Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Амар |
Хэргийн индекс | 188/2024/0922/Э |
Дугаар | 2024/ШЦТ/942 |
Огноо | 2024-08-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Т.Төмөртулга (томилолтоор),
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000446 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Т-ийн Б, Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түүхий эд худалдан авдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:
Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Э.Э-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй гээд хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоо нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, *** тоотод хохирогч Э.Э-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хооронд маргалдаж улмаар хохирогч Э.Э-ын нүүр хэсэгт 1-2 удаа цохиж биед “цохонд язарсан шарх, зүүн дээд зовхины дотор булан хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
- Хохирогч Э.Э-ын “...Би 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчимд төрсөн ах Г-ын ажил дээр нь очсон. Би ахынхаа ажил дээр нь байж байгаад найз Б-тэй тааралдаад хамтдаа 1 шил архи хувааж уучхаад 28-ны шөнө 03 цагийн орчимд Б бид хоёр манай гэрт хүмүүсээр хүргүүлж ирээд тал шилтэй архи уух гээд нэг нэг татсан. Би найз Б-тэй архи ууж байгаад чи том, би том гэж хэрэлдэж байгаад би Б-ийн нүүрэн хэсэгт нь гараараа 1 удаа цохитол манай найз Б миний дух хэсэг рүү 1-2 удаа цохиод би газарт унасан юм. Миний баруун, зүүн нүд хөхөрсөн. Хамар, хамрын нуруу хэсэгт гэмтэл учирсан. Уг гэмтлүүдийг манай найз Б намайг цохиж учруулсан юм. Намайг Б-тэй маргалдаж байх үед манай эхнэр Б.М-ээс өөр хүн байгаагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт хийлгэх шаардлагагүй. Тийм зүйл надад хэрэггүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал),
- Гэрч Б.М-ийн “…Миний бие Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, *** тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Автотээврийн үндэсний төвд харуул хийдэг юм. Тэгтэл 2024 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр гэх үү дээ, 03 цагийн үед манай нөхөр гаднаас нэг эмэгтэй, хоёр эрэгтэйн хамт ирсэн ба тухайн үед бүгд л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр дундаас Б гэх залууг л зүс мэдэх хүн байсан. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй нь манай нөхрийг хүргэж өгөөд явсан. Харин Б манай нөхөр Э-ын хамт манай гэрт орж ирсэн. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба манай гэрт байсан 1 литрийн талаар байсан архийг тэр хоёр уух болсон юм. Тэгээд архиа ууж байхдаа маргалдаад л байх шиг санагдсан. Өөрсдийгөө би ч том, би ч том, чи ч овгор, би ч овгор гэх мэтийн зүйл ярьсаар л байсан. Тэгсэн чинь ч гэнэт нөгөө Б гээд байдаг байсан залуу нь манай нөхрийн нүүр рүү нь 2-3 удаа цохисон ба ууж байсан архины шилээ барихаар нь болиулахад нөгөө гартаа барьсан архиа Б нь аваад манай гэрээс гараад явсан. Миний бие Б-ыг харвал танина. Итгэлтэй байна. Харин нэрийг нь сайн мэдэхгүй, Б ч байж магадгүй гэж бодож байна. Э, Б хоёр яагаад маргалдаж муудалцсаныг мэдэхгүй. Гаднаас орж ирэхдээ л архи уусан байсан. Тэгээд манайд 1 литрийн архи ууж байгаад л гэнэт маргалдаж эхэлсэн. Хаягдал төмрийн ченжийнхээ талаар л яриад би ч том, чи ч том гэх зэрэг ярьж байснаа л гэнэт гүйгээд гарсан. Тухайн үед Б нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Хамрын гадна тал урагдсан болно. Тэгээд ГССҮТ-д очиж оёдол тавьсан болно. Манай нөхөр Э илүү согтуу байсан. Ямар нэгэн байдлаар Б-ын биед халдаж чадаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3200 дугаартай дүгнэлтээр: “…Дүгнэлт: 1.Э.Э-ын цохонд язарсан шарх, зүүн дээд зовхины дотор булан хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна…” гэх (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
- Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “…Би 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр цахилгаан станцын ойролцоо найз Г-ын хашаанд нь найз Э.Э бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байх үед би найз Э.Э-ыг 2 танилаараа хүргэж өгөөд гэрийнх нь гадаа иртэл Э.Э бид гурвыг ороод гар гэсэн. Миний 2 танил шөнө болсон байна гээд намайг буулгаад яваад өгсөн. Би найз Э.Э-ын гэрт нь ороод бууз жигнүүлээд гаргаж өгсөн архинаас нь уугаад байж байтал манай найз Э.Э надад агсраад миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд явах гэж байгаад буцаж ирээд найз Э.Э-ыг баруун гараараа мөр хэсэг рүү нь 1 удаа цохиод гэрээс нь гараад гэр лүүгээ явсан. Бид хоёр найз нөхдийн холбоотой. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн асуудалтай зүйл байхгүй. Манай найз Э.Э нь архи уугаад их согтчихсон. Эхнэртээ чи хортой архи өглөө гээд янз бүрийн юм яриад байхаар нь би Э.Э-ыг чимээгүй бай, дуугай бай гэж хэлтэл надад уурлаад намайг цохиод авсан. Түүнээс болж бид хоёр маргалдах болсон юм. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Учир нь миний биед гэмтэл шарх учраагүй… ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3200 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Э-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан маргалдаж улмаар хохирогч Э.Эын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Т.Б-ийн хохирогч Э.Э-ын нүүр хэсэгт 1-2 удаа цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан “цохонд язарсан шарх, зүүн дээд зовхины дотор булан хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Т.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Т.Б-ийн холбогдсон, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүрээнд хэргийн эцэслэн шийдвэрлэсэн болно.
Харин шүүгдэгч Т.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаар гомдол гаргах эрх нь нээлттэйг болохыг дурдах нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Хавтаст хэрэгт хохирогч Э.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн зүгээс иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 175,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч Т.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчтай санал нэг байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 47-50 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (хавтаст хэргийн 55-57 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 58-59 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд, тохиолдлын шинжтэй нөхцөлд байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ял 500,000 оногдуулж шийдвэрлэлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Т-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР