Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2017/0491

 

2017 оны 06 сарын 19 өдөр

         Дугаар 128/ШШ2017/491

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.О, Ш.Д, Ц.М, Э.Э

Хариуцагч: Хууль Сахиулахын Их Сургуулийн захирал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хууль Сахиулахын Их Сургуулийн
Захирлын 2017 оны 4 дүгээр сарын 11 -ны өдрийн “Их сургуулиас хасах тухай”
б/225 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, А.О, Ц.М, Э.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О, Ш.Д, Ц.М, Э.Энар шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ: “...Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн “Цагдаа-Хууль сахиулах ажил” 1+(1)+1 хөтөлбөрийн 317, 318-р дамжааны сонсогч Ш.Д, Э.Э, А.О, Ц.М бид Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 11–ний өдрийн “Их сургуулиас хасах тухай” б/225 дугаар бүхий тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь тухайн тушаалаар биднийг хасахдаа Их сургуулийн ёс журмын албан хаагчдын Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, бусдын  эрхэнд бүдүүлгээр халдаж, бодит байдлыг хэт гуйвуулан албаны шалгалт явуулсан зэрэг хууль бус нөхцөл байдал дээр үндэслэгдэж гарсан, бүхэлдээ хуульд нийцэж гараагүй гэж үзэж байгаа тул өөрсдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөөд буй эрх ашиг сонирхлоо сэргээлгүүлгэх, түүнчлэн хууль бус тушаалыг хүчингүй болгуулах үүднээс Дээд боловсролын тухай, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дараах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна. Үүнд:

1. Тушаалд: “Цагдаагийн сургуулийн Цагдаа “Хууль сахиулах ажил” 1/11/ бакалаврын хөтөлбөрийн 317 дугаар дамжааны түрүүч А.О, /РД........../н, дэд түрүүч Э.Э /РД....../, сонсогч Ш.Д. /РД:......./, 318 дугаар дамжааны сонсогч Ц.М /РД:....../ нар нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч Ц.Б  харилцааны зөрчил гарган биед нь халдаж сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоосон тул 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдрөөр тасалбар болгон Их сургуулиас хассугай” хэмээн дурьджээ. Энэ өдөр бид болсон үйл явдал, нөхцөл байдлыг үнэнээр нь хэлсэн. Гэтэл тухайн тушаалд сонсогч Ц.Б харилцааны зөрчил гаргаж, биед халдсан хэмээн бодит үнэн зүйлээс огт өөр зүйл бичсэн байна. Бидний зүгээс сонсогч Ц.Б  бие махбодид халдсан зүйл огт байхгүй бөгөөд тухайн сонсогч биднийг харин үг, хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болсон үйл явдлыг бид албаны шалгалт явуулсан эрх бүхий албан тушаалтнуудад бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн боловч бидний хэлснээр тайлбарыг бичгээр буулгаагүй байна. Түүнчлэн ахлах дэслэгч Э.Х , хошууч Ч.О  нь албаны шалгалт явуулахдаа бидний эрхийг ноцтой зөрчиж, биднийг тохуурхан даажигнаж “тайлбар биш байцаалт авч байгаан, мэдүүлэг авч байгаа” мэтээр хандаж биднийг үг хэл амаар доромжилж, өрөөндөө суниалгах, гар далайх, цохих хөдөлгөөн хийж ингэхдээ “зодсон ч чадна гөлөгнүүд минь үнэнээ олигтойхон хэлээдэх” хэмээн тулган шаардаж, эрүүдэн шүүж байгаа мэтээр загнан зандарч байцаалт авсан. Үүнийхээ үр дүнд эдгээр хүмүүс нь Ц.Б  зодоогүй байхад “заавал зодсон гэж хэл, үнэнээ хэл ... нар минь” хэмээн загнан агсарч тайлбар биш мэдүүлэг мэтээр авч, олон цагаар залхаан цээрлүүлснийхээ эцэст ийнхүү бодит байдлыг хэт гуйвуулсан тайлбар, бусад холбогдох баримтуудаа бүрдүүлж бидний эрхийг зөрчсөн байна. Иймд тухайн албаны шалгалт явуулсан үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, Их сургуулийн албаны шалгалт явуулах журмыг зөрчсөн байгаа тул сонсогч биднийг их сургуулиас хассан тушаалын үндэс болж чадахгүй хэмээн үзэж

 байна. Түүнчлэн албаны шалгалт явуулсан албан тушаалтнуудад бид маш их гомдолтой байгаа бөгөөд эдгээр албан тушаалтнууд нь Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна.

 2. Тушаалын үндэслэл болсон Их сургуулийн дүрмийн холбогдох заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн үзэж байна. Тухайлбал: Сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан хэмээсэн хэрнээ энэхүү зөрчилдөө яг юуг, ямар ямар зөрчлүүдийг оруулан тооцохыг огтхон ч дурьдаагүй байна. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан эсхүл гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдлуудад Их сургуулиас хасах зохицуулалттай байна. Тухайн тушаалд “Их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.1.18, 34 дүгээр зүйлийн 34.6, 35 дугаар зүйлийн 35.1.9-г тус тус үндэслэн Тушаах нь” хэмээн дурьдсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Үндсэн хууль, эрх зүйт ёсны хамгийн гол үзэл санаа болсон зарчим болох “...Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх...” зарчмыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна.

Тодруулбал: Хэрэв сонсогч Ц.Б бие махбодид гэмтэл учруулсан гэж үзэж байгаа бол энэхүү үр дагавар бүхий нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдаагийн байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагууд тогтоож үүний дагуу их сургуулиудаас хасах, үгүйг шийдвэрлэх ёстой атал хуулиар эрх нь олгогдоогүй байгууллага, албан тушаалтан нь хууль бусаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж улмаар гэм буруутайг тогтоогоод, их сургуулиас хассанд харамсаж байна. Түүнчлэн Хууль сахиулахын их сургууль бол төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага бөгөөд аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь заавал хуульд нийцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу гарч байх учиртай. Энэ утгаар нь авч үзвэл тухайн тушаал нь төрийн албаны тухай, Захиргааны ерөнхий хууль, Дээд боловсролын тухай зэрэг хууль тогтооомжуудад нийцэж гарч байж хууль ёсны шаардлагаа хангана хэмээн үзэж байна. Иймд энэ шаардлагаа огт хангаагүйн зэрэгцээ хуулиар гэм бурууг шалгах, тогтох эрх нь олгогдоогүй байхад биднийг буруутай хэмээн илт хууль бусаар гуйвуулж, тохуурхан даажигнаж байгаад гомдолтой байна.

 3. Тушаалд дурьдсан нэг зүйл бол биднийг согтуулуулах ундаа хэрэглэсэн хэмээн дурьджээ. Бид хэрэглэсэн нь үнэн боловч тухайн зөрчилд заагдаад буй өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хагас сайн өдрийн амралт таарсан ба бид асар бага хэмжээ буюу -0.028 /нойл нэг мянганы хорин найм/ хэмжээгээр  хэрэглэсэн  байсан.  Гэтэл үүнийг тус их сургуулийн ёс журмын албан

 

 хаагч нар болох Э.Х, Ч,О  нар нь мөн л эрхийг маань зөрчиж харсаар байтал -0.28 /нойл зууны хорин найм/ гэж бичиж тэмдэглэсэн нь гомдолтой байгаа болно. Энэ нь бидний ухамсарт байдалд өөрчлөлт ороогүй, нөлөөлөх хэмжээний архи уугаагүйг нотлох ба хүнтэй зүй бус харьцах нөхцөл байдлыг бүрдүүлэх хэмжээнд архи согтууруулах ундааг хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн тухайн зөрчилд тооцогдоод буй өдөр нь амралтын өдөр, энгийн хувцастай, их сургуулийн хашаанд бус, огт хамааралгүй газар зэрэг байхад их сургуулийн дүрэм хамаарна, болохгүй, хориглосон мэтээр бүх л зүйлд хандаж байгаад харамсаж байна.

4. Энэ өдөр бид хүүхэд ба цагдаагийн ажил хичээлийн дадлагын хичээлийн хүрээнд цагдаагийн хурандаа Ю.Б  багшийн хамт хүүхдийн асрамжийн газар очиж дадлагын хичээл мөн буяны ажил хийчихээд тарсан. Ингээд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үүднээс компьютер тоглоом тоглосон. Энэ үед бага заргийн архи уусан байсан нь үнэн боловч их сургуулийн үйл ажиллагаа, нэр хүндийг доголдуулах, дүрэм зөрчих хэмжээнд архи уугаагүйгээс гадна бид албаны хувцасгүй, амралтын өдөр, сургуулиас хол зэрэг дүрэм  журмуудад зааснаас өөр газарт чөлөөт цагаа өнгөрүүлсэн. Харин гэртээ харих гээд автобусны буудалруу явахдаа сургуулийн хажуугаар гарч таарсан. Энэ үед сонсогч Ц.Б таарсан. Сонсогч Ц.Б юу юуны завдалгүй сонсогч Ш.Д г заамдаж, боогоод байсныг нь бид салгасан. Бид явах гэтэл биднийг өдөөн хоргоож, үг хэл амаар доромжилж сургуулийн ерөнхий жижүүрийг дуудаж та нарт арга хэмжээ авахуулна, юу юм та нар гэх зэргээр биднийг дарамталсан үйл явдлууд болж өнгөрсөн. Үүнийг нэг бүрчлэн тогтоогоогүй хэрнээ зөвхөн биднийг буруутгаж улмаар хууль зөрчсөн тушаалаа гаргасанд гомдолтой байна.

 Иймд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болж өнгөрсөн үйл явдлын бодит үнэн, нөхцөл байдлуудыг хууль зөрчсөн, тодорхой бус дүрэм журмаар бус зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу бусдын эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болно хэмээн заасан Үндсэн хуульт ёсны хийгээд эрх зүйт ёсны зарчмын үнэт зүйлсийг алдагдуулж их сургуулийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Их сургуулиас хасах тухай”  б/225 дугаар бүхий хууль бусаар тушаал гарсан гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож, биднийг хичээл сургалтын үйл ажиллагаандаа хуваарийн дагуу хэвийн хамрагдах нөхцөл боломжоор хангаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хууль Сахиулахын Их Сургуулийн Захирал С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлдээ:

 

“...Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг. Болсон хэрэг маргааны талаар:Цагдаагийн сургуулийн 317 дугаар дамжаанд суралцаж байсан А.О, Ш.Д, Э.Э , Ц.М нар 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд Их сургуулийн шалган нэвтрүүлэх байрны замын баруун талд байрлах “Бөхөд найман" нэртэй дэлгүүрийн үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч Ц.Б тамхи нэхэж, үг хэлээр доромжлон биед нь халдаж гэмтэл учруулсан байна.

Хилийн сургуулийн 434 дүгээр дамжааны сонсогч Ц.М 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэх үед 16 цагийн орчимд Цагдаагийн сургуулийн 1 дүгээр дамжааны 4-н сонсогч нар 3-р дамжааны сонсогчийг замын баруун талд байрлах АТМ-тэй дэлгүүрийн үүдний коридорт заамдан авч хараалын үг урсгаад хэрэлдэж байсан энэ үед би дэлгүүр орж явсан ба 1 дүгээр дамжааны 4-н сонсогчийг согтуу байсныг мэдээд одоо больцгоо гэхэд 3-р дамжааны сонсогч Ц.Б  энэ 4-ийг явуулж болохгүй манай 1-р дамжааны сонсогчид гэсэн тэгээд хоорондоо хэрэлдэхдээ 4-н сонсогч нь бид энэ сургуульд хамааралгүй чи зүгээр гараад ир нэгээрээ үзэх үү ална шүү гэсэн тэгээд би дундуур нь ороод нэлээн салгах гэж ноцолдож байхад харуулын дарга ирж станцаар Ерөнхий зохицуулагчийг дуудаад, ангийн дарга Д.З г ирэхэд 2 нь зугтаж нэг сонсогчийг нь харуулын дарга 2 туслахын хамт хөөсөн, үлдсэн 2 сонсогчийг нь Ерөнхий зохицуулагч би нэг туслахын хамт сургуулийн байрлал руу оруулсан гэх тайлбар;

Хилийн сургуулийн 423 дугаар дамжааны сонсогч О.Т  Шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 08-ны 16:03 цагт шалган нэвтрүүлэх байрны урд зогсож байхад урд талын дэлгүүрт Цагдаагийн сургуулийн нэг, гуравдугаар дамжааны сонсогчид муудалцаж байсан. Ерөнхий зохицуулагч, харуулын дарга нар ирж салгах гэсэн боловч энгийн хувцастай Цагдаагийн сургуулийн сонсогч зугтаж миний бие сонсогч А , дэд түрүүч У  хамт ерөнхий зохицуулагчийн тушаалаар араас нь хөөж гүйсээр Чулуун овооны бензин колонкийн урд зам дээр барьж авсан. Уг сонсогч нь замын голд зогсож автобусанд дайруулах гэж байхад түлхэж замаас гарган газарт унагааж тэлээнээс нь барьж удалгүй д/т У , с/ч Аз  нар ирж барьсан. Тэр даруй сургуулийн байрлалд авч ирж Ерөнхий зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Д.З  хүлээлгэн өгсөн гэх тайлбар;

 

 Цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч Ц.Б  миний бие 2017.04.08-ны өдөр харуулд гарах гэж ирээд 15.50 минутад их сургуулийн баруун талын хүнсний дэлгүүрт орж худалдан авалт хийж гарах үед 1-р курсын түрүүч А.О 3 сонсогчдын хамт байсан. Тэгтэл Ш.Д гэдэг сонсогч нь надаас тамхи нэхсэн, би надад тамхи байхгүй гэхэд дахин дахин нэхэж хоргооход би та 4-өөс архи үнэртэж байна ахын дүү нар харьж амарцгаа гэтэл Ш.Д сонсогч чи миний ах байлаа юу гээд би үүдээр гарах гэтэл хааж зогсон гаргахгүй байсан болохоор би түрүүч А.От хандаж энэ сонсогч нараа аваад яв гэхэд энгийн хувцастай байхад архи ууж явахад чамд хамаа байхгүй гэж маргалдан заамдалцсан. Тухайн үед 2 дугаар курсын сонсогч ирэхээр нь би их сургуулийн ерөнхий зохицуулагчийг дуудаад ир гэж хэлэхэд ахлах түрүүч А.О нь үг хэлээр доромжилсон, би Ш.Дг заамдаж авахад нөгөө 3 сонсогч болох А.О Э.Э , Д.М  нар нь миний гарыг тавиулах гэж байхад Ш.Д нь гар хазсан гэх тайлбар;

А.О, Э.Э , Ц.М нарын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хүүхэд ба цагдаа ажил хичээл дээр сайн үйлсийн аян хийж 12:40 цагийн үед тарж, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн үед 317 дугаар дамжааны дэд түрүүч Э.Э , сонсогч Ц.Д , 318 дугаар дамжааны сонсогч Ц.М нарын хамт Харуул Аптайн 104 дүгээр байрны өөдөөс харсан байрны 1 дүгээр орцны 10 дугаар давхрын орцонд 0.75 граммын Сархад нэртэй архи хувааж уусан гэх тайлбар;

Ш.Д гийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Асрамжийн газар очиж хүмүүнлэгийн ажиллагаанд оролцсон. Компьютер тоглоом тоглож байгаад 15 цагийн үед 317 дугаар дамжааны дэд түрүүч Э.Э , түрүүч А.О, сонсогч Ш.Д нарын хамт “Харуул Алтайн хотхон"-ны 104 дүгээр байрны өөдөөс харсан байрны 1 дүгээр орцны 10 дугаар давхарт 0.75 граммын Сархад нэртэй архи хувааж уусан. Архиа ууж дуусаад сургуулийн урдуур явж байгаад дэлгүүр лүү орох үед коридорт 3-р дамжааны сонсогч Б  тамхи татаад зогсож байсан тэгээд би тамхи асуусан чинь нэг дүгээр дамжааны сонсогч яахаараа тамхи асуудгийн гээд энгэрээс барьчхаад тавихгүй байсан тэгээд байж байтал т/ч А.О орж ирсэн салгах гээд 3 дугаар дамжааны сонсогчийг чи боль гээд салгах гэсэн боловч намайг тавихгүй болохоор нь би гарыг нь хазаад гараад автобусны буудал руу зугтсан гэх тайлбар;

Их сургуулийн ерөнхий зохицуулагчийн илтгэх хуудсанд болон албаны шалгалтын  материалд  тусгагдсан Цагдаагийн сургуулийн сонсогчдын согтуурлын

 

зэргийг шалгахад А.О 0.23, Ш.Д 0.13, Э.Э0.88, Ц.М 0.70 хувийн согтолттой байсныг тэмдэглэсэн илтгэх хуудас, гэрэл зургаар хангалттай нотлогдож байна.

Хоёр. Тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар: Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид нь суралцах үйл ажиллагаандаа Дээд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны Хууль сахиулахын их сургуулийн дүрмийг шинэчлэн батлах тухай А/148 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”, Их сургуулийн захирлын 2012 оны Дүрэм батлах тухай А/08 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийг баримтлах ёстой.

А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нар нь Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан “...сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ”, “Боловсролын тухай хууль”-ийн 45 дугаар зүйлийн 45.2.5-д заасан “сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих", “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийн 35 дугаар зүйлийн 35.1.9-д заасан “Захирах захирагдах ёсыг баримтлах, багш, ажилтан, бусад суралцагчидтай хүндэтгэлтэй харилцах”, 35.1.11-д “Их сургуулийн нэр хүндийг ямагг дээдлэн үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хуулиар хориглосон аливаа үйлдлийг тэвчих...”, 35.1.13-д “хууль бус үйлдэл хийх, хийхийг шаардах, дарамтлах, бусдын эрх чөлөөнд халдах, эрхшээлдээ байлгахыг хориглох”, “Багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.6.12-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх”, 6.6.15-д “...бусдад таагүй байдал үүсгэх”, 6.6.16-д “Сургууль хамт олны дунд буюу/улийн орчинд биеэ зүй бус авч явах, үлгэргүй байдал үзүүлэх” зэргийг цээрлэнэ гэсэн заалтууд мөн 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан сургалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Суралцах хугацаандаа цэргийн дүрэм, сургуулийн дүрэм журам, бусад эрх зүйн актыг даган мөрдөх, энэ талаар их сургуулийн багш албан хаагчдаас тавьсан шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, 3.2.4-д “Их сургуулийн нэр хүндийг ямагт дээдлэн үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хуулиар хориглосон аливаа үйлдлийг тэвчих...”, 3.2.7-д “Хууль бус үйлдэл хийх, бусдын эрх чөлөөнд халдах...” хориглох гэсэн гэрээний заалт, Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар дотуур байранд байрлаж байгаа сонсогч нарт 2017 оны 04 дүгээр сарын 07-оос 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 цаг 30 минут хүртэлх хугацаанд  түр  чөлөөсөн,  тушаалын  хавсралтад  “...чөлөөгөөр  явах хугацаандаа

 

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн хүнтэй цуг явахгүй байх, ард иргэдтэй зөв боловсон харьцаж, их сургуулийг сайнаар сурталчлах...” гэсэн тушаалын заалтыг зөрчсөн байх тул Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2, 1.18, 34.6, 35.1.9-г удирдлага болгон Их сургуулиас хассан болно. Иймд бусдын бие махбодид халдаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нар тус шүүхэд хандаж Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Их сургуулиас хасах тухай” б/225 дугаар бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Их сургуулиас хасах тухай” б/225 дугаар бүхий тушаалаар Их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.1.18, 34 дүгээр зүйлийн 34.6, 35 дугаар зүйлийн 35.1.9-д заасныг тус тус үндэслэн Цагдаагийн сургуулийн цагдаа “Хууль сахулах ажил” 1/11 бакалаврын хөтөлбөрийн 317 дугаар дамжааны түрүүч А.О, дэд түрүүч Э.Э, сонсогч Ш.Д, 318 дугаар дамжааны сонсогч Ц.М нар нь 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч Ц.Бхарилцааны зөрчил гарган биед нь халдаж сахилга ёс зүйн зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж үзээд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон Их сургуулиас хасахаар шийдвэрлэж, тэдэнтэй санхүүгийн тооцоог хийж нэгдсэн бүртгэлээс хасахыг Цагдаагийн сургуулийн захиралд үүрэг болгожээ.

            Нэхэмжлэгч А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нарын гаргасан  гэх  зөрчлийг  Ёс  журмын  ахлах  офицер,  ахлах  дэслэгч Э.Хаас

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн а/25 дугаар тушаалаар батлагдсан “Албаны шалгалт явуулах журам”-ын дагуу шалгаж “...2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16:00 цагийн орчимд Их сургуулийн шалган нэвтрүүлэх байрны замын урд байрлах “Бөхөд найман” нэртэй дэлгүүрийн үүдэнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн сургуулийн 336 дугаар дамжааны сонсогч Ц.Бтамхи нэхэж, үг хэлээр доромжлон биед нь халдаж гэмтэл учруулсан нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5 “сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих”, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 35 дугаар зүйлийн 35.1.9 “захирах захирагдах ёсыг баримтлах, багш ажилтан, бусад суралцагчидтай хүндэтгэлтэй харилцах”, 35 дугаар зүйлийн 35.1.11-д заасан “их сургуулийн нэр хүндийг ямагт дээдлэн үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хуулиар хориглосон аливаа үйлдлийг тэвчих, сайн иргэн, чанартай мэргэжилтэн болж төлөвшихийн тулд өөрийгөө дайчлах”, Багш ажилтан сонсогчийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5 “хамт суралцагчид болон багш нартайгаа харилцахдаа хичээл сургалтын ба сургалтын бус аливаа асуудалтай холбоотой бодит шүүмжлэл санааг хүлээн авч бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандан аливаа зөрчлийг эв зүйгээр шийднэ” 6.6.16 “сургууль хамт олны дунд буюу орчинд биеэ зүй бус авч явах, үлгэргүй байдал үзүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн нь нотлогдож байна” гэж дүгнээд А.О, Ш.Д нарыг Их сургуулийн дүрмийн  12.1.18, 12.2, 35.1.11, 35.1.9, 34.6-д зааснаар сургуулиас хасах, Э.Энь Монгол улсын Цэргийн дүрэм сахилгын дүрмийн 3 дугаар бүлгийн 41.в-д зааснаар “Түрүүчийг албан тушаалаас бууруулах” 41.г-д зааснаар “түрүүч цолыг хураах”, 318 дугаар дамжааны сонсогч Ц.М нарыг Их сургуулийн дүрмийн 35 дугаар бүлгийн 35.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, 12.1.18-д дээрхи 2 сонсогчийн суралцах хугацааг нэг жилээр хойшлуулах...саналыг Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, Цагдаагийн хурандаа С.Б илтгэн танилцуулсан байна.

            Нэхэмжлэгч нараас гаргасан гомдлын дагуу Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Я албаны шалгалт явуулснаар Их сургуулийн захирлаас гаргасан дээрхи тушаалыг үндэслэлтэй гэж үзэж хариуг нэхэмжлэгч нарт өгчээ.

            Хууль сахиулахын их сургуулийн багш ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 2.1-д “энэхүү дүрмийг Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа багш, ажилтан, сонсогч дагаж мөрдөх”-өөр заасан, уг дүрмийн 6.6.12-т  Сонсогч  нь  “...согтууруулах  ундаа, мансууруулах бодис хэрэглэх”, “...зүй

бус шаардлага тавих...харилцааны соёлыг үл баримтлах ,сургууль хамт олны дунд болон орчинд биеэ зүй бус авч явах, үлгэргүй байдал үзүүлэх”-ийг хориглосон хэм хэмжээг нэхэмжлэгч нар зөрчсөн нь тогтоогдож байгаа хэдий ч хариуцагчаас захиргааны актыг гаргахдаа Албаны шалгалт явуулах журмын 5.7.2-т зааснаар “сахилга ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл, хэрэв хэд хэдэн...оюутан хамтран сахилга, ёс зүйн зөрчил гаргасан бол оролцсон албан хаагч нарын үйлдэл тус бүрийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг тогтоох” ёстой атал нэхэмжлэгч нарын үйлдэл тус бүрийг ялгаж салгаж тогтоогоогүй нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч нараас хэн нь Ц.Б хэл амаар доромжилсон, хэн нь түүний биед гэмтэл учруулсан нь тодорхойгүй байхын дээр албаны шалгалт явуулсан этгээдээс зөрчил гаргасан сонсогч нарт ногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг ялгавартайгаар дүгнэж саналаа ирүүлсэн байхад хариуцагч нь А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нарт ижил арга хэмжээ буюу бүгдийг нь “сургуулиас хасах”-аар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын гаргасан зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл нь тохироогүй байна гэж шүүх дүгнэв.   

            Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг их сургууль, дээд сургууль, коллежийн дүрмээр тогтооно”, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12.1.18-д “суралцагчийг анги дэвшүүлэх, сургуулиас хасах, сургалт хойшлуулах, сургалтаас чөлөөлөх, чөлөө олгох, суралцагчид цол олгох, бууруулах, хураах” гэж тус тус зааснаар Сургуулийн захирал нь суралцагчийг тушаал гаргаж сургуулиас хасах эрхтэй боловч дээр дурдсан ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т “...сонсогчид холбогдох албаны шалгалтыг Ёс журам, бэлэн байдлын газар, Захиргааны удирдлагын газрын эрх бүхий ажилтны хяналт дор явуулж саналаа Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж заасан байхад Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр Захирал дангаараа шийдвэрлэсэн нь дээрхи дүрмийн заалттай нийцэхгүй байна.

          Эдгээрээс дүгнэвэл захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуульд үндэслээгүй байх тул маргаан бүхий захиргааны акт болох Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн   “Их  сургуулиас  хасах  тухай”  б/225  дугаар  бүхий  тушаалыг  бүхэлд  нь

 

хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.О, Ш.Д, Э.Э, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Их сургуулиас хасах тухай” б/225 дугаар бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хууль сахиулахын их  сургуулийн захирлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д