| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0938/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/955 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/955
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408015520896 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт М-ын Б, Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Г ББСБ-д зээлийн эдийн засагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, урьд:
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.О-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** тоот гэртээ эхнэр Б.О-г зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
- хохирогч Б.О-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Б шөнө гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн орж ирсэн. Тэгээд унтаад өглөө 12 цагийн үед Б-ын ажлын газраас нь утасдаад ажилдаа ирэхгүй бол ажлаас нь хална гээд байхаар нь би Б-ыг сэрээгээд ажилдаа яв гэхэд уурлаад унтаад байсан. Би унтаж байх хооронд нь утсанд нь ажлаас дуудлага ирээд би тэрийг нь үзэнгээ утсыг нь оролдсон. Түүнээс албаар оролдсон асуудал байхгүй. Бид хоёр зээлийн асуудалтай болохоор орлого зарлага харсан. Тэгээд ажилдаа явах гээд надаас утсаа нэхээд байхаар нь би утсан дээрх банкны орлого зарлага, найзтайгаа бичсэн чат зэргийн зургийг нь аваад ээж рүү явуулна гээд гар утсыг нь булаацалдсан. Тэгээд утас өгсөнгүй, ажилд явуулсангүй гээд миний хацар руу 2 удаа алгадсан. Тэгээд мангасдаад хойш нь түлхээд намайг газар хэвтэж бай, би гармаар байна гээд дээрээс дараад бид хоёр ноцолдсон. Тэр үед хадам аав байсан болохоор бид хоёрыг салгасан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. ...Өмнө миний уур хүрээд гомдсон байсан болохоор мэдүүлэгтээ жоохон хэтрүүлээд ярьсан юм. Намайг тухайн үед мангасдаад би хана руу мөргөсөн. Миний хацар руу 2 удаа гараараа алгадсан. Түүнээс өөрөөр цохиж зодоогүй. Бид хоёрыг ноцолдож байх үед гар, дух хөхөрсөн байх. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй. Тухайн гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Би шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлэхгүй. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),
- гэрч Ё.М-ын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Б-ын гэрт нь очиж хоносон. Үүрээр Б орж ирсэн санагдаж байна. Би цагийг нь тодорхой мэдэхгүй байна. Өглөө намайг унтаж байхад 00 өрөөнд Б, О хоёр хоорондоо муудалцаад орилоод чарлаад байсан. Тэгээд би босоод 00 орсон чинь хоорондоо барьцалдаад зогсож байсан. Тэр үед би та нар юу болж байна гээд болиулсан. Тухайн үед О уйлсан байсан. Б О-г алгадсан юм болов уу гэж би харсан. Тэгээд Б гараад явсан. О ч хүүхдүүдээ аваад гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5776 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.О-ийн бие баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Явганаас унах болон тухайн гэмтлийг өөртөө учруулах боломжгүй. 7.8. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Б.О-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч М.Б-ын хохирогч Б.О-г цохисон, хоорондоо харилцан ноцолдсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч М.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч М.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дэх тал), авто тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР