Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 53

 

Х.Д, Б.Э, Б.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Яллагдагч нарын өмгөөлөгч: Б.Энхбат,

Хохирогч: Ю.Ж,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/179 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Д, Б.Э, Б.Н нарт холбогдох 2028000640054 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай боловч одоогоор оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Яллагдагч Х.Д, Б.Н, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтуугаар иргэн С.Б-ийн эзэмшлийн ӨМҮ улсын дугаартай “Тоёота ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан сумын нутаг дэвсгэрээс иргэн Э.Э-ын 1 тооны тэмээг хулгайлж, 1300000 төгрөгийн,

2020 оны 02 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн С.Б-ийн эзэмшлийн ӨМҮ улсын дугаартай “Тоёота ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан сумын нутаг дэвсгэрээс иргэн Л.Б-ийн эзэмшлийн 1 тооны, Д.М-ийн 2 тооны тэмээг тус тус хулгайлан 5800000 төгрөгийн,

2020 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө бүлэглэн, иргэн Э.Б-ы ӨМЭ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан сумын нутаг дэвсгэрээс иргэн Л.Б-ийн 1 тооны тэмээг хулгайлж 2000000 төгрөгийн,

2020 оны 03 дугаар сарын 10-ны шөнө бүлэглэн, иргэн Э.Б-ны ӨМЭ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан гэх газарт байсан иргэн Ю.Ж-ын эзэмшлийн 1 тооны атан тэмээг хулгайлж 1300000 төгрөгийн буюу бусдад нийт 10000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч Х.Д, Б.Э, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Х.Д, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Б.Н, Х.Д, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ӨМҮ улсын дугаартай Тоёото Ланд Круйзер 80 маркийн болон ӨМЭ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслүүдийг Цагдаагийн газрын журмын хашаанд байгааг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2020/ШЗ/179 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжаар “...Мөрдөгч нь гэмт хэргийн улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг сонирхол, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээж мал /тэмээ/ хулгайд алдсан Д.М, Э.Э нарыг хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2-т “Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна.” гэсэн заалтыг зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 5-д “хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.”, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д “эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж заасан ба тухайн хэргийн газрын үзлэгийн явц, үр дүнг дуу дүрсний бичлэгээр бэхжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэргийн газрын үзлэг хийх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй байна.

Тус хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон Д.М-г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мөн Э.Э-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогч нараас мэдүүлэг авчээ.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1, 2, 5, 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэрчээр тогтоож, хууль сануулж гэрчийн мэдүүлэг авч, яллах талын нотлох баримт болгож байгаа явдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрхийн ноцтой зөрчил юм...” гэх үндэслэлээр яллагдагч Х.Д, Б.Н, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2028000640054 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлд “...хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна.” гэж заасан.

Мөн хуулийн хорин гуравдугаар бүлэгт нэрлэн заасан ажиллагаануудаас 23.1, 23.2, 23.3 дугаар зүйлүүдэд заасан ажиллагаанууд нь хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахаар заасан ажиллагаа биш бөгөөд эрүүгийн 2028000640054 дугаартай хэрэгт мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.3 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу үзлэг хийж, уг ажиллагаанд эзэмшигчдийг байлцуулах боломжтой гэж үзсэн тул тэднийг байлцуулсан ба үзлэгийн явцыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй байна.

Тухайн эд хөрөнгийн эзэмшигчдийг үзлэгт байлцуулахдаа хөндлөнгийн гэрчээр хуульд заасан эрх, үүргийг эдлүүлж оролцуулаагүй бөгөөд тэднээр хэвлэгдсэн баланкны хөндлөнгийн гэрч гэсэн хэсэгт гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрчийн мэдүүлэг авч болохгүй хүмүүсийг нэрлэн заасан бөгөөд Б.Н, Б.Э, Х.Д нар нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй байна.

Мөн хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, эсхүл хохирогчоор тогтоох хүртэл хугацаанд хэргийн аливаа оролцогчоос мэдүүлэг авах шаардлагатай гэж эрх бүхий албан тушаалтан үзвэл гэрчээр мэдүүлэг авахаар хуульд зохицуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д зааснаар гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй.

Энэ талаар хуульд заахдаа 9.6 дугаар зүйлийн 6-д: “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж заасан Б.Н, Б.Э, Х.Д нараас 2020 оны 3 дугаар сарын 11-12, 17-ны өдрүүдэд /хх-ийн 33-36, 197-207-р хуудаст/ гэрчээр мэдүүлэг авахдаа тэдний өмгөөлөгчийг уг ажиллагаанд оролцуулсан тул хуулийн дээрх заалт зөрчигдөөгүй бөгөөд шүүхээс яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно' гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх нь “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэрчээр тогтоож, хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авч, яллах талын нотлох баримт болгож байгаа явдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрхийн зөрчил юм” гэсэн ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй' гэж заасныг зөрчжээ.

3. Шүүх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр прокурорт буцаасан нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т“...Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/179 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг ноцтой зөрчсөн байх тул тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч нараас гэрчийн мэдүүлэг авсан гэж шүүхээс үздэг. Эрх бүхий албан тушаалтнаас тухайн үед хэргийн талаар шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг нь байлцуулж авсан байдаг. Энэ хүмүүс бол гэм буруугийн талаар яриагүй, намайг гэм буруутай гэж үзээд байна гэж үзвэл мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй. Тэгэхээр энд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Миний хувьд эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж оролцож байна. Шүүхээс үндэслэлгүйгээр хэргийг буцаасан байна. Тиймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч нарын өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оруулсан хүсэлт хоёр агуулгатай. Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлд заасан хөндлөнгийн гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хүн нь тухайн хэрэгт сонирхолгүй хүн байна гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь процессын алдаатай учир нотлох баримтаас хасуулъя. Мөн миний үйлчлүүлэгч нар анх хэрэгт холбогдоод Даланзадгад сумын нутаг дэвсгэр дээрээс машинтай нь барьж авсныхаа орой нь байцаасан байдаг. Маргааш нь Б.Н-ыг байцаасан байдаг. Энэ мэдүүлгүүдэд өмгөөлөгчийн хувьд тухайн үед Н.Н-ыг оруулсан байдаг. Өмгөөлөгч үйлчлүүлэгч хэн хэн нь хоорондоо харилцах, урьдчилан тухайн ажиллагаанд бэлтгэл хангах өөрийнхөө эрхийг хамгаалах боломжит хугацаа олгоогүй. Мөн өөрийнх нь эсрэг эрүүгийн хариуцлага сануулж мэдүүлэг авч тулган шаардаж байгаа нь миний үйлчлүүлэгчдийн эрхийг зөрчиж байна. Тухайн нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах, нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа явуулахаар прокурорт буцаах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлд заасан заалтыг эс хамаарч мөн хуулийн 23.1, 23.3-т заасан заалтууд болон хэргийн газрын үзлэгийг заасан заалтууд дээр хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулах тухай заагаагүй. Заавал оролцуулахаар заагаагүй юм чинь энэ хөндлөнгийн гэрчийн буруу зөв нь хамаагүй үнэлж болно гэсэн тайлбарыг гаргадаг.

Прокурорын тайлбар үндсэндээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төсөөтэй хэрэглэсэн маягтай тайлбарууд хэлээд байдаг. Энэ нь зарчмын хувьд болохгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид хоёр тэмээний хохирол төлбөрийн үлдэгдэл байгаа. Энэ төлбөрийн үлдэгдлүүдийг энэ сардаа төлж барагдуулна” гэв.

Хохирогч Ю.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний тэмээг 1.300.000 төгрөгөөр үнэлсэн. Хохирол барагдуулж 1.300.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Гэтэл миний тэмээг зараад Н гэдэг махны ченж Б.Н-ын дансанд 1.760.000 төгрөгийг хийсэн байдаг. Харин миний хохирлыг үнэлгээнд зааснаар төлсөн байдаг. Тэгээд хохирол барагдууллаа гээд алга болсон. Утас руу нь залгахаар утсаа авдаггүй. Би өөрөө тэмээгээ 2.000.000 төгрөгөөр үнэлэх гээд үнэлгээ хийлгэсэн чинь 1.300.000 төгрөг болсон. Миний хувьд тэмээгээ борлуулсан мөнгөн дүнгээр нь тооцон гүйцээж авмаар байна” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх яллагдагч Х.Д, Б.Э, Б.Н нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хийсэн дүгнэлтээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин үзлэг хийвэл тухайн хэрэг учрал гарсан газрын байдал нь одоогоор ямар байдалтай болсон, буюу үйл баримтыг олж тогтоон бэхжүүлэх боломжгүй эсэх талаар хууль зүйн дүгнэлтээ үндэслэлд заагаагүй байх тул боломжгүй болсон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн талаар дүгнэлт бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан гэрч Б.Н, Б.Э, Х.Д нарын мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний хүрээний асуудал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд”  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлан шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн  2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/179 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Х.Д, Б.Э, Б.Н нарт холбогдох 2028000640054 дугаартай эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Х.Д, Б.Э, Б.Н нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                    Т.БЯМБАЖАВ