Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н. Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин, тэдний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарт холбогдох 201605000355 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Батжаргал овогт Гүрсэдийн Уяат. Регистрийн дугаар: ЧГ85050771

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Үлмэдэхийн Амартүвшин. Регистрийн дугаар: ЧГ84030771

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, Гүнсэн овогт Долгорсүрэнгийн Мөнгөнхуяг. Регистрийн дугаар: УК80122817

Холбогдсон хэргийн талаар :

Г.Уяат нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Н.Нансалмаагийн эзэмшлийн 2126 дугаартай лангуун дээрээс бэлнээр 530.000 төгрөг, түрийвч нэг ширхэг, ХААН банкны виза карт нэг ширхэг, ХАС банкны виза карт нэг ширхэг, Төрийн банкны виза карт нэг ширхэг, мөнгөний хулгана нэртэй зураг нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчингүй болсон/ нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчинтэй/ нэг ширхэг, иргэний цахим үнэмлэх нэг ширхэг, юнителийн дугаарын сим картны үүр нэг ширхэг, иргэний бүртгэлийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэгийг тус тус хулгайлж бусдад 727.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ү.Амартүвшин нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, Д.Мөнгөнхуяг, Г.Уяат нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Н.Нансалмаагийн эзэмшлийн 2126 дугаартай лангуун дээрээс түүний түрийвчтэй бэлэн 530.000 төгрөг, түрийвч нэг ширхэг, ХААН банкны виза карт нэг ширхэг, ХАС банкны виза карт нэг ширхэг, Төрийн банкны виза карт нэг ширхэг, мөнгөний хулгана нэртэй зураг нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчингүй болсон/ нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчинтэй/ нэг ширхэг, иргэний цахим үнэмлэх нэг ширхэг, юнителийн дугаарын сим картны үүр нэг ширхэг, иргэний бүртгэлийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэг зэргийг тус тус хулгайлж бусдад 727.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Мөнгөнхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, Г.Уяат, Ү.Амартүвшин нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Н.Нансалмаагийн эзэмшлийн 2126 дугаартай лангуун дээрээс түүний түрийвчтэй бэлэн 530.000 төгрөг, түрийвч нэг ширхэг, ХААН банкны виза карт нэг ширхэг, ХАС банкны виза карт нэг ширхэг, Төрийн банкны виза карт нэг ширхэг, мөнгөний хулгана нэртэй зураг нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчингүй болсон/ нэг ширхэг, 204045 дугаартай жолооны үнэмлэх /хүчинтэй/ нэг ширхэг, иргэний цахим үнэмлэх нэг ширхэг, юнителийн дугаарын сим картны үүр нэг ширхэг, иргэний бүртгэлийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэг зэргийг тус тус хулгайлж бусдад 727.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                         

        /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Хохирогч Н.Нансалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед нөхөр бид 2 Ганбогд зах дээр Гансүх гэх ченжид хонь, ямааны мах зараад 867.000 төгрөг бэлнээр аваад өөрийн түрийвчин дотор 300.000 төгрөгийг хийгээд үлдсэн мөнгийг гэртээ үлдээгээд Баруун бүсийн худалдааны төв орж лануугаа онгойлгож түрийвчтэй цүнхээ лангуун доогуур хийгээд Хаан банкны картаа барьж очоод Төрийн банкны АТМ-аас 250.000 төгрөгийг аваад торт авахаар Ууган бэйкери дээр очиж 30 тортны захиалга өгөх гэсэн чинь урьдчилгаа 50%-ийг өгдөг гэхээр нь би нөхөртэйгээ ярилцаад эргээд хүрээд ирье гэж хэлээд явсан би лангуун дээрээ очиж 250.000 төгрөгнөөс 20.000 төгрөгийг Сайханаад өгсөн үлдсэн 230.000 төгрөгийг өөрийн улаан өнгийн түрийвчин дотор хийгээд лангуун доогуур хийсэн байсан. Тэгээд кофе зардаг эгч ирэхээр нь 2 кофе авч улаан өнгийн түрийвчээ гаргаж ирээд лануун дээр тавьсан. Кофе уух гэсэн чинь хүмүүс ирээд бараа үзээд байсан тэгээд кофе зардаг эгч яваад өгсөн. Тэгээд манай хамаатан болох Гүндэгмаа, хүргэн хүүхдүүдтэйгээ ирээд бараа үзэж байгаад яваад өгсөн. Удалгүй Цэдэнбал гэх хүн ирж цамц үзээд зогсож байх үед хар бор өнгийн куртик өмссөн малгайтай саарал цамц, хар хөх саравчтай малгай өмссөн өндөр нуруутай бор царайтай залуу ирээд надаас манай ээж таньтай адилхан мариатай хүн байдаг юм гээд 3-4 палааж үзэж зогсож байгаад намайг барьж бай зургийг нь авъя, ээж гадаа машин дотор байгаа үзүүлчихээд иргэж ирж авъя гээд зогсож байх үед хажуу талд 2 залуу миний сууж байсан лангууны ширээний ойролцоо /түрийвчтэй мөнгө байсан ширээний ойролцоо/ зогсож байсан 2 залуу нь дотуураа цагаан өнгийн цамц өмссөн саарал ноосон малгай дараад өмссөн хар хөх өнгийн куртик өмссөн жинсэн өмд өмссөн залуу байсан харин нөгөө залуу нь ногоон өнгийн куртик өмссөн хар ноосон малгай өмссөн жинсэн өмд өмссөн 2 залуу байсан. 1 залуу нь цамц үзээд зогсож байсан тэгээд надаас палааж үзэж байсан залуу ээждээ зурийг нь үзүүлж эргэж авна гээд яваад өгсөн нөгөө 2 залуу ч гэсэн яваад өгсний дараа лангуун дээр байсан түрийвчтэй мөнгө алга болсон байхаар нь баруун бүсийн худалдааны төвийн хяналтын камер дээр очиж үзээд цагдаа руу дуудлага өгсөн.

Би өөрийн алдсан улаан шар өнгийн загасан нүдэн түрүүвчийг 1 жилийн өмнө 180.000 төгрөгөөр худалдан авч байсан 180.000 төгрөгөөр үнэлж байна. Хаан, Хас, Төрийн банкуудын виза картыг тус бүрийг 5.000 төгрөг нийт 3 ширхэг виза картыг 15.000 төгрөг, мөнгөний хулгана гэх хулганы зургийг 20.000 төгрөг, жолооны шинэ үнэмлэх 15.000 төгрөг, жолооны хуучин шар үнэмлэх 1000 төгрөг, иргэний цахим үнэмлэх 23.000 төгрөг, утасны ипИе1-ийн сим картны үүр 1 ширхэг 5000 төгрөг, иргэний бүртгэлийн шилжүүлэг хийсэн тэмдэглэл 2 ширхэг 1 ширхэгийг 500 төгрөг нийт 2 ширхэг 1000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Мөн түрүүвчин дотор 530.000 төгрөг байсан гэх мэдүүлэг /1-р хх-н 62-66/,

Иргэний нэхэмжлэгч Л.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

7284 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2016 оны 11 сарын 28-ны өдөр хувь лизингээр Ү.Амартүвшинд 10.750.000 төгрөгөөр гэрээ хийж зарсан. Тус гэрээ нь 2017 оны 02 сарын 28-ны өдөр дуусах байгаа гэх мэдүүлэг /1-р хх-н 68-69/,

Гэрч Б.Доржбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

2016 оны 12 сарын 14-ний өдрийн өглөө би гэртээ Дэлгэрэх захын махны ченж Гансүх гэх хүнд хонь ямаа нийлсэн 16 махыг 860.000 төгрөгөөр зараад манай эхнэр 860.000 төгрөгний 560.000 төгрөгийг гэртээ үлдээгээд 300.000 төгрөгийг манай эхнэр Н.Нансалмаа улаан шар өнгийн түрийвчин дотор хийгээд Баруун бүсийн худалдааны төв орж лангуугаа нээсэн тэгээд манай эхнэр Баруун бүсийн худалдааны төвөөс 250.000 төгрөг аваад ирье гээд явсан удалгүй 250.000 төгрөг авчирч Сайхнаа гэх хүнд өрөндөө 20.000 төгрөгийг өгчихөөд 230.000 төгрөгийг эхнэр Н.Нансалмаа түрүүвчин дотроо хийсэн эхнэр Н.Нансалмаа бид хоёр 2126, 2127 дугаартай лангуун дээрээ сууж байтал үл таних 3 залуу ирээд 1 залуу болох хар бор өнгийн куртик өмссөн, дотуураа саарал малгайтай цамц өмссөн саравчтай хар хөх өнгийн малгайтай өндөр нуруутай залуу ирээд манай эхнэрээс хувцас үзнэ гэхээр нь манай эхнэр үзүүлж байх үед миний урд 2 залуу ирсэн зогсож байсан тэр 2 залуугийн 1 залуу нь ногоон өнгийн куртик өмссөн шар царайтай залуу байсан. Харин нөгөө залуу нь саарал өнгийн ноосон малгайтай, эрүүний хэсэгтээ бага зэргийн сахалтай, бор царайтай намхан нуруутай биедээ таарсан махтай хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн залуу байсан 1 залуу нь болох сахалтай залуу нь цамц үзье гэж намайг анхаарал алдуулж арагшаа харж 2-3 цамц асууж байгаад цамцаа авахаа больсон гээд яваад өгсөн. Тэгээд тэнд байсан миний таньдаг Бал гэх хүн надаас цамц авах гээд 40.000 төгрөг өгөхөөр нь би хариултыг нь өгөх гээд эхнэрийн улаан түрийвчийг авах гэтэл миний сууж байсан суудлын хажуу талд тавьсан байсан манай эхнэр Н.Нансалмаагийн улаан шар өнгийн түрийвч алга болсон байхаар нь Баруун бүсийн худалдааны төвийн хяналтын камерыг шалгаж үзээд цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /1-р хх-н 84/,

Гэрч Д.Цэдэнбалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би Баруун бүсийн худалдааны төв дээр миний таньдаг Н.Нансалмаа, Доржбат нарын барааны лангуун дээр 13 цагийн үед байхаа эхнэр бид 2 цамц авах гээд лангууны урд зогсоод цамц үзээд зогсож байх үед өндөр намхан 2 залуу ирээд нэг залуу нь Н.Нансалмаагаас палааж үзээд байсан харин нөгөө залуу нь Доржбатын лангууны өмнө зогсож байсан би цамцаа аваад мөнгөө Доржбатад өгтөл Доржбат лануун дээр байсан түрийвчтэй мөнгө алга болсон байна гээд байсан тэгтэл нөгөө 2 залуу нь алга болсон байсан. Тэгээд Нансалмаа, Доржбат 2 камер шүүгээд үзтэл тэнд зогсож байсан залуучууд түрийвчтэй мөнгийг авсан байсан. Би тэр 2 залуугийн ямар хувцас өмсөж явсныг санахгүй байна 1 залуу нь Н.Нансалмаагаас палааж үзэж байсан харин нөгөө залуу нь Доржбатаас хувцас үзээд зогсож байсан нэг мэдсэн алга болсон байсан. Г.Уяат, Д.Мөнгөнхуяг, Ү.Амартүвшин нарын гэрэл зургийг харлаа тухайн үед Д.Мөнгөнхуяг гэх залуу Н.Нансалмаагаас палааж үзээд зогсож байсан залуу мөн байна, харин Доржбатын өмнө зогсож байсан гэх залуу нь Ү.Амартүвшин гэх залуу нь мөн байна, би Г.Уяат гэх залууг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /2-р хх-н 26-27/,

Шүүгдэгч Г.Уяатын шүүх хуралдаанд өгсөн:

Зун самранд явж байгаад Баянхонгорын нэг хүнтэй танилцаж манай энд алт гайгүй гардаг, ирээрэй гэж ярьж байсан юм. Тэгээд 2016 оны 12 сарын 13-ны өдөр Ү.Амартүвшинтэй утсаар ярьж, машинаар нь Баянхонгор руу явахаар болсон. Тухайн үед Ү.Амартүвшин зээлээр машин авчихсан 7 хоногт 150000 төгрөг төлж байгаа, явмааргүй байна гэсэн. Алтны уурхай дээр очоод гайгүй мөнгө хийвэл болох байх гээд явахаар болсон. Д.Мөнгөнхуягруу ярьж машинаа бариулаад орой Улаанбаатар хотоос гарсан. Гарахдаа Ү.Амартүвшин хотоос 1 архи, 1 пиво авч замдаа уугаад явсан. Баянхонгорт өглөө ирээд зун алтны уурхайн талаар ярьж байсан хүнтэйгээ ярих гэхэд утас нь холбогдоогүй. Миний цамцны суга урагдчихсан байсан болохоор цамц авах гээд худалдааны төв /Баруун бүсийн худалдааны төв/ рүү нь очсон. Ү.Амартүвшин бид хоёр цамц үзээд явж байсан чинь лангуун дээр нэг түрийвч харагдсан. Хүн орхичихоод явчихсан юм байхдаа гэж бодоод авч халаасандаа хийсэн. Машиндаа очоод үзэхэд мөнгө байсан. Дэлгүүр орж ганц, хоёр пиво аваад гарч явтал постон дээр цагдаа зогсоогоод 4000.000 төгрөг алдагдсан авсан хүмүүс мөн байна гээд Цагдаагийн газар авч ирж байцаасан. Мөрдөн байцаагч намайг зодож, хэргээ хүлээ гээд байсан. Хамгийн гол нь 4000.000 төгрөг нэхэхээр нь айсан. Хэрэг хийсэндээ маш их харамсч байна гэх мэдүүлэг

Шүүгдэгч Д.Мөнгөнхуягын шүүх хуралдаанд өгсөн:

Тухайн өдөр би эхнэртэйгээ маргалдчихаад гараад явж байсан чинь Г.Уяат надруу утсаар ярьж жолооны үнэмлэх чинь байгаа юу хөдөө явах ажил гарлаа гэсэн. Тэгээд би үнэмлэх байгаа гээд уулзахад Ү.Амартүвшин согтуу, Г.Уяат машиныг нь барьж ирсэн. Хөдөө алтны уурхай явъя гэсэн. Тухайн үед эхнэртэйгээ маргалдчихсан байсан болохоор хамт явсан. 22 товчооноос бензин хийгээд Ү.Амартүвшин нэг архи, нэг пиво авсан. Ү.Амартүвшин замдаа уугаад явсан. Баянхонгор аймагт ирээд худалдааны төв ороод цамц аваатъя гээд орсон. Би Нарантуул зах дээр наймаа хийдэг болохоор, барааны үнэ ямар байдаг юм байна гэж сонирхож орсон. Орохдоо Г.Уяат, Ү.Амартүвшин хоёртой хамт ороогүй, би тусдаа явсан. Гарч ирээд машин дээрээ очиход Г.Уяат, Ү.Амартүвшин хоёр ирчихсэн, түрийвч оллоо гээд байж байсан. Дотор нь 250000 төгрөг байсан.  Бид 3 дэлгүүр орж пиво, талх хиам аваад ууж байгаад, би нойргүй машин барьсан болохоор жаахан амрсан. Тэгээд постон дээр ирэхэд цагдаа нар ирсэн. Постны арын өрөөрүү дагуулж ороод хулгай хийсэн хүмүүс мөн байна 4000.000 төгрөг алдагдсан гээд байсан. Цагдаагийн газар ирээд бид 3-ыг салгаж авч ороод байцаалт авсан. 4000.000 төгрөг алдсан гэхээр нь нилээн айсан тэгээд байцаалт өгсөн. Миний хувьд Г.Уяатыг дагаж ирээд хэрэгт холбогдсондоо харамсч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ү.Амартүвшингийн шүүх хуралдаанд өгсөн:

Тухайн үед Г.Уяат надруу яриад хөдөө явах ажил гарчихлаа гэсэн. Би Г.Уяаттай согтуу уулзсан, машин барих хүн байхгүй гэхэд би олчихно гээд Д.Мөнгөнхуягруу ярьж бид 3 Баянхонгорруу гарсан. Замд алтны уурхай гээд яриад байсан, би сайн ойлгоогүй. Замдаа ууж явсан болохоор Баянхонгорт согтолтын байдалтай ирсэн. Уурхай дээр хамт очих хүн нь утсаа авахгүй байна гэсэн. Г.Уяат цамц авна гэхээр нь ганцаараа машинд үлдээд яахав гээд хамт орсон. Би утасгүй явсан болохоор буцаад машинаа олохгүй байх гээд Г.Уяаттай хамт явсан. Г.Уяат, Д.Мөнгөнхуяг бид 3 захруу хамт орж Д.Мөнгөнхуяг тусдаа, Г.Уяат бид хоёр хамт явж байсан. Буцаад машиндаа очиход Г.Уяат түрийвч оллоо гээд халааснаасаа нэг түрийвч гаргаж ирсэн. Олсон юм бол пиво авъя гээд дэлгүүр орж пиво аваад уусан. Хотруу буцах гээд цагдаагийн постоор гарах гэхэд цагдаа нар ирж зогсоогоод Цагдаагийн газарруу дагуулж яваад хэргээ хүлээ гээд баахан зодож байгаад дээш нь гаргасан. Цагдаа дээр хоносон. Маргааш нь машинд үзлэг хийгээд дахиад зодсон хулгай хийх зорилготой ирсэн гэж хэл тэгвэл машиныг чинь өгнө гэсэн. Би айсандаа мэдүүлэг өгсөн. Байцаагчид айсандаа тийм үгүй гээд хэлээд яваад байсан. Намайг нүцгэлж байгаад цахилгаан бороохойгоор зодсон гэх мэдүүлэг,

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн приүс 11 маркийн тээврийн хэрэгсэл 4.000.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /1-р хх-ийн 100-101/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 4-10/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-14/

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 32-34/    

Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 35-38/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 39-42/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 43-44/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 45-59/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 60/

Ү.Амартүвшингийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1-р хх-ийн 176-180/

Д.Мөнгөнхуягын иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн болон эдэлсэн талаарх баримтууд, Баянгол  дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1-р хх-ийн 180-206/

Г.Уяатын иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 207-211/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 247-248/

Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 4-7/

Хохирол төлсөн тухай баримт /2-р хх-ийн 8-11/ болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Н.Нансалмаагийн хохиролоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй гэх хүсэлт, хохирол барагдуулсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр, машин механизм ашиглан, ашиг олох зорилгоор, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Баруун бүсийн худалдааны төвд байх иргэн Н.Нансалмаагийн эзэмшлийн 2126 дугаартай лангуун дээрээс түүний түрийвчийг хулгайлж бусдад 727.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.      

Хохирогч Н.Нансалмаа нь шүүгдэгч нараас 1.130.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 7284 УНУ улсын дугаартай приүс 11 маркын тээврийн хэрэгсэлийг хэрэглэсэн, үйлдэлээ хөнгөвчлөх, хэргийн газар хурдан ирж буцах, богино хугацаанд хэргийн газраас явах байдлаар урьдчилан бэлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 1.333.334 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Харин уг тээврийн хэрэгсэл нь иргэн Л.Батцэнгэлийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч Л.Батцэнгэл, шүүгдэгч Ү.Амартүвшин нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Л.Батцэнгэлд буцаан олгож 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 7284 УНУ улсын дугаартай приүс 11 маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, шүүгдэгч Д.Мөнгөнхуяг өмнө нь удаа дараагийн үйлдлээр ял шийтгэгдэж байсан боловч түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдлийн шинж, чанар ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Уяатын цагдан хоригдсон 61 хоногийг, шүүгдэгч Д.Мөнгөнхуягын  цагдан хоригдсон 12 хоногийг, шүүгдэгч Ү.Амартүвшингийн цагдан хоригдсон 3 хоногийг тус бүр эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцов.

Шүүх шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан, шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ жолоодож явсан 7284 УНУ улсын дугаартай приүс 11 маркийн иргэний нэхэмжлэгч Л.Батцэнгэлийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 22-ны өдрийн, 2017 оны 01 сарын 11-ны өдрийн шүүгдэгч Ү.Амартүвшингийн эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэгийг битүүмжилсэн тогтоол, 2017 оны  01 сарын  10-ны өдрийн шүүгдэгч Г.Уяатын эзэмшлийн саарал өнгийн 21 инчийн телевизорыг битүүмжилсэн, 2017 оны 01 сарын 11-ны өдрийн шүүгдэгч Д.Мөнгөнхуягын эзэмшлийн 32 инчийн телевизорыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Батжаргал овогт Гүрсэдийн Уяат, Боржигин овогт Үлмэдэхийн Амартүвшин, Гүнсэн овогт Долгорсүрэнгийн Мөнгөнхуяг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нарт оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уяатын цагдан хоригдсон 61 хоногийг, шүүгдэгч Д.Мөнгөнхуягын  цагдан хоригдсон 12 хоногийг, шүүгдэгч Ү.Амартүвшингийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уяат, Ү.Амартүвшин, Д.Мөнгөнхуяг нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 1.333.334 төгрөгийг хурааж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ жолоодож явсан 7284 УНУ улсын дугаартай приүс 11 маркийн иргэний нэхэмжлэгч Л.Батцэнгэлийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 22-ны өдрийн, шүүгдэгч Ү.Амартүвшингийн эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 01 сарын  11-ны өдрийн, шүүгдэгч Г.Уяатын эзэмшлийн саарал өнгийн 21 инчийн телевизорыг битүүмжилсэн 2017 оны  01 сарын  10-ны өдрийн, шүүгдэгч Д.Мөнгөнхуягын эзэмшлийн 32 инчийн телевизорыг битүүмжилсэн 2017 оны 01 сарын 11-ны эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтанд хураагдсан АNGTE гэсэн бичигтэй цагаан цэнхэр өнгийн сиди 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг Ү.Амартүвшин нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 03 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Уяат, Д.Мөнгөнхуяг Ү.Амартүвшин нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ