуулна гэж хэлсэн байсан. Тэгээд нөхөр бид 2 аймгийн төв рүү тээвэрлэсэн. Надад зөвшөөрөл байхгүй” /хэргийн 1 дүгээр хавтас, 53 дугаар хуудас/,
Б.М-ын 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “.. 2 тонн дэрэвгэр жиргэрүү ургамлыг 2017 оны 9 сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 сарын 06-ны хооронд бэлтгэж,...тэрнээс хойш хадгалж байсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 07, 08-ны өдөр аймгаас ирсэн гэх эмэгтэй хүнд 1 тонн дэрэвгэр жиргэрүү ургамлыг 50 000 000 төгрөгөөр зарж борлуулсан”/хэргийн 1 дүгээр хавтас, 103-105 дугаар хуудас/ тус тус авагдсан мэдээллээр тогтоогдож байна.
Хөрөнгийг хариу төлбөртэйгөөр нөгөө этгээдийн өмчлөлд шилжүүлж, нөгөө этгээд нь захиран зарцуулах эрхтэйгээр хөрөнгийг хүлээн авч буй шинж нь Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний агуулгад нийцэж байх тул анхан шатны шүүхийн “П.Г, А.Т нар нь аймгийн Халхгол сумаас “Б.Ц.О”ХХК-ий захирал ажилтай Б.М-аас худалдан авсан” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байх боловч шүүх худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон шүүгдэгч нарын “энэ барааг Өмнөговь аймагт хадгалах зориулалттай байсан” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй байна.
Шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахин биелүүлснээр гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгжинэ.
Хэрвээ худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл талууд нь чөлөөт байдлын зарчмаар хэн ч байж болох ч зарим төрлийн гэрээний мөн чанар, оролцогчийн эрх зүйн байдлаас хамаарч нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалт тавигдаж болно. Тодруулбал Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.3 дахь хэсэгт “... тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан тусгай зөвшөөрөл гэдгийг хязгаарлалт гэж ойлгоно.
Иймд хуулиар тогтоосон тусгай зөвшөөрөл шаардлагатай гэрээнд тусгай зөвшөөрлийг авсан байх буюу Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус болон хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл тогтоогдоогүй тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэнэ.
Шүүх худалдан авсан ажиллагааг нь “хууль зөрчөөгүй” гэх дүгнэлтийнхээ үндэслэлийг нотлох баримтад тулгуурлан холбогдох хуулийн зүйл, заалтад нийцүүлэн тайлбарлаагүй байх тул уг дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон байх нь иргэний эрх зүйн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болдог. Тусгай зөвшөөрөл нь хүсэл зоригоо илэрхийлсэн, хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн аль аль талуудад хамааралтай гэж ойлгоно. Анхан шатны шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 2020/ШЦТ/100 дугаар тэмдэглэлд шүүгдэгч А.Т-ийн“энэ ургамлыг худалдаж авахдаа албан ёсны бичигтэй болохоор хаана ч худалдаж болно гэсэн. ...хүлээж бай 4 хоногийн дараа Халх голд тушаасан бичиг ирнэ, энэ баримтыг үндэслээд би та нарт 4-н бичиг албан ёсоор нотариатаар батлуулан гаргаж өгнө гэсэн. Энэ хүний хажууд түүний найз Э гэх хүн тэр хүнд зуучилж байсан, ... Д гэх хүн энэ бичиг баримтаар хаана ч энэ ургамлыг тээвэрлэж болно гэсэн шалтгааныг бид нарт анх өгч ийм асуудал гаргачихаад прокурор дээр ирэхэд М, Д нарт ямар ч хэлэлцүүлэг байхгүй. Бүх хэрэг нь бид хоёр дээр тохогдож байна,”, шүүгдэгч П.Г-ын“...М гэх хүн манайх экспортлох, импортлох тусгай зөвшөөрөлтэй. Одоо Дээд шүүх дээр явж байгаа нэг гарын үсэг болбол экспортоор гарах бичигтэй бараа байгаа гэж анх бараагаа зарсан.” гэсэн мэдүүлэг тэмдэглэгджээ./хэргийн 2 дугаар хавтас, 52-53 дугаар хуудас/ Дээрх мэдүүлгийн тэмдэглэлээс худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж, харилцан тохиролцсон байсан гэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Мөн аймгаас аймгийн нутагт тээвэрлэн ирсэн, худалдсан, худалдан авсан зорилгын талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаас аймгийн Халхгол сумын Засаг даргын 2014 оны А/18 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж, 2017 оны А/102 дугаартай зөвшөөрөл, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны Б.17.003 дугаартай зөвшөөрөл, 2017 оны Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ болгосон боловч зөвшөөрөл, эрхийн бичигт уг ургамлыг “бэлтгэх, ашиглах хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 06-аас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл” гэж, Байгалийн ургамал ашиглах гэрээний “гэрээний нөхцөл 1. ургамал ашиглах зориулалт: үйлдвэрлэлийн зориулалтаар” гэж харилцан үүрэг үүсгэсэн тохиролцоо нь 2019 оны үйлдэлд хэрхэн хамааралтай болохыг заагаагүй байна.
Байгалийн ургамал ашиглах гэрээний эхлэл хэсэг хэргийн 118 дугаар хуудсанд авагдсан ба шүүх энэ хэсгийг шийдвэрийн үндэслэл болгожээ. Харин хэргийн 116 дугаар хуудсанд авагдсан баримтын агуулгаас тухайлбал “4. Сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс ажилгүй хүмүүсийг хөдөлмөрийн гэрээний дагуу Эмийн үйлдвэр ХХК-д ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авна” гэснээс үзвэл энэ нь уг гэрээний төгсгөл хэсэг байж болохоор мэт боловч 116 ба 118 дугаар хуудасны дугаарлагдсан заалтууд хоорондоо тохирохгүй байх тул энэ гэрээний зарим хэсэг хэрэгт авагдаагүй гэж үзэхээр байна.
Хэргийн 119 дүгээр хуудсанд “Б.Ц.О” ХХК-д эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх байгалийн ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээ байх бөгөөд шүүх энэ нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.
Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан гэх гэмт хэргийн объектив болон субъектив шинж, тэдгээрийн нэгдлийг хангасан эсэх талаар бодиттой дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон А.Т, П.Г нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл болж байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа түүнд эхэлж улсын яллагч, дараа нь өмгөөлөгч асуулт тавьж болно гэж заасныг зөрчиж шүүгдэгч нарыг мэдүүлэг өгсний дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч нараас асуулт тавьсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Энэ нь шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх талын эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох, 1929001070077 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ