Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 108

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга В.Орхон,

           улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийсүрэн,

шүүгдэгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал /ҮД:1-420/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Бямбажавын Баттулгад холбогдох эрүүгийн 201724000069 дугаартай, 187/2017/0129/Э индекстэй хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ланд Моделлинг” ХХК-д техникч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, 2 дугаар гудамжны 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Жалайр овогт Бямбажавын Баттулга /РД:УЗ89072598/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Баттулга нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн постны баруун талын замд Тоёота Приус маркийн 25-46 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Ганболдын жолоодон явсан Хонда Фит маркийн 27-19 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 4.895.000 төгрөгийн шууд, 5.655.000 төгрөгийн нийт хохирол, жолооч Д.Ганболд, зорчигч Г.Түвшинбаяр, Б.Баттөр нарын бие махбодид тус тус хөнгөн гэмтэл учруулсан, зорчигч Б.Бямбаагийн амь насыг хохироон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Баттулга нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн постны баруун талын замд Тоёота Приус маркийн 25-46 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Ганболдын жолоодон явсан Хонда Фит маркийн 27-19 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 4.895.000 төгрөгийн шууд, 5.655.000 төгрөгийн нийт хохирол, жолооч Д.Ганболд, зорчигч Г.Түвшинбаяр, Б.Баттөр нарын бие махбодид тус тус хөнгөн гэмтэл учруулсан, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зорчигч Б.Бямбаагийн амь насыг хохироосон болох нь:

             1. Шүүгдэгч Б.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө манай найз ах хөдөөнөөс Баянзүрх дүүргийн товчоо дээр ирнэ, намайг унаагаараа тосоод аваарай гэхээр нь би өглөө 04 цагт Өлзийт хорооллоос гэрээсээ гараад явж байгаад  замдаа найз ахынхаа гар утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь зам дээр хүлээж байгаад буцаад гэр рүүгээ явсан. Нисэхийн тойрог дээр өмнөөс нэг машин гарч ирээд шахсан. Тэгэхээр нь би машиныхаа рулийг замын баруун тийшээ дарсан. Гэтэл замын хажуугаас адуу гарч ирэх шиг болохоор би цочоод нөгөө тал руугаа рулээ дартал эсрэг урсгал руу орсон... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Тухайн хэрэг гарахад би нөхөртэйгөө хамт Эрээн хотод байсан. Тэгээд энэ хэргийг сонсоод яаралтай Улаанбаатар хотод ирсэн. Манай аавын амь насыг буцааж юугаар ч нөхөж барагдуулахгүй тул нэхэмжилсэн оршуулгын зардлаа Баттулгаас гаргуулж авсан. Тиймээс Баттулгад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, Баттулгад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... Оршуулгын зардлыг бүрэн авсан...Энэ хэргийн улмаас манай ар гэрийнхэн ханиа болон аавыгаа алдах хорвоогийн зовлонг эдэлж байна. Би аавгүй байхын зовлонг сүүлийн 5 сар амсаж байна. Баттулга нь бага насны 3 хүүхэдтэй тул миний аавгүй байх зовлонг Баттулгын үр хүүхдүүд нь битгий амсаасай гэж хүсээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 2-7/

             4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Бямба овогтой Бямбаа нь миний аав юм. Талийгаачийг нас барсныг анх ээжид цагдаагаас мэдэгдсэн...манай аав, ээж хоёр Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд амьдардаг...Тэр өдөр Налайхад байх ажил руугаа замын унаанд сууж явж байгаад нас барсан. Талийгаач аав маань 1957 оны 6 дугаар сарын 12-нд Баянхонгор аймагт төрсөн, эхээсээ 9-лээ, айлын том хүүхэд нь байсан...Баянхонгор аймагт 10 жилийн сургуулиа төгсөөд ОХУ-д авто техникийн байцаагч мэргэжилээр төгсөөд нутагтаа замын цагдаагийн байцаагчаар ажиллаж байгаад улмаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очиж замын цагдаагийн байцаагчаар ажиллаж байгаад цагдаагийн хошууч цолтой ажлаасаа гарсан, тэтгэврийн нас болоогүй байсан учраас Очир харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан....гомдолтой байна, эрүүл саруул хүн зүгээр явж байгаад зам тээврийн осолд орж нас барсанд гомдолтой байна. Талийгаач маань ажил хийж өөрийн гэрээ тэжээдэг байсан. Нас барсан буяны зардлыг бүрдүүлж байгаа, шаардлагатай бичиг баримтыг өгнө...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24/

             5. Иргэний нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хонда Фит маркийн 27-19 УБР дугаартай автомашин миний нэр дээр байдаг боловч гэр бүлийн дундын эзэмшлийнх юм...гомдол нэхэмжлэлийн хувьд одоогоор хэлж мэдэхгүй байнаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/

             6. Иргэний нэхэмжлэгч Г.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…миний дух зулгарсан, зүүн талын мөр мултарсан, баруун хөлийн өвдөгнөөс доош шалбарсан, шүүх эмнэлэгт үзүүлэхэд хүзүүний КТГ-ийн зураг авахуулж ир гэсэн. Надад өөрт шинжилгээ авахуулах мөнгө байхгүй учраас шинжилгээ өгч чадаагүй. Би осолд орсныхоо дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Толгойны, нурууны, хүзүүний КТГ-ийн зураг авахуулж, бие зүгээр байгаагаа мэдмээр байна. Надад өөрт мөнгө байхгүй. Нэг КТГ-ийн зураг авахуулахад 120.000 төгрөг болдог юм байна лээ, 3 зураг авахуулахад 360.000 төгрөг болох мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49/

             7. Иргэний нэхэмжлэгч Б.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би осолд орох үед цээж хүндүүрлээд зүүн хөлийн шилбэнд арьс зулгарч оёдол тавиулсан, шүүх эмнэлэгт үзүүлэхэд толгойны КТГ-ийн зураг авахуулж ир гэсэн. Надад өөрт шинжилгээний зураг авахуулах мөнгө байхгүй учраас шинжилгээ өгч чадаагүй. Тэгээд ч миний толгой өвдөхгүй байхаар нь зураг авахуулаагүй юм. Миний зүүн хөлийн шилбэний арьсанд оёдол тавьсан, түүнийгээ 21 хоног боолгож цэвэрлүүлсэн, одоо зүгээр болсон. Одоо надад байгаа нь 3 ширхэг баримт байна...ойролцоогоор 150.000 төгрөг болсон түүнийгээ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50/

            8. Иргэний нэхэмжлэгч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би ГССҮТ-д 3 хоног хэвтэж эмчлүүлсэн төлбөр, шинжилгээ өгсөн 80.000 төгрөг, нийт 122.039 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/

            9. Гэрч Б.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Өлзийтийн МТ колонк дээрээс 1000 төгрөгийн үнэтэй...таксинд суусан. Надтай хамт үл таних 2 эрэгтэй хүн бас суусан. Би жолоочийн ар талд, тэр 2 хүний нэг нь жолоочийн хажууд, нөгөөдөх нь миний хажууд суусан...Машин хөдлөөд Айдасын даваа уруудаад автомашины гэрлийн гялбаа нь над руу тусаж байсан. Тэр автомашин ойрхон ирж байсан. Тэгтэл машин ойрхон зайд манай явж байсан автомашины урсгал руу буюу урсгал сөрж орж ирээд л өөдөөс мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58/

            10. Гэрч Г.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…би урд талын цонхоор хараад явж байхад өөдөөс буюу эсрэг урсгалаас...суудлын автомашин урсгал сөрөөд орж ирж байгаа харагдсан. Тэр талаар машин барьж байгаа жолоочид хэлсэн, удаагүй осол болсон...замын хөдөлгөөн сийрэг, мөргөлдсөн автомашинаас өөр автомашин, явган хүн, мал байхгүй байсан. Гэгээ орж ойрын зүйл харагдаж, холын зүйл харагдахааргүй байсан, замын халтиргаа гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60/

             11. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /№274/-ын дүгнэлт:

                        -Талийгаачийн биед 2 тал бөмбөлгийн дотор гадаргууд дахь цус харвалт, цээжний зүүн талын 2-10-р хавирганы хугарал, баруун талын 2-8-р хавирганы хугарал, өвчүү ясны бүдэрхийний хугарал, булчин дахь цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, зүүн уушгины гадаргуу дахь тархмал цус хуралт, няцрал, авчилт, цээжний хөдний дэх хурц цус алдалт /800 гр/, духны няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн дунд чөмөгний хугарал эрүүний, баруун сарвууны алганы ар хэсэгт 5-р хурууны уг хэсгийн хүрэн өнгийн арьсны зулгаралт, зүүн шууны цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

                        -Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

                        -Талийгаачийн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна.

                        -Талийгаач нь нас барах үедээ этилийн спирт хэрэглээгүй байна.

                        -Талийгаач нь хурц цус алдалтын улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ.

                        -Талийгаач нь нас барсан хугацааг жижүүр эмч тогтооно. /1хх-ийн 92-94/

            12. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1862/-ний дүгнэлт:

                        -Баттөр-н биед зүүн хөлний шилбэний хянганд шарх тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Шарх сорвижиж эдгэрнэ, сорив арилж бүдгэрэхгүй. /1хх-ийн 79/ 

            13. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1976/-ний дүгнэлт:

                        -Түвшинбаярын биед дух, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                        -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /1хх-ийн 83/ 

            14. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1954/-ний дүгнэлт:

                        -Д.Ганболд-ийн биед нүүрэнд зулгаралт, цээж, хэвлий, хоёр цавь хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-ийн 87/ 

             15. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2737 дугаартай тайлан “...Ослын улмаас учирсан хохирол...Honda Fit...2719 УБР...Үнэлгээгээр тогтоосон дүн 5.655.000...” /1хх-ийн 101-103/

             16. Техникийн шинжээчийн №108 дүгнэлт:

                        -Toyota Prius 20 маркийн 25-46 УНГ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Баттулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Honda Fit маркийн 27-19 УБР дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Ганболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Зам тээрийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. /1хх-ийн 145/

             17. Сэжигтэн Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад таксинд явж байгаад 23 цагийн үед гэртээ ирээд амарсан. Хөдөөнөөс танил ах Батжаргал “шөнө ирнэ, Баянзүрхийн товчооноос тосч аваарай” гэсэн. Маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 04 цагийн үед...гэрээсээ гараад түүний утас руу залгахад холбогдохгүй байхаар нь Нисэхийн аюулгүйн тойрог хүрээд буцаад гэрлүүгээ явж байсан. Би тухайн үед 60 орчим км/цагийн хурдтай явж байхад өөдөөс ирж байсан автомашин холын гэрэл дээрээ тавиад гэрлээ шижлүүлэхгүй гялбаад байхаар нь баруун гар тал руугаа зогсох гээд баруун гар тал руугаа хартал баруун талаас нилээн хэдэн адуу ороод ирж байгаа харагдахаар нь цочсондоо зүүн тал руугаа дартал эсрэг урсгал руугаа орсоноо мэдээд буцаж өөрийн урсгал руугаа орох гээд чадалгүй машин гулгаад өөдөөс ирж байсан автомашинтай мөргөлдсөн...тухайн үед зам чөлөөтэй, тэр машин бид хоёроос өөр автомашин ойр орчимд байхгүй байсан...би машинаас бууж ирээд мөргөлдсөн автомашины жолооч ахаас “сая адуу орж ирсэн үү” гэж асуухад “үгүй, адуу орж ирээгүй” гэж хэлсэн. Буугаад ирэхэд адуу харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 171-173/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Баттулга нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 178/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /№274/-ын дүгнэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1862, 1976, 1954/-ний дүгнэлтүүд, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2737 дугаартай тайлан, техникийн шинжээчийн №108 дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Баттулгын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон үйлдсэн байх тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Б.Баттулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.                       

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж шударгаар хүлээн мэдүүлсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа иргэний нэхэмжлэгч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийсүрэнд 17.233.850 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Цэцэгмаад 6.054.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ганболдод 122.039 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Түвшинбаярт 360.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баттөрд 150.000 төгрөг, нийт 23.919.889 /хорин гурван сая есөн зуун арван есөн мянга найман зуун наян ес/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, түүний хувийн байдал /“Ланд Моделлинг” ХХК-д техникч ажилтай, 4 сартайгаас 5 настай 3 хүүхэдтэй/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дайрийсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ хэргийн улмаас манай ар гэрийнхэн ханиа болон аавыгаа алдах хорвоогийн зовлонг эдэлж байна. Би аавгүй байхын зовлонг сүүлийн 5 сар амсаж байна. Баттулга нь бага насны 3 хүүхэдтэй тул миний аавгүй байх зовлонг Баттулгын үр хүүхдүүд нь битгий амсаасай гэж хүсээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч Б.Баттулгад 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан, шүүгдэгч Б.Баттулгын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоовол зохино.

Шүүгдэгч Б.Баттулгын жолоодон явсан гэх “Нэткапитал Авто” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох 25-46 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 25-46 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигч “Нэткапитал Авто” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдъя.

Хэрэгт хавсаргагдаж ирсэн В ангиллын 916273 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд, “Нэткапитал Авто” ХХК-ийн эзэмшлийн 25-46 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины №01406317 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Нэткапитал Авто” ХХК-д тус тус шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Баттулгад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Жалайр овогт Бямбажавын Баттулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Жалайр овогт Бямбажавын Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгын 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Баттулгад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баттулгад оногдуулсан 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  “Нэткапитал Авто” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох 25-46 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч “Нэткапитал Авто” ХХК-д олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн В ангиллын 916273 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд, “Нэткапитал Авто” ХХК-ийн эзэмшлийн 25-46 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины №01406317 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Нэткапитал Авто” ХХК-д тус тус шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баттулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                   Б.БАТБОЛОР