| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/127 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/127
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Д.Х,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Д-ын Х-т холбогдох 2428000000167 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын Т багт оршин суух хохирогч Б.Б-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Х-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Аав дээр очиж агсам тавьсан гэхээр нь нэг нутгийн хүмүүс байж яах гэж тэгдэг юм гэхэд би тэгээгүй, агсам тавьсан хүнд нь хэл гэж хэлсэн. Тэгж муудалцаад гэрээс нь гарахад Д, Х нар ирээд гэрийн баруун талд сууж байхад Б-ыг төмөр ваннаар айлгах гээд далайхад гараас халтираад толгой дээр нь цохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1,100,000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын Т багийн нутаг Б гэх газарт гэртээ байж байхад Х гэх хүн мотоциклтой архи уусан байдалтай гэрт ирээд Ба байгаа юу гэж асуугаад цай уугаад гэрийн зүүн урд сууж байхад Х Д нар араас нь ирсэн. Х намайг зодох гээд дайраад байсан. Х, Д нар Х-ыг хориод байсан. Тэгээд гайгүй болоод гэрийн зүүн урд талд гэрийн гадаа Х, Д, Х бид нар сууж байхад Х чи муу миний аавд агсам тавьдаг хэн бэ гээд ардаа байсан төмөр ван аваад миний толгой хэсэгт цохисон. Тэгээд миний толгойн арын хэсгээс цус гарсан байсан. Би яаж байна аа гээд байж байхад манай эхнэр Ц ирээд та нар чинь юу болж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Х, Д, Х нар яваад өгсөн... Ваннаар миний толгой руу нэг удаа цохиж гэмтэл учруулж 4 оёдол тавиулсан.” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Т багийн нутаг Дэл гэх газар хонь хариулж явахад Х таараад уулзаад байж байхад Х гэж миний танил хүн ирж уулзаад юм ярьж сууж Б гэдэг айлд очлоо гээд явсан. Х бид 2 араас хүрээд очно гэж хэлээд үлдсэн. Х бид 2 хонио эргүүлчхээд Б гэх айлд очиход Б Х нар гэрийн зүүн урд тал гэрийн гадаа хэрэлдэж маргалдаад байж байсан. Бид 2 очоод юу болоод байгаа юм гэсэн чинь Х Б-ыг чи манай аавд агсам тавьсан гэсэн гээд уурлаад Б-ыг зодох гээд дайраад байсан. Х бид 2 Х-ыг хориод байсан. Х гарт тааралдсан зүйлээрээ Б-ыг цохих гээд байсан. Тэгээд гайгүй болоод тойроод сууж байхад Хын ард талд нь байсан төмөр ван аваад Бын толгой хэсэгт нь цохисон. Б-ын толгойн ар хэсгээс цус гарсан харагдаж байсан, гэхдээ бол их цус гараагүй үсний хэсэг нь цус болсон байсан. Тэгээд байхад Ц гэж Б-ын эхнэр ирээд та нар юу болж байна гэсэн тэгээд бид нар тараад явсан.” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Т багийн нутаг ... гэх газар хонь хариулж явахад Д-тэй таараад уулзаад байж байхад Х гэх хүрээд ирсэн. Уулзаад юм ярьж сууж байгаад Б гэдэг айлд очлоо гээд явсан. Бид 2 араас хүрээд очно гэж хэлээд үлдсэн. Д бид 2 хонио эргүүлчхээд Б гэх айлд очиход Б Х нар гэрийн зүүн урд тал гэрийн гадаа хэрэлдэж маргалдаад байж байсан. Бид 2 очоод юу болоод байгаа юм гэсэн чинь Х Б-ыг чи манай аавд агсам тавьсан гэсэн гээд уурлаад Б-ыг зодох гээд дайраад байсан. Д бид 2 Х-ыг хориод байсан. Х гарт тааралдсан зүйлээрээ Быг цохих гээд байсан. Тэгээд гайгүй болоод тойроод сууж байхад Хын ард талд нь байсан төмөр ван аваад Б-ын толгой хэсэг нь цохисон. Б-ын толгойн ар хэсгээс цус гарсан харагдаж байсан гэхдээ бол их цус гараагүй үсний хэсэг нь цус болсон байсан. Тэгээд байхад Ц гэж Бын эхнэр ирээд та нар юу болж байна гэсэн тэгээд бид нар тараад явсан.” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын Т багийн Б гэх газарт Нөхөр Б-ын хамт байж байгаад овоон дээр гарч сумын төвд байх хоёр хүүхэдтэйгээ утсаар ярьсан ба НӨТ-ийн баримт шивчхээд ирсэн чинь манай нөхөр Бын толгойноос цус гарсан байхаар нь нөхрөөсөө асуухад Х зодсон гэж надад хэлсэн. Манай гэрт намайг явахад манай нөхөр үлдсэн ба намайг явсны дараа манай гэрт гурван хүн ирсэн бөгөөд Х, Д, Х нар ирсэн юм билээ. Тэгээд манай нөхрийг яагаад зодсон бэ гэхэд эдгээр юу болоод байгаа юм гэхэд Х нь нөхрөөсөө асуу гээд байсан. Би нөхөр Боос асуухад Х гадаа байсан хувцас угаах зориулалт бүхий төмөр ванныг аваад толгойны хойд хэсэгт цохисон гэж байсан. Толгой нь хагарсан цус гарсан байсан. Намайг уурласан чинь Х, Д, Х нар нь яваад өгсөн. Тэгээд би нөхөр Б-ыг гэрт оруулсан.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Шүүгдэгч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эгчийнд очих гэж байгаад замд Б.Б гэх айлаар орсон. Тэгээд өмнө нь аав надад Б.Быг агсам тавиад шөнөжин юм болж байсан гэж байсан. Тэгээд би Б.Б-ынд ороод мэнд мэдчихээд яах гэж нэг нутаг усных юм байж нэгнийдээ агсам тавиад байдаг юм гэж хэлсэн. Тэгээд явах гээд гарч байтал Х, Д гэх нутгийн хүмүүс ирсэн. Тэгээд Б.Б-ын гэрийн зүүн өмнө гадаа сууцгаасан. Би Б.Б-ыг айлгах гээд хажууд байсан төмөр банныг аваад далайтал толгой дээрээс нь алдсан. Тэгээд толгойноос нь цус гараад байсан. Тэгээд тухайн үед хажууд байсан нутгийн хүмүүс боль боль гээд байж байтал Ц эгч гарч ирээд та нар чинь юу болоод байна гээд тарцгаагаад би эгчийнх рүү явсан.” /хавтаст хэргийн 50-51 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б-ын биед толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Б-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-12 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дах тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62, 66 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 63, 65 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/
Д.Х, Б.Б нарын хүсэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Х-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Х нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын Т багт оршин суух хохирогч Б.Б-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, гэрч Э.Д-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, гэрч Г.Х-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, гэрч Ч.Ц-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-12 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Х, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Х нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Х-ын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-од 1,100,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар мэдүүлж байх ба энэ нь хохирол төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс торгуулмаар байна гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бод 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Х нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Д-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бод 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ