Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/622

 

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

 улсын яллагч З.Наранчимэг,    

 шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д овогт Г.О холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305043560854 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дугаар хороо, 4 дүгээр хороолол жалханц хутагт дамдинбазар гудамж 61 дүгээр байр 124 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт Г О /РД:ВИ**********/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 61 дүгээр байрны 124 тоотод буюу гэртээ байх үедээ хохирогч Д.Г.Ооос 109 ширхэг хурганы арьсаар хоёр ширхэг хурган дээл хийж өгнө гэж тохиролцоод, уг дээлийг хийснийхээ дараа бусдад зарж борлуулан хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Г.Оын өгсөн: "...Би Наран туул зах дээр хурганы арьс худалдаж авдаг., зардаг, боловсруулдаг бизнес хийдэг. Г.О, нөхөр Г.Одбаяр гэх хүнд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2 ширхэг хурган дээл хийлгэхээр 109 ширхэг илдсэн хурганы арьс өгөөд 3 хоногийн дараа ирж аваарай гэхээр нь итгээд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 124 тоот гэрт нь үлдээгээд явсан боловч тэрнээс хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэл дээл хийж өгөөгүй, хурганы арьсыг ч буцааж өгөөгүй залилсан тул Г.О, Г.Одхүү гэх хүмүүсээс миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж цагдаад хандаж байна. Одоо зах зээлийн үнэ нэг ширхэг хурганы арьс 40,000-45,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа байх. Надад ойролцоогоор хамгийн багаар бодоход нийт 4,360,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Г.Оын дахин өгсөн: Намайг арьсаа хүлээлгэж өгч байхад Г.Отай хамт Г.Одбаяр нь хамт байсан бөгөөд Г.Одбаярыг манай нөхөр гэж ярьж байсан. Г.О нь дээл эгнэж оёдог гээд ажлын хөлс нэг дээл 350.000 төгрөгөөр оёдог гэж байсан. Тэгээд би хурганы арьсаа Г.Од хүлээлгэж өгсөн. ...Би нэлээн хэдэн удаа очсон яг хэдэн удаа очсоноо санахгүй байна. Эхний удаа ажлын хөлсөө аваад болзсон өдрөө очиход нөхөр Г.Одбаяр нь би Г.Огаас салчихсан Отай уулз одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гээд гэртээ байж байсан, ... Би хийлгэсэн дээлээ авхуулахаар хамаатны нэг хүнийг явуулж байсан яваад очихоор нь О нь шал согтуу өөр хүнд өгөхгүй өөрөө ирж ав гэж хэлээд буцаасан байсан./ хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас

мөрдөн байцаалтад гэрч Д.А өгсөн: ...Би Г.О гэх эмэгтэйгээс аваад удсан болохоор яг хэзээ хэдэн төгрөгөөр авснаа сайн санахгүй байна. 2022 оны 08 дугаар сард нэгийг нь 750,000 төгрөгөөр нийт 1,500,000 худалдаж авсан санагдаж байна. Би баянгол дүүргийн 19 дүгээр хорооны прадоксын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг ба О гэдэг эмэгтэй миний ТҮЦ ажиллуулдаг Түцний урд байдаг 61 дүгээр байранд амьдардаг гэсэн нэг өдөр О орж ирээд энэ хоёр хурганы арьсан дээлийг хийлгэсэн хүн ирж авахгүй байгаа юм мөнгөний хэрэг гараад байна худалдаж авах уу гэхээр нь би худалдаж авч байсан. Би түүнийг сайн танихгүй. Манай ТҮЦ Огийн гэртэй нь ойрхон байдаг болохоор манай Түцээр орж гардаг болохоор зүс танина...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

ДАМНО ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн БГ1-24-126 дугаартай “хурганы элдсэн арьс-нэг бүрийн үнэ 30,000 төгрөг, нийт 109 ширхэг хурганы элдсэн арьс-3,270,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/ хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Огийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 61 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

            - гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.О нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 61 дүгээр байрны 124 тоотод буюу гэртээ байх үедээ хохирогч Д.Г.Ооос 109 ширхэг хурганы арьсаар хоёр ширхэг хурган дээл хийж өгнө гэж тохиролцон уг дээлийг хийснийхээ дараа бусдад зарж борлуулан хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г.От 3,270,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн үлдэгдэл 1,270,000 төгрөгийн төлөх төлбөртэй...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас үүдэн энэ гэмт хэрэгт холбогдсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ гэмт хэргийн гол шалтгаан нь ажил гүйцэтгэх болон хөрөнгийн маргаантай холбоотой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн зүгээс тогтоосон хугацаандаа ажлын хөлсийг төлөөгүй хугацаа алдсан нөхцөл байдал энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн зүйлчлэл гэм буруутай эсэх дээр маргахгүй байгаа...” гэх санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 61 дүгээр байрны 124 тоотод буюу гэртээ байх үедээ хохирогч Д.Г.Ооос 109 ширхэг хурганы арьсаар хоёр ширхэг хурган дээл хийж өгнө гэж тохиролцон, уг дээлийг хийснийхээ дараа бусдад зарж борлуулан хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Г.Оын өгсөн: "...Би Нарантуул зах дээр хурганы арьс худалдаж авдаг., зардаг, боловсруулдаг бизнес хийдэг. Г.О, нөхөр Г.Одбаяр гэх хүнд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2 ширхэг хурган дээл хийлгэхээр 109 ширхэг илдсэн хурганы арьс өгөөд 3 хоногийн дараа ирж аваарай гэхээр нь итгээд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 124 тоот гэрт нь үлдээгээд явсан боловч тэрнээс хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэл дээл хийж өгөөгүй, хурганы арьсыг ч буцааж өгөөгүй залилсан тул Г.О, Г.Одхүү гэх хүмүүсээс миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж цагдаад хандаж байна.

Одоо зах зээлийн үнэ нэг ширхэг хурганы арьс 40,000-45,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа байх. Надад ойролцоогоор хамгийн багаар бодоход нийт 4,360,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Г.Оын дахин өгсөн: Намайг арьсаа хүлээлгэж өгч байхад Г.Отай хамт Г.Одбаяр нь хамт байсан бөгөөд Г.Одбаярыг манай нөхөр гэж ярьж байсан. Г.О нь дээл эгнэж оёдог гээд ажлын хөлс нэг дээл 350.000 төгрөгөөр оёдог гэж байсан. Тэгээд би хурганы арьсаа Г.Од хүлээлгэж өгсөн. ...Би нэлээн хэдэн удаа очсон яг хэдэн удаа очсоноо санахгүй байна. Эхний удаа ажлын хөлсөө аваад болзсон өдрөө очиход нөхөр Г.Одбаяр нь би Г.Огаас салчихсан Отай уулз одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гээд гэртээ байж байсан, ... Би хийлгэсэн дээлээ авхуулахаар хамаатны нэг хүнийг явуулж байсан яваад очихоор нь О нь шал согтуу өөр хүнд өгөхгүй өөрөө ирж ав гэж хэлээд буцаасан байсан. /хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.А өгсөн: ...Би Г.О гэх эмэгтэйгээс аваад удсан болохоор яг хэзээ хэдэн төгрөгөөр авснаа сайн санахгүй байна. 2022 оны 08 дугаар сард нэгийг нь 750,000 төгрөгөөр нийт 1,500,000 худалдаж авсан санагдаж байна. Би баянгол дүүргийн 19 дүгээр хорооны парадоксын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг ба О гэдэг эмэгтэй миний ТҮЦ ажиллуулдаг Түцний урд байдаг 61 дүгээр байранд амьдардаг гэсэн нэг өдөр О орж ирээд энэ хоёр хурганы арьсан дээлийг хийлгэсэн хүн ирж авахгүй байгаа юм мөнгөний хэрэг гараад байна худалдаж авах уу гэхээр нь би худалдаж авч байсан. Би түүнийг сайн танихгүй. Манай ТҮЦ Огийн гэртэй нь ойрхон байдаг болохоор манай Түцээр орж гардаг болохоор зүс танина...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

ДАМНО ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн БГ1-24-126 дугаартай “хурганы илдсэн арьс-нэг бүрийн үнэ 30,000 төгрөг, нийт 109 ширхэг хурганы илдсэн арьс-3,270,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/ хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Огийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 61 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Огийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 61 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Г.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг хүсэж субьектив санаа зорилготой Д.Г.Оын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан байна. 

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Хэрэгт авагдсан баримуудаар хохирогч Д.Г.От 3,270,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч 2,000,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Огаас 1,270,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г.От олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчтой өөртэй нь холбоотой байдаг. Хувийн байдлын тухайд хувиараа хөдөлмөр эрхэлдэг торгох ялыг төлөх боломжтой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаж байгаа...” гэх саналыг тус тус гаргалаа.   

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Д овогт Г Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Од оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Огаас 1,270,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Г.От олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ