Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00018

 

М.А-гийн  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2024/00177 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2024/00008 дугаар магадлалтай,

М.А-гийн нэхэмжлэлтэй

И.Ө-д холбогдох

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот, 43,3 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүнийн ус 2,000 м.кв өвөлжөө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг,

00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн хөх ягаан өнгийн суудлын автомашин, 00-01 ДГА улсын дугаартай Mazda bongo truck маркийн цагаан өнгийн ачааны автомашины гэрчилгээг тус тус эх хувиар,

Дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягыг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,  

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот, 43,3 м.кв орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүнийн ус 2,000 м.кв өвөлжөө, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн суудлын автомашин талийгаач Д.Х, И.Ө нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Э.С, хариуцагч И.Ө, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч М.А Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот, 43,3 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүнийн ус 2,000 м.кв өвөлжөө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн хөх ягаан өнгийн суудлын автомашин, 00-01 ДГА улсын дугаартай Mazda bongo truck маркийн цагаан өнгийн ачааны автомашины гэрчилгээг тус тус эх хувиар, дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот, 43,3 м.кв орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүнийн ус 2,000 м.кв өвөлжөө, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн хөх ягаан өнгийн суудлын автомашин талийгаач Д.Х, И.Ө нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2.Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2024/00177 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 108 дугаар зүйлийн 108.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 523 дугаар зүйлийн 523.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот 43,3 м.кв орон сууц (Ү-071300000)-ны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүний ус 2,000 м.кв өвөлжөө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн (дугаар 000616737) гэрчилгээг эх хувиар, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн хөх ягаан өнгийн суудлын 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар, 00-01 ДГА улсын дугаартай Mazda Bongo Truck маркийн цагаан өнгийн 1990 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар, 30,000,000 төгрөгийн үнэтэй дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай, халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэтэй алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга зэргийг хариуцагч И.Ө-гөөс тус тус гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот , 43,3 м.кв орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүний ус 2,000 м.кв өвөлжөө, Toyota Hilux маркийн хөх ягаан өнгийн суудлын автомашин зэргийг талийгаач Д.Х, И.Ө нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Ө нь эмчилгээний зардал 120,124,824 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ө-гөөс улсын тэмдэгтийн хураамжид 398,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож, хариуцагч И.Ө-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,774 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

3.Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2024/00008 дугаар магадлалаар:

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 134/ШШ2024/00177 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Ш  гудамж, 58 дугаар байр, 00 тоот, 43,3 м.кв Ү-071300000бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц, 00-00 ДГА улсын дугаартай Toyoto Hilux маркийн тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр хариуцагч И.Ө-г тогтоож, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг Ү-гийн гүний ус 2,000 м.кв өвөлжөөний зориулалттай газрын дундын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 30,000,000 төгрөгийн үнэтэй дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай, халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэтэй алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга зэргийг хариуцагч И.Ө-гөөс гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож,

нэхэмжлэлээс Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Ш гудамж, 58 дугаар байрны 00 тоот  орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь, 00-00 ДГА улсын дугаартай Toyoto Hilux маркийн болон 00-00 ДГА улсын дугаартай Mazda Bongo Truck маркийн тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг эх хувиар нь, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг Ү-гийн гүний ус 2,000 м.кв өвөлжөөний зориулалттай газрын гэрчилгээг эх хувиар нь гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтын “...үлдээж” гэсний дараа “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч И.Ө-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,382,662.12 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 544,955 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж өөрчилж,

Шийдвэрт “Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Ш  гудамж, 58 дугаар байр, 00 тоот , 43,3 м.кв Ү-***** бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр хариуцагч И.Ө-г бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Ө-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч И.Ө болон түүний өмгөөлөгч Ц.Т нар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: И.Ө нь Д.А гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй. Давж заалдах шатны шүүх “Д.Х-гийн гэрээслэлийг өөрөө гараар бичиж үлдээсэн болох нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хань И.Ө-гийн өмч болно” гэж тэмдэглэснээс үзэхэд эд хөрөнгийг хамтран өмчлөгч этгээд болох нь маргаангүй. Түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “хэлцэл хийснээс хойш нас барсан ... этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн.” гэж зөв дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн аяга, атлан бөгж, хөөргийг И.Ө-гөөс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.Гэрээслэл нь хэлбэр талаасаа нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаг боловч тухайн үеийн улс орны нөхцөл байдал, Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал, мөн талийгаачийн эрүүл мэндийн байдал, 4 дэх удаа мэс ажилбарт орсон гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаан байсан. 2021.10 дугаар сард хөл хорио цуцлагдаагүй, халдвар хамгаалалтын дэглэм сахиж байсан. Нотариатын танхимын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэдэгт маргаагүй. Харин эмнэлэг рүү гадны хүн болон сахиур солихгүй хүндрэлтэй байсан. Иймээс нотариатчийг эмнэлэгт оруулж гэрээслэлийг гэрчлүүлэх боломжгүй байсан. Талийгаач хагалгаа хийлгээд биеийн байдал сайжрахгүй байсаар нас барсан. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар хэлцэл, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. И.Ө нь талийгаачтай 12 жил хамт амьдрах хугацаанд буюу 2012 оноос эхлэн хавдраар өвчилж Улаанбаатар хот руу олон удаагийн эмчилгээ хийлгэж улмаар асрах ажлыг өөрийн биеэр гардан хийж байсан. Мөн мал аж ахуй эрхлэн амьдарсан. Энэ хэцүү ажлыг И.Ө амжуулж байсныг Д.Х үнэлсэн. Д.А нь овгоо сольж байсан ба өмч хөрөнгө өвлөх болохоор эцгээрээ овоглох шүүхийн шийдвэр гаргуулсан. Олон жил эмчилгээ хийлгэж байхад М.А сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлж байгаагүй тул эцэг нь гомдож гэрээслэл бичиж хөрөнгөө И.Ө-д өгсөн. Мөн талийгаачийг эмчлүүлэхэд 120,000,000 төгрөгийг зарцуулсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Д.А нь Америкийн нэгдсэн улсад амьдардаг, олон жил Д.Х-тэй харилцаа холбоогүй, эцгээ асрах үүргээ биелүүлээгүй атлаа эрхээ эдлэхээр шаардсан нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Говьсүмбэр аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.21-ний өдрийн 216/МА2024/0008 магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэтэй алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аягыг И.Ө-гөөс гаргуулж М.А-д олгож гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Э.С нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулиас өөр хуулийн зүйл, заалтыг хэрэглэж нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайлбал; Д.Х, И.Ө нар хамтын амьдралын хугацаанд буюу 2015 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Ш гудамж 58 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууц, 2018 онд 00-00 ДГА улсын дугаартай Toyoto Hilux маркийн автомашиныг Д.Х-гийн нэр дээр бүртгүүлсэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг Ү-гийн гүний ус 2,000 м.кв газрыг 2016 оноос хойш өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, малын А данс, Мал тэжээвэр амьтдын хашаа, худгийн тооллого, гэрч Д.О, Ц.С нарын мэдүүлгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч талаас дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь М.А-гийн төрсөн эцэг Д.Х бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар И.Ө нь олсон орлогоороо дээрх хөрөнгүүдийг авсан нь тогтоогдоогүй. Мөн гэрч Д.О, З.А нар талийгаач Д.Х, И.Ө нар санхүүгээ тус тусдаа захиран зарцуулдаг байсан төдийгүй малынхаа өвс тэжээлээ өөрсдийнхөө данснаас тус тусдаа зарцуулдаг байсан гэж мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй “Гэрээслэл” гэх баримтыг  Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Гэрээслэлийг хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх гэрээслэлийг хэлцэл гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүх ...гэрээслэлээр өвлөгч мөн болохыг тогтоолгох, гэрээслэлтэй холбоотой эд хөрөнгө хуваарилах маргаан үүсээгүй, шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.3-т зааснаар гэрээслэл хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас хальсан. Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. И.Ө-гийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй бөгөөд Д.Х, И.Ө нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хариуцагч нь М.А биш. М.А нь И.Ө-гийн эрх ашиг сонирхолд хохирол учруулаагүй. Дээрх хөрөнгүүд одоогийн байдлаар эзэнгүй хөрөнгө. Харин өв хүлээн авсны дараа И.Ө нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгө авахад оруулсан хувь хэмжээгээ нотолж өвлөгчөөс нэхэмжлэх эрх нээгдэнэ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.09-ний өдрийн 136/ШШ2023/0149 дүгээр шийдвэрээр маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай И.Ө-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэлийг хүлээн авч дахин шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Давж заалдах шатны шүүх ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч этгээдийг оролцуулаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хангагдсан, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь; И.Ө өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа хэн нэгнийг хариуцагчаар татан оролцуулаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлд заасныг зөрчөөгүй.

00-01 ДГА автомашин нь өөр этгээдийн өмчлөлийнх болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, өвөлжөөний газрыг өвлөгдөх эд хөрөнгөд тооцоогүй гэж нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 00-00 ДГА тээврийн хэрэгсэл нь талийгаач Д.Х-гийн өмчлөлд бүртгэлтэй ба энэхүү тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн өмчлөлийнх гэж нотлох баримтгүй байхад энэ талаар буруу дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч М.А үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Ш гудамж 58 дугаар байр 00 тоот  43.3 м.кв 2 өрөө орон сууц, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр И.Ө-г тогтоож гэж шийдвэрлэсэн. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.09-ний өдрийн 136/ШШ2023/00149 дүгээр шийдвэрээр маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай И.Ө-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад дахин шийдвэрлэж хуулийг ноцтой зөрчсөн.

М.А өвлөх эрхийн гэрчилгээ олгох шаардлагаар маргаан үүсгэсэн ба Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичиг баримтыг бүрдүүлсний дараа өв нээгдсэн газрын нотариатч олгохоор хуулиар зохицуулсан боловч И.Ө нь орон сууц, автомашины гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн ба дээрх баримт бичгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх үл анхаарч “талуудын хооронд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход маргаан үүсээгүй” гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар М.А нь хууль ёсны өвлөгч болохын хувьд өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэлийн баримт бичгийг шаардах эрхтэй гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ дурдаагүй нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх М.А-гийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр өмчийн халдашгүй байдлаа хамгаалуулах эрхийг хэрэгжүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 106.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг хэрэглээгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6.Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.12.18-ны өдрийн 001/ШХТ2024/01616 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 ХЯНАВАЛ:           

7.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч М.А хариуцагч И.Ө-д холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот , 43,3 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүнийн ус 2,000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн автомашины гэрчилгээг, 00-01 ДГА улсын дугаартай Mazda bongo truck маркийн автомашины гэрчилгээг тус тус эх хувиар, дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий халтар манан хөөрөг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аягыг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “Д.Х  болон Б.М нарын дундаас 1981.10.09-ний өдөр М.А, 1983.06.11-ний өдөр М.А нар төрсөн. Д.Х, Б.М нар 1985.06.18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж М.А, М.А нарыг эх Б.М-ийн асрамжид үлдээж, Д.Х-гээр тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн. М.А 2013.04.13-ны өдөр нас барсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.05-ны өдрийн 02275 дугаар шийдвэрээр М.А-гийн  төрсөн эцэг Д.Х мөн болохыг тогтоосон. Эцэг Д.Х нь 2021.11.25-ны өдөр нас барсан. М.А нь хууль ёсны өвлөгч тул өв хүлээн авах хүсэлтийг Дорноговь аймгийн тойргийн нотариатчид 2022.07.29-ний өдөр гаргаж бүртгүүлсэн. И.Ө-д дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй болсон.” гэж тайлбарласан.

9.Хариуцагч И.Ө эс зөвшөөрч: “... дээрх хөрөнгүүд талийгаач Д.Х-гийн дангаар өмчлөх хөрөнгө биш. Хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө. М.А нь эцэг Д.Х-г асрах үүргээ биелүүлээгүй атлаа эд хөрөнгийг өвлөхөөр шаардаж байгаа нь шударга бус. И.Ө нь Д.Х-г нас барахаас өмнө хамт амьдарч байсан тул түүний хууль ёсны өвлөгч...” гэж маргажээ.

10.Хариуцагч И.Ө нэхэмжлэгч М.А-д холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот, 43,3 м.кв орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүнийн ус 2,000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн автомашин нь талийгаач Д.Х, И.Ө нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “ ...М.А нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоолгох хэргийн хариуцагч биш. М.А-д өвлөгдөх эд хөрөнгө шилжээгүй. И.Ө үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр болсон. Эдгээр хөрөнгийн хэдэн хувь нь Д.Х-гийнх гэдгийг тогтоох боломжгүй.” гэж маргасан байна.

11.Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч И.Ө-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “....Нэхэмжлэгч М.А нь нас барагч Д.Х-гийн хууль ёсны өвлөгч болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.05-ны өдрийн 02275 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлснээр өмчлөх эрх баталгааждаг ба Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш  гудамж, 58 дугаар байрны 00 тоот , 43.3 м.кв орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүний ус 2,000 м.кв өвөлжөө, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн автомашин, 00-01 ДГА улсын дугаартай Mazda Bongo Truck маркийн автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Д.Х байна. Иймд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар, газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн автомашины гэрчилгээг эх хувиар, 00-01 ДГА улсын дугаартай Mazda Bongo Truck маркийн автомашины гэрчилгээг эх хувиар, халтар манан хөөрөг, алтан бөгж, мөнгөн аяга зэрэг эд хөрөнгүүдийг хариуцагч И.Ө-гөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. Хариуцагч И.Ө-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч З.А-гийн мэдүүлгээр дунд гарын шүрэн толгойтой, оюу нуухтай, халтар манан хөөрөг, алтан бөгж, мөнгөн аяга зэрэг хөрөнгүүд нь нас барагч Д.Х-гийн хуваарьт хөрөнгө байсан болох нь тогтоогдож байна. Д.Х, И.Ө нарыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2009.01.01-ний өдрөөс 2021.11.25-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон боловч гэрлэгчид гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгч Д.Х-г нас барахаас өмнө түүний асрамжид байсан хүнийг хэлэх ба И.Ө нь түүний асрамжид байсан, хөдөлмөрийн чадваргүй байсан гэх баримтыг ирүүлээгүй, гэрээслэлд дурдагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг нэрлэн бичихдээ хаана байрлах, ямар загвар, төрлийн хөрөнгийг гэрээсэлж байгаа нь тодорхойгүй, гэрээслэлийг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул гэрээслэлийг хүчин төгөлдөр бус ...” гэж дүгнэжээ.

12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Д.Х, И.Ө нарын хамтын амьдралын хугацаанд орон сууц, автомашин зэрэг хөдлөх, үл хөдлөх хөрөнгө бий болж Д.Х-гийн нэр дээр бүртгүүлсэн, гэр бүлийн хэрэгцээний 2,000 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Д.Х нь гэрээслэлийг өөрөө бичиж үлдээсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэрээслэлд “...манай гэр бүл Өлзийбаяр бид 2 нь хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон гэр орон, худаг ус, мал ахуй хашаа хороо, байр сууц, машин тэрэг, ...надаас хойш миний 10 гаруй жил гэр бүл болон ам бүл 2-уулаа амьдарч ирсэн хань И.Ө-гийн өмч мөн болно.” гэж тэмдэглэснээс үзэхэд эд хөрөнгийг хамтран өмчлөгч нэг тал болохыг зөвшөөрсөн, түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.09-ний өдрийн 136/ШШ2023/00149 дугаар шийдвэрээр маргаан бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох И.Ө-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч этгээдийг оролцуулаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хангагдсан, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх үндэслэлгүй, эзэмшил бүхий газрын хувьд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон байгаа ч Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар малчин өрхөд өвөлжөөний бэлчээрээр ашиглах гишүүн болох И.Ө нь эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаж, үргэлжлүүлэн эзэмших эрх нь нээлттэй, 00-01 ДГА тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн өмчлөлийнх болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.” гэж үзжээ.

13.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар гаргасан зохигчийн хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.

14. Хэрэг  авагдсан  баримтаар, Д.Х болон Б.М  нар 1981 онд гэр болж, тэдний дундаас 1981.10.09-ний өдөр охин М.А, 1983.06.11-ний өдөр хүү М.А нар төрсөн, улмаар гэрлэгчид Дорноговь аймгийн шүүхийн 2018.06.13-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр гэрлэлтээ  цуцлуулж, охин М.А, М.А нарыг эх Б.М-ийн асрамжид үлдээж, эцэг Д.Х-гээр тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн. Мөн М.А нь анх  эцэг Д.Х-гээр овоглож байгаад эх Б.М-ийн нэрээр  овоглож  байсан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

шүүхийн 2022.07.05-ны өдрийн 184/ШШ2022/02275 дугаар шийдвэрээр М-ийн А-гийн төрсөн эцэг талийгаач З овогт Д-гийн Х мөн болохыг тогтоосон, нас барагч  Д.Х нь И.Ө-тэй 2009.01.01-ний өдрөөс 2021.11.25-ны өдрийг хүртэл хугацаанд хамт амьдарч байсан,  

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Ш гудамж, 58 дугаар байрны 00 тоот, 43.3 м.кв орон сууцны өмчлөх эрх,  Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүний ус 2,000 м.кв өвөлжөөний газар, эзэмших эрх, мөн 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн суудлын автомашины гэрчилгээ тус тус Д.Х-гийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Д.Х 2021.11.25-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь нас барагч Д.Х-гийн түүнд өвлөгдвөл зохих хөрөнгө буюу өвийн зүйл нь дээр дурдсан орон сууц, газар эзэмших эрх, суудлын болон ачааны автомашин гэж маргаж байгаа бол хариуцагч эдгээр хөрөнгө нь хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргажээ.

15.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс гадна нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

15.1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.А нь нас барагч Д.Х-гийн хууль ёсны өвлөгч мөн боловч маргааны зүйл болсон хөрөнгүүд нас барагч Д.Х-гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч өв хүлээн авах хүсэлтийг нотариатчид гаргасан үйл баримт нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

15.2.Хариуцагч И.Ө нь нас барагч Д.Х-тэй хамтран амьдрах хугацаанд нэхэмжлэлд дурдаж байгаа орон сууц, тээврийн хэрэгсэл, эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг хамтын хөдөлмөрөөр бий болгосон гэсэн тайлбар гаргаж, өвлөгч М.А-г дангаараа өвлөх эрхгүй гэж маргаж байгаа тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, суудлын болон ачааны тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг өвлөх эрхийн гэрчилгээ авахын тулд эх хувиар гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй болно. Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Түүнчлэн, халтар манан хөөрөг, алтан бөгж, мөнгөн аягыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд энэ шаардлагыг хангасан 2 шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

16.Анхан шатны шүүх Д.Х нь И.Ө-тэй 2009 оноос 2021.11.25-ны өдөр Д.Х-г нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон боловч гэрлэгчид гэж үзэхгүй, хариуцагч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт заасан өвлөгчид хамаарахгүй, мөн хуулийн 523 дугаар зүйлийн 523.3 дахь хэсэгт зааснаар гэрээслэл хүчин төгөлдөр бус болох талаар зөв дүгнэсэн боловч “сөрөг нэхэмжлэлийн хариуцагчаар М.А-г оролцуулсан, М.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар И.Ө-гийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1-д “...хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасантай нийцээгүй  байна.

Сөрөг нэхэмжлэлийг хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулж гаргадаг бөгөөд нэхэмжлэгч өвлөгдөх хөрөнгийн талаарх бичиг баримт гаргуулах шаардлагын эсрэг тухайн хөрөнгийн өмчлөлийн талаар маргаж, хариу шаардлага хариуцагч гаргах нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал...” гэсэн зохицуулалтын агуулгад нийцэх тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт буруу болно.

17.Хариуцагч И.Ө, Д.Х нар 2009 оноос 2021.11.25-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Ийнхүү тэдний хамтран амьдрах хугацаанд тэдгээрийн хамтын хөдөлмөр, мал аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, оролцооны үндсэн дээр маргааны зүйл болсон орон сууц болон суудлын автомашин бий болсон гэж үзсэн давж заалдах шатны шүүх дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байна.

17.1.Сайншанд сумын 0 дугаар багийн ажлын албаны “И.Ө, Д.Х нар малчин өрх болохыг тодорхойлсон” албан бичиг, Дорноговь аймгийн архивын тасгийн лавлагаа, Дорноговь аймгийн Прокурорын газрын “И.Ө, Д.Х нар 2009-2020 оныг хүртэл маллаж байсан...” талаарх тодорхойлолт, 2009-2021 оны мал тэжээвэр амьтдын хашаа, худгийн тооллогын баримтууд, мал тооллогын нэгтгэлийн “А” данс, хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.С-гийн мэдүүлэг, хамтран зээлдэгчээр И.Ө оролцсон ХААН банктай байгуулсан малчны зээлийн гэрээ,  ХААН банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзвэл “... бид 2 удаа ХААН банкнаас 10 сая төгрөгийн зээл авч байсан, хоёулаа гарын үсэг зурсан гэрээ, банкны хуулга байгаа... бүх ямаагаа борлуулсан, 2009-2013 оны малын зарлага малын тооллогын бүртгэл дээр байгаа, борлуулалтын орлогоор орон сууцыг 2014 онд 45 сая төгрөгөөр худалдан авч байсан, суудлын автомашиныг 2018 онд ХААН банкнаас 10 сая төгрөгийн зээл авч бусдыг өрхийн орлогоос бүрдүүлэн худалдан авч байсан, нөхөр группэд орсны дараа би өөрийн хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө юм, малчдын “А” данс болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл өрхийн тэргүүний нэр бүртгэгддэг бөгөөд миний хөрөнгө мөн ялгаагүй миний нөхрийн нэр дээр бүртгэгдсэн байгаа.“ гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

17.2.Мөн нас барагч Д.Х нь И.Ө-тэй 2009 оноос 2021.11.25-ны өдөр Д.Х-г нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болохыг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.23-ны өдрийн 136/ШШ2022/00113 дугаартай шийдвэрээр тогтоосон ба хэрэгт 2009-2021 оны хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэрт 2 ам бүлээр бүртгэгдсэн мэдээлэл, 2015 онд олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2018 онд олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. (хх-ийн 45-76, 2хх-38-91)

17.3.Харин давж заалдах шатны шүүх нас барагч Д.Х-гийн бичиж үлдээсэн гэх  “...манай гэр бүл Ө бид 2 нь хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон гэр орон, худаг ус, мал ахуй хашаа хороо, байр сууц, машин тэрэг, ...надаас хойш миний 10 гаруй жил гэр бүл болон ам бүл 2-уулаа амьдарч ирсэн хань И.Ө-гийн өмч мөн болно” гэсэн гар бичмэлийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

17.2.Шинжээчийн дүгнэлтээр гар бичвэр нь Д.Х-гийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байгаа талаар дүгнэсэн хэдий боловч Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1 дэх хэсэгт гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар гэрчлүүлэхээр заасан байх тул уг бичмэл баримт нь гэрээслэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангахгүй байгаа тохиолдолд гэрээслэл гэж үзэх үндэслэлгүй. Гэрээслэл гэж үзээгүй тохиолдолд уг бичмэл баримтыг мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл гэж тайлбарлах нь гэрээслэлд тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг үгүйсгэсэн, мөн хуулийн 523 дугаар зүйлийн 523.3 дахь хэсэгт нийцэхгүй болно.  

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч И.Ө-г Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Ш гудамж, 58 дугаар байр, 00 тоот , 43,3 м.кв 2 өрөө орон сууц, 00-00 ДГА улсын дугаартай Toyota Hilux маркийн автомашины хамтран өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1.-д тус тус зааснаар хууль зүйн үндэслэлтэй.

18.Анхан шатны шүүх гэрч З.А-гийн “... алтан бөгж, дунд гарын халтар манан  хөөрөг, мөнгөн аяга Д.Х-гийн хуваарьт хөрөнгө байсан.” гэх мэдүүлэг, хариуцагч И.Ө-гийн “... манай өвгөн хөөргийг 1980 онд өөрийнхөө 1,500 төгрөгөөр худалдаж авсан, мөнгөн аяга, бөгжийг дархан хүнээр хийлгэсэн, өөрийнх нь хөрөнгийг М.А-д өгөхөд татгалзах зүйлгүй ...” гэх тайлбарыг үндэслэн эдгээр хөрөнгө нь талийгаач Д.Х-гийн хуваарьт хөрөнгө дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

19.Mazda Bongo маркийн 00-01 ДГА улсын дугаартай автомашин нь нас барагч Д.Х-гийн нэр дээр боловч түүний өмчлөлийнх биш малчин н.Э, Н нарын хөрөнгө болох нь гэрч Ц.С-гийн “Надаас н.Э, Н нар мөнгө зээлээд би өөрөө дагуулж яваад Да хүрээ захаас тэдэнд авч өгсөн, тэр 2 хүний өмч“ гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч М.А нь хариуцагч И.Ө-гөөс уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн.

20.Хариуцагч И.Ө нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 0 дугаар баг, Ү-гийн гүнийн ус 2,000 м.кв талбай бүхий өвөлжөөний газрыг хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг шаардлага  гаргасан нь үндэслэлгүй, газрын албанд хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд нийцсэн байх ба хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй болно.

21.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.09-ний өдрийн 136/ШШ2023/00149 дүгээр шийдвэрээр И.Ө-гийн гаргасан орон сууц, газар эзэмших эрх, худаг, автомашины гарааш, автомашин, дөрвөн ханатай гэр, халтар манан хөөрөг, алтан бөгж, хятад эрхи, мөнгөн аяганы өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч И.Ө-гийн нэхэмжлэгч М.А-д холбогдуулан гаргасан орон сууц болон автомашин, газрын эзэмших эрхийн хамтран өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэсэн буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргааны бүхий хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон.” гэх гомдол үндэслэлгүй.

Харин нас барагч Д.Х-гийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийн ногдох хэсгийн талаар хэн аль шаардлага гаргаагүй, энэ хэргийн маргааны зүйл болоогүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж шийдлийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагч И.Ө, түүний өмгөөлөгч Ц.Т нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2024/00008 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагч И.Ө, түүний өмгөөлөгч Ц.Т нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И.Ө нь 2024.11.19-ний өдөр 327,950 төгрөг, нэхэмжлэгч М.А нь 2024.11.18-ны өдөр төлсөн 398,150 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                                       ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                                Н.БАТЧИМЭГ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД