Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/370

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2024          05           20                                              2024/ШЦТ/370

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, Д.Отгонпүрэв,

улсын яллагч Д.Агар /томилолтоор/,

шүүгдэгч О., түүний өмгөөлөгч Д.Балжидмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Э.Сайнсанаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******, 2 дугаар хэсэг гудамж, 19 дүгээр байр, 43 тоотод оршин суух хаягтай, ******* дүүргийн 12 дугаар хороо, *******ын 1-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ын //

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч О. нь 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, Механик тээврийн сургуулийн хойд замд маркийн УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн уднадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч О. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
  2. Насанд хүрээгүй хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 12 цаг 25  минут орчимд гэрээсээ гараад сургууль руугаа явж байсан бөгөөд хотхоны зүүн урд уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарах гээд гэрлэн дохиотой явган хүний зам дээр ирсэн. Тэр үед явган хүний гарцны гэрлэн дохиотой явган хүний зам дээр ирсэн. Тэр үед явган хүний гарцны гэрэл  нь улаан асаж байсан мөн уулзварын голд цагдаа зохицуулалт хийж байсан. Тэр цагдаа урдаас хойш хойноос урагш явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулж байгаад 10-15 минутын дараагаар зүүнээс баруун тийш, баруунаас зүүн тийш явах тээврийн хэрэгслийг явуулсан.Тэгэхээр нь би гарцаар ахлаж явахад зүүн талаас явж байсан тээврийн хэрэгслийн жолооч хойшоо эргэх ахиад алхаад явахад миний баруун талаас эргэж байсан тээврийн хэрэгслийн жолооч мөргөөд би газар унасан. Би явган хүний гарцаар чигээрээ л явж байсан. Ослын дараа миний нуруу их өвдөж байсан, зам дээр хэсэг хэвтсэн, намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирсэн бөгөөд мөн зохицуулалт хийж байсан цагдаа ирсэн, жолооч нь 30 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,
  3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болсон өдөр над руу охины дугаараас цагдаа байна гэж яриад манай охиныг тээврийн хэрэггсэлд мөргүүлсэн талаар хэлсэн. Ингээд би мэдсэн. Би тухайн үедээ гэрт байсан. Би шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Цагдаа хэлэхдээ охиныг түргэний машин аваад явж байна гэж хэлсэн...удаан алхах, суухаар нуруу өвдөх зовиуртай байгаа. Ирэх жил буюу 2024 онд нурууны хадаасаа авхуулах хагалгаанд орно. Одоо эмчилгээ хийж байгаа бөгөөд хэдэн төгрөг болж байгааг мэдэхгүй байна. Жолоочийн талаас 1.000.000 төгрөг төлсөн байгаа...”   гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,
  4. Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* дүүргийн нутаг, хотхоны зүүн уулзаварт нэгдүгээр элжээр буюу 08:30 цагаас 22 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж ажиллласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд өдөр 12 цагийн орчимд тээврийн хэрэгслийн урдаас хойш явах чиглэл, замын хойд хэсэгт хүүхэд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, би тээврийн хэрэгсэлд хүүхэд яаж мөргөснийг хараагүй, уулзварын голд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зүүнээс баруун тийш чиглэлд мөн урагш явах чиглэл буюу бүх чиглэлийн хөдөлгөөнийг оролцуулж зохицуулалт хийж байсан тэгэхэд зүүнээс баруун тийш явж байсан тээврийн хэрэгсэл хойш эргэх үйлдэл хийх үедээ гарцаар гарч явсан явган зорчигч хүүхдийг мөргөсөн байсан. Би зохицуулалт хийх үедээ гэрлэн дохионы дарааллаар хөдөлгөөнийг зохицуулж байсан, тэр хүн хэлэхдээ баганад халхлагдаад харагдсангүй гэж хэлж байсан. Мөргүүлсэн хүүхэд нь 15-16 орчим насны эмэгтэй хүүхэд байсан. Нуруугаар өвдөөд байна гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дахь тал/,
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9622 дугаартай:

                 “- З.Энэрлийн биед сээрний 12 дугаар нугалмын бяцарсан хугарал, баруун шуу хугарлын алганд зулгалгарлалт гэмтэл тогтоогдлоо.

                 - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ.

                 - Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох  журамын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                 - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдагдуулахгүй.

                 - Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан хугацаанд үүссэн байх боломжтой  ...” гэх шинжээчийн дүнэлт  /хх-ийн 44-45 дахь тал/,

  1. Замын хөдөлгөөний  удирдлагын төв” ОНӨТҮГ-аас илрүүлсэн гэрлэн дохионы горим /хх-ийн 63-64 дэх тал/,
  2. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч гаргасан 2023 оны 09дүгээр сарын 17-ены өдрийн 1607 дугаартай “мөрдөгчийн магадлагаа”   /хх-ийн 65-66 дахь тал/,
  3. “Ford Ecosport”  маркийн 43-84 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-ийн 27-28 дахь тал/,
  4. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ослын талаар мэдэхгүй бөгөөд манай хадам дүү надад ослын талаар хэлсэн, учир нь тухайн өдөр надаас миний эзэмшлийн автомашиныг хэлж аваад барилгын материал авахаар явж байхдаа явган зорчигч мөргөсөн юм байна лээ. Миний автомашинд хохирол учраагүй. Автомашинтай холбоотой санал хүсэлт байхгүй ...би бусдад учирсан хохиролд 1.000.000 төгрөг өгсөн байгаа, одоо шаардлагатай гэвэл эм тариаг авч өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дахь тал/,

10. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын З.Энэрлийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /хх-ийн 82-83 дахь тал/,

11. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “... дээрхи гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.564.000 төгрөгийн зардал гаргасан болох нь мэдээлэл судалгааны ажилтнаас гаргаж ирүүлсэн барим бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний  зардлыг яллагдагчаас гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 дэх тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 40 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 81 дэх тал/ зэрэг болно.

 

  1.   Гэм буруугийн талаар:

 

                       Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О. нь 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, Механик тээврийн сургуулийн хойд замд маркийн УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ийг мөргөсөн үйл баримт тогтоогдлоо.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн гэмт хэргийн шинжтэй байна.

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ”, 13.2.1-т “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч О. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч ийг мөргөж, түүний биед хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

  Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч О.Гантулгын үйлдэл нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, насанд хүрээгүй хохирогч , гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

      Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Иймд шүүгдэгч О.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

  1.   Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” гэж тус тус хуульчилсан.

    Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүнээс эрүүл мэндтэй холбоотойгоор 1,141,650 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 116-119  дэх тал/ ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд үлдэгдэл төлбөрийг 140,000 төгрөгөөр харилцан тохиролцож шүүгдэгч 140,000 төлж барагдуулсан.

     Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар насанд хүрээгүй хохирогч О.Гантулгын эрүүл мэндийн даатгалын төлбөр 5,564,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулжээ.

                Түүнчлэн шүүгдэгч өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, үүнтэй холбоотой учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар төлж арилгахыг  насанд хүүрээгүй хохирогч нь шүүгдэгч О.ас шаардах эрхтэй гэж үзнэ.

     Шүүгдэгч О.Гантулгын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг  мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч /хх-ийн 30 дахь тал/ нь насанд хүрээгүй хохирогч ийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дээрх мөрдөгчийн маягтыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрч, шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 430 дугаар дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр насанд хүрээгүй хохирогч ийн сэтгэцэд учирсан хохирлыг хоёрдугаар зэрэг гэж тогтоосон байна.

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /20.7 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн умаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн хоёрдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцож бодохоор хуульчилсан.

Гэмт хэрэг болох үеийн буюу 2023 оны 5 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг байх ба шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан саналыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлыг 4,400,000 төгрөгөөр тогтоосон ба шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болно.

 

  1.     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүгдэгч О.Гантулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

  2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан тул гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...34 настай, эрхэлсэн ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гантулгыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1.  Бусад асуудлаар:

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ын Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

            2. Шүүгдэгч ******* овогт ын Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч О.д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.д сануулсугай.     

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.ас хохирол 5,564,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт, эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирол 4,540,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т нөхөн төлснийг тус тус дурдсугай.

 8. Насанд хүрээгүй хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

            9.  Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТБОЛОР