| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0919/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/974 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч, хохирогч Ж.Т, түүний өмгөөлөгч Н.Дашдулам,
шүүгдэгч, хохирогч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000843 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Ү овогт Ж-ны Т, Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод түр оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
О овогт Г-ийн М, Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Г.М-ийн биед хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.М-ийн хохирогч Ж.Т-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй гээд хавтаст хэргийн 79, 81, 84, 101 дэх талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.М хэргийн материалаас шинжлэн судлах зүйлгүй гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Л.Д, түүний найз охин Г.М, найз Ж.Т нар нь 2024 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй буудлын 1 тоот өрөөнд хамтдаа архидан согтуурсан байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ шүүгдэгч Г.М гэрч Л.Д нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар маргаанд шүүгдэгч Ж.Т оролцсон. Уг маргааны улмаас шүүгдэгч Г.М нь хохирогч Ж.Т руу шилэн аяга шидэж, бие засах өрөөний суултуурын тагаар цохиж эрүүл мэндэд нь “дух, баруун сарвуунд шарх, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Т нь хохирогч Г.М-ийн толгойн тус газар гараар цохиж, бие засах өрөөний суултуурын таг шидэж толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь “зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал, уг хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулайн дэлбэн дэх тархины эдийн голомтлог няцрал, дух, зулайд шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “согтуу зодоон болоод байна” гэсэн утгатай Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал),
- “...манай найз охин хүнд зодуулчихлаа” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ертөнцийн зүгээр хойшоо харсан улаан тоосгон 2 давхар ....Н гэх улаан өнгийн хаягтай байлаа. ...ресейпшнээс хэрэг болсон хаалгыг заалгахад 1 дугаарын өрөөг заав....” гэсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),
- Хохирогч Г.М-ийн “...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 25-26-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Н нэртэй зочид буудалд найз Д, түүний найз болох Т нарын хамт орсон. 2 литрийн 3 ширхэг пиво уусан. Т нь чи Д-тай уулздаг байж захиралтай нь давхар яагаад уулзаад явдгийн гэх мэтээр хэл амаар доромжилж гичий, янхан минь гээд нэг удаа баруун гараараа зүүн хацарт алгадаж газар унагахаар нь би уурандаа пиво ууж байсан шилэн аягийг шидэхэд бултаж оногдоогүй. Дахин шилэн аяга авч шидэхэд толгой хэсэгт оносон. Тэгтэл Д дундуур орж ирээд больцгоо гээд салгатал Т нь 00 өрөө лүү гүйж ороод 00-н почкины таг аваад над руу шидсэн бөгөөд миний толгойн зүүн тал хэсэгт хүчтэй онож нэг хэсэг толгой манарсан. Тэгээд Т нь дахин ирж чи намайг цохидог хэн бэ янхан минь гээд үсдээд дээш татаж толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би буудлын өрөөний шалан дээр хэвтэж байхад Д цагдаа дуудсан байх. Би гэмтлийн эмнэлэгт Д-ийн хамт очоод шинжилгээ өгөөд гавал тархины тасагт шууд хэвтэн 2 өдөр хаван хөөлгөх эмчилгээ хийлгээд 2024.04.28-ны өдөр гавал тархины хагалгаанд орж цуурсан ясаа авхуулж, цус хуралтыг авсан гэсэн. Би Д-тай уулздаг, эр эмийн харилцаатай болоод удаагүй. Т-ыг Д-ийн найз гэдгээр нь өмнө нэг удаа уулзаж байсан, сайн танихгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт хийлгэх шаардлагагүй. Тийм зүйл надад хэрэггүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
- Хохирогч Г.М-ийн дахин өгсөн “...Миний өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байна. Зарим зүйлээ тухайн үед санахгүй хольж ярьсан байна. ...Т нь чи Д-тай уулздаг юм байж захиралтай нь давхар яагаад уулзаад явдаг юм гэх мэтээр хэл амаар доромжлоод элдвээр хэлэн нэг удаа баруун гараараа зүүн хацарт алгадаж газар унагахаар нь би уурандаа пиво ууж байсан шилэн аягыг шидэхэд бултаж оногдоогүй. Дахин шилэн аяга авч шидэхэд толгой, дух, хамар хэсэгт оносон. Тэгтэл Д дундуур орж ирээд больцгоо гээд салгаад Т-ын цээж 2 гараар нь тэврээд авахаар нь би 00 өрөө рүү гүйж ороод 00-н почкины таг аваад Т-ыг хөдөлж чадахгүй тэврүүлсэн байхад толгой руу цохиж гэмтээсэн. Т нь толгой дээрээ хагарсан почкины тагийг авч шидэхэд нь миний толгойн зүүн тал хэсэгт хүчтэй оногдож гэмтэл авсан. Надад учирсан гэмтлийг санаатай учруулаагүй гэж бодож байна. Одоо Т бид хоёрын харилцаа хэвийн, надаас уучлалт гуйсан. Д гэдэг хүн энэ хэрэгт ямар ч хамаагүй. Намайг болон Т-ыг цохисон зүйл байхгүй. Т нь миний хохирлыг төлж барагдуулсан ба миний Хаан банкны *** дугаарын тоот дансанд 750,000 төгрөг шилжүүлсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),
- Хохирогч Ж.Т-ын “...М автобусны буудал дээр зогсож байсан ба бид 3 уулзаад тэд ойрхон байх Н нэртэй буудалд орсон. Д өрөөний төлбөрийг хийгээд бид 3 орсон. Д М хоёр буудалд хононо, надад таксины мөнгө өгөөд би гэр лүүгээ явна гэж ороод тус буудлын өрөөнд /хэдэн номерын өрөөг санахгүй байна/ ороод бид 3 нийлээд 2 литрийн том пиво 2-ийг хувааж уусан. Тэгсэн Д, М хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. М ажлынхаа газрын даргатай явалдлаа гээд Д уурлаад байхаар нь би тэр хоёрын дундуур ороод М-д хандаж чиний хажууд Д байхад чи яагаад тэгдэг юм бэ? гэж хэлэхэд М бид хоёр юм ярьж байхад чамд ямар хамаатай юм п.... минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би М-д одоо битгий давраад байгаарай, г.... минь, нохой минь гэж хэлээд сууж байсан. М миний урдаас пиво хийгээд ууж байсан аягаа авч шидээд би бултаад яаж байна гэхэд М ямар овоо бултдаг п.... вэ? гээд дахин аяга авч шидчихээд 00 орсон. Тэгэхээр нь явлаа гэсэн Д намайг заамдаж барьж аваад чи ийм асуудал үүсгэчхээд явж яах гээд байгаа юм бэ гээд хэлэхээр нь би явлаа гэж хэлсэн. М 00-оос гарч ирэхдээ почкины таг гартаа барьчихсан гарч ирсэн чинь Д миний зүүн гар талаас хоёр гараараа намайг тэврээд авсан. Тэгээд би намайг тавиач гэж Д-тай ноцолдоод баруун гараа гаргаж авсан чинь М цаанаас гүйж ирэхэд нь би авсан баруун гараараа толгойгоо хамгаалсан. М почкины тагаар миний толгой руу цохисон. Почкины таг хагараад миний толгой дээр тал нь үлдэхээр нь би түүнийг аваад урагшаа шидсэн. Тэгэхэд М-г оносон байж магадгүй. Түүнээс би өөрөө цохино гэж М-г цохиогүй аргагүй байдалд ороод шидсэн. Д-г өөрөөсөө холдуулах гээд Д-тай ноцолдож түүнийг салгаад би ухаан алдсан. Нэг сэрсэн цагдаа түргэн тусламж ирсэн байсан. Би дух, баруун сарвуунд шарх, хамар ясны хугарал гэмтэл М надад учруулсан. Өмнө нь би хамраа хугалж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-33 дахь тал),
- Гэрч Л.Д-ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед Т-тай уулзаад найз охин М-тай орой уулзъя гээд утсаар холбогдоод Цамбагарав, автобусны буудал дээр уулзаад Т, М бид гурав Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн урд байх Н-д өрөө аваад орсон. ...Бид гурав нийлж 2 литрийн том пивоноос гурвыг хувааж уусан. Тэгж байтал Т, М-тай маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд М-ийн зүүн талын хацар луу нэг удаа алгадсан. М “чи яагаад намайг алгадаж байгаа юм” гэсэн. Т үгийн зөрөөгүй М-ийн толгойн ар хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Тэгээд М, Т хоёр хоорондоо ноцолдоод заамдалцаад би дундуур нь ороод салгах гэсэн дийлэхгүй хоёр талаас цохилцоод байсан. Дийлдэхгүй болохоор нь би өрөөнөөс гараад буудлын ресейпшн эгчийг дуудаад хамт ороод ирсэн чинь М, Т хоёр цусандаа будагдчихсан, өрөөний шал тэр чигээрээ цус болчихсон, М-ийн баруун гар бугуй хэсгээрээ хугарсан, хавдсан, эрхий хуруу алга, шуу зэрэг нь хөхрөөд хавдчихсан байсан. Бас духны хэсэгт 2,3 газар язарч хагарсан цус гараад тогтохгүй, толгойн дээрх үсэн дотроо бас хагарсан байсан. Т-ын толгой хэсгээс бас цус гарсан, тогтохгүй байсан. 00 өрөөний почкины тагаар цохиулсан юм уу гэж ойлгосон. Тэр почкины таг үйрч хагарсан байсан. Тэгээд би айсандаа цагдаа, түргэн дуудсан. Тухайн үед бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. М, Т хоёр хоорондоо зодолдоод салахгүй байхаар нь би Тыг 2 гараараа цээжээр нь тэврээд салгах гэсэн боловч М, Т-ын толгой тус газар почкигоор цохисон. Энэ хоёр бие биетэйгээ зодолдсон. Би энэ хоёртой зодолдоогүй, салгах гэж оролдсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
- Гэрч Л.О-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны 21 цагийн орчимд байх манай буудалд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирээд төлбөр тооцоогоо хийгээд 1 номерын өрөөнд орсон. Гартаа пиво барьчихсан харагдсан. 2024 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд манай буудлын өрөөнд дуу чимээ гараад байхаар нь 1 номерын өрөөнд гүйж очоод онгойлготол эрэгтэй, эмэгтэй 2 зодолдсон бололтой цус нөж болцгоосон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Өндөр нуруутай залуу нь би энэ 2-г салгаж чадахгүй байна гэчихсэн зогсож байсан. Зодолдсон гэх эрэгтэй, эмэгтэй 2 аль аль нь толгойгоо барьчихсан сууж байсан. Өндөр нуруутай залуу салгаж чадахгүй цагдаа дуудаарай гээд зогсож байсан ба цаана зодолдсон гэх эрэгтэй, эмэгтэй 2-лаа толгойгоо бариад цус нөж болсон сууж байсан. Яг дотор юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
- Шинжээч эмч Б.Б-ын “...Зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал нь мохоо зүйлээр цохих, шидэх үед үүсэх боломжтой. Аль алинд нь үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5955 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “....Дүгнэлт: 1. Ж.Т-ын биед дух, баруун сарвуунд шарх, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6026 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “....Дүгнэлт: 1.Г.М-ийн биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, уг хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулайн дэлбэн дэх тархины эдийн голомтлог няцрал, дух, зулайд шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4.5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.М-ийн хохирогч Ж.Т руу шилэн аяга шидэж, бие засах өрөөний суултуурын тагаар цохисон үйлдэл хохирогч Ж.Т-ын биед учирсан “дух, баруун сарвуунд шарх, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шинжээч эмч Б.Б “...Зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал нь мохоо зүйлээр цохих, шидэх үед үүсэх боломжтой. Аль алинд нь үүсэх боломжтой...” гэж, гэрч Л.Д-ийн “...Т үгийн зөрүүгүй М-ийн толгойн ар хэсэг рүү 2 цохиод авсан. Хоёр талаас цохилцоод дийлдэхгүй байсан...” гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Ж.Т-ын хохирогч Г.М-ийн толгойн тус газар гараар цохиж, бие засах өрөөний суултуурын таг шидэж толгойн тус газар нь оносон үйлдэл хохирогч Г.М-ийн биед учирсан “зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал, уг хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулайн дэлбэн дэх тархины эдийн голомтлог няцрал, дух, зулайд шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Т, Г.М, гэрч Л.Д нар нь хамтдаа архидан согтуурч, шүүгдэгч Г.М гэрч Л.Д нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, уг маргаанд шүүгдэгч Ж.Т нь оролцож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, маргаан зөрчилдөөнийг эв зүйгээр шийдвэрлэж чадахгүй, харилцан бие биеэ үл хүндэтгэсний улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж, 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Г.М нь хохирогч Ж.Т-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Ж.Т-ын бие засах өрөөний суултуурын таг шидэж хохирогч Г.М-ийн толгойн тус газар нь оносон үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн эрх зүйн онол, практикт гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус санаатай байдаг. Шууд бус санаа нь гэмт этгээд нь өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон буюу хохирол, хор уршигт “яасан ч яахав” гэсэн байр сууринаас хандсан байдлаараа шууд санаанаас ялгардаг.
Шүүгдэгч Ж.Т хохирогч Г.М нар нь гэмт хэрэг гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, харилцан маргаж зодолдсон ба хохирогч Г.М нь шүүгдэгч Ж.Т-ыг суултуурын тагаар цохиход шүүгдэгч Ж.Т нь суултуурын тагийг авч буцаан шидэж байгаа үйлдэл нь бусдын биед хохирол учруулах боломжтой нь илэрхий бөгөөд тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр бие засах өрөөний суултуурын таг шидсэн, үүний улмаас хохирогч Г.М-ийн биед хүнд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Г.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ж.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мг, Ж.Т нар нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болно.
1.3. Хохирол, хор уршиг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгчөөс хохирогч Г.М-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 4,480,000 төгрөгийг төлсөн талаар дурдаж холбогдох баримтыг гаргаж өгсөн ба шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Ж.Т-аас 169,200 төгрөг, шүүгдэгч Г.М-аас 174,682 төгрөг төлсөн баримтыг мөн шинээр гаргаж өгсөн.
Хохирогч Г.М, Ж.Т нар хэн аль нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт авагдсан баримтаар гаргасан зардлыг хэн аль нь төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Г.М-ийн биед хүнд гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх боломжтойгоор шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна...” гэв.
Шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч “...Ж.Т-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Тодорхой оршин суух хаягтай, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Хохирогчид хохирлын төлбөрт 4,480,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч Г.М-ийн төлбөрийг мөн төлсөн. Цаашид хохирогчийн эмчилгээ үйлчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Ж.Т нь 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай өөрийн ээжийг асран хамгаалдаг. Оройн цагаар хувиараа такси үйлчилгээнд явж ахуй, амьдралаа залгуулдаг. Улсын яллагчаас өгсөн 10,000,000 төгрөгөөр торгох саналыг дэмжиж байна. Гэхдээ 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ж.Т: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Г.М: “...хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хавтаст хэргийн материалд шүүгдэгч Г.М-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 156 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 157 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 158 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 159 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 160-169 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 171-173 дахь тал) зэрэг нотлох баримтууд,
шүүгдэгч Ж.Т-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 85-97 дахь тал), Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 100 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 174-176 дахь тал) зэрэг нотлох баримтууд тус тус авагдсан байна.
Шүүгдэгч Г.М, Ж.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан бие биедээ гэмтэл учруулан гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.М-ийн биеийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгч Ж.Т нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т, Г.М нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ү овогт Ж-ны Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- О овогт Г-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан торгох ялыг 03 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг 06 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т, Г.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т, Г.М нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Т, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР