Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 133

 

             Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж,

хохирогч Н.Цэндсүрэн,

            шүүгдэгч М.Өнөржаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цорс овогт Мажигийн Өнөржаргалд холбогдох эрүүгийн 201719000222 тоот хэргийг 2017 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1976 оны 07 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Алтандорнодын 2-26 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Цорс овогт Мажигийн Өнөржаргал /РД:мй76072611/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Өнөржаргал нь Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Алтандорнодын 2-26 тоотод 2010 оноос гэр бүлийн харилцаатай Н.Цэндсүрэнг удаа дараа зодож, догшин авирлаж бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч М.Өнөржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

Хохирогч Н.Цэндсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хэрэг бүртгэлтэд:

Эрүүгийн 201719000222 дугаартай хэргээс:

Хэрэг бүртгэлтэд хохирогч Н.Цэндсүрэн мэдүүлсэн: 2010 оноос хойш дарамтлах шинжтэй болсон. Хааяадаа гар хүрэх, архи уусан үедээ айлган сүрдүүлж, хүчирхийлэл үйлддэг болсон. Би 2010 онд жирэмсэн байсан болохоор М.Өнөржаргалыг гайгүй болчих байлгүй гээд цагдаад мэдэгддэггүй байсан. Гэвч М.Өнөржаргал архи уух болгондоо намайг зодох өөрөө хэлбэл 7 хоногт 1 удаа зодох болсон. М.Өнөржаргал шороонд явж ирээд олсон мөнгөө надад өгдөггүй. Мөн гэрээс гаргадаггүй, хардаж зоддог. Сүүлдээ М.Өнөржаргал нь согтуу үед гэртээ байхдаа хүүхдийнхээ хажууд бэлгийн харьцаанд орохыг шаардаж, хүний хажууд хүртэл унтах гэж дайрч, бэлгийн гаж үйлдлийг хийхийг шаарддаг болсон. Хамгийн сүүлд бид хоёр 2017 оны 03 сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Хөтөлд М.Өнөржаргалын найз Баатарынд шөнө унтах гээд хэвтэж байхад М.Өнөржаргал бэлгийн харьцаанд орохыг шаардаад байсан. Хүмүүс унтаагүй учир би хүмүүсээс санаа зовоод үгүй гэхэд шууд өшиглөж зодож эхэлсэн. Тэр үед Баатарын эхнэр Туул боль гэхэд тэрнийг тоохгүй намайг өмсөж явсан хромон гутлаараа цохиод байсан. М.Өнөржаргал нь байнгын эд зүйл барьж цохьдог, заазуур бариад дайрах, аягаар толгой хага цохиод дайрах зэрэг үйлдлүүдийг гаргаж байсан. Би М.Өнөржаргалтай эвлэрсэн, гомдол санал байхгүй /хх-ийн 25-26/

 

Хэрэг бүртгэлтэд сэжигтнээр М.Өнөржаргал мэдүүлсэн: Би 2009 оноос эхлэн Н.Цэндсүрэнтэй хамт  амьдарч байгаа бөгөөд биднийг хамт амьдарч эхлэхэд Н.Цэндсүрэн нь бие муутай эмнэлгийн хяналтанд байдаг байсан. Бид хамт амьдарснаас хойш бие нь сайжирч 2010 онд хүүхэдтэй болсон. Бид 2 Шарын гол руу 2 дүүтэйгээ явж байгаад хүүхдийн асуудлаас болоод муудалцаж би Н.Цэндсүрэнг нэг удаа цохиж авсан. Намай Н.Цэндсүрэн архи уулаа гэж үглээд цохиж аваад байдаг. Сүүлдээ би тэсэхээ болиод өөдөөс нь гар хүрдэг болсон. Би түргэн зантай болохоор цохиж аваад буруудчихдаг. Н.Цэндсүрэн надад зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад 2 удаа мэдэгдэж байсан. Хоорондоо учраа олоод гомдол саналгүй гээд салдаг. Эхний удаад цагдаагийн байгууллагад мэдэгдэж захиргааны арга хэмжээ авагдаж торгуулж байсан. Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Алтандорнодын 2-26 тоотод оршин суудаг бөгөөд Н.Цэндсүрэн бид 2 муудалцаж байгаад уурандаа нэгнээ цохиод авах асуудал гардаг. Би Н.Цэндсүрэнг цохиж авснаас болоод 2 удаа биед нь гэмтэл учирч эмнэлэгт үзүүлсэн. Эхний удаа эмнэлэгт үзүүлэхэд толгой нь хагарсан байсан. Бид 2 архи ууж шөнө гэртээ орж ирснээс болоод би Н.Цэндсүрэнд нүүр, бие хэсэг рүү нь цохиж гар хүрснээс болоод нүүр нь хавдаж, бие нь хөхөрсөн байсныг цагдаагийг байгууллагад мэдэгдэж захиргааны арга хэмжээ авахуулсан. Түүнээс хойш гэмтэл учиртал цохиж зодсон зүйл байхгүй. Хэрэлдэж маргалдаад өнгөрдөг. Сүүлд би 2017 оны 03 сарын 28-ны өдөр эхнэр Н.Цэндсүрэнгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байдаг найз Баатарынд очсон. Тэднийд очоод Баатар, Туул, Цэндсүрэн бид нар пиво ууцгаасан. Тэгээд би нилээн согтоод Н.Цэндсүрэнг хардсанаас болж хэрүүл хийсэн. Тухайн үед унтах гээд хэвтэж байсан. Хэрүүл хийж байгаад уурандаа гутлаараа Н.Цэндсүрэнг 2 удаа цохьсон. Тэр үед Туул хорьсон. Тэгээд өглөө нь бүгдээрээ манайд ирсэн. Гэртээ ирсэн байхад Н.Цэндсүрэн хэрүүл хийгээд байхаар нь би гар руу нь нэг удаа цохиж авсан. Би Н.Цэндсүрэнг цохиж зодсноос болоод 2 удаа биед нь гэмтэл учруулж байсан. Эхний удаа толгой нь хагарсан, дараа нь гараараа нүүр, бие хэсэг рүү нь цохисноос болж нүүр нь хавдаж , бие нь хөхөрсөн байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж захиргааны арга хэмжээ авагдсан. Би архи уусан үедээ Н.Цэндсүрэнтэй бэлгийн харилцаанд орохыг хүсдэг. Тэгээд тэр талаараа хэлэхээр дургүйцдэг болохоор нь өөр хүнтэй болоод ингэж байна гэж ойлгоод хоорондоо маргалддаг гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39/

 

- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2017 оны 04  сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №179 тоот актад:

1. Н.Цэндсүрэнгийн биед  зүүн бугалга, зүүн ба баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн ба баруун гуя, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-30-31 тал/,

 

     Бусад баримт сэлт:

     -аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 16/,

     -М.Өнөржаргалын захиргааны шийтгэл ногдуулж байсан эсэх лавлагаа /хх-ийн 19-22/

-Шүүгдэгч М.Өнөржаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: -2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан,  -2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 02 сарын 17-ны өдөр хугацаа дуусч суллагдсан гэх лавлагаа /хх-42/,

 

-Шүүгдэгч М.Өнөржаргалыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-39 тал/, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-41 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч М.Өнөржаргал нь Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Алтандорнодын 2-26 тоотод 2010 оноос гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч Н.Цэндсүрэнг удаа дараа зодож, догшин авирлаж бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Н.Цэндсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №179 тоот акт, хохирогч Н.Цэндсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүгдэгч М.Өнөржаргалын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Өнөржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Өнөржаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Шүүгдэгч М.Өнөржаргалын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан,  хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар баривчлах ялыг биечлэн эдүүлэх зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирлын талаар:

Хохирогч Н.Цэндсүрэн нь хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

             Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Өнөржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                              

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цорс овогт Мажигийн Өнөржаргалыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагчаа байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өнөржаргалыг 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчилсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Өнөржаргалд  оногдуудсан 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг мэдэгдсүгэй..

4. Ялтан М.Өнөржаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 04  дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Ялтан М.Өнөржаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Өнөржаргалд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОРОЛМАА