Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2018/0571

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “И” ХХК-ийн эзэмшиж байсан 16691Х  дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”, “И”  ХХК-ийн эзэмшиж байсан Ө******* аймгийн Ц******* сумын Х******* нэртэй 16210,57 гектар талбайд орших 16691Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн хугацаа заасан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, У.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Знар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанийн эзэмшдэг ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн гэж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрээр цуцалсан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “И” ХХК, “М” ХХК, “Г” ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ны ХV-*******,  “М” ХХК-ны ХV-*******, “Г” ХХК-ийн ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийг сэргээн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж улмаар манай тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн.

Ингээд 2017 оны хайгуулын дараа жилийн төлбөрийг төлөх хугацаа болоод ирэх үед манай компаний зүгээс  хайгуулын дараа жилийн төлбөрийг хэзээ төлөх талаар Кадастрын хэлтэст хандахад “ танай компаний эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл нь анх 2008 оны 12 дугаар сарын 01-ны өдөр олгогдсон байна, иймд тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг 12 дугаар сарын 01-ны дотор алдангатай бол 01 сарын 01-ны дотор төлөх боломжтой талаарх албан мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны 7/1686 дугаартай албан тоотоор манайд мэдэгдсэн.

Бид уг мэдэгдлийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт нийт 35,258,000 төгрөг төлж улмаар 2017 онд хийгдэх хайгуулын ажлын төлөвлөгөөгөө Кадастрын хэлтсээр батлуулж 2017 онд бүтэн хайгуулын ажил явуулсан 2017 онд хайгуулын ажил хийх явцад манай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байсан.

Ингээд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс дараа жилийн хайгуулын тусгай зөвшөөрлийг төлбөрийг төлөх тухай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 7/8046 дугаартай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Үүнии дагуу бид 2017 оны 12 дугаар сарын 01-ны /тогтоосон хугацааны дотор/ өдөр ээлжит жилийн төлбөр болох нийт  35,258,000 төгрөгийг төлсөн.

Гэтэл гэнэт манай тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 14-нд цуцалсныг олж мэдэв.

Кадастрын хэлтсээс энэ шийдвэрээ тайлбарлахдаа 2016 онд ээлжит жилийн төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн гэж тусгай зөвшөөрөл цуцалсан гэсэн. Гэтэл 2017 оны туршид манай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан бөгөөд Кадастрын хэлтсээс хугацаа хожимдуулж төлсөн гэх талаар огт мэдэгдээгүй байснаа гэнэт 2017 онд 2018 оны ээлжит жилийн төлбөрийг төлсний дараа бүтэн 1 жилийн өмнөх асуудлыг гарган ирж тусгай зөвшөөрөл цуцалсан байна.

Хэрэв 2017 оны ээлжит жилийн төлбөрийг төлсөн 2016 оны 12 дугаар сарын 28-ын өдрийг хугацаа хэтэрсэн өдөр гэж үзэж байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэсний дагуу манайд заасан энэ үүргээ хэрэгжүүлээгүй улмаар 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүртэл манай тусгай зөвшөөрөл  хүчин төгөлдөр байж бид хайгуулын ажлаа явуулж, ихээхэн цаг хугацаан, зардал, хүч хөдөлмөрөө зарцуулсан.

Мөн 2018 оны ээлжит жилийн төлбөр төлөхийг мэдэгдсэн албан бичиг манайд хүргүүлж манай компаниар ээлжит жилийн төлбөр 35,258,000 төгрөгийг төлүүлэх ч шаардлага байхгүй байсан.

     Компани үзэхдээ 2016 онд ээлжит жилийн төлбөрийг Кадастрын хэлтсээс ирүүлсэн “ээлжит жилийн төлбөр төлөх” талаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийн үндсэн дээр төлсөн, энэ нь хугацаа хожимдуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж, хэрэв хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул яагаад тухайн  цаг хугацаанд нь цуцлахгүй бүтэн жилийн хугацаанд хүчин төгөлдөр байлгаж хайгуулын ажил явуулсны дараа 2018 төлбөр төлүүлсний дараа цуцалж байгаа юм бэ гэсэн үндэслэлээр гомдлоо гаргаж, дахин нягтлан үзэж манай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөх талаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2 удаа хандаж албан бичиг явуулсан бөгөөд эхний удаа Кадастрын хэлтсээс, дараа нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас хүсэлтийг хүлээн авалгүй татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

     Иймд “И” ХХК-ны эзэмшиж байсан ХV-******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: “И ХХК-ны эзэмшиж байсан Ө******* аймгийн Цогт-овоо сумын Хонгор овоо нэртэй 16210.57 гектар талбай бүхий ХУ-******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 693 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийг өмнө нь гаргаж захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг хариуцагч сэргээхдээ Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин компанид илтэд хохиролтойгоор сэргээсэн гэж үзэж байгаа. Хариуцагчаас гарган ирүүлсэн тайлбар, холбогдох баримтад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг сэргээж, уг шийдвэрээр хүчинтэй байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож,

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна. Гэтэл энэ шийдвэрийг нэхэмжлэгч талд тухайн цаг хугацаанд танилцуулаагүй, хүсэлт, гомдол гаргах эрхээр хангаагүй байна.

Үүнээс гадна дараах үндэслэлээр энэ шийдвэр нь илт хууль бус гэж үзэж байна. Маргааны зүйл болох тухайн тусгай зөвшөөрлийг өмнө нь хугацаа сунгах хүсэлтийг АМГ-н Кадастрын хэлтэс хүлээн аваагүйгээс болоод хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусаад Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хүчингүй болсон. Бид үүнийг АМГ-н Кадастрын хэлтсийн буруутай үйлдэл гэж үзээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг гаргаж улмаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт яг энэ өгүүлбэрээр бичигдсэн байгаа. Энэ шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын ямар нэгэн шийдвэрийг хүчингүй болгоогүй. Гэтэл хариуцагч анх гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбартаа АМТХуулийн 56.8-д заасан заалтад нийцүүлж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн гэжээ. Тус хуулийн 56.8-д заасан заалтад “56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэсэн. Гэтэл өмнөх шүүхээр шийдэгдсэн асуудал нь 56.1-д хамаарах асуудал биш байсан. Тодруулахын бол манай тусгай зөвшөөрлийг өмнө нь цуцлаагүй, цуцалсан шийдвэр гараагүй, зөвхөн ТЗ-н хүчин төгөлдөр байх хуулийн хугацаа дууссан гэж хүлээн авахгүй байсан эс үйлдэл байгаа юм. Үүнийг л шүүх хууль бусад тооцсон. Тэгэхээр тусгай зөвшөөрлийг сэргээхдээ тус хуулийн 56.8-д заасан заалтыг удирдлага болгож хүчинтэй байх хугацааг тогтоохгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж үзэхгүй байх байсан. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаартай шийдвэрийг биелүүлэхдээ шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж нэхэмжлэгч талд хохиролтойгоор, мөн түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56, 58 дугаар зүйлүүдийг буруугаар тайлбарлан илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ‘И" ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Ө******* аймгийн Цогт-овоо сумын нутаг Хонгор овоо нэртэй 25006.01 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч "И” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 4-ний өдөр уг тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн нэхэмжлэгч компани болох "И” ХХК-д шилжүүлэхээр өргөдөл гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн Х\/-*******-003-ТР дугаарт бүртгүүлсэн байна.

Төрийн захиргааны байгууллага хэсэгчлэн шилжүүлэх өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг үндэслэн Ө******* аймгийн Цогт-овоо сумын нутаг Хонгор овоо нэртэй 25006.01 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Хонгор овоо нэртэй 16210.57 гектар бүхий талбайг “И" ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж шинээр ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрөл үүссэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг дуустал 3-н жилийн хугацаагаар тооцон сунгаж байсан.

Нэхэмжлэгч компани нь хуулиар хүлээсэн эрх үүргийг биелүүлдэггүй байна. Учир нь ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2014 онд гаргалгүйгээр дуусгавар болгож байсан бөгөөд энэ талаарх гомдол нэхэмжлэлийг шүүхэд гаргаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 739 дүгээр шийдвэрээр хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж байсан байдаг.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32 1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийг биелүүлж Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх тухай” 1147 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 123 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн дуустал тооцож сунган Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно" гэсэн заалтад нийцүүлж шийдвэрлэж тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1-р хавсралтад тэмдэглэгээ хийж улмаар 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 6/1053 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдлийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ц.Мгэж иргэн гарын үсэг зурж хүлээн авсан болно

Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ ...Ингээд 2017 оны хайгуулын дараа жилийн төлбөрийг төлөх хугацаа болоод ирэх үед манай компанийн зүгээс хайгуулын дараа жилийн төлбөрийг хэзээ төлөх талаар Кадастрын хэлтэст хандахад “танай компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл нь анх 2008 оны 12 дугаар сарын 1- ний өдөр олгогдсон байна иймд тусгай зөвшөөрлийн төлбөрөө 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор, алдангитай бол 1 дүгээр сарын 01-ний дотор төлөх боломжтой талаарх албан мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1686 тоотоор мэдэгдсэн тухай дурдсан байна.

Нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй атал бусдад алдааг тохох зэргээр төрийн захиргааны байгууллагыг буруутгаж буй нь үндэслэлгүй юм

Учир нь дээрх мэдэгдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 2-д 'Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу 10 өдөрт багтаан мэдэгдэх үүргийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 10 хоног тооцон 7 дахь жилийн төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7/1686 тоотыг нэхэмжлэгчидхүргүүлсэн.

Мэдэгдлийг хүлээн авсан дариуд мөн хуулийн 56.3-д “Энэ хуулийн 56 2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ' заалтын хурээнд хандаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-д ‘Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн  0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” заалтын хүрээнд хандаагүй.

Харин сүүлд буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 35 258.000 төгрөгийг Төрийн сангийн 100900000712 тоот дансанд тушаасан байдаг. Энэ үйлдэл нь дээр дурдсан хуулийн заалтуудыг илтэд зөрчсөн болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2/1795 тоотоор “И” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг зөвхөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хязгаарлалт хийхийг мэдэгдсэн байдаг бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй тул цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1933 тоот мэдэгдлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Үүний дараа дахин 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 7/8046 тоот мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.1.2 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 34.2, 34.7 дахь заалтад заасан ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 693 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий болно.

Иймд “И" ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч "И" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "И" ХХК нь тус шүүхэд хандаж “эзэмшиж байсан  16691Х  дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “И”  ХХК-ийн эзэмшиж байсан Ө******* аймгийн Ц******* сумын Х******* нэртэй 16210,57 гектар талбайд орших 16691Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн хугацаа заасан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

 1.  “И”  ХХК-ийн эзэмшиж байсан Ө******* аймгийн Ц******* сумын Х******* нэртэй 16210,57 гектар талбайд орших 16691Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шийдвэрийн хугацаа заасан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

“И” ХХК нь Ө******* аймгийн Ц******* сумын нутаг Хонгор овоо нэртэй 25006.01 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад уг тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлэхээр өргөдөл гаргаснаар тус компанид ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл олгогджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч компани нь “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргасан байхад шүүхээс хориг тавьсан гэх үндэслэлээр сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улмаар хугацааг сунгаж тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "И" ХХК-ийн ХҮ-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газрын даргаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх тухай” 1147 дугаар шийдвэр гаргаж нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгасан байна.

Дээрх шийдвэрийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай" 123 дугаар шийдвэрээр "И" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Нэхэмжлэгч уг шийдвэрийн энэ хэсгийг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас тооцох ёстой атал буруу тооцсон... “ гэж, хариуцагч “...уг шийдвэрийн дагуу хүргүүлсэн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 6/1053 тоот мэдэгдлийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ц.Мгэдэг хүн гарын үсэг зурж хүлээж авсан, одоо маргаж байгаа нь үндэслэлгүй…” гэж тодорхойлон маргажээ..

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тооцох ёстой байхад уг хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан “шүүхийн шийдвэр хүчинтэй болсон”-оос буюу шийдвэр гарсан өдрөөс тооцсон нь үндэслэлгүй байна.

Тухайлбал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 77 дугаар зүйлийн 77.1-д “анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно” гэж, 77.1.1-д  “энэ хуулийн 81.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж зааснаар анхан шатны  шүүхийн шийдвэр 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарсан, уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Бгээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/10016 дугаар албан бичигт “...Р.Энь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 21 минутад давж заалдах гомдол гаргаж ирүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байх тул...гомдлыг буцаав” гэснээс үзвэл дээрх шийдвэрт давж заалдах гомдол гараагүй, шүүхийн шийдвэр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай" 123 дугаар шийдвэрийн “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг “2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал” гэсэн хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтыг зөрчсөнөөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх үндэслэлд хамаарч байх тул илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д  “энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр…” гэж дурдсан хэдий ч энэ заалт нь ерөнхийдөө тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээхтэй холбоотой заалт тул үүнийг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг сэргээхэд төсөөтэй хэрэглэнэ.

Иймд “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргадаггүй тул энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан үндэслэл хамаарахгүй” гэх хариуцагчийн тайлбарыг дээр дурдсан үндэслэлээр хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

2.    “Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан  ХҮ-*******  дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ” шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай" 123 дугаар шийдвэрээр “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч захиргааны байгууллагаас “И” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1686 дугаар мэдэгдлээр “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд төлж баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх”-ийг мэдэгдсэн, ийнхүү мэдэгдэхдээ анхдагч огноог 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж тэмдэглэсэн, нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 28-нд 35 258 000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дээрх мэдэгдэлтэй адил агуулга бүхий 7/8046 тоот мэдэгдлийг  дахин хүргүүлсэн байх ба уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч нь 2018 оны төлбөрт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 35 258 000 төгрөг болон 3 074 000 төгрөгийг тус тус төлсөн, ийнхүү төлсний дараа Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 693 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр "И" ХХК-ийн ХҮ-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Үүнээс үзвэл хариуцагч, шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж улмаар ХҮ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1686 дугаар мэдэгдлээр анхдагч огноог 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж тодорхойлсноор уг мэдэгдлийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-нд ээлжит жилийн төлбөрөө төлсөн байхад нэхэмжлэгчийг ийнхүү төлбөр төлснөөс хойш бүтэн 1 жил орчмын дараа “ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь  хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай" 123 дугаар шийдвэрийн “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал гэсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн тул тусгай зөвшөөрлийн 2016 оны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр ХҮ-*******  дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцох үндэслэлгүйн дээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2016 оны 12 дугаар сарын 28-нд төлснийг “хугацаанд нь төлөөгүй” гэж дүгнэх боломжгүй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

3.  Нэхэмжлэгчээс гаргасан “...цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлагын тухайд:

Шүүхээс, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай" 123 дугаар шийдвэрийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч улмаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан  ХҮ-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэгэнт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай" 123 дугаар шийдвэрийн ХҮ-******* дугаар тусгай зөвшөөрлийн эрх сэргээсэн хэсгийг шүүхээс буруутгаагүй бөгөөд харин уг шийдвэрийн хугацаа заасан хэсгийг илт хууль бусад тооцсоноор ХҮ-******* дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцогдохоор байх тул нэхэмжлэлийн “...цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага хангагдаж байна.

 Өөрөөр хэлбэл ХҮ-******* дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар “Тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн...” үргэлжлүүлэн тооцох нөхцөлд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн эрх сэргэх боломжтой тул ийнхүү үргэлжлүүлэн тооцвол зохихыг энэ шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай” 123 дугаар шийдвэрийн “2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, ХҮ-******* дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 693 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхдээ нэхэмжлэгч И ХХК-ийн ХҮ-******* дүгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс” үргэлжлүүлэн тооцвол зохихыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН