| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0937/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/968 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Э.Ууганзаяа,
хохирогч Д.Э,
хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Ариунболд,
шүүгдэгч О.Г, Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308032480148 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Б овогт Б-ын Ж, Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 2, охины хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Б овогт О-ы Г, Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, З ХХК-нд угаач ажилтай, ам бүл 2, эхийн хамт, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн шүүгдэгч Б.Ж, О.Г нар нь бүлэглэн хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтгүй гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ж, О.Г болон Б.Д нар нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 30 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй хүнсний дэлгүүр рүү орсон.
Шүүгдэгч Б.Ж нь тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч Д.Э, Д.Т нартай гар утсаар чанга ярилаа гэх шалтгаанаар маргаан үүсгэсэн. Улмаар шүүгдэгч Б.Ж нь хохирогч Д.Т-ыг цохиж зодсон ба тухайн маргааныг шүүгдэгч О.Г, Б.Д нар нь салгахад хохирогч Д.Э нь шүүгдэгч Б.Ж-ийг цохиж тэдгээрийн хооронд дахин маргаан зодоон үүссэн.
Дээрх маргааны зодооны улмаас шүүгдэгч Б.Ж хохирогч Д.Э-ийг зодож түүний эрүүл мэндэд “баруун алганы 5 дугаар шивнүүрийн зөрүүгүй хугарал, цээжинд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Ж нь хохирогч Д.Т-ын нүүрэн тус газар цохиж зодсон, шүүгдэгч О.Г нь маргаан зодооны салгахдаа мөн хохирогч Д.Т-ын нүүр тус газар мөргөсний улмаас хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд “хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дэх тал),
- Хохирогч Д.Т-ын “...Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны орой 19-20 цагийн үед ээж Г, дүү Э нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо ***-д байрлах О гэх дэлгүүрээс юм худалдаж авч байсан. Тухайн дэлгүүрт 3 үл таних согтуу хүмүүс манай дүү Э-ийг утсаар ярьж байхад нь “ямар чанга ярьдаг пизда вэ” гээд хараатал хамт явж байсан залуу нь уучлаарай манай найз согтуу байгаа юм гээд найзыгаа холдуулсан. Бид нар юмаа авч дуусаад дэлгүүрээс гарах гэж байтал өндөр туранхай 25-35 насны эрэгтэй миний гутал дээр гишгээд намайг мөрлөчихөөр нь би тухайн хүнийг холдооч гэж хэлээд цээж рүү нь түлхсэн. Тэгтэл тэр хүн миний зүүн талын хацар луу гараараа нэг удаа алгадчихсан. Би тухайн хүнийг зөрүүлээд нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед тэр хүнтэй хамт явж байсан өндөр махлаг 30-40 орчим насны хүн салгах гэтэл намайг анх алгадсан хүн миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Манай дүү хүрч ирээд салгах гэтэл намайг цохисон хүн Э-ийн нүүр хэсэг рүү цохичих шиг болсон. Би салгах гээд очтол өндөр махлаг эрэгтэй миний зүүн талын нүд, хамар луу гараараа цохиод өвдгөөрөө миний гэдэс рүү 2-3 удаа өвдөглөсөн. Дэлгүүрийн хүн салгаад цагдаа дуудтал тухайн 3 хүн дэлгүүрээс гараад явчихсан. Миний зүүн нүд хавдсан, хамар баруун тийш мурийсан, энэ гэмтлийг намайг зодсон өндөр махлаг, цагаан царайтай 30-40 орчим насны эрэгтэй болон өндөр туранхай 25-35 орчим насны 2 хүн учруулсан. Намайг зодсон хүмүүсийг танихгүй. Тэр хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),
- Хохирогч Д.Э-ийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед ээж Г, ах Т-ын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О гэх нэртэй дэлгүүр орсон. Тэгээд юм худалдаж аваад гарах гэхэд үл таних улаан малгайтай ах намайг хараагаад, янз янзаар хэлээд байсан. Хажуугаас нь тухайн хүний найз болох нэг ах “манай найз согтуу байгаа юмаа, ойлгоорой” гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс гарах гэж байхад улаан малгайтай үл таних ах манай ах Ттай муудалцаж зодолдсон. Би салгах гэж очоод улаан малгайтай ахыг татсан чинь над руу дайрч бид хоёр зодолдсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн мөрөнд улаан малгайтай ах эхэлж цохисон. Миний толгой руу цохих гэж байх үед нь баруун гараараа хамгаалсан чинь баруун гарын чигчий хурууны савхан яс хугарсан байсан. Мөн улаан малгайтай ах миний цамцыг самардаж тайлаад фудволкийг маань урсан ба тэр үед миний цээж хэсэгт маажсан байсан. Миний нүүр хэсэгт 4 удаа зүүн гараараа цохисон ба би буцаагаад 3 удаа цохисон. Улаан малгайтай ахтай хамт явж байсан хар цамцтай ах болон манай ээж улаан малгайтай ах бид хоёрыг салгах гэж дундуур орсон. Миний гэмтлийг улаан малгайтай хүн учруулсан бөгөөд би өөр хүнтэй зодолдоогүй. Тэд нар гурвуулаа явж байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэг нь саарал малгайтай цамцтай 25-30 орчим насны махлаг биетэй, бор царайтай, 170-175см орчим өндөртэй. Нэг нь улаан малгайтай, хар лакан куртиктэй, туранхай, шар царайтай, 170-175см өндөртэй, 25-30 орчим настай хүн байсан. Нөгөөдөх нь бор царайтай махлаг 165-170см орчим өндөртэй, 25-30 настай, хар цамцтай, цэнхэр өмдтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Гэрч Б.Д-н “...Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ж, Г гэх 2 найзтайгаа хамт О гэх нэртэй хүнсний дэлгүүр орсон. Тэр дэлгүүрт юм авч байхдаа цагаан цамцтай, нөгөөдөх нь хар цамцтай 2 залуутай муудалцаж манай найз Ж-тэй, хар цамцтай залуутай маргалдаж байгаад цохилцсон. Би Ж гэх найзыгаа аваад дэлгүүрээс гараад явсан. Дэлгүүрийн кассан дээр юм бичүүлээд зогсож байхад манай найз хар цамцтай залуу руу муухай хараад байна уу гэж үг хаяад тухайн залуу манай найз руу цэргээс дөнгөж халагдаад ирчихсэн байхад гай болов энэ тэр гэж үг хаялцсанаас болж маргалдаж зодолдсон. Тухайн үед манай найз Ж болон би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Манай найз Ж улаан цамцтай, би хар цамц өмссөн байсан. Би тухайн 2 залуутай зодолдсон зүйл байхгүй. Манай найз Ж тэр хоёр залуутай маргалдаж зодолдсон. Би тэр хэдийг салгаж болиулаад найзыгаа аваад дэлгүүрээс гарч явсан. Тэр хэдийг яг хэдэн удаа цохилцсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо цохилцож зодолдоод байхаар нь би салгаад аваад явсан. Манай найзад бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Тэр хоёр залуугийн цагаан цамцтай залуугийн хамраас нь цус гарсан байсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байгааг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
- гэрч Б.Б-ын “...Тухайн үед 19 цагийн үед намайг дэлгүүр дээрээ худалдагчаар ажиллаж байхад миний зүс таних 18-19 настай хоёр хүүхэд, ээжтэйгээ орж ирсэн. Тэд нарын араас зүс таних 3 залуу орж ирсэн. Намайг ажлаа хийгээд зогсож байхад зүс таних 3 залуугийн туранхай, улаан малгайтай залуу нөгөө хоёр хүүхэдтэй муудалцаад зодолдож эхэлсэн. Ямар шалтгааны улмаас муудалцаж зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд бужигналдаж зодолдож байгаад 3 залуу гараад явсан. Нөгөө 2 хүүхэд цагдаа дуудаад үлдсэн. Зодоон хийсэн залуучуудыг өмнө харж байсан. Тэгэхдээ нэрийг нь мэдэхгүй зүс танина. Сүүлд орж ирсэн 3 залуугийн улаан малгайтай, туранхай залуугаас архи үнэртэж байсан. Нөгөө хоёр залууг нь архи хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Зодуулсан хоёр хүүхэд эрүүл байсан. Манай дэлгүүрт эвдэрсэн эд зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13317 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Д.Т-ын биед хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алим, зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12305 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.2. Д.Э-ийн биед баруун алганы 5-р шивнүүрийн зөрөөгүй хугарал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.8. Баруун алганы 5-р шивнүүрийн зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.7. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 40-47 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Б.Э-ийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Б.Ж-ийн хохирогч Д.Э-ийг зодсон үйлдэл хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд учирсан “баруун алганы 5 дугаар шивнүүрийн зөрүүгүй хугарал, цээжинд зулгаралт” гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 13317 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Т-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн.
Гэвч хавтаст хэрэгт хохирогч Д.Т мэдүүлэгтээ “...миний зүүн нүд хавдсан, хамар баруун тийш мурийсан, энэ гэмтлийг намайг зодсон өндөр махлаг, цагаан царайтай 30-40 орчим насны эрэгтэй болон өндөр туранхай 25-35 насны 2 хүн учруулсан...” гэж мэдүүлсэн.
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 48 минут 04 секундэд Б.Ж нь Д.Тыг баруун гараараа цохиж буй дүрс харагдаж байна. ...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 48 минут 25 секундэд ...Д.Т-ыг О.Г нүүр хэсэгт мөргөж буй дүрс харагдаж байна. ...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 49 минут 12 секундэд Б.Ж нь Д.Т-ыг баруун хөлөөрөө өшиглөж байгаа дүрс харагдаж байна. ... 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 49 минут 14 секундэд Б.Ж нь Д.Т-ыг цохиж байгаа дүрс харагдаж байна....” гэж гэрэл зургийн үзүүлэлтийн хамт бичигдсэн.
Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэх ба гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд тодорхой заасан.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Б.Ж архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байдалтай олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явж чадалгүй, хохирогч Д.Э, Д.Т нартай гар утсаар чанга ярилаа гэх шалтгаанаар маргаан зодооныг эхлүүлж, хохирогч нарын бие эрх чөлөөнд халдсан. Шүүгдэгч О.Г-ын хэдийгээр маргаан зодооныг салгаж байсан боловч маргааныг ийнхүү салгахдаа хохирогч Д.Т-ын нүүр тус газар мөргөж байгаа нь хяналтын камерын бичлэгт тодорхой бичигдсэн байх тул шүүгдэгч Б.Ж, О.Г нарыг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Ж, О.Г нарын хэн аль нь хохирогч Д.Т-ын эрх чөлөөнд халдаж, мөргөх, цохих, өшиглөх зэргээр зодож цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдлийг нэгтгэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Б.Ж, О.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Э-өөс “...эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй, баримтаар нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн.
Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилнэ. Мөн цаашид гаргах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх хүсэлттэй байна гэсэн.
Хохирогч Д.Т-аас гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн зардлын баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзвэл, хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтаас 3,221,464 төгрөг, шүүхэд шинээр гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтаас 4,610,000 төгрөгийн баримт, нийт 7,831,464 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ж, О.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нараас хохирогч Д.Т-д учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Г нь хохирогч Д.Т-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,352,300 төгрөгийг төлж барагдуулсан талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн алин нь хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч О.Г-ын төлбөрөөс 3,352,300 төгрөгийг хасч тооцов.
Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ийн эмчилгээний зардалд 160,000 төгрөг, хохирогч Д.Т-ын эмчилгээний зардалд 120,000 төгрөгийн зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна.
Иймд шүүгдэгч Б.Ж-өөс /160,000+60,000/=220,000 төгрөг, шүүгдэгч О.Г-аас 60,000 төгрөг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын зүгээс шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч О.Г нь хохирогч Д.Т-д 563,500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 60,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Д.Э, Д.Т нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах,
Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт дискийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна...” гэв.
Хохирогч Д.Т-ын өмгөөлөгч: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. О.Г-ын хувьд хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Б.Ж-ийн хувьд хохирол төлбөрөө төлөх боломжийг олгох нь зүйтэй гэж бодож байна...” гэв.
Шүүгдэгч О.Г: “...буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Т-аас уучлалт гуйж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Ж: “...өөрийнхөө буруутай үйлдлээс болж 2 хүүхэд болон найзыгаа хохироосонд маш их гэмшиж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хавтаст хэрэгт шүүгдэгч О.Г-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтууд,
шүүгдэгч Б.Ж-ийн хувийн байдалтай холбоотой (хавтаст хэргийн 49 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг нотлох баримтууд тус тус авагдсан болно.
Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ...удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч Б.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр маргаан зодооныг эхлүүлсэн, шүүгдэгч О.Г-ыг маргаан зодооныг салгах үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал /урьд хэн алин нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан/, шүүгдэгч Б.Ж, О.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж, О.Г нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч О.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б овогт Б-ын Ж, Б овогт О-ы Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 700 (долоон зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
- Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ж-д мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-өөс нийт 4,135,732 (дөрвөн сая нэг зуун гучин тав долоон зуун гучин хоёр) төгрөг гаргуулж, хохирогч Б.Т-д 3,915,732 (гурван сая есөн зуун арван таван мянга долоон зуун гучин хоёр) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 220,000 (хоёр зуун хорин мянга) төгрөг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж, О.Г нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч О.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Д.Э, Д.Т нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ж, О.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР