Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Шүүгдэгч Г.Б,  

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Г-ын Б-д холбогдох 2428000000162 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Z” бааранд иргэн Б.Э-гийн гээгдүүлсэн виза картыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр авч, улмаар Төрийн банкны ... тоот дансны виза картыг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудаас 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийн хооронд худалдан авалт хийж уншуулан 868,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Зэт бааранд ажиллаж байх үед ажлаа тараад харих гэж байхдаа цэцэрлэгийн ард талаас карт олсон. Маргааш нь дэлгүүр ороод юм авах гэхэд миний дансанд мөнгө орж ирээгүй байсан. Тэгэхээр нь нөгөө картаа уншуулсан. Мөн эмийн сан орсон, Гандирс худалдааны төвөөс өмд, цамц авсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан гэвэл миний эзэмшлийн Төрийн банкны ... тоот данснаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хэн нэгэн хүн миний энэ данснаас карт ашиглаж мөнгө авсан байсан бөгөөд нийт гүйлгээ нь 868,000 төгрөг болсон байсан. Тэр хүн гүйлгээ хийхдээ АТМ ашиглаагүй байсан бөгөөд завхан дэлгүүр болон худалдааны төвөөр үйлчлүүлж байсан байна. Миний эзэмшлийн Төрийн банкны ... тоот данс нь 1,000,000 төгрөгийн лимиттэй зээлийн карт байсан. Тэгсэн сарын сүүлээр төлбөрөө төлөх гээд банк дээр ирээд хуулгаа автал миний мэдэхгүй гүйлгээнүүд гарсан байсан. Би өөрийн Төрийн банкны картаа хаана хаяж гээсэн талаар санахгүй байна. Ямар ч байсан Өмнөговь аймгийн төвд явж байхдаа гээсэн гэж бодож байна. Миний картыг ашиглаад 50,000 төгрөгийн гүйлгээнээс доогуур гүйлгээ хийж мөнгө уншуулсан байна. Тийм учраас би гомдолтой байгаа болохоор хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Би өөрийн хохирлыг барагдуулж авмаар байна. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед би дэлгүүр дээрээ Ч гэх эгчийн хамт байсан бөгөөд тэгэхэд 11 цагийн үед нэг залуу манай дэлгүүрт орж ирсэн бөгөөд тэр залуу манай дэлгүүрээс халаасны гэрэлтүүлэгч авсан байгаа. Уг гэрэлтүүлэгчийн үнэ 20,000 төгрөг байсан. Тэр залуугийн манайхаар үйлчлүүлж байгаа үеийн хяналтын камер байгаа бөгөөд би уг хяналтын камерын бичлэгийг авчирч өгнө. Уг залуу нь ганцаараа явж байсан бөгөөд хар өнгийн футболктай, уг футболкны урд хэсэг дээр шаргал өнгийн латин үсэгтэй, галын дөл асаж байгаа юм шиг зурагтай байсан. Мөн доогуураа хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй байсан, мөн хүзүүндээ мөнгөн гинжтэй байсан. Би уг залууг харвал таних бөгөөд төлбөрөө картаар хийсэн, уг карт нь чип уншдаг байсан. Төрийн банкны карт байсан гэж санаж байна. Манай дэлгүүрээс ганц халаасны гэрэлтүүлэгч авсан байгаа. Уг залуу надтай ямар нэгэн зүйл яриагүй гараад явсан. ” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Зэт” баарны баруун хойд талд цэцэрлэгийн хашааны тэндээс нэг карт байхаар нь олж авсан. Тэгээд тухайн картаа аваад амрахаар явсан. Тухайн үед би “Зэт” бааранд хамгаалагч хийдэг байсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дэлгүүр ороод юм авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй болохоор нь тухайн картаа уншуулсан. Уг карт нь код нэхэхгүй чиптэй карт байсан. Тэгээд 50,000 төгрөг орчимд юм авсан. Тэгээд эмийн сан, болон өөр бусад үйлчилгээний газруудаар нэлээд юм авсан. Одоо юу юу авсан гэдгээ санахгүй байна. Тухайн үед мөнгө байхгүй байсан. Тэгээд олсон картаа уншуултал мөнгөтэй байсан. Тэгээд тухайн картыг 3 хоног ашигласан уг картыг тэгээд хаана хийснээ мэдэхгүй гэнэт алга болсон байсан. Тухайн карт код нэхэхгүй чиптэй байсан, тэгээд бага зэрэг юм авч байгаад хаячихъя гэж бодож байгаад өөрийн картын хамт алга болгосон. Хийсэн зүйлдээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хавтаст хэргийн 28-30 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 32, 33 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 42-47 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 48-56 дахь тал/

Төрийн банкны кредит дансны хуулга /хавтаст хэргийн 59-60 дахь тал/.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 868,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эд олгох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Б нь 2024 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Z” бааранд иргэн Б.Э-гийн гээгдүүлсэн виза картыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр авч, улмаар Төрийн банкны ... тоот дансны виза картыг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудаас 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийн хооронд худалдан авалт хийж уншуулан 868,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч Б.А-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.               

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.          

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Г.Б нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.                                                                                                                                          

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Б-ийн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол болох 300,000 төгрөгөөс дээш 868,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохоор байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.  

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Төрийн банкны ... тоот данснаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хэн нэгэн хүн миний энэ данснаас карт ашиглаж мөнгө авсан байсан бөгөөд нийт гүйлгээ нь 868,000 төгрөг болсон байсан... Би өөрийн хохирлыг барагдуулж авмаар байна. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Б-эс 868,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эд олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс тогтоосон хохирол, төлбөр болох 868,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-д төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 75 хоногийн хорих ялаар сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 22 хоногийн ялд нэмж, нийт 1 жил 12 сар 7 хоногийн хорих ялыг оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.         

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан 868,000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, өмнө хоёр удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон 60 /жар/ хоногийн хорих ялыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /ес/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Б-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.   

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-д 868,000 /найман зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овгийн Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон 60 /жар/ хоногийн хорих ялыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /ес/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Б-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эд 868,000 /найман зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ