| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0913/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/935 |
| Огноо | 2024-08-20 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/935
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408009170938 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт С-ийн Г, Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** тоотод түр оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримгүй гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч С.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо *** тоот гэртээ ашиг олох зорилгоор гар утас ашиглан фейсбүүк цахим сүлжээнд “М*** Б***” гэх хаягаас шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансаар дамжуулан нийт 3,849,120 төгрөгийн ашиг олсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 5 дахь тал),
- “... Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо *** тоот гэх хаягтай ...ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хаалгаар орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулав...” гэсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 7-9 дэх тал),
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 20-23 дахь тал),
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 25-29 дэх тал),
- Фейсбүүк цахин сүлжээний “М*** Б***” гэх хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 30-32 дахь тал),
- Шүүгдэгч С.Г-ийн Хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 109 дэх талаас 3-р хавтаст хэргийн 207 дахь тал),
- Шүүгдэгч С.Г-ийн Хаан банкны *** дугаартай депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл “...үзлэгээр тогтоосон нөхцөл байдал: ...С.Г-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дугаарын дансанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үзлэг хийхэд олон нийтийн сүлжээнд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 32,486,450 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэнээс 28,637,330 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж 3,849,120 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь тогтоогдож байна...“ гэсэн (3-р хавтаст хэргийн 208 дахь талаас 4-р хавтаст хэргийн 46 дахь тал),
- Шүүгдэгч С.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, *** тоотод 2 өрөө байр түрээсэлж амьдардаг. Би 2023 оны 07 дугаар сарын сүүлээр 08 сарын эхээр санагдаж байна. М*** Б*** гэх цахим хаягаас гэртээ байхдаа хөзрөөр 9 хүн тоглох боломжтой ширээ хулдаасаар хэвлүүлээд 2024 оны 02 сарын сүүл хүртэл цахим орчинд лайв хийж покер тоглоом тоглуулсан. Хугацааг нь нарийн сайн мэдэхгүй байна. Уг тоглоомыг тоглож байгаа хүмүүс 5,000 төгрөг хийгээд 7 удаа тоглох бөгөөд нэг тоглолтод хожсон хүн 5,000 төгрөг авах бөгөөд 9 хүнээс 7 удаа 5,000 төгрөг хожих боломжтой бөгөөд үлдсэн мөнгө нь надад ашиг хэлбэрээр үлддэг. Миний тооцоогоор хэдэн удаа тоглуулсан, нийт хэдэн төгрөгөөр тоглуулсан, хэдэн төгрөгийг хожсон хүнд өгсөн, би өөрөө хэдэн төгрөгийн ашиг олсон тооцоо байхгүй. Би уг цахим покер тоглоомыг Хаан банкны “***” дугаартай дансаар тоглуулсан. Уг дансны хуулгаа гаргаж өгсөн. Хэдий хугацаанд тоглуулсан, хэдэн төгрөг төвлөрч, хэдэн төгрөгийг хожсон хүмүүст өгсөн, би хэдэн төгрөгийн ашиг хийсэн талаар тооцоо нь гарах байх гэж бодож байна. Би цагдаагийн байгууллагаас надтай холбогдсон үеэс ахиж уг тоглоомыг тоглуулаагүй, хууль бус гэдгийг нь ойлгож гэмшиж байна. Би уг цахим мөрийтэй тоглоомыг хэн нэгэнтэй хамтарч зохион байгуулсан зүйл огт байхгүй. Би ганцаараа зохион байгуулж тоглуулсан. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон мөнгөө дата авах, хөзөр авах болон бусад хэлбэрээр хэрэглээд дууссан. Одоо үлдсэн ашиг мөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 53-54 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ, түүнийг зохион байгуулсан этгээд хувьдаа ашигласан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь нийгмийн гишүүдийн зохистой зан байдал, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, цаашлаад шударга бус арга хэрэгслээр ашиг олох хэрэгсэл болгох, улмаар татвараас зайлсхийх хууль бус үйл ажиллагаагаар илрэн гардаг.
Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтад "мэдээллийн технологи" гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч С.Г нь ашиг олох зорилгоор гар утас ашиглан, фейсбүүк цахим сүлжээнд “М*** Б***” гэх хаягаас шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа нь хууль бус болох нь илэрхий, өөрийн идэвхтэй үйлдлээр хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2022.01.01-ний өдрөөс 2024.06.01-ний өдөр хүртэл гэж тогтоосныг буруутгах боломжгүй, шүүгдэгч С.Г-ийг Хаан банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тус хугацаанд аз, ёондоо гэх зэргээр гүйлгээ хийгдэж байсан тодорхой тэмдэглэгдсэн байна.
Иймд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Г нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болно.
1.3. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, үйлдэл хийснээр дуусгавар болдог, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг тул энэ гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч С.Г нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж 3,849,120 төгрөгийн ашиг олсон байх тул түүнээс 3,849,120 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас олсон нийт 3.849.120 төгрөгийг улсын төсөвт гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гар утсыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох үед устгуулах саналтай, нэр бүхий банкнаас ирүүлсэн дугаар бүхий дансны хуулга 3 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд хүргүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй. Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 43 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үргэлжилсэн үйлдлээр, тодорхой хугацаанд гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхэдтэй/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Samsung G-50. Huawei Y6 маркийн гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэргийн хамт ирсэн Хаан банкны дансны хуулга бүхий 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт С-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г-т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ээс 3,849,120 (гурван сая найман зуун дөчин есөн мянга нэг зуун хорь) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung G-50, Huawei Y6 маркийн гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, Хаан банкны дансны хуулга бүхий 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж. битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР