Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 55

 

Б.М, Х.О нарт

холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: А.Амгалан,

Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, Ц.Баярмаа,

Шүүгдэгч, хохирогч Х.О,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны  өдрийн 2020/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолтой, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дүгээр сарын 20-ны өдрийн 441 дугаар тогтоолоор дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М, Х.О нарт холбогдох 2028000410024 дугаартай, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдолтой эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 2, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй,

Шүүгдэгч Х.О нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х.Б-ы гадна талд Б.М-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х.Б-ы гадна талд Х.О-ыг нөхөртэйгөө хардан маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч Б.М, Х.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Х.О, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Б.М нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэж, шүүгдэгч Х.О, Б.М нар нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.М-аас 190100  төгрөг гаргуулан хохирогч Х.О-д олгох шийдвэрийг шүүгдэгч Б.М биелүүлсэн, шүүгдэгч Х.О-аас 621400 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д олгох шийдвэрийг шүүгдэгч Х.О 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж, шүүгдэгч Б.М-ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 187140 төгрөгийг, хохирогч Х.О-ын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 42333  төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.О нь өвчтэй байсан хугацааны цалин 1284031 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.О, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Хэрэг учрал болсон нөхцөл байдалд бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Х.О-ын үйлдэл холбогдлыг дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй, хэргийн бодит нөхцөл байдалтай уялдаагүй учир шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт:.... Х.О-ын үйлдлийг гэм буруутайд тооцохдоо “шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан камерын бичлэгээс үзэхэд Х.Б-ны урд талын машины зогсоол дээр Б.М нар нь уулзалдаж, улмаар харилцан маргалдаж байгаа байдалтай дохио зангаа хэрэглэсэн дүрс харагдах бөгөөд эхлээд Б.М-ыг түлхэх үйлдэл хийж байгаа, түүний дараа Б.М нь Х.О-ын үснээс зулгааж, улмаар харилцан үснээсээ зулгаах үйлдэл хийж, хөндлөнгийн этгээдийн тусламжтайгаар зодооныг зогсоож байгаа үйл явдал бичигджээ. Энэхүү үйл явдлын дараагаар Х.О нь Б.М-ын машины хаалгыг нээж, улмаар түүний үснээс зулгаасан талаар гэрч, хохирогч нар мэдүүлдэг гэх байдлыг тодорхойлон дурдаж гэм буруутай болохыг дүгнэсэн. Энэхүү шүүхийн дүгнэлтээс Х.О зодоон эхлүүлсэн мэтээр ойлгогдож, улмаар харилцан зодолдсон байхаар байна” гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь: Камерын бичлэгт эхлээд Б.М нь өөрийн машинаасаа буугаад шууд Х.О-ын машин руу явж очоод хэрүүл маргаан үүсгэж байх ба удалгүй Х.О машинаас буун харилцан маргалдаж байх үед Б.М нь миний үйлчлүүлэгч Х.О руу урагшаа алхаж дайрах үйлдэл хийх үед түүнийг өөрөөсөө зайлуулах үйлдэл хийж байгаа харагддаг.

Гэтэл шүүх эхлээд Х.О-ыг Б.М-ыг түлхсэн мэтээр дүгнэлт хийсэн. Камерын бичлэгээс гадна хавтаст хэрэгт Х.О-ын гэрчийн мэдүүлэгт: /хх-16/, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр .....М над руу залгаад баахан доромжилсон тэгэхээр нь хэрүүл хийлгүй утсыг нь таслаад орхисон байсан. Тэгээд өнөөдөр Х.Б-ны гадаа..... М миний үснээс зулгаагаад доош нь дарсан, /'хх-ийн 14/ 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр авсан мэдүүлэгт:...М машинаасаа бууж ирээд миний машины хажууд ирээд....янхан, гичий гээд шууд намайг үсдэж авсан.....миний нүүрний баруун тал духнаас доош эрүү хүртэл самардсан, бас уруул сэтэрсэн, ... шүүх хуралдаан дээр өгч байгаа мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн хэргийг Х.О нь эхлүүлээгүй, Б.М нь эхэлж түүний эрх чөлөөнд халдсаныг нотолно. Шүүх Х.О-ын үйлдлүүдээс яг хаана үйлдэгдсэн үйлдэл нь гэм буруутайг ялган зааглаж дүгнэлт хийж чадаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг хаана, хэзээ үйлдэгдсэнийг тогтоох ёстой. Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, камерын бичлэгээс үзвэл Х.О-ын машины хажууд нэг үйлдэл, Б.М-ын машин дотор, цагдаагийн машин болон цагдаа дээр маргалдсан цохих үйлдэл болсон нь хэн бүхэнд тодорхой маргах зүйлгүй, дээрх хуулийн заалт хэрэгжсэн, нотлогдсон байна.

Харин Х.О нь өөрийнхөө машины дэргэд Б.М-д зодуулж, улмаар түүний үснээс зулгаагаад доош дарахад түүний үснээс барьж болиулах, өөрийгөө хамгаалах үйлдэл хийж байх хугацаанд хх-ийн 41 дүгээр талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.М-д учирсан хөнгөн гэмтлийг учруулсан байдаг. Үүнээс үзвэл Х.О нь бусдын хууль бус довтолгооны үед хариу үйлдэл хийснээс болж бусдын биед гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:..өөрийн.....эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байна. Энэхүү хуулийн заалттай Х.О-ын үйлдлийг холбон авч үзвэл Б.М нь эхлээд түүний эрх чөлөөнд халдаж үснээс зулгаан доош дарсан үед мөн түүний үснээс зулгаан болиулах үйлдэл хийх гэж оролдож, өөрийгөө хамгаалж үйлдэл хийсэн нь энэ зүйл хэсгээр гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй байгааг шүүгч та бүхэн анхааран үзнэ үү. 

Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогч Х.О-ын өвчтэй байсан хугацааны цалин 1284031 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэхээр заасныг  хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанаар олох ёстой байсан орлого болох цалинг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзнэ. Хохирогчийн зүгээс Б.М-аас цалингийн 1326364 төгрөгийг нэхэмжилснийг тогтоох хэсэгт зөрүүтэй байдлаар бичигдсэн. Х.О-ын зүгээс цалингийн тодорхойлолтыг байгууллагынхаа ерөнхий нягтлан бодогч болон цалин хөлсний нягтлан бодогч нараар тодорхойлуулан нотлох баримтын шаардлага хангасан хэмжээгээр гарган өгсөн.

Уг гарган өгсөн баримтыг няцаах үгүйсгэх зорилгоор Б.М-ын зүгээс мөн тухайн байгууллагын цалингийн тооцооллыг гарган ирүүлсэн боловч уг нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэсэн нь хууль бус.

Иймд дутуу авсан цалин хөлсийг нь гэм буруутай Б.М-аас гаргуулж өгнө үү. Дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Х.О-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.М-аас 1326364 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О-д олгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ

Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлээс давж заалдах гомдолд холбогдуулан ирүүлсэн тайлбартаа: Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаа нь өөрийн үйлчлүүлэгч Х.О-ын үйлдлийг “аргагүй хамгаалалт” өөрийгөө хамгаалахын тулд Б.М-ын бие эрх чөлөөнд халдсан гэсэн тайлбарыг хийдэг боловч энэ нь үндэслэлгүй юм.

Х.О нь Б.М-аас довтолгоо эхлэхээс өмнө өөрөө түрүүлж Б.М-ыг түлхэж биед нь түрүүлж хүрснээс хоёр хүний хооронд харилцан бие бие рүүгээ довтлох үйлдэл хийгдсэн. Харилцан зодооныг хөндлөнгийн хүмүүс салгаснаас хойш Х.Онь Б.М-ын бие эрх чөлөөнд гурван удаагийн үйлдлээр халдсан байдаг.

Х.О-ын гаргаж өгсөн өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү нэхэмжилсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Х.О нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, гэрээр өвчтэй байсан, биедээ авсан гэмтэл шарх нь ажил хөдөлмөр хийхэд саад болох гэмтэл шарх байгаагүй гэж үзэж байна.

Иймд Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хамгийн гол анхаарах зүйл бол шүүгдэгч нарын хэн аль нь өөрийнхөө хийсэн үйлдэлдээ бодиттой дүгнэлт хийгээд өөрийгөө хянах чадвартай. Энэ гэмт хэргээс болоод гарах хор уршиг болон сэтгэхүй нь ямар байсан. Санаа зорилго нь юу байсан юм гэдэг талаар шүүхээс дүгнэлт хийгээд өгөөч ээ. Мөн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор энэ хэргийг хяналтын шатны шүүх шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхдээ анхан шатны шүүхээс хэргийн талаар болоод зүйлчлэлийн талаар дүгнэлт хийсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгээгүй. Энэ дүгнэлт нь зөв байна гэж дүгнэсэн байдаг. Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байгаа зэрэг хэргийн нотлогдсон байдлын талаар дүгнэлт хийсэн байдгийг давж заалдах шатны шүүхээс анхааран үзнэ үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 07-ны  өдрийн 2020/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт заасан хохирол төлбөрийн талаарх заалтад өөрчлөлт оруулж бусад хэсгийг нь хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Х.Отгонсувдын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хохирол төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч, хохирогч Х.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой хэвээрээ байна. Энэ хэргийн ялгаа, заагийг би гаргамаар байна. Үргэлжилсэн үйлдэл гэдгийг нь би сайн ойлгохгүй байна. Яг яагаад үргэлжлээд байгаа шалтгааныг нөгөө талын өмгөөлөгч хэлж тайлбарлаж өгөхгүй байна. Энэ үйлдэл бүр чинь шалтгаантай үргэлжилж байна. Үргэлжилсэн үйлдэл гэдэг дээр гомдолтой байна. Миний хохирол төлбөрийг Б.М-аас барагдуулж өгөөч ээ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

“Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х.Б-ны гадна талд Х.О-ыг нөхөртэйгөө хардан маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.О нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х.Б-ны гадна талд Б.М-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 114, 115 дугаартай дүгнэлтүүд /1 хх-39, 41/, камерын бичлэг болон дээрх бичлэгийг давхар нотолсон хохирогч Б.М /1 хх-10-11/, хохирогч Х.О/1 хх-14-15/, гэрч О.Б /1 хх-32-33/ нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.О, Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О, Б.М нарт тус бүрд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдолд заасан үндэслэлүүд нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...машинаасаа буугаад банк руу орох гэсэн чинь банкны үүдэнд Х.О-ын машин зогсож байсан. Дотор нь Х.О сууж байхаар нь би ...чи яахаараа миний нөхөр лүү мессеж бичсэн юм бэ одоо больчих, надад хэцүү байна гэж хэлсэн чинь өөдөөс дайраад давшлаад хаана юу ярихаа мэдэхгүй авгай гэх мэтээр хэлж элдвээр хараагаад хэрүүл болсон, ...өмнөөс учиргүй загнаад ...нулимаад байхаар нь хоромхон зуур уур хүрээд үсдэлцээд авсан байсан, ...хамт явсан хүмүүс салгасан. Тэгээд би машиндаа ороод суучихсан чинь Х.О гадаа орилоод дайраад намайг зодох гээд байсан. Тэгж байгаад миний машины арын хаалгаар шагайгаад миний араас үснээс зулгаагаад татаад намайг арагш нь машины хажуу тал руу толгой цохиод үснээс татсан. Тэгэхэд хажууд байсан хүмүүс бас салгасан” /1 хх-11/ гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.О-ын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...шууд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би өөрийг нь зөрүүлээд үсэдсэн, “...би машиных  нь арын хаалгыг нээгээд зууралдсан” /1 хх-14-15/ гэх, гэрч О.Б-ийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би тэр хоёр эмэгтэйг албаны машины хойд талын суудалд голд нь хүнтэй байсан. Түүний хоёр талд суулгасан чинь тэр хоёр хэрэлдэж байгаад бие биеэ үсдэж зууралдахаар нь би буулгаад өөрсдийнх нь машинд суулгасан юм” /1 хх-33/ гэсэн мэдүүлгүүдээр болон шүүх хуралдаанд удаа дараа шинжлэн судлагдсан /1 хх-226, 229/ камерын бичлэгтэй холбогдуулан шүүх хуралдаан даргалагчаас “түлхсэн үйлдэл байна уу” гэсэн асуултад шүүгдэгч Х.О-аас “түлхсэн үйлдэл байгаа” гэж хариулсан хариултаар тус тус үгүйсгэгдэн няцаагдаж байна.

“Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.О нь довтолгоо төгссөн хойно Б.М-ын эрүүл мэндэд удаа дараа халдсан үйлдэл хийсэн байх тул Х.О-ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэв.

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.О-ын дутуу авсан цалин хөлсийг гаргуулан авахтай холбоотой шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судлаад “нотлох баримтаар үнэлж болохгүй, нотлох баримт нь эргэлзээ төрүүлэхүйц, Х.О-ад өвчтэй хугацааны олговор олгогдсон эсэх, энэхүү олговрыг аваагүй бол Б.М-ын үйлдэлтэй холбогдолтой эсэх асуудлыг тодруулсны дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв” гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нь “шүүгдэгч Х.О-аас 621400 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д олгох шийдвэрийг шүүгдэгч Х.О 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв” гэж шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” гэсэн заалтуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иймд хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “Х.О-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.М-аас 1326364 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О-д олгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “Х.О-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.М-аас 1326364 төгрөгийг гаргуулан хохирогч Х.О-д олгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтын “шүүгдэгч Б.М-аас 190100 төгрөг гаргуулан хохирогч Х.О-д олгох шийдвэрийн Б.М биелүүлсэн, шүүгдэгч Х.О-аас 621400 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д олгох шийдвэрийг шүүгдэгч Х.О 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж” гэснийг “шүүгдэгч Х.О-аас 621400 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д олгож” гэж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “зардалгүй” гэсний дараа шүүгдэгч Б.М нь хохирогч Х.О-д 190100 төгрөгийн хохирол төлсөн” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ