Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/978

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Э.Ууганзаяа /томилолтоор/

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308001710802 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ийн Д, Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь хохирогч Ж.Э-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч Г.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А нэртэй дэн буудлын 203 тоот өрөөнөөс хохирогч Ж.Э-ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

- хохирогч Ж.Э-ийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н нэртэй пабад ганцаараа 21 цагийн орчимд орж пиво авч үйлчлүүлсэн. Нэлээн сууж байгаад 2022 оны 12 дугаар сарын 02-ны шөнийн 00 цагийн орчимд тус пабаас гараад такси барьж Сонгинохайрхан дүүргийн А нэртэй дэн буудалд ирж 1 ортой өрөө аваад тооцоо төлөөд орсон. Тус дэн буудалд би ганцаараа байж байгаад хажуу өрөөнд миний насны ойролцоо эмэгтэй хүн харагдахаар нь хаалгыг нь нээгээд үзтэл нэгэн эрэгтэй болон эмэгтэй хоёр байсан. Би тухайн өрөөнд орж танилцан хамт хөзөр тоглож архинаас нь хуваан ууж архи дуусахаар нь би яаж хүний юм зүгээр хэрэглэх вэ гэж бодоод өөрийн өрөөндөө орж үргэлжлүүлэн өөрийнхөө авсан архийг хуваан уухаар санал тавин өрөөндөө орсон. Би өрөөндөө ороход ардаас хажуу өрөөний залуу орж ирээд хамт хоёр гурван хундага архи ууж байгаад би ухаанаа алдан унтчихсан байсан. Өглөө нь босож ирээд гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Одоо харвал сайн танихгүй. Гэхдээ тэр үл таних залуу өөрийн гар утсаа буудлын ресейпшн дээр үлдээсэн байсан. ...Гэхдээ тухайн үед биен дээрх шивээс нь нүдэнд их тусаж байсан. Одоо санахад соёмбын шивээс байх шиг байсан. Би өөрийн гар утсыг 2022 оны 08 сард худалдан авсан 2022 оны 12 дугаар сар хүртэл би төлөлт хийсэн боловч өнөөдрийг хүртэл би ашиглаагүй байгаа тул өнөөдрийг хүртэлх сар бүрийн лизингийн төлбөр болон үлдэгдэл мөнгө нийт 993,497 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- хохирогч Ж.Э-ийн гэрчээр өгсөн “...Би А нэртэй дэн буудалд өөр хүний өрөөнд орж хөзөр тоглосон гэж дээр мэдүүлсэн. Тухайн хоёр хүний эрэгтэйг сэжиглэж байна. Би өглөө босоод буудлын угтагч эмэгтэйгээс манай өрөөнд ямар нэгэн хүн орж ирсэн үү гэж асуухад мэдэхгүй байсан. Би дэн буудлын өөр өрөөнд орж хөзөр тоглосон эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс өөрийн гар утсыг асуух гэж ороход эрэгтэй нь өглөөний 09 цагийн орчимд дэн буудлаас гарч явсан талаар дэн буудлын угтагч эмэгтэй хэлсэн. Харин эмэгтэй нь байсан бөгөөд тухайн эмэгтэй нь хамт явсан гэх эрэгтэйг сайн танихгүй, караокед орж дуулж байгаад танилцсан гэж хэлсэн. Яг ямар нэртэй караоке байсан талаар тухайн эмэгтэй мэдэхгүй байсан. Мөн дээр дурдсан эрэгтэй дэн буудалд өөрийн хуавэй загварын гар утсыг 51,000 төгрөгийн барьцаанд үлдээгээд аваагүй байсан. Би гар утсаа 2022 оны 08 сард 867,000 төгрөгөөр Сайн интернейшнл ХХК-иас лизингээр худалдан авч байсан. Миний гар утас хар саарал өнгөтэй. Энгийн гэртэй байсан. Одоо 867,000 төгрөгөөр үнэлнэ. Гар утасныхаа гэрийг 2022 оны 08 сард Драгон төвөөс 15,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 15,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

- гэрч Л.Г-ын “...миний бие 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, А зочид буудалд ресейпшнээр ажиллаж байгаад шөнө 01 цаг орчимд гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд 203 тоот өрөөнд орсон. Тооцоогоо хийгээгүй жаахан байж байгаад шилжүүлчихье гэж хэлээд өрөөндөө орцгоосон. Удалгүй эрэгтэй нь эмэгтэйнхээ гар утсыг барьж гарч ирээд буудлын тооцоо болох 45,000 төгрөгийг шилжүүлээд буцаад өрөөндөө орсон. Шөнө 03 цаг орчимд тухайн тооцоо хийсэн залуу “эхнэр дуудаад байна” гээд манай буудлаас гараад явсан. Үлдсэн эмэгтэй нь нэг харсан чинь 201 тоот өрөөний үүдэнд зогсож байхад нь би өрөөг нь зааж өгөөд буцааж оруулсан. Шөнө 04 цаг орчимд 201-т амарч байсан залуу нь гарч ирээд надад хандаж тухайн 203 тоотын эмэгтэйг өрөөндөө оруулъя. Манай багын найз байна гэж хэлээд өрөөндөө аваад орсон. 201-т байсан залуу тооцоогоо хийгээгүй байсан. Үүрийн 05 цагт 203 тоотод амарч байсан эмэгтэй нь өрөөндөө орж амарлаа гээд миний нүдэн дээр өөрийнхөө утсыг цамцныхаа дотор талын халаасандаа хийгээд 201 тоотод амарч байсан залууг аваад өрөөндөө орсон. Өглөө нь 11 цаг орчимд эрэгтэй нь гарч ирээд мөнгө байдаггүй. Банк ороод мөнгө аваад ирье, өөрийнхөө утсыг үлдээчихье гээд утсаа үлдээгээд явсан. 203 тоотод амарч байсан эмэгтэйг сэрээгээд өрөөгөө хүлээлгэж өгөхийг шаардахад босч ирээд хувцсаа өмсөж байгаад гар утсаа хайгаад байсан. Бид хоёр өрөөнд нь хайж үзээд байхгүй байсан. Тухайн өдөр манай буудалд 2 эмэгтэй, 1 эрэгтэй амарч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2364 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 101 дэх тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А нэртэй дэн буудлын 203 тоот өрөөнөөс хохирогч Ж.Э-ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Ж.Э-ийн зөвшөөрлөөр түүний хөлсөлсөн буудлын өрөөнд орж, улмаар хохирогчийн гар утсыг хулгайлан авсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул түүний гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ж.Э-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн байх тул шүүгдэгч Г.Д-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах саналтай. Хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Шүүгдэгч “...хэлэх зүйлгүй. 600 цагаас багасгаж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэл (хавтаст хэргийн 43 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлын нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Г-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д  300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д  оногдуулсан 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Д-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР