| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0126/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч А.Б,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн А-ийн Б-т холбогдох 2428002000184 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь согтуугаар 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ заалны баригдаж байгаа барилгын талбайн гадна А.М-тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж, биед нь баруун 4, 5 дугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Спорт заалны барилга дээр ажиллаж байсан. 4-5 цагийн өмнө залгаад ажил хийлгэхгүй байсан. Би мөн пиво уусан байсан. Нуруу бариулна гээд ирсэн. Тэгэхээр нь би энэ хүнийг би ажиллуулж байгаа, би хүнээ мэдэж байна гэж хэлсэн. Юм мэдэхгүй хүнээр бариулах гэлээ, эмнэлэг яваад үзүүлчих гээд маргасан. Би тэр хүнийг архи уусан байсныг мэдэхгүй. Хүний байшинд маргаад яах вэ? гээд гадаа гарсан. Түлхэж унагаахад босож ирэхдээ гар нь цус болсон байсан. Эргэж орж ирэхэд эхнэр, хүүхэд нь орж ирээд цагдаа дуудаад намайг аваад явсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр надтай цуг ажилладаг О гэх хүн юм өргөж байгаад нуруугаа гэмтээхээр нь би Ш гэдэг нуруу бариад байдаг залууг хаана байгааг мэдээд Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа шинэ спорт заалны барилга дээр очсон. Намайг очиход Ш юм хийгээд сууж байсан ба хажууд нь хоёр хүн пиво тавьсан сууж байсан. Би тухайн үед машинаасаа буугаад Оийг машиндаа үлдээчээд Ш дээр очоод манай Оийн нурууг бариад өгөөч одоо миний машин дотор байна гэж хэлэхэд Шын хажууд байсан Б гэдэг хүн над руу уурлаад байхаар нь би Ш-аар ажлынхаа Оийн нурууг бариулах гэсэн юм гэж хэлээд Шаас хоёр, гурван удаа гуйсан. Тэгсэн чинь Б гэдэг хүн босож ирээд намайг боогоод тухайн баригдаж байсан спорт заалны барилгаас гаргаад урагшаа хашаа руу аваачиж боож унагаагаад, миний толгойд цохисон. Тэгээд байж байтал О ирээд болиочээ гээд орилсон. Тэгээд Б бид хоёр салаад байж байтал манай эхнэр ирсэн, тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед миний хувцас урагдсан, гараас цус гарсан байсан ба тэр үед Б намайг гүйцээчихье гээд хутга хайгаад байсан ба Бт хутга олдоогүй... Надад одоогоор санал хүсэлт, гомдол байхгүй байна.” /хавтаст хэргийн 32 дахь тал/
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр миний нуруу өвдөөд байхаар нь ажлынхаа М ахад миний нуруу өвдөөд болдоггүй гэж хэлэхэд чи нуруугаа бариачид бариулчих гээд намайг дагуулаад бариач руу явсан. Тухайн үед бариач хийдэг хүн нь Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа шинэ спорт заалны барилгын талбай дээр байсан. М ах тухайн бариач гэх Ш гэдэг нэртэй хүн дээр очоод манай О-ийн нуруу өвдчихлөө бариад өг гэж хэлэхэд нөгөө бариач Ш нь завгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь М ах тухайн бариач Ш-д чи ядаж машин дотор бариад өгчихөөч би Оийг дагуулаад ирсэн гэж хэлэхэд цаанаас нь бүдүүн том биетэй Б гэх хүн босож ирснээ М ахын өөдөөс бид нар завгүй байна би ажилчнаа мэдэж байна гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд Б гэх хүн М ахыг барьж аваад нүүрэнд нь нэг цохиод хоорондоо барилцаж аваад Б М ахыг газар унагаагаад хувцас хунарыг нь юу ч үгүй ураад хаячихсан ба М ахыг гүйцээчихье гээд дайраад байсан. Тухайн үед М ахын гараас нь цус гарчихсан, хоёр хурууг нь гэмтээсэн байсан ба би тухайн үед нуруу өвдөөд босож чадахгүй машин дотроос бүгдийг нь хараад сууж байсан. Тэгээд би М ахын эхнэрийг дуудаад бас цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн.” /хавтаст хэргийн 34 дэх тал/
Гэрч Ц.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар 30-ны өдөр 17 цагийн үед намайг Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа шинэ спорт заалны барилгын талбай дээр байхад М ирээд надаар толгойгоо бариулна гээд ирсэн. Би тухайн үед барилга дээрээ шавар зуурч байсан ба М-д ажилтай байна завгүй байна гэж хэлсэн чинь толгой бариад өг гээд гуйгаад байсан. Тэгсэн чинь манай ажлын Б ах М-д завгүй ажилтай байгаа хүнийг яах гээд байгаа юм гээд уурлаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд барилгын талбайгаас гадагшаа гараад явсан. Би тэр хоёрыг муудалцаад барилгын талбайгаас гараад явахад араас нь дагаж гараагүй үлдсэн болохоор цааш нь болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан М над дээр ирэхдээ архи үнэртүүлсэн байсан бас надтай хамт ажиллаж байсан Б ах пиво уусан байсан.” /хавтаст хэргийн 36 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.М-ы биед баруун 4, 5-р хуруунд шарх зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. А.М-ы биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. А.М-ы биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд нас тогтсон үедээ ийм хэрэгт холбогдож байгаадаа гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.Б нь согтуугаар, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ заалны баригдаж байгаа барилгын талбайн гадна А.М-тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж, биед нь баруун 4, 5 дугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, гэрч Т.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, гэрч Ц.Ш-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М-ы эрүүл мэндэд баруун 4, 5 дугаар хуруунд шарх зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Надад одоогоор санал хүсэлт, гомдол байхгүй байна.” /хавтаст хэргийн 32 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овгийн А-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ