| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0934/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/973 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч С.Алтай,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310027112118 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г-ын М, Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Э-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн хохирогч Н.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг, шүүгдэгч Г.М хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтгүй гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Г.М нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, мөн дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Д” ресторанд хохирогч Б.Э-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бэлнээр 450,000 төгрөг, дансаар 1,380,000 төгрөг, 3,715,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ай поне 14 промакс маркийн гар утас зэргийг шилжүүлэн авч нийт 5,545,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
2023 оны 09 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, *** тоотод хохирогч Б.С-г цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун доод зовхи, баруун хацар, хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дээд уруул, хүзүү, баруун, зүүн эгэм, баруун гуя, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
А: Залилах гэмт хэрэгтэй холбоотой:
- Хохирогч Б.Э-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 10 дахь тал),
- Хохирогч Б.Э-ын “...2023 оны 06 дугаар сарын 23-ны 12 цагийн үед танихгүй дугаараас танил найз болох М нь залгаад хаана байгааг минь асуугаад би ажлын байран дээрээ байна гэхэд би ингээд очлоо гэж утсаар ярьсан. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах манай ажлын байр болох Д ресторанд ирээд надтай уулзаад миний утсаар Б гээд ахтайгаа ярина гээд надаас утсыг минь авсан. Удалгүй би ажлаа хийгээд байж байхад утсыг нь аваад явчихсан байсан. Би явсныг нь мэдээд араас өөрийнхөө утас руу олон удаа залгасан ч утсаа авахгүй байсан. 18 цагийн үед утсыг минь авахаар нь би утсаа нэхэхэд жаахан байж байгаад очлоо гэж надад хэлсэн. Тэгээд ирэлгүй, надтай холбогдоогүй таг алга болсон. Өмнө нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр надтай М нь холбогдож мөнгө хэрэгтэй байна, би машинаа засуулаад зарчих юм бол 2 хоногийн дараа чиний мөнгийг буцаагаад өгнө гэж надад хэлсэн. Тэгээд над руу Хаан банкны данс явуулаад би тэр данс руу 1,380,000 төгрөгийг явуулсан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М нь 450,000 төгрөгийг хамт уулзаж сууж байгаад надаас бэлэн мөнгөөр зээлж авсан. Тэр өдөр өөрийнхөө утсыг эвдэлсэн байгаа чиний утсаар хүнтэй яриад өмнө нь зээлсэн мөнгөө олж өгөх талаар надтай ярьж уулзсан. Миний утсыг надад хэлэхгүйгээр нууцаар хулгайлаад аваад явсан. Надад хэлэхгүй авч явсан утсаа эргүүлж олуулж авмаар байна. Зээлсэн мөнгө хохирлоо барагдуулмаар байна. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна...М-той найзуудаараа дамжуулан танилцаж байсан. М нь надтай уулзах хэрэг байна, би танай гэрийн гадаа ирчихсэн байна гэхээр нь гараад уулзсан чинь “би машинаа эвдчихсэн. Яаралтай засахгүй бол болохгүй байна. Надад 2,000,000 төгрөг зээлчих” гэхээр нь “ямар машин яаж эвдэрсэн юм бэ, би шууд яаж итгэх юм бэ” гэсэн чинь намайг дагуулж яваад машин байгаа гэх газар буюу миний санаж байгаагаар Баянбүрдэд байсан байх машин засварын гадаа очоод Тоёота камри загварын осолд орчихсон эвдэрхий тээврийн хэрэгсэл харуулсан. Би тухайн үед итгээд М-д мөнгө өгөхөөр тохирсон байсан ба М нь буцаагаад 14 хоногийн дараа өгнө гэж хэлээд одоог болтол өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19-20 дахь тал),
- гэрч Н.С-ийн “...Би М-г 2023 оны 03 дугаар сараас хойш таньж мэддэг болоод өөрийнхөө тээврийн хэрэгслийг бариулдаг байсан. Нэг ёсондоо манай хуурай дүү байгаа юм. М бусад хүмүүст С миний найз охин гэж ярьж хэлээд байдаг юм. Түүнээс бид 2 үерхсэн дотно харилцаанд орсон зүйл байхгүй. М нь миний эзэмшлийн Тоёота Камри загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөргөлдүүлж эвдэлсэн. Энэ асуудал нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр шалгагдаад хаагдсан. М нь машиныг минь янзалж өгнө гээд машин аваад явсан боловч янзалж өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
- Ай поне 14 промакс гар утасны үнэлгээг 3,715,000 төгрөгөөр тогтоосон Дамно ХХК-ийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн ХУ1-23-629 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-32 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар;
Б: Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгтэй холбоотой:
- “М намайг зодсон” гэх Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал),
- Хохирогч Н.С-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, *** тоотод оршин суудаг юм. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Г.М-той кино зураг авалтын талбайд анх танилцаж байсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа хувийн шугамаар уулзаж дотно харилцаанд орж байсан юм. Тэгээд М нь надтай харилцаж байхдаа миний нүцгэн шалдан зургийг нууцаар хийж авч цахим сүлжээгээр миний өөрийн эзэмшлийн гар утас зэргийг эвдэж гэмтээсэн учир би энэ асуудлыг 2023.07.19-ний өдөр эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл гарган шалгуулж М яллагдагчаар татагдсан юм. Тэгээд М нь асуудлаасаа болж намайг байнга утсаар болон гэрт ирж ална гэж дарамтлаад би сайн хүн болсон чи өргөдлөө авчих гээд өдөр шөнөгүй янз бүрийн дугаараас залгаад байхаар нь 2023 оны 09 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө ирээд уулз гэж хэлсэн. Тэгтэл удалгүй гэрийн хаалга тогшоод манайд дайрчих шахуу орж ирээд миний гар утсыг аваад надтай ярилц, би өөрчлөгдсөн. Өргөдлөө буцаагаад авчих гээд намайг гуйж гувшаад байхаар нь би чамтай дахиж уулзмааргүй байна гэсэн чинь миний үснээс үсдэж хоолойг гараараа боож ална шүү я.... минь гээд миний нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Тэгээд намайг гомдол саналгүй гэж хэл гээд миний хоолойг боож байгаад гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би М-той нэг гэрт хамтран амьдарч байгаагүй. Хааяа хааяа нэг гэрт ирдэг байсан. Бид хоёрт гэр бүлийн ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Манай гэрт М нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12271 дугаартай шинжээчийнд дүгнэлт “...Дүгнэлт 1. Н.С-ийн биед тархи доргилт, баруун доод зовхи, баруун хацар, хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дээд уруул, хүзүү, баруун, эгэм, баруун гуя, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 97-98 дахь тал) гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй баримтууд гэж үнэлсэн болно.
1.2. Хууль зүйн дүгнэлт
А.Залилах гэмт хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Э-тай найзаар дамжуулан танилцсан, урьдын харилцаатай хүмүүс байна.
Улмаар шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Э-ыг “автомашинаа засуулаад зарна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 450,000 төгрөгийг бэлнээр, 1,380,000 төгрөгийг дансаар, “хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч 3,715,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ай поне 14 промакс маркийн гар утас зэрэг нийт 5,545,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, хуульд заасан аргаар хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгссөн тооцогдоно.
Шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Э-ын эд хөрөнгийн шунахайн сэдэлтээр, түүнд буцааж өгөх зорилгогүйгээр шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус болох нь илэрхий, тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.М-ийн үйлдэл, хохирогч Б.Э-д учирсан 5,545,000 төгрөгийн хохирол нь өөр хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.М-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Б. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Г.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Н.С-г цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа гэх шалтгаанаар эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Г.М-ийн хохирогч Н.С-г зодож цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан “тархи доргилт, баруун доод зовхи, баруун хацар, хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дээд уруул, хүзүү, баруун, зүүн эгэм, баруун гуя, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт” гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэж зүйлчилсэн хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.М, хохирогч Н.С нар гэр бүлийн гишүүд биш, эхнэр, нөхрийн харилцаа байхгүй, хамтын амьдралгүй, тодорхой цаг хугацаанд бэлгийн харьцаатай байсан нь тогтоож байна.
Шүүгдэгч Г.М, хохирогч Н.С нар нь тодорхой хугацаанд эр, эмийн харьцаанд байсан нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэж хууль зүйн боломжгүй юм.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.С-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн болно.
Хохирогч Б.Э-д 4,000,000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүгдэгч Г.М-ийн ар гэрээс шүүхэд гаргаж өгсөн тул үлдэх хохирол болох 1,545,000 төгрөгийг шүүгдэгч Г.М-оос гаргуулж хохирогч Б.Э-д олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өмнөх эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэх, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-г хохирогч Н.С-тай уулзуулахгүй байх албадлагын арга хэмжээ авах саналыг мөн гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй учир нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй...” гэв.
Шүүгдэгч “...2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Миний бие хорих ангид хуваарилагдсанаас хойш ямар нэгэн байдлаар дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ өөртөө амласан байгаа. Би засарч хүмүүжиж байгаа. Миний гэм буруу дээрээ маргахгүй гэдгийг харгалзан үзнэ үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53, 144 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54, 140 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 141 дэх тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 57, 142 дахь тал), хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 58-63 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 139 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 143 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 145-147 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч Б.Э-ын хохирлыг дийлэнх хэсгийг төлж барагдуулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдал/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.
Шүүгдэгч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 933 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг эдэлж дууссан болох нь улсын яллагчаас шүүхэд шинээр гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа эдэлж дуусаагүй, уг шийтгэх тогтоол гарахаас өмнө нь үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 нэг хоногоор тооцож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаас эдлүүлээгүй үлдсэн 09 сар 14 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 09 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.М-ийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Шүүхээс шүүгдэгч Г.М-ийн биечлэн эдлэх ялыг хорих ялаар тогтоосон, хорих ялыг эдэлж дууссаны дараа албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн боломжгүй тул улсын яллагчаас шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогч Н.С-тай уулзахыг хориглох албадлагын арга хэмжээ авхуулах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Б овогт Г-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 нэг хоногоор тооцож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаас эдлүүлээгүй үлдсэн 09 сар 14 хоногийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 09 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-оос 1,545,000 (нэг сая таван зуун дөчин таван мянга) төгрөг гаргуулж хохирогч Б.Эд олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР