Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Б-д холбогдох 2428000780161 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Дундсайхан гэр хорооллын ... тоот хашааны гаднаас иргэн Б.Д-гийн гээгдүүлсэн “Huawai Nova Y61” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 354,250 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харих гэж яваад ... тоот хашааны гадаа гар утас байсан. Авахад унтарсан байсан. Д-гийн утас гэж мэдээгүй. 28-ны өдөр Б гэх манай найз бүсгүй ирсэн. Утсаа соль, бэлэг болгоод утас өгье, хүнээс авсан гэж хэлээд өгсөн. Хүний эзэмшлийн эд зүйлийг авсан миний буруу, дахиж ийм алдаа гаргахгүй. Бага ял оногдуулж өгнө үү. Утсыг цагдаад өгсөн гэв.

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хамаатнуудтайгаа аймгийн төвд байх “Караоке Хаус” гэх газар дуулж байгаад орой 12 цагийн үед гарсан. Тэгээд Дундсайхан хороолол 0... тоотод байдаг Э ахын гэрт Б, манай дүү Бу, Э ахын хүргэн гээд нэг залуу тэгээд эхнэрүүд нь байсан, хамтдаа нийлж сууж байгаад өглөө гар утсаа хайгаад олоогүй залгахад холбогдохгүй байсан. 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөр дугаараар өөрийн ... гэх дугаар руу залгаж үзэхэд дуудаж байсан. Тэгээд авахгүй байж байгаад гар утсыг чинь олсон хүн байна аа “Баясах” дэлгүүр дээр ирж аваарай гэсэн мессеж бичсэн. Тэгээд Дундсайхан хороололд байдаг “Баясах” дэлгүүр дээр очоод залгахад холбогдох боломжгүй болсон... Өөрийн гар утсаа олчихвол гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/  

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Номгон суманд ажиллаж амьдардаг. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байх Өмнөговь аймагт цагаан сарын бэлтгэлээ хангах гэж ирсэн. Тэгээд орой найз залуу Б-ы Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг Дундсайхан хороололд ирсэн, яг хаягийг нь сайн мэдэхгүй байна гудамд байдаг усан сангийн арын хашаанд ирсэн. Б намайг гар утсаа соль энэ утсыг ав гээд надад “Huawei nova y61” загварын хар өнгийн гар утас өгсөн. Тухайн үед надад бэлэглэж байна гэж бодсон. Надад гар утас өгч байхад гэрт нь ээж, үеэл, үеэлийнх нь найз нь гээд хэд хэдэн хүмүүс байсан. Тухайн гэрт байсан хүмүүсээс ээжийг нь танина бусдыг нь сайн танихгүй хүмүүс байсан. Орой нь Б-ы ээж Ц, дүү нь байсан би тэдний гэрт хончихоод өглөө явсан... Би ямар нэгэн мөнгө төлж, сольж авсан зүйл байхгүй. Надад бэлэглэж байна гэж бодсон. Одоо тэр гар утас надад байгаа, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тухайн гар утсыг нээхэд ямар нэгэн код, сим карт байгаагүй, зүгээр нээгдэж байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, гэр байхгүй утас байсан.” /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

“Дамно” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ӨмЦ-24-25 дугаартай шинжээчийн “...Huawei Nova Y61” загварын гар утас 354,250 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-40 дэх тал/

“Юнител” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12-01/1276 тоот “.. имэй кодтой утсанд манай сүлжээний дугаар ороогүй байна... .. имэй кодтой утсанд ... дугаарыг 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хийж ашигласан байна. ... Б Б, ..., Өмнөговь Номгон 5-р баг Богт...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 70 дахь тал/

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...Huawei Nova Y61 загварын хар өнгийн IMEI1: .., IMEI2: .. дугаарын кодгүй, сим картгүй, 1 ширхэг гар утсыг Мандал ургийн Б-ын Б /.../-ээс хураан авав...” гэх эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...Huawei Nova Y61 загварын хар өнгийн IMEI1: .., IMEI2: .. дугаарын кодгүй, сим картгүй, 1 ширхэг гар утсыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын уулзалт мэдүүлгийн 305 тоот албан өрөөнд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 05 минутад хохирогч Б.Д-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв...” гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хавтаст хэргийн 52, 55 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст  хэргийн 54 дэх тал/

Б.Д-гийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэм буруугаа тууштай хүлээн мэдүүлдэг. Мөн хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.Д-д гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн тул Ц.Б-ыг хохирол төлбөргүйд тооцуулах хүсэлтэй байна. Иймд гэм буруугийн шүүх хуралдаан дээр тусгайлан гаргах санал дүгнэлт байхгүй байна гэх дүгнэлтүүдийг,

Шүүгдэгчийн зүгээс маш их харамсаж гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй  гэх тайлбарыг тус тус гаргав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Дундсайхан гэр хорооллын ... тоот хашааны гаднаас иргэн Б.Д-гийн гээгдүүлсэн “Huawai Nova Y61” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 354,250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Б.Д-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ӨмЦ-24-25 дугаартай шинжээчийн “...Huawei Nova Y61” загварын гар утас 354,250 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-40 дэх тал/, “Юнител” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12-01/1276 тоот “.. имей кодтой утсанд манай сүлжээний дугаар ороогүй байна... .. имэй кодтой утсанд ... дугаарыг 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хийж ашигласан байна. ... Б Б, ..., Өмнөговь Номгон 5-р баг Богт...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 70 дахь тал/, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...Huawei Nova Y61 загварын хар өнгийн IMEI1: ..., IMEI2: .. дугаарын кодгүй, сим картгүй, 1 ширхэг гар утсыг Мандал ургийн Б-ын Б /.../-ээс хураан авав...” гэх эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...Huawei Nova Y61 загварын хар өнгийн IMEI1: ..., IMEI2: ... дугаарын кодгүй, сим картгүй, 1 ширхэг гар утсыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын уулзалт мэдүүлгийн 305 тоот албан өрөөнд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 05 минутад хохирогч Б.Д-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв...” гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.     

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Ц.Б нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.Б-ы бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол болох 300,000 төгрөгөөс дээш 354,250 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохоор байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.  

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.  

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-д “Huawei Nova Y61” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...Huawei Nova Y61 загварын хар өнгийн IMEI1: 862972060486518, IMEI2: 862972060507511 дугаарын кодгүй, сим картгүй, 1 ширхэг гар утсыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын уулзалт мэдүүлгийн 305 тоот албан өрөөнд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 05 минутанд хохирогч Б.Д-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв...” гэх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Ц.Б-ы хувьд гэм буруугаа тууштай хүлээн мэдүүлдэг. Мөн хохирол төлбөрийн хувьд ч хохирогчид биет байдлаар нь төлж барагдуулсан. Хавтаст хэрэгт Б.Д-гийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт авагдсан байдаг. Мөн шүүгдэгч Ц.Б-ы хувийн байдлын хувьд ам бүл 2, эхийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд амьдардаг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд “Тайван зогсоол” ресторанд мах бэлтгэгчээр 7 жил ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ч гэсэн эрхэлсэн тодорхой ажил орлоготой, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг нь харгалзан үзэж улсын яллагчаас санал болгож байгаа торгох ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Тухайн зүйлчлэлд заасан торгох ял нь 450 нэгжээс эхэлдэг. Иймд торгох ялын доод хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэх дүгнэлтүүдийг,

Шүүгдэгчийн зүгээс торгуулмаар байна, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх боломжгүй гэх тайлбарыг тус тус гаргав.      

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

Бусад асуудлаар.  

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Д-д “Huawei Nova Y61” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Д-д “Huawei Nova Y61” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ