| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2023/00230/И |
| Дугаар | 001/ХТ2025/00010 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2025/00010
Б.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01765 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/01851 дүгээр магадлалтай,
Б.Э-гийн нэхэмжлэлтэй
Г.О-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Г.О-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Н-ийн ам гудамж, 0дугаар байрны 5 дугаар давхрын 0 тоот буюу 01 тоотод байрлах, 121,08 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01765 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-г Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо (одоогийн 23 дугаар хороо), Н-ийн гудамж, 0 дугаар байрны 5 дугаар давхрын 0 тоот буюу 01 тоотод байрлах, 121.08 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Б.Э-гээс 29,622,755 төгрөг гаргуулж, Г.О-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,805,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-гоос 1,603,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/01851 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.О-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024.06.24-ний өдөр төлсөн 1,759,578 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
4.1. “...анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн гэрээний харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж, давж заалдах шатны шүүх холимог гэрээний харилцаа үүссэн гэж, эрх зүйн харилцааг тодорхойлж, ач холбогдолтой дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гомдол гаргах үндэслэл болсон. Нэхэмжлэгч нь орон сууц бариулах хүсэл зоригоо илэрхийлэн, Г.О-той 2014 онд гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууцны барилга нь бий болоогүй, Г.О нь тодорхой хугацааны дараа орон сууцыг барьж дуусган, ажлын үр дүнг Б.Э-гийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дараа буюу 2015.12 дугаар сард орон сууцыг барьж дуусган, Г.О өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэслэлтэй. ... Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ, эсхүл холимог гэрээ зэргээр зөрүүтэй дүгнэлт хийсэн байгааг зөвтгөх шаардлагатай байна. Ялангуяа давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж тодорхойлсноор, хариуцагч Г.О-г түүний хөрөнгөөр бий болоогүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж дүгнэн, бусдын өмч хөрөнгөөр бий болсон хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон нь шударга ёсны зарчимд нийцээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлсон байдал, эрх зүйн үндэслэл, үр дагавар, зорилго зэргийг нь дүгнэж, шийдвэрлэж буй маргааны зүйлийг тогтоох үүргийг шүүх хүлээх бөгөөд ийнхүү шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосноор, тухайн маргаанд хуулийн холбогдох зохицуулалтыг зөв оновчтой хэрэглэж, улмаар шүүхийн шийдвэрийн хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага хангагдана.
4.2. Б.Э орон сууцны төлбөрт 301,375,545 төгрөг төлөхөөс 259,427,245 төгрөгийг буюу 86 хувийг төлж, 2016 онд өөрийн захиалан бариулсан орон сууц, авто зогсоолыг хүлээн авч, эзэмшиж, ашиглан холбогдох ашиглалтын төлбөрийг төлж байгаа талаар маргаагүй. Харин Г.О Б.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалснаас шалтгаалж барьцаанаас чөлөөлөн, гэрчилгээг гаргасан даруйд үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч хойшлуулсан. Учир нь; Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.” гэж зааснаар нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болно.
Хариуцагчийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийг Б.Э-гийн нэр дээр бус Г.О-гийн нэр дээр бүртгүүлэн бусдад барьцаалсны улмаас нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулсан нь орон сууцыг Б.Э-д хүлээлгэн өгсөн болон үлдэгдэл төлбөрийг төлөх, эсхүл гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар шаардлага, нэхэмжлэл гаргаж байгаагүй үйл баримтаар нотлогдоно. Түүнчлэн, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно”, 238.4 дэх хэсэгт “Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж тус тус зохицуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь холимог гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэн, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэлгүйгээр, нэхэмжлэгчийн захиалсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь захиалагч бус гүйцэтгэгч Г.О гэх дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Ийнхүү давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ зөрчиж, бусдын өмч хөрөнгөөр бий болсон хөрөнгийг зээлийн төлбөрт барьцаалсан үйлдлийг зөвтгөж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх бус дордуулсан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болох нөхцөлд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө төлсөн ч орон сууцыг өмчлөлдөө авахаар шаардах эрхгүй буюу дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжгүй болох үр дагавар үүсэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв хэдий ч талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй. Мөн орон сууцны төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл нь 41,948,300 төгрөг болохыг зохигчийн хэн алин нь зөвшөөрч байхад энэ мөнгөн дүнг зөрүүтэй тогтоосон зэргийг анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулан, залруулах боломжтой гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.02-ны өдрийн 210/МА2024/01851 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.22-ны өдрийн 183/ШШ2024/01765 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч Б.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.12.13-ны өдрийн 001/ШХТ2024/01589 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.О-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ, Г.О-той 2014.12.19-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н-ийн ам гудамж, 0 дугаар байр, 5 дугаар давхрын 01 тоотод байрлах 113 м.кв 3 өрөө орон сууцыг 308,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бэлэн мөнгө болон бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж төлөхөөр тохиролцсон, дараа нь орон сууцны талбайг 115.46 м.кв, үүн дээр 6 м.кв талбай нэмж нийт талбайг 121.46 м.кв, үнийг 320,325,545 төгрөг болгож өөрчилсөн, 2016 оноос хойш тус орон сууцанд амьдарч байгаа. Гэтэл Г.О 2015.12 дугаар сард өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр авч Б.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсны улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнэлгээ хийлгэснээр Г.О-гийн дээрх үйлдлийг мэдсэн.” гэж тайлбарласан.
Хариуцагч Г.О эс зөвшөөрч: “...Б.Э орон сууцны үнэд нийт 320,325,454 төгрөг төлөхөөс 2015.11.16-ны өдрийн байдлаар 141,333,880 төгрөг төлөөгүй байсан. Б.Э уг төлбөрийг төлөөгүйгээс Г.О нь хохирч Б.Б-ээс 200,000,000 төгрөгийн зээл авч барилгын ажлыг гүйцэтгэсэн. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бол үлдэгдэл төлбөрөө төлөх ёстой.” гэж тайлбарласан.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ:
“... Б.Э- орон сууцны үнээс 259,427,245 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 29,622,755 төгрөгийг төлөөгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.... Г.О нь Б.Б-тэй 2015.12.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж түүнээс 200,000,000 төгрөгийг зээлж авахдаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалснаас Б.Э-гийн өмчлөх эрх үүсэхгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, тухайн орон сууцны 5 давхрын 400 м.кв талбай нь бүхэлдээ зээлийн барьцаанд байгаа боловч зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2014.12.19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан,... тухайн хөрөнгийн шударга эзэмшигч ... уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй ... талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Б.Э гэрээний үүргийн дийлэнхийг биелүүлсэн, гэрээ харилцан биелэгдэх учиртай ...” гэж дүгнэжээ.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх холимог гэрээний шинжийг агуулсан, ... анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй ... гэрээний 2.3-т захиалагч нь орон сууцны үнийг барилга ашиглалтад өгөх хүртэл хугацаанд бүрэн төлөх, мөн 4.2.1-д захиалагчаас орон сууцны үнийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар гүйцэтгэгч нь орон сууцны өмчлөгч байх эрхийг эдлэхээр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, ... иймээс нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй учир орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагчаас шаардах эрхгүй ...” гэж үзжээ.
10. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.
11.Хэрэгт авагдсан баримтаар Б.Э-, Г.О нарын хооронд 2014.12.19-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, Б.Э- нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Н-ийн аманд байрлах, Б-гийн 0тоот орон сууцны барилгын Мансард 5 дугаар давхарт 113 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон автозогсоолыг захиалж, дараа нь орон сууцны талбайг 115.46 м.кв, үүн дээр 6 м.кв талбай нэмж нийт талбайг 121.46 м.кв болгож өөрчилсөн, автозогсоолын 18,950,000 төгрөгийн хамт нийт үнийг 320,325,545 төгрөг болгож өөрчилсөн, Б.Э- орон сууцны үнээс 259,427,245 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч нь авто зогсоолын өмчлөх эрхийн талаар шаардлага гаргаагүй байна.
12.Хариуцагч Г.О нь дээрх Б-гийн 0тоот орон сууцны барилгын 5 давхрын хэсэгт 400 м.кв талбайг Б.Б-тэй байгуулсан 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан ба үүнд нэхэмжлэгчийн захиалсан 121.46 м.кв орон сууц багтсан байна. Хариуцагч нь Б.Э төлбөрийг төлөөгүйгээс Б.Б-гээс 200,000,000 төгрөгийн зээл авч үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэсэн тайлбарыг гаргасан ба маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан барьцааны гэрээний хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг шаардаж буй хөрөнгө барьцааны зүйл болсон тохиолдолд шүүх барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэлийн шаардлага зөвхөн хариуцагчид холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй эсэхэд бүрэн дүгнэлт хийх боломжгүй байна.
13.Өмнө нь гарсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.07-ны өдрийн 210/МА2023/01370 дугаар магадлалд “… Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай …” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүх “...үндсэн нэхэмжлэлтэй хамаарахгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй...” гэсэн үндэслэлээр Б.Б-гийн гуравдагч этгээдээр оролцох, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-т заасантай нийцээгүй бөгөөд энэ байдлыг давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянахдаа анхаараагүй байна.
14.Мөн хэрэгт авагдсан Б.Б-гийн нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 645,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.14-ний өдрийн 1970 дугаартай шийдвэр, Б.Б-гийн нэхэмжлэлтэй Б.Э, Г.О нарт холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.01-ний өдрийн 13874 дугаартай захирамж тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авагджээ.
Иймд шүүхүүд өөр өөр шийдвэр гаргаж хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасны улмаас зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01765 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/01851 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Э нь 2024.11.01-ний өдөр 1,805,228 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА