Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Э.Гантулга,       

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч ******* ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000194 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2016 оны 05 сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд оршин суух ******* гэх айлд иргэн ******* унтаж байхад нь босгох гэснээс хувийн таарамжгүй харьцаа үүсч маргалдан улмаар ******* нь иргэн Ш.Батжаргалын нүд рүү нь гараараа цохисны улмаас Ш.Батжаргалын зүүн нүд нь сохорч бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч Ш.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 05 сарын 28-29-нд шилжих шөнө Алтангэрэлийнд түүний эхнэр, Оюунбат, Аптангэрэлийн 4-5 настай эмэгтэй хүүхэд бид 5 амарч байсан. Тэгсэн нэг мэдэхэд намайг ******* нь согтуу орж ирээд миний хажуунаас өшиглөх шиг болоод үснээс татаж босгосон. Би Наранбаатар, ******* хоёрыг гаднаас орж ирсэнийг мэдээгүй. Намайг үсдэж босгохоор нь л мэдсэн. Тэгээд босоход Алтангэрэл босчихсон сууж байсан. Эхнэр нь цаана нь хэвтэж байсан бодвол унтаж байсан байх. Оюунбат миний цаад талд унтаж байсан. Би гэрийн хоймор талд нь зүүн тийш хараад хэвтсэн миний цаана Оюунбат, зүүн талын орон дээр Алтангэрэл эхнэр хүүхэдтэйгээ унтаж байсан юм. Ингээд ******* намайг үсдэж босгохоор нь би босоод гар хөлийг нь хорих маягаар түүний цээжин дээрээс нь барьж дороо хийгээд дарахад ******* болъё гэсэн. Би тэгэхээр нь түүнд хандаж “надтай ярих юм байгаа бол өглөө эрүүл ирээд ярь, эрүүл согтуу хоёр хоёулаа яриа нийлэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн ******* болъё гээд айлаас гараад явсан. Тэгээд би босоод айлын баруун талын хананд байсан ширээн дээрээс аягатай цай авч уугаад сууж байтал ******* гаднаас орж ирсэн. Тухайн үед Наранбаатар гэрээс гараагүй зүүн талын ор налаад сууж байсан. Би цайгаа уугаад сандал дээр сууж байхад ******* “за ахынх нь буруу болъё” гээд хоёр гараа урдаа бариад над руу дөхсөн. Би тухайн үед анзаараагүй ертөнцийн зүгээр зүүн урагш хараад сууж байтал гэнэт л хажуу талаас тас хийгээд нүдэнд оч маналзаад л явсан. Тэгсэн миний нүднээс цус гоожихоор нь би “пизда минь юугаар цохичихвоо” гээд харахад баруун гарт нь машины түлхүүр байсан. Тэгээд л хэрэлдээд эхэлтэл Наранбаатар *******ыг аваад явсан. *******, Наранбаатар нар нь Алтангэрэлийн гэрт орж ирээд намайг үсдэж босгосноос хойш бараг цаг орчим болсон байх гэж бодож байна. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлсэн чинь аймгийн төвд очиж үзүүл гээд тэр шөнөө аймагт ирээд үзүүлсэн чинь хотруу хугацаа алдалгүй явуул гээд “Орбита” нүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16-22, 111-113/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 05 сарын 28-29-нд шилжих шөнө Бөмбөгөр суманд гэртээ унтаж байсан чинь шөнө 01 цагийн орчим байх *******, Наранбаатар хоёр манайд орж ирээд манайд унтаж байсан Батжаргалд өгөх гээд байгаа бололтой нэг шил архи гаргаж ирээд уух гээд байгаа бололтой байхаар нь би аяга тавагтай юм дөхүүлж өгчихөөд өөрөө архи хэрэглэдэггүй болохоор орондоо ороод эхнэрийнхээ хажуугаар унтах гээд хэвтэж байсан чинь хоорондоо юм яриад ******* нь Батжаргалыг босоод ир гээд татаж чангаагаад байсан. Батжаргал нь эрүүл, ******* согтуу байсан болохоор би эрүүл согтуу хоёр хүн хоорондоо учиргүй маргалдаад байхгүй биз гэж бодоод унтах гээд зүүрмэглэж байсан чинь Батжаргал дуугараад “******* нүд хага шаачихлаа” гэхээр нь босоод ирсэн чинь Батжаргал гэрийн баруун талд өмдтэйгээ зогсч байхаар нь гэрээс гарсан чинь гадаа *******, Наранбаатартай зогсч байхаар нь би гараад *******ыг “та яагаад гэрт унтаж байгаа хүн унтуулахгүй, гэрт зодоон цохио хийх гээд байгаа юм бэ” гээд хэд цохьж авчихаад Наранбаатарт нь өгч явуулчихаад эргээд ороод ирсэн чинь Батжаргал “ нүд юм харахгүй байна” гээд байхаар нь эмнэлэг дээр дагуулж очоод Хашаа эмчид үзүүлсэн чинь аймаг орж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэхээр нь шөнөдөө Батжаргалыг авч аймаг орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

Гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн:

Ш.Батжаргал гэж хүн 2016 оны 05 сарын 28-ны шөнө 03 цагийн үед өөрөө ирж үзүүлсэн. Үзэхэд биеийн байдал хүнд орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, нүдний салст бүрхүүл гэмтэж шингэн зүйл гарсан, баруун нүдийг дарж зүүн нүдээр харуулахад огт юм харахгүй байна гэж байсан. Эмчилгээ бол хийгээгүй нүдийг нь хараад яаралтай аймаг орж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд явуулсан. Тэр шөнөө сумын хүнтэй аймаг явсан сураг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2016 оны 05 сарын 25-ны орчим Дорнод аймгийн төвөөс найз Ш.Батжаргалын хамт Баянхонгор аймаг руу явсан. Ингээд замдаа хоёр хоноод Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд шөнө очсон. Ингээд Алтангэрэл гэж айлд морь малаа буулгаад тэндээ унтаж амрахаар хэвтсэн. Тухайн үед Батжаргал бид хоёр, гэрийн эзэн Гэрлээ ч мөн эрүүл байсан. Ингээд унтаж байтал шөнө хүмүүс ярилцаад байхаар нь сэрэхэд Батжаргал босоод гэрийн баганын баруун талд сандал дээр суучихсан, харин гэрийн эзэн зүүн талын орон дээрээ сэрүүн байсан. Харин гэрээс танихгүй хүмүүс гарч байх шиг байсан. Тэгээд удаагүй гаднаас ******* нь согтуу орж ирсэн, би унтах гээд эргэж хараад хэвтэж байтал гэрийн хаалга дуугараад эргэж харахад ******* нь согтуу “болъёоо хөгшөөн” гэсээр орж ирээд 2 гараа дэлгээд Батжаргалруу ойртоод л цохих шиг болсон намайг харж байхад сүртэй хүчтэй цохиогүй, нүднийх нь урдуур гараа явуулах шиг л болсон. Тэгсэн чинь Батжаргал нүдээ гараараа таглаад “нүд болохоо больчихлоо” гээд бахираад нүдээ таглахаар нь би босч очоод гарыг нь аваад харахад зүүн нүднээс нь цус гоожиж байсан. Тэгсэн Алтангэрэл босч ирээд нөгөө ******* нь ч гэсэн гараад явчих шиг болсон.Тэгээд эмнэлэг рүү явахаар болж гэрээс Алтангэрэл ганцаараа Батжаргалыг аваад гарч хүн рүү машин байна уу гээд яриад байсан бодвол тэр машиныхаа хүнтэй цуг эмнэлэгт авч очсон байх. Би Батжаргалыг эмнэлэг явахад тэр айлын гэрт нь эхнэр хүүхдийнх нь хамт үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 317 тоот шинжээчийн 1.Ш.Батжаргалын биед зүүн нүд сохорсон гэмтэл үүссэн байна. 2.Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Ш.Батжаргалын биед үүссэн дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулсан байна гэх дүгнэлт /хх-ийн 53/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 05 сарын 28-ны орой Бөмбөгөр сумын төв дээр ирээд Төрөө гэх айлд орсон чинь миний танилцаж адуу мал авч байсан Дорнод аймгийн Батжаргал гэх залуу ирсэн байхаар нь уулзаад тэнд нэг шил архи тойруулаад ууж байсан чинь Батжаргал хамт ирсэн хүнтэйгээ Алтангэрэлийнх рүү явчихаар нь би тэндээ байж байгаад Наранбаатарын гэрт очоод тэндээс нэг шил Болор архи аваад Алтангэрэлийн гэрт Наранбаатарын хамт ирсэн чинь Батжаргал орондоо орчихсон, Алтангэрэлийнх бүгдээрээ унтах гэж байсан. Би ороод найзыгаа ирсэнд нь хөөрөөд “босоод ир хө” гээд хөнжлөөс нь татаад босгох гэсэн чинь босохгүй хэвтээд байсан. Тэгээд би хөнжлөөс нь дахиад бос л доо гээд татаад байсан чинь Батжаргал уурлаад намайг дороо хийгээд дараад боогоод байхаар нь би болъё гэж гуйж байгаад гарыг нь тавиулаад босч ирээд би найзыгаа ирлээ гээд хөөрч баярлаад ирэхэд чи яагаад уурлаад байгаа юм гэхэд Батжаргал нь намайг барьж авахад шанаа орчим нь цохисон чинь нүдрүү нь цохьсон юм шиг байна. Би маргааш нь Батжаргалаас уучлалт гуйсан. Би Батжаргалын шанаа руу нь гараараа цохиход халитарч нүд рүү нь цохисон байна. Миний гарт түлхүүр байгаагүй би машинд түлхүүрээ үлдээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 11-12/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 13/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 13-14/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ын тодорхойлолт /1-р хх-ийн 48/

Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /1-р хх-ийн 49/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 68/,

Өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 70-88/

Орбита эмнэлгийн тодорхойлолт /1-р хх-ийн 90/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /1-р хх-ийн 93-94/

Бөмбөгөр сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 95/

хохирол төлсөн баримт 2 ширхэг /1-р хх-ийн 201-202/

хүүхдийн төрсний гэрчилгээ /1-р хх-ийн 203/

хохирогч Ш.Батжаргалын “миний бие *******аас нэхэмжлэх зүйл буюу гомдол санал байхгүй. *******ад хөнгөн ял өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.      

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.     

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэл эдлэж байгаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хохирогчид төлбөр төлсөн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн байсаныг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно. 

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, эдлэх ялын дэглэмийг нь хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *******ын охин Э.Гансувдад асран хамгаалагч тогтоохыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Хохирогч Ш.Батжаргал нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хөнгөн ял өгнө үү гэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн учир 112 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн машины түлхүүр 1 ширхэгийг буцаан олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай, дан бүрээстэй, бүрэн тавилгатай, шалгүй гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг гурван жил дөрвөн сар арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан гурван жил дөрвөн сар арав хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нэг зуун арван хоёр хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины түлхүүр 1 ширхэгийг буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай, дан бүрээстэй, бүрэн тавилгатай, шалгүй гэрийг түүнд буцаан олгож, 2016 оны 08 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хохирогч нь өөрт учирсан хохиролоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 01 сарын 14-ний өдөр төрсөн Э.Гансувдад асран хамгаалагч тогтоохыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргад даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлйин 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                       ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА   

                                                      Н.БААСАНБАТ