| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0109/Э/ |
| Дугаар | 0142 |
| Огноо | 2017-05-16 |
| Зүйл хэсэг | 230.2., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 0142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч М.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд
Иргэдийн төлөөлөгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тогтоол баталж ирүүлсэн М- овогт М-ын Э-ид холбогдох 201714000127 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Архангай аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл бүртгэлээр 1 боловч одоогоор дүү М.Э- болон нөхөр, 2 хүүхдийнх хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М- овогт М-ын Э- РД:***************
Шүүгдэгч М.Э- нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.А-ыг “БОЭТөвийн Сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа М.Э- гэгч нь танхайраад байна” гэх дуудлагын дагуу очиж, албан үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж Д.А-ы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2006 оноос Архангайд байхдаа энэ өвчнөөр өвдөж эхэлсэн. Өвчин нь хөдөлсөн үедээ уур уцаартай, ойр хавьд байгаа хүн амьтныг цохиод авдаг. Энэ өвчин нь хүндрээд 2008 онд эмчлүүлж байсан. Сүүлийн үед өвчин нь хөдлөөд БОЭТ-д үзүүлж хэвтүүлсэн. Эмчлүүлж байх үедээ 14 хоног тариа хийлгээд арай гайгүй байдаг. Э- бид нартай цуг амьдардаггүй. Манай талийгаач эгчийн амьдарч байсан 00-ын өрөөнд амьдардаг байсан. Урьд нь Э-ийн асран хамгаалагч албан ёсоор тогтоогдож байгаагүй. Цагдаа албан ажил хийгээд явж байгаа, өвчтэй хүн дээр дуудлагаар очиж байж өөрийгөө хамгаалах ёстой байсан гэж бодож байна. Иймд хохирлын мөнгийг төлөх боломжгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би жижүүрийн шуурхай албанд эргүүлийн жолоочоор дэд ахлагч Э-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл өдрийн 11 цагийн үөд жижүүрийн шуурхай албанаас “БОЭТөвийн сэтгэцийн тасагт 1 өвчтөн эмч нараа цохиод, эм тариагаа хийлгэхгүй байна” гэсэн дуудлагыг дэд ахлагч Э- бид хоёрт өгсөн. Бид 2 дуудлага хүлээн аваад шууд сэтгэцийн тасагт очиход эмнэлгийн 1 давхарын цонхны хажууд хар өнгийн курткатай 25-30 орчим насны эрэгтэй хүн буруу хараад зогсож байсан. Түүний хажууд нэг сувилагч зогсож байсан. Эмч, сувилагч нар нь бүгд үүдэндээ гараад ирчихсэн байсан. Э- бид 2 явж ороод дуудлагын дагуу ирлээ, юу болсон бэ гэж асуутал наад цонхны хажууд зогсож байгаа хүн чинь эм, тариагаа хийлгэхгүй байна, бид нар луу дайраад цохих гээд байна гэж хэлсэн. Тэгээд би цонхны хажууд зогсож байгаа хүн рүү ойртоод болсон явдлыг тодруулах гэтэл буруу хараад зогсож байсан хүн гэнэт эргэж хараад миний зүүн шанаа тус газар 1 удаа маш хүчтэй цохисон. Би уг хүнийг цохьчихно чинээ бодоогүй, ойртож очтол гэнэт эргэж хараад цохисон. Энэ үед Э- миний баруун гар талд явж байсан юм. Тэгээд бид 2 уг залууг барьж байгаад 2 гарыг нь ард талд нь гавлаад палатанд оруулаад 2 гар, 2 хөлийг нь ортой нь давхар хүлж байгаад эмч, сувилагч нараар нь тариаг нь хийлгүүлсэн. Миний толгой маш хүчтэй өвдөж, зүүн шанаа хавдсан. Эмч, сувилагч нар ч зүүн шанаа чинь аймаар болчихлоо, наад хүнийг нь цохино шүү гэж хэлэхийн хооронд цохичихлоо гэж хэлсэн. Ингээд болсон явдлын талаар би тасгийн дарга, ерөнхий жижүүр нарт мэдэгдэж, толгой маш хүчтэй өвдөж байсан тул тэр өдөр цаашид үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 сарын 14-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн шуурхай албанаас Дэнж багт байрлах Сэтгэцийн эмнэлэгт Э- гэх өвчтөн эмчилгээ хийлгэхгүй, эмч сувилагч нарыг зодох гээд танхайраад байна гэсэн дуудлагын дагуу ахлах, ахлагч А-ы хамт Сэтгэцийн эмнэлэгт очсон. Ахлах ахлагч А- Э- гэх өвчтөн рүү ойртоод болсон явдлыг тодруулах гэтэл Э- буруу хараад зогсож байгаад эргэж хараад шууд А-ы толгой руу гараараа цохиод, А- ахлах ахлагч газар унасан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,
-Гэрч Л.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг сэтгэцийн өвчинтэй Э- гэх иргэн эмчилгээгээ хийлгэхгүй уурлаад, эмч сувилагч нарыг цохичих гээд гөжөөд байхаар нь цагдаа дуудсан юм. Ингээд 2 цагдаа манай эмнэлэг дээр ирээд би уг 2 цагдаад хаалга тайлж өгөөд, буцаад цоожлох хооронд нэг цагдаа нь Э-д цохиулаад газар уначихсан байсан. Би болгоомжтой байгаарай, наад хүн чинь цохидог шүү гэж хэлсэн боловч хаалга түгжингээ хэлсэн болохоор тэр цагдаа нар сонсоогүй юм шиг байсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,
-Гэрч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хамгийн анх 2006 онд ээж маань нас бараад Э- маш их уур уцаартай болж, уурлахаараа хүн амьтан цохиж сэтгэц нь өөрчлөгдсөн нь мэдэгдэж эхэлсэн. Ингээд аажим, аажмаар сэтгэцийн байдал нь өөрчлөгдөж, Шар хаданд доод тал нь 4 сар гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлж байж арай дээрддэг болсон. Сэтгэцийн онош нь “шизофрения” гэдэг бөгөөд 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай болж сэтгэц мэдрэлийн өвчний улмаас группэд орсон. Үүнээс хойш 2015 он хүртэл өвдөж, 3 удаа ч Шар хаданд хэвтсэн. Өвдсөн үедээ шинж тэмдэг нь их ууртай болж, хүн цохиж, ганцаараа тэнэж, хоол унд идэхгүй, унтахгүй, юу хийж байгаагаа мэдэхгүй байдалд ордог. Э-ийг цагдаа цохисон асуудлыг Цагдаагийн байгууллагаас над руу ярих үед л дэлгэрэнгүй мэдсэн. Үүнээс өмнө сэтгэцийн тасгаас нэг эмч надтай яриад “ нэг цагдаа нам цохисон гэсэн утгатай зүйл хэлсэн. Угаасаа Э- өвчин нь хөдөлсөн үед их уур, уцаартай болж маш аюултай болдог, бид нар байнгийн айдастай түгшүүртэй байдаг. Гэр бүлд ч энэ асуудлаас болж байнгийн хэрүүл маргаан болдог. Манай аймгийн сэтгэцийн тасагт 14-хон хоног хэвтээд ямар ч өөрчлөлтгүй, өвчинтэй чигээрээ буцаад л гардаг. Харин Шар
хадад хэдэн сар хэвтээд гарахдаа 1,2 жил овоо гайгүй байдаг гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 192 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.А-ы биед тархи доргилт, хуйханд болон нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.
2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
5. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдэд цус хуралт нь тархи доргилттой шалтгаант холбоо бүхий гэмтэл болно.
6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 19 ху/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаанд:
1. М.Э- нь дэмийрэх хэлбэрийн ухаан задрах эмгэг, догширлын байдал гэсэн сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хийх үедээ өөрийнхөө хийж буй үйлдэлийн үнэн зөвийг ойлгож, мэдэх чадваргүй байсан
2. М.Э- нь сэтгэцийн өвчний улмаас өөрийнхөө үйлдэлийг мэдэхгүй, удирдаж чадахгүй байсан
3. М.Э- одоо F20.0 сэтгэцийн өвчинтэй
4. Хэрэг хариуцах чадваргүй
5. М.Э- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй.
6. М.Э-ид албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт /хх 23 ху/,
-Хохирогч Д.А-ы өвчний түүх /хх 69-73 ху/
-Хохирлын баримт /хх 74-83 ху/
-Шүүгдэгч М.Э-ийн өвчний түүх /хх 47-53 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/
-М.Э-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 30-31 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Э- нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.А-ыг “БОЭТөвийн Сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа М.Э- гэгч нь танхайраад байна” гэх дуудлагын дагуу очиж, албан үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж Д.А-ы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ын өгсөн “...2006 оноос Архангайд байхдаа энэ өвчнөөр өвдөж эхэлсэн. Өвчин нь хөдөлсөн үедээ уур уцаартай, ойр хавьд байгаа аүн амьтныг цохиод авдаг. Энэ өвчин нь хүндрээд 2008 онд эмчлүүлж байсан. Сүүлийн үед өвчин нь хөдлөөд БОЭТ-д үзүүлж хэвтүүлсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.А-ы “...Тэгээд би цонхны хажууд зогсож байгаа хүнрүү ойртоод болсон явдлыг тодруулах гэтэл буруу хараад зогсож байсан хүн гэнэт эргэж хараад миний зүүн шанаа тус газар 1 удаа маш хүчтэй цохисон. Би уг хүнийг цохичихно чинээ бодоогүй, ойртож очтол гэнэт эргэж хараад цохичихсон” гэсэн /хх 12 ху/, гэрч Б.Э-ын “...Ахлах ахлагч А- Э- гэх өвчтөнрүү ойртоод болсон явдлыг тодруулах гэтэл Э- буруу хараад зогсож байгаад эргэж хараад шууд А-ы толгойруу гараараа цохиод, А- ахлах ахлагч газар унасан гэсэн мэдүүлэг” гэсэн /хх 13 ху/, гэрч Л.Цагаанхүүгийн “...ингээд 2 цагдаа манай эмнэлэг дээр ирээд би уг 2 цагдаад хаалга тайлж өгөөд, буцаад цоожлох хооронд нэг цагдаа нь Э-д цохиулаад газар уначихсан байсан. Би “болгоомжтой байгаарай, наад хүн чинь цохидог шүү” гэж хэлсэн боловч хаалга түгжингээ хэлсэн болохоор тэр цагдаа нар сонсоогүй юм шиг байсан” /хх 14-15 ху/ гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, хуйханд болон нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 192 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э- нь дээрх гэмт хэргийг үйлдэхээс өмнө болон гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан, үйлдсэн хэргээ хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт болон, гэрч М.Э-, М.А- нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан түүнд авах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгахаар тогтоох нь зүйтэй.
Хохирогч Д.А- нь гэм хорын хохиролд Медипас эмнэлэгт КТГ 150.000 төгрөг, MRI 264.000 төгрөг, Орхон аймгийн БОЭТ-д ор хоногийн төлбөр 32.052 төгрөг, эм тарианы зардал 27.500, 33.000, 16.000, 38100, 18.200, 27.500, 33.000 төгрөг, нийт 639.352 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг ирүүлсэн байх тул дээрхи баримтуудыг үндэслэн хохирлыг нэхэмжилсэн хэмжээгээр шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 378 дугаар зүйлийн 378.1, 383, 384 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М- овогт М-ын Э-ийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 385 дугаар зүйлийн 385.1.д зааснаар шүүгдэгч М.Э-ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1., 66 дугаар зүйлийн 66.3.д зааснаар шүүгдэгч М.Э-ийг сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт байлгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-аас 639.352 /зургаан зуун гучин есөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 46-02 тоотод оршин Д.А-д /хх************/ олгосугай.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-ийг цагдан хорьж, түүнийг сэтгэцийн эмгэг судлалын тусгай эмнэлэгт нэн даруй хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Шүүхийн аюулгүй байдлыг хангах тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Ц.АЛТАНГАДАС