Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2017/0470

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Ц

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний  хууль зүйн үндэслэлээ:

“...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга асан Х.Ц би 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П үйл ажиллагааны гэрээ байгуулж ажиллаж ирсэн юм. Гэвч Засаг дарга Д.П нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/43 тоот захирамж гарган намайг огцруулах шийдвэр гаргасан.

Энэхүү захирамж нь хууль зүйн болон гэрээнд заагдсан үндэслэлгүй, нийтийн хурлын шийдвэр гараагүй байхад шийдвэрлэсэн. Намайг огцруулах асуудлыг Монгол Улсын Засаг дарга нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

Би энэ захирамжийг нь эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандсан боловч надад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 07/532 тоот бичгээр албан ёсоор хариу өгсөн болно.

Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1,2 дэх заалтыг тус тус  зөрчин Иргэдийн Нийтийн Хурлын эрхэнд  халдан, мөн хуулийн 29 дүгаар зүйлийн 3 дахь заалт , 32 дугаар зүйлийн 32.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн, засаг даргын байгуулсан гэрээний 3.2 дэх заалтыг зөрчин, хууль бус үндэслэлгүй болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн олгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/101 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар дүүргийн хороодын 2016 оны үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шалгалтын удирдамжийг 2 дугаар, үнэлгээний хуудсыг 3 дугаар, хавсралтаар тус тус баталж  2016 оны 12 дугаар сарын 08-ны дотор ажлын тайланг танилцуулахыг ажлын хэсгүүдэд даалгасан. Ажлын хэсэг заасан хугацаанд шалгалт явуулж, 20 дугаар хорооны 2016 оны үйл ажиллагаанд бодлогын зорилт, үндсэн үзүүлэлт, мэдээллийн чанар, үнэн бодитой байдал, мэдээллийн тайлагналт, байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал,  шинэ санаачлага үр дүн, хэрэглэгчийн үнэлгээ гэсэн хүрээгээр 26 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхэд 57,6 хувь авч үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй дүн авсан байна.

Иймд дүүрийн Засаг дарга Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Баянзүрх дүүргийн 20  дугаар хорооны Засаг дарга дүүргийн Засаг  даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны 2013 оны гэрээг тус тус үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар огцруулсан нь хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Х.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Ц нь тус шүүхэд хандаж “Баянзүрх дүүргийн Засаг даргын  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хууль зүйн болон гэрээнд заагдсан үндэслэлгүй, Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гараагүй байхад шийдвэрлэсэн...огцруулах асуудлыг Монгол Улсын засаг дарга нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой” гэж , харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “ ...ажлын хэсгээс авсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдсэн...холбогдох хууль тогтоомжийн дагуу огцруулах шийдвэр гаргасан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Х.Ц нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар томилогдож,  20 дугаар хорооны Засаг даргаас дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны гэрээг дүүргийн Засаг даргатай байгуулсан байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/101 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар 27-ны өдрийн А/1146 тоот захирамжийг үндэслэн дүүргийн хороодын 2016 оны үйл ажиллагааг дүгнэх үүрэг бүхий ажлын хэсэг томилсон бөгөөд уг ажлын хэсгийн дүгнэлтээр   20 дугаар хороо үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй дүгнэгдсэн байна.

Улмаар дээрх ажлын хэсгийн шалгалтын үнэлгээнд үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Х.Ц ыг огцруулах тухай”  Б/43 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан 20 дугаар хорооны Засаг дарга Х.Ц ыг “...ажлын хэсгийн дүгнэлтээр хангалтгүй үнэлгээ авч, дүүргийн Засаг даргын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь огцруулж шийдвэрлэжээ.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ”,  32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотох хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө”  гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл дүүргийн Засаг дарга хороон засаг даргыг ажлаас нь огцруулах эрхтэй боловч ийнхүү огцруулахдаа иргэдийн Нийтийн Хуралд саналаа хүргүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр эсхүл иргэдийн Нийтийн хурлаас хороон Засаг даргыг огцруулах асуудлаар дүүргийн Засаг даргад санал ирүүлсэн тохиолдолд Хороон Засаг даргыг ажлаас нь огцруулах эрхтэй байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 20 дугаар хорооны Засаг дарга Х.Ц ыг ажлаас огцруулах саналыг иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлээгүй мөн дүүргийн Засаг даргаас иргэдийн Нийтийн хуралд саналаа хүргүүлж шийдвэрлүүлээгүй байхад түүнийг шууд огцруулж шийдвэрлэсэн нь хууль бус гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд зааснаар хороон Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, түүний үйл ажилагааны тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх асуудал нь хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэнд хамаарахаар байх бөгөөд дүүргийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Б/43 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашииг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Х.Ц ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.4-д заасныг тус тус баримтлан Х.Ц ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Ц ыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д