Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/951

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208036791061 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Э-ын Т, Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1369 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24/148 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч Э.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо *** тоотоос хохирогч Г.Б-ийн эзэмшлийн Рэдми 11 про маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),

- Хохирогч Г.Б-ийн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 21 дүгээр хорооллын бааранд архи уух гэж байгаад Т гэх таньдаг дүүгээ дуудаад хамт архи уучхаад үүрийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод байх манай гэрт очоод унтсан ба өглөө 06 цагийн үед Т “ахаа би явлаа” гэхээр нь “за тэг тэг” гэж хэлсэн ба би 10 цагийн үед босоод утсаараа хүн рүү залгах гээд гар утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд өөр хүний утсаар Т руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд Т-г миний гар утсыг хулгайлсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Рэдми 11 про макс маркийн гар утас байсан ба би уг гар утсыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Цэцэг төвийн хажуу талын I Electronics худалдааны төвөөс 1,399,000 төгрөгөөр лизингээр авч байсан. Т тухайн үед манайхаас гарахдаа юу барьж гарсныг анзаараагүй. Би тэр үед унтаад нойрмог байсан учраас гар утсаа шалгаагүй. Би гар утсаа олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/062 дугаартай хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

- Шүүгдэгч Э.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Би он сар өдрийг нь санахгүй байна. Хамт хоригдож байсан Б-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бааранд уулзаад архи ууж байгаад Б ахтай хамт гэр лүү нь явсан ба очоод юм ярьж сууж байгаад Б ах унтлаа гээд орон дээрээ хэвтсэн. ...Үүрээр босч шээх гээд гэрээс нь гарах үед Б ахын гар утас нь ширээн дээр байхаар нь аваад гарчихсан юм. Тэгээд 100 айлын тэнд байрлах ломбарданд 400,000 төгрөгөөр тавиад мөнгөөр нь шоудаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Шүүгдэгч Э.Т-ийн үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 

Шүүгдэгч Э.Т-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо *** тоотоос хохирогч Г.Б-ийн эзэмшлийн Рэдми 11 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Э.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, хохирогч Г.Б “гар утсаа олж авмаар байна” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Т-аас 1,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд олгож шийдвэрлэсэн.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгч Э.Т хохирол төлбөр төлсөн талаарх баримтыг гаргаж өгөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд завсарлуулсан хугацаанд хохирогч Г.Б-д хохирол төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн.

Иймд шүүгдэгч Э.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулах саналтай...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэл (хавтаст хэргийн 43 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал)  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдтэй бөгөөд шүүгдэгч Э.Т урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж хорих ял, хорих ял оногдуулахгүй тэнсэж байсан хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүхээс үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт Э-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Т-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР