| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/186 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/186
2024 09 11 2024/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А (томилолтоор),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Гын Нт холбогдох эрүүгийн 2435000860180 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...... оны 10 дугаар сарын .....-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш нийгмийн ажилтан мэргэжилтэй, “А.....” ХК-д ...... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Ш овогт Гын Н /РД:...................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн “Toyota Prius-30” загварын ........... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн “Toyota Prius-30” загварын ............ УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал),
“Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг Г.Нт хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),
Эрх бүхий албан тушаалтны, Драгер багажаар согтуурал шалгасан “Г овогтой Ныг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор 6820 загварын драггер багаж ашиглан шалгахад 2.04 хувийн согтолттой байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудын хуулбар (хавтаст хэргийн 23-29 дэх тал),
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Тухайн жолоо барьж байсан хар цамцтай иргэн цагдаагийн дэд ахлагч А.Аын тавсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж үгүй гээд эсэргүүцэж байсан. Тухайн хүмүүсийг цагдаагийн газарт авч ирээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа эсэх талаар шалгуулан үзэхэд бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тус тээврийн хэрэгслийг Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах түр саатуулах тээврийн хэрэгслийн ачилтын машин дуудаж хүргүүлсэн. Жолоо барьж байсан хар цамцтай иргэний Г.Н, мөн жолоочийн урд суудалд сууж байсан улан цамцтай иргэнийг С, мөн ард зорчиж явсан иргэнийг Ч гэх нэртэй хүмүүс байсан талаар сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Гэрч А.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн тээврийн хэрэгсэл зөрөх үед жолоочийг харахад хар өнгийн цамцтай тамхи асаагаад гартаа барьчихсан, харахад илт согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай харагдаж байсан бөгөөд хажууд нь улаан өнгийн цамцтай үл таних иргэн далийгаад жолооч руу хазайгаад суучихсан харагдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
Шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би согтууруулах ундааны зүйл хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн тоёота “Приус 30” маркийн ......... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн надад сонгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр танил ах болох С гэх ахын гэрээс аргал авах зорилгоор өөрийн эзэмшлийн тоёота “Приус 30” маркийн ........ УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тухайн айлд очсон. Очоод эхнэр Уранчимэгт машинаа өгөөд явуулчхаад С ахтай портер маркийн тээврийн хэрэгсэл дээр аргалаа ачаад явах гэж байсан хүн танил С ахын хамт 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тухайн үед эхнэр У руу залгаад өөрийнхөө машиныг буцаагаад авчихсан байсан юм. Ингээд С ах бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд машин барьж намайг гэрт хүргэж өгнө гэж ярьж байгаад дахин хоёулаа халуураад 0.75 литрийн Ерөөл гэх нэртэй архийг аваад хамт хувааж уугаад С ах биеэ хянах чадваргүй болж муудаж байсан. Ингээд архи дуусаж тэдний гэрээс би өөрийн эзэмшлийн тоёота “Приус 30” маркийн ........... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод С ахыг хажуудаа суулгаад Улаангом сумын 1 дүгээр баг Чандмань руу хөдлөөд явсан. Тухайн үед замд зүс таних нэрийн мэдэхгүй хөгшин ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай таягтай согтуу явж байхаар машиндаа суулгаад гэрийнхээ зүг явж байсан талаар санаж байна. Тэрнээс цааш яасан юу болсон талаар санахгүй байна нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн цагдаа нар миний архи согтууруулах ундаа хэрэглэсэн хэмжээг шалгах зорилгоор согтуурал шалгаж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд 2024 оны 04 сард 17.000.000 төгрөгөөр банк бусаар авч байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл боловч банк бусын нэр дээр байдаг юм. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дүүгийн найраас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж 1 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)-үүдээр шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн “Toyota Prius-30” загварын .......... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласнаар шүүгдэгч Г.Н нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн “Toyota Prius-30” загварын ............. УВС улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 2.04%-ийн согтолттой байсан болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал )-ээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.
Увс аймгийн Цагдаагийн газрын Түргэн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Агийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0207892 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал )-аар шүүгдэгч Г.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 (нэг) жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн “Toyota Prius-30” загварын .......... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Г.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Н урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 51, 54-67 дахь тал)-оор тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Н урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул шүүгдэгч Г.Нын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Бгийн өгсөн: “Г.Н нь цэргийн алба хаагаагүй бөгөөд зан байдлын хувьд хэгжин, хэрсүү яриатай боловч тулаад харьцахаар уян зөөлөн, хааяа нэг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, найд нөхөд ихтэй, гэр бүлийн харилцаа сайтай. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эмчийн хяналтад байдаггүй. Хууч өвчтэй эсэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Нт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Г.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 470 (дөрвөн зуун дал) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Гын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 470 (дөрвөн зуун дал) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ