Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2018/0562

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

Гуравдагч этгээд: Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-II орон сууцны хорооллыг Ус, дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж тус тогтоолын дагуу “Ус дулаан дамжуулах төв-11”-ийн хууль ёсны эзэмшигчээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг тогтоох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх тогтоол гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ж.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Ж” ХХК-ийн орон сууцны контор нь 2015 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр Төрийн орон сууцны корпорациас зарласан Хан-Уул дүүрэг 10-р хороо, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болсон. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай “Ашиглалт хариуцан хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээнд заасан өөрийн үүргээ бүрэн биелүүлж Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын 30 байрны 1620 өрх, 240 хүүхдийн цэцэрлэгийг ус, дулаан, цахилгаанаар хангах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үйл ажиллагааг одоог хүртэл хэвийн явуулсаар ирсэн.

“Ашиглалт хариуцан хамтран ажиллах гэрээ”-г 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл байгуулсан бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа 1 жил байна” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, гэрээ байгуулсан ашиглагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор тогтоосон хугацаа юм.

Гэтэл Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа II орон сууцны хорооллыг ус, дулаанаар хангаж буй УДДТ-ийн ашиглалт, үйлчилгээг Орон  сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хариуцуулахаар шийдвэрлэсэн байна. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь Буянт-Ухаа II орон сууцны хорооллын ашиглалт үйлчилгээг манай орон сууцны контор хүлээн авахаас өмнө нь хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдон хариуцан ажиллах боломжгүй, алдагдалтай ажилласан, СӨХ-ны үйл ажиллагааг хариуцан ажиллах боломжгүй гэх шалтгаанаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас “Бянт-Ухаа-2” орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарсан манай орон сууцны конторт хариуцуулан өгсөн юм.

Манай орон сууцны контор “Бянт-Ухаа-П” орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар хүлээн авснаас хойш хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мэргэжлийн инженер, техникийн ажилчдын сэтгэл шингэсэн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бидний ажил өдий зэрэгт хүрч, мянга мянган оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж инженерийн шугам сүлжээ болон УДДТ-ийн ашиглалт, засвар үйлчилгээг шуурхай хийж, хангагч байгууллагуудад ямар нэг хуримтлагдсан өр төлбөргүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллага 24 цагийн шуурхай диспетчерийн албаар дамжуулан 8000 гаруй оршин суугчдад төрийн үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс тасралтгүй, шуурхай хүргэхийн зэрэгцээ 24 инженер, техникийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр ажилчдын цаана 100 орчим иргэний нийгмийн асуудлыг шийдвэрлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.

Гэтэл эдгээр нөхцөл байдлыг судлалгүй “Бянт-Ухаа-2” орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг дахин Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хариуцуулан өгч байгаа бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь бидний өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн бүхнийг маань үгүйсгэсэн, шударга ёсонд нийцэхгүй, шударга бус шийдвэр гэж үзэж байгаа тул гомдолтой байна.

Түүнчлэн Захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг бөгөөд харин захиргааны акт гаргах үйл ажиллагаа буюу үйл явцдаа Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх бөгөөд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.

Нөхцөл байдлыг тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан ажиллагааг хийх бөгөөд уг ажиллагааны нэг нь оролцогчийг сонсох буюу сонсох ажиллагаа явуулах юм.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны ишйдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нъ хангах” гэсэн тусгай зарчимтай бөгөөд захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилгоор сонсох ажиллагааг хийх талаар уг хуулийн 26, 27 дугаар зүйлд зааж өгсөн.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь ямар ч судалгаа шинжилгээгүй, нөхцөл байдлыг тодруулалгүй, ашиглалтыг өнөөдрийг хүртэл хариуцан ажиллаж байгаа манай байгууллагад мэдэгдэлгүй хуульд заасан журмыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд бидний зүгээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй тул ийнхүү шүүхэд хандаж байгаа болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргадаг. Харин захиргааны актыг гаргахдаа ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасныг баримтлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж заасны дагуу захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Нөхцөл байдлыг тогтоох нь энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасны дагуу захиргааны байгууллага нь акт гаргахын өмнө хуульд заасан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тайлбарлаж санал авах боломжийг олгож, сонсох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шийдвэр гаргахдаа ямар нэг судалгаа, шинжилгээ хийлгүй, нөхцөл байдлыг тодруулалгүйгээр ашиглалтын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хариуцан ажиллаж байгаа нэхэмжлэгч Ж" ХХК-д мэдэгдэлгүйгээр хуульд заасан журмыг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтын 5 дахь хэсэгт заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-II орон сууцны хорооллыг Ус, дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар, 2014 оны “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолд заасны дагуу Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөгдсөн 6 орон сууцны хороололд нийтдээ 60.0 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий ус, дулаан дамжуулах төвийн 26 барилга, тоног төхөөрөмж, урт цэвэр усны шугам хоолой, бохир усны насос станцын 4 барилга, 21,3 км урт бохир усны шугам хоолой, цахилгаан хангамжийн хуваарилах байгууламжийн 8 барилга, хаалттай дэд станцын 96 барилга, 157,5 км цахилгаан хангамжийн 10 Кв-ын кабель шугам зэрэг цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамжийн инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсан.

Дээрх дэд бүтцийн байгууламжууд нь нийт 70600 айлын орон сууц, 26700 хүүхдийн сургууль, 11500 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 4650 хүнд үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, 2000 ажлын байр бүхий худалдаа үйлчилгээ, соёлын төв зэрэг барилга байгууламжийг ус, дулаан, цахилгаанаар хангах хүчин чадалтай юм.

Эдгээрээс 30.0 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ус, дулааны шугам сүлжээ, барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгүүлэн, нийслэлийн өмчийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл зэрэг мэргэжлийн байгууллагад ашиглалтыг нь хариуцуулах хүсэлтийг 2014 оноос эхлэн Барилга, хот байгуулалтын яам, тус яамны “Дэд бүтэц төсөл”-өөс ирүүлсэн.

Нийслэлийн удирдлагуудаас эдгээр дэд бүтцийн барилга байгууламжуудын санхүүжилтийн эх үүсвэр болох зээл, зээлийн эргэн төлөлтийг нийслэл хот хариуцахгүйгээр улсын төсвөөс төлнө гэдгийг тодорхой болгосны дараа  нийслэлийн өмчид бүртгэх нь зүйтэй гэж үзээд эд хөрөнгийн бүртгэл, эзэмшилт ашиглалтын асуудлыг шийдвэрлээгүй байсан. Сангийн сайдаас зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг улсын төсвөөс төлж байгаа, цаашид төлнө гэсэн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 7-1/507, 2 дугаар сарын 23-ны өдрийн 9/948 дугаартай албан бичгүүдийг ирүүлсэн тул дэд бүтцийн барилга байгууламжуудыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нийслэлийн өмчид бүртгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж" ХХК Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтын 5 дахь хэсэгт заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-II орон сууцны хорооллыг Ус, дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлд Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, 77 дугаар зүйлийн 77.3-т орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн өмчийг хэн захиран зарцуулах эрхтэй гэдгийг хуульчилсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар тухайн орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй этгээд нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй, нөхцөл байдлыг судлаагүй гэж тайлбартаа хэллээ.

Нийслэлийн Засаг даргын 01/3027 тоот албан бичгээр 25 дугаартай тогтоолын төслийг өргөн барьсан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тогтоолын төслийн хавсралт хэсэгт Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэж авах тухай болон ямар үндэслэлээр нийслэлийн өмчид бүртгэж авах болсон тухай тодорхой танилцуулгууд, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайдын албан бичгүүд, Барилга, хот байгуулалтын яамны дэд бүтцийн төсөл зэрэг багтсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгөөр Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд Нийслэлийн өмчид бүртгэж авах тухай санал тусгагдсан. Дээрх албан бичиг, судалгаа, шинжилгээний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх үүргийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчид нь тухайн нутаг дэвсгэрт оршин суух хүн, амыг төлөөлж эрх үүргийг нь хэрэгжүүлж буй байгууллага юм.” гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “ Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Буянт-Ухаа-1, 2 хорооллын ус, дулаан дамжуулах төвийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүулэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тогтоолоор Нийслэлийн өмч буюу орон нутгийн өмчид бүртгэн авсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Буянт- Ухаа-1. 2 хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх шийдвэр гарсан. Тус газар нь дээд газраас гарсан шийдвэрийн дагуу “Ж” ХХК-аас дээрх байгууламж болох орон нутгийн өмчийг шилжүүлэн авах гэтэл өгөхгүй эсэргүүцэн одоог хүртэл орон нутгийн өмч хөрөнгийг дур зоргоороо үнэгүй эзэмших, ашиглах зорилготой үйл ажиллагааг явуулан тус газарт хохирол учруулсаар байгаа болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдээс бие даасан шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа: “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Буянт-Ухаа-1, 2 хорооллын ус дулаан дамжуулах төв нь Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 2 зүйл, 77 дугаар зүйлийн 1 дэх зүйлд тус тус заасан хүрээнд орон нутгийн ба нийтийн зориулалттай өмч бөгөөд тухайн оршин суугч нийслэлийн иргэдийн нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө юм.

Гэтэл “ОXXК болон ”Ж" ХХК зэрэг хувийн компаниуд нь Нийслэлийн өмчийн ус, дулаан дамжуулах төв болон шугам сүлжээний ашиглалт, 2150301169 үйлчилгээг ямар ч гэрээ болон эрх зүйн баримт бичиггүйгээр эзэмшиж үйл ажиллагааг явуулсаар байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/705 дугаар захирамжийн дагуу ашиглалт үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар үндсэн хөрөнгийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын баланст шилжүүлэн шийдвэрлэсэн болно. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь тухайн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу дээрх орон нутгийн өмчийг эзэмшилдээ авч чадахгүй удааширч байгаа нь эд хөрөнгө болон тоног төхөөрөмж эзэнгүйдэх, үрэгдэх, тоногдох нөхцөл байдал үүсч байгаагаас гадна машинист мэргэжилтэй 3-н ажилтан сул зогсолттой, мөн үйл ажиллагааны үр дүнд нөөц бүрдүүлэх, засвар үйлчилгээний хуримтлал үүсгэх нөхцөлгүй болгож орон нутгийн өмчид хохирол учирсаар байна.

Иймд “Ж” ХХК Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа“ 2 дугаар орон сууцны хорооллын ус дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь орон нут-ийн емч хөрөнгийг дур зоргоороо үнэгүй эзэмших. ашиглах зорилготой байгаагаас тус газрын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа учир нэхэмжлэлийг хангахгүй орхиж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар эзэмшигчээр тогтоох бие даасан шаардлага гаргаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хувьд тусгайлсан санал байхгүй. Бие даасан шаардлага биш хариу тайлбар гэж үзэхээр байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК тус шүүхэд хандаж “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн, “Хөрөнгө бүртгэн авах тухай” 25 дугаар тогтоолын хавсралтын 5-д заасан “Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг ус дулаанаар хангаж буй “Ус дулаан дамжуулах төв-11”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ “...сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, тус хорооллын инженерийн шугам сүлжээ болон ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцах болсон...2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс “Ашиглалт хариуцан хамтран ажиллах гэрээ” байгуулаад хэвийн ажиллаж байтал...нөхцөл байдлыг судлалгүйгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хариуцуулахаар шийдвэрлэсэн нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...сонсох ажиллагаа явуулаагүй” гэж тодорхойлжээ.

            Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...2014 оноос эхлэн Барилга, хот байгуулалтын яам, тус яамны “Дэд бүтэц төсөл”-өөс...30 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ус, дулааны шугам сүлжээ, барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгүүлэх, улмаар ашиглалтыг нь мэргэжлийн байгуулагуудад хариуцуулах хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан...Сангийн сайдаас зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг улсын төсвөөс төлнө гэдгийг мэдэгдсэн тул дэд бүтцийн барилга байгууламжуудыг Нийслэлийн өмчид бүртгэсэн нь хуульд нийцсэн” гэж тодорхойлон, гуравдагч этгээдээс мөн дээр дурдсанаар маргаж улмаар “Нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж тус тогтоолын дагуу “Ус дулаан дамжуулах төв-11”-ийн хууль ёсны эзэмшигчээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг тогтоох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх тогтоол гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах” бие даасан шаардлага гаргасан болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн, “Хөрөнгө бүртгэн авах тухай” 25 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118, 2014 оны “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж ашиглалтад орсон хавсралтад заасан нийт 24 900 062 148 төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэж авах, 2 дахь заалтаар Нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгийг данс бүртгэлдээ тусган, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгожээ.

            Түүнчлэн уг тогтоолын хавсралтын 5-д “Хан-Уул дүүрэг “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг ус дулаанаар хангаж буй Ус дулаан дамжуулах төв-11”, барилга 83 514 666 төг, халаалтын ялтсан бойлер бүхий тоног төхөөрөмж 76 405 766 төг, хэрэглээний халуун усны ялтсан бойлер бүхий тоног төхөөрөмж 34 061 328 төг, гадна цахилгааны кабель 26 450 783 нийт 220 432 543 төгрөгийн тоног төхөөрөмжийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын данс бүртгэлд тусгахаар заажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл. Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, Орон нутгийн өмчид эд хөрөнгийг дараахь  хэлбэрээр олж авна:

 1/ энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө;

 2/ төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө;

 З/ орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашгаар олж авсан эд хөрөнгө;

 4/ хуульд заасан бусад үндэслэлээр бий болсон эд хөрөнгө.   

77 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.

 2. Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:

          1/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах;

          2/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх;

         3/ орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө;

         4/ орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих.

 З. Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын тэргүүлэгчид эдэлнэ гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь орон нутгийн өмчийг шинээр олж авах, улмаар түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий этгээдийн хувьд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захиалан бариулсан Буянт-Ухаа 2 орон сууцны барилга, тоног төхөөрөмжийг орон нутгийн өмчид бүртгэж авсан нь түүний эрх хэмжээнд хамаарч байна.

“Ж” ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заасан ажил үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг Зохицуулах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 тоот тогтоолыг үндэслэн 3 жилийн хугацаагаар авсан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1001-1022, 1025-1032 дугаар орон сууцнуудын нийт 1620 хэрэглэгчийг хамаарч үйл ажиллагаа явуулж байжээ.

Түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр  нэхэмжлэгч компани болон Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн хооронд байгуулсан “Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-д “энэ гэрээний зорилго нь Буянт-Ухаа-2 хорооллын эхний ээлжийн 1620 айл өрхийн болон ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хүртэл хугацаанд СӨХ-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллах, түүнтэй холбоотой бусад эрх, үүрэг хариуцлагыг тогтооход оршино” гэж, мөн гэрээний 2.1-д “энэхүү гэрээг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулав, гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно, гэрээний хугацаа дуусахад хоёр тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг сунгах бол нэмэлт гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ” гэж тус тус тохиролцон, гэрээний 3.2-т Ус дулаан дамжуулах төвийн болон СӨХ-той холбоотой инженерийн байгууламж, тоног төхөөрөмж, хороолол доторхи гадна тохижилтийн эд хөрөнгө...-ийг хүлээлцэх ажлын комисс акт үйлдэн ашиглагч талд хүлээлгэн өгөх үүргийг захиалагч байгууллага, актаар хүлээн авсан инженерийн байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцаж технологийн дагуу ашиглан иргэдэд тасралтгүй үйлчилгээ үзүүлэх үүргийг нэхэмжлэгч компани тус тус хүлээсэн байна.

Уг гэрээний талууд 2017 оны 3 дугаар сарын 09-нд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, “Ж”  ХХК-ийн хооронд байгуулсан “Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ”-г дүгнэж улмаар гэрээний хугацаанд нэхэмжлэгч компанийг хангалттай сайн ажилласан гэж үзэж, цаашид гэрээг сунгах шаардлагагүй” гэж шийдвэрлэн акт үйлджээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн үед Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын эхний ээлжийн 1620 айл өрхийн болон ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хүртэл хугацаанд СӨХ-ийн үйл ажиллагааг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай гэрээ байгуулснаар  хариуцан ажиллаж байсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн, “Хөрөнгө бүртгэн авах тухай” 25 дугаар тогтоол гарах үед гэрээний хугацаа дуусаагүй үргэлжилж байжээ.

Энэ тохиолдолд хариуцагч нь уг тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны актын талаар мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн гэрээгээр хариуцаж байсан үйлчилгээг шууд гуравдагч этгээдэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн, “Хөрөнгө бүртгэн авах тухай” 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон уг тогтоолын хавсралтын “Ус дулаан дамжуулах төв-11”-д хамаарах хэсгийг захиргааны хууль бус акт болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Гуравдагч этгээд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж тус тогтоолын дагуу “Ус дулаан дамжуулах төв-11”-ийн хууль ёсны эзэмшигчээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг тогтоох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх тогтоол гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах” бие даасан шаардлага нь нэхэмжлэлийн хариу тайлбарын агуулгатай байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэ үндэслэлээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.3 дугаар хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-II орон сууцны хорооллыг Ус, дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН