| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2024/0949/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/958 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/958
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж, Шүүгч Ц.Амар, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
Иргэдийн төлөөлөгч Э.Г,
Улсын яллагч Б.Энэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б-г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Н-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2308000001478 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, ******** **********мэргэжилтэй, ******** хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, ****** аймгийн ***** сум, * дугаар багийн *****-д оршин суух хаягтай боловч ************** дүүргийн * дугаар хороо **** *****-ийн ** тоотод оршин суудаг, урьд
-2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Сум дундын ** дугаар шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ****** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, ****** аймгийн сум дундын шүүхийн **** дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 4 сар 26 хоногийн хорих ялтай болгосон, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүгчийн захирамжаар 8 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн **/*** дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.
З овогт Т.Б (РД:**********),
2. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ******** хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо Дэнжийн ** дугаар гудамжны * тоотод оршин суух хаягтай боловч ************** дүүргийн ** дугаар хороо *****-ын ****** тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй,
Х овогт Н.Н (РД:*******).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт С.Б-ийн эд хөрөнгийг авах буюу өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогчийн өмдний халааснаас нь гар утас, түрийвч зэргийг авч, улмаар иргэн С.Б-ийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хана мөргүүлсний улмаас аман хүзүүний хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт, дух, зулайн хуйханд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон хэсэгт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын угт язарсан шарх гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Н нь Т.Б-тэй бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт амь хохирогч С.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, Т.Б нь амь хохирогч С.Б-ийг цохиж, газарт унагаасны дараа нь хохирогчийн өмдний халааснаас нь гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч, дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын шинжлэн судлуулсан болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй.Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Болсон бүх зүйл миний буруу гэв...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Өрнөх хас нэртэй караокед орох үед караокены үүдний шатан дээр үл таних нэг залуутай мөргөлдөөд тухайн залуу намайг чи хаана юу хийж байгаа юм гээд чамд ганц юм уучих мөнгө байгаа юм уу гээд зогсож байхад цагаан цамцтай жижиг биетэй урьд өмнө нь харж байгаагүй залуу караоке руу дагуулж ороод өөрийнхөө сууж байсан ширээн дээр суулгаад надад нэг шил пиво авч өгсөн...тэгсэн чинь анх караоке руу орж байхад надтай муудалцдаг үл таних залуу чаддаг юм бол чи муу намайг наанаа хүлээж бай гээд замын ойролцоо зогссон орилоод байсан. Би нөгөө үл таних караокед муудалцсан залуу руу шууд гүйж очоод тухайн залууг дал, мөрөн дээрээс нь түлхэж газар унагаасан чинь жижиг биетэй цагаан цамцтай залуу гүйж ирээд намайг салгаад тухайн газарт унасан залууг заамдаж татаад буцаагаад тавьсан. Тэгээд жижиг цагаан цамцтай залуу тухайн хүний халааснаас гар утас, түрийвчийг нь аваад замын хажуугаас такси бариад...
...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 100-н айл дээр ажлаа хийж байхад манай найз У над руу залгаад уулзаагүй удсан одоо уулзъя гээд дуудаад байсан бөгөөд би ажлаа тараад ахтайгаа хамт гэртээ ирээд усанд орох гэж байхад манай нөгөө найз дахин над руу залгаад хаана байна хүрээд ир гээд дуудаад байхаар нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 5 шард 22 цагийн үед очоод найзтайгаа хамт нэг шил 0,75-тай хараа архи аваад байрны сааданд хувааж уугаад нэлээн согтсон. Тэгээд манай найз би ажилтай өглөө хөдөө явна гээд явахаар нь би салаад Толгойтын хуучин эцэс рүү 01 цаг нэлээн өнгөрч байхад очоод тэнд караокед орох гэж яваад үл таних 50 орчим насны ахтай тааралдсан бөгөөд би тэр ахтай караокены шатан дээр зөрөхдөө мөргөлдсөн чинь тэр ах хүү надаас хэрүүл өдөөд уурлаад салахгүй байсан тэгээд би эргээд караокед орох гэж байхад үл таних жижигхэн биетэй цагаан футболктой залуу таараад хамт нэг ширээнд суугаад ууж байсан архинаас нь хувааж уугаад тэгээд гадаа гараад тамхи татах гэсэн чинь нөгөө хөгшин ах дахиж таараад намайг өдөөд доромжлоод байхаар нь би уурандаа нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон чинь ар талаараа газар унасан тэгээд нэлээн хэвтэж байгаад босож ирээд намайг чи чаддаг юм бол хүлээж байгаарай гээд орилоод хараагаад байхаар нь би араас нь яваад очтол надаас зугтаасан тэгэхээр нь би гүйцэж очоод тэр ахыг баруун далны ар талаас нь гараараа базаж байгаад байшингийн хана руу хүчтэй түлхээд унагаасан тэгтэл цагаан футболктой залуу миний араас гүйж ирээд " боль боль ахаа явъя " гэснээ өөрөө тэр ах дээр унасан байхад нь очоод дээрээс нь тонгойгоод энгэрээс нь татаж үзэж байгаад миний араас хүрч ирээд намайг аваад зам дээрээс такси бариад хамт 21 дүгээр хороолол ороод буусан. Түүнээс хойш бид хоёр хамтдаа хойшоо алхаад автобусны буудлын арын караокед ороод хамт пиво архи аваад хамт уусан бөгөөд тэр үед тэр хамт явж байсан цагаан футболктой залуу хүн бүр рүү асаад хэрүүл хийгээд байхаар нь би салгаад явсан түүнээс хойш би уусан архиндаа согтоод нэлээн халсан нэг сэрсэн чинь намайг баарны зөөгч манайх хааж байна гараарай гээд би гарсан тэр үед нөгөө жижиг залуу харагдаагүй бөгөөд би нэлээн алхаж байгаад харахад цамбагаравын зүг ганцаараа явж байгаагаа мэдээд шууд такси бариад гэр рүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо **** *****-ийн **-** тоот руу яваад гудамжны эхэнд буугаад гудамж өгсөж байхад манай төрсөн ах Баатарбилэг ажилдаа явах гээд гэрээсээ гарч яваад надтай таарахаар нь ахын машинд суугаад ахтай уулзаж байхад миний гар утас дуугараад тэгээд утсаа авах гэсэн чинь миний гадна куртикний зүүн талын халаасанд цагаан өнгийн гар утас байхаар нь миний халаасанд ийм гар утас байна хэнийх юм бэ мэдэхгүй байна та барих уу? гээд ахад өгсөн чинь ах бид хоёр ажил руу очоод ажлаа хийх гэхэд манай дарга загнахаар нь би буцаад гэртээ ирээд амарсан юм...тэр ах намайг чаддаг юм бол хүрээд ир гээд дуудаад орилоод байхаар нь би араас нь хөөж очсон...би араас нь хөөж байгаад барьж аваад баруун далны ар талаас нь зүүн гараараа барьж байгаад хана руу түлхэж унагаасан. Тэгээд унахаар нь хараад зогсож байтал нөгөө жижиг залуу гүйж ирээд ахаа боль гээд намайг холдуулаад эргээд өөрөө очоод тэр ахыг дээрээс нь тонгойж байгаад энгэрээс нь татаж байгаа харагдсан...”гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 7-8 дахь тал),
2. Шүүгдэгч Н.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хэрэг болсон шөнө би ажлаа тараад гэр лүүгээ явж байсан. Таньдаг эгчийнхээ бааранд очоод ганц хоёр пиво уугаад сууж байсан. Тэгээд байж байтал Б-н орж ирээд мөнгө төгрөг байна уу гэхээр нь надад таксины мөнгө байгаа би гэр лүүгээ харих гэж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь цаашаа буудал руу яваад өгсөн. Би учраа олох гээд араас нь очсон. Тэгээд зам гараад сандраад араас нь явсан гэв...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…35 орчим насны том өндөр биерхүү залуу зогсож байснаа надаас дүү мөнгө байна уу гэхээр нь би мөнгө байхгүй надад таксины 5000-10000 төгрөг байна гэсэн чинь тэгтэл тэр залуу хажуу тийш харж байгаад дүү энд 1 мөнгөтэй хүн байна нааш ир гэхээр нь би араас нь дагаад алхаж байтал тэр ах автобусны буудал дээр сууж байсан нэлээн хөгшин хүн дээр түрүүлж очоод шууд нүүрэнд нь алгадаад бас элгэнд нь нэг удаа цохисон тэгтэл тэр ахаас нөгөө анх танилцсан ах чамд мөнгө байна уу гээд асуугаад байсан бөгөөд тэр хөгшин хүн тухайн үед надад мөнгө байхгүй гэсэн чинь нөгөө том биетэй тэр ахыг чирээд 21 дүгээр хороолол зүгт алхаад намайг араасаа хүрээд ир гэхээр нь би араас нь дагаад алхаж байтал тэр хөгшин хүн зугтаасан чинь араас нь очоод нэг барилгын хажуугийн булан руу дагуулж ороод хувцаснаас нь чирч байсан гараараа тэр ахыг барилгын хана мөргүүлээд унагаасан чинь нөгөө ах газар унаад босохгүй байхаар нь би тэр ах дээр очоод цамцнаас нь татаад босгох гэтэл тэр ах ямар ч хөдөлгөөнгүй байсан чинь нөгөө хана мөргүүлсэн ах намайг чи наад хүнийхээ халаасыг ухаад гар утас, мөнгө хоёрыг нь аваадах гэхээр нь би тэр унасан байсан ахын өмдний халааснаас нь цагаан өнгийн гар утас, бор өнгийн түрийвч хоёрыг гаргаж ирээд тэр том биетэй ахад өгөөд өндийсөн чинь нөгөө ах намайг гялс такси барья гэхээр нь бид 2 зам дээрээс гар өргөөд такси бариад хамт суугаад 21 дүгээр хороолол ороод...тэр гар утас, түрүүвчийг аваад тэр том биетэй ахад өгсөн одоо хаана байгааг би мэдэхгүй тэр үед нөгөө ах түрийвчийг онгойлгож үзээд түрийвч дотор мөнгө байхгүй байна гэж хэлсэн...тэр үед дарамталсан юм бол гараагүй...надад тулгасан асуудал байхгүй...
...Тухайн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ажлаа тараад гадуур 1 пиво уучхаад Толгойтын эцэс дээр 00 болж байхад очиход автобусны урд талын караокед ганцаараа орж пиво ууж байгаад дуусаад гарах үед үүдэн дээр нь том биетэй саарал хувцастай 30 гаруй насны согтуу залуутай тааралдсан чинь надаас "мөнгө байна уу гэхээр нь би надад мөнгө байхгүй гэртээ харих гээд явж байна гэхэд нөгөө залуу нааш хүрээд ир гэхээр нь би араас нь дагаад автобусны буудал руу чиглээд очиход тэр автобусны буудал дээр үл таних 50 гаруй насны 2 эрэгтэй хүн байсных нь нэг болох шиляфан хар өнгийн малгайтай хүнийг нөгөө ах" мөнгө нэхээд маргалдаад байгаа бололтой 2 удаа гараараа нүүр рүү нь алгадаад бас элэг рүү 1-2 удаа цохиод байхаар нь би сандраад зам гараад явсан чинь нөгөө саарал хувцастай залуу намайг араас зогсож бай гээд" дуудахаар нь би зогсоод хүлээж байтал нөгөө ахыг дагуулаад зам хөндлөн гараад ирсэн чинь нөгөө хөгшин ах тэр хоёр надаас түрүүлээд ертөнцийн зүгээр зүүн тийш яваад өгсөн бөгөөд нөгөө залуу намайг дахиад хүрээд ир" гээд дуудаад өөрөө цаашаа явахаар нь би араас гүйгээд очиход нөгөө саарал хувцастай залуу нөгөө хөгшин ахтай зууралдчихсан маргалдаад байгаа бололтой "зогсож байгаад нөгөө саарал хувцастай залуу нь хөгшин ахыг ар талынх нь дал хавиас чирээд барилгын булан руу орохоор нь би араас нь очиход тэр саарал хувцастай залуу нь нөгөө хөгшин ахыг ар талаас нь гараараа барьсан чигээрээ тэр хөгшин хүнийг барилгын ханыг толгойгоор нь мөргүүлсэн бөгөөд тэр үед нөгөө хөгшин ах шууд газар унахаар нь саарал хувцастай залуу намайг дуудаад “энэ хүний халаасыг нь уудлаад юмнуудыг нь аваад өг" гэхээр нь би тэр хүнийг хана мөргүүлчихээр нь айгаад тэр унасан хүний дээр очоод тэр газар унасан байсан хөгшин хүний халааснаас нь би цагаан өнгийн гар утас, бор өнгийн түрийвчний хамт аваад тэр залууд өгсөн чинь нөгөө залуу намайг шууд такси барьчих гэхээр нь би зам дээр гараад такси бариад бид хоёр хамт таксинд суусан чинь 21 дүгээр хороолол орчих гээд 21 дүгээр хороололд очоод намайг таксины мөнгө өг гэхээр нь би бэлэн мөнгө байхгүй гээд АТМ ороод 5000 төгрөг аваад таксины жолоочид өгөөд явуулсан. Тэгээд тэр ах намайг хоёулаа хамт дээшээ явъя" гэхээр нь би дагаад хамт явж байгаад дүүргийн автобусны буудлын арын караокед ороод намайг пиво аваад өг гэхээр нь би тэр ахад болон өөртөө 1, 1 шил пиво аваад хамт суугаад ууцгаасан чинь тэр ах согтуу юу яриад байгаа нь ойлгогдохгүй маш олон юм ярьсан. Тэгээд түүнээс хойш би гадаа гараад ганцаараа тамхи татаж байтал нөгөө ах миний араас гарч ирээд тамхи татчихаад явах гэтэл намайг "эргээд оръё” гэхээр нь би хамт ороод сууж байсан чинь тэр ахын найз нь бололтой үл таних залуу орж ирээд тэр ахтай уулзаад гар бариад хамт суугаад уугаад эхэлсэн юм. Түүнээс хойш би тэр ахыг орхиод гэртээ харих гээд гадаа гарахад миний цамцыг тэр ах авчхаад өгөхгүй хамт явна гээд байхаар нь хэлэхгүй байж байгаад би зугтаад таньдаг караокед тааралдсан эгчтэй хамт яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал),
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ахын минь группэд байдаг 2022 онд хөдөөгөөс зүүн хараагаас банкнаас авсан зээлийн 3.700.000 үлдэгдэлтэй гэж хэлсэн ахын минь буяны ажилд нийт 10.900.000, 45 хоногийн буяны ажил гээд 2.000.000 төгрөг нийт 12.900.000 төгрөг...сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач ах маань Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Үнэгт гэх газарт ээж Т болон манай ах Б нарын хамт гурвуулаа амьдардаг. Ах одоо ** нас хүрч байгаа хааяа унаж татдаг, 81 хувиар группэд байдаг /оношийг нь сайн мэдэхгүй байна/ юм. Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим хөдөөгөөс гарах гэж байна, хотод очиж эмчилгээ хийлгэнэ гэж ярьсан ба миний төрсөн өдөр байсан болохоор хөдөөгөөс дүүдээ ааруул тарагтай очно гэж ярьж байсан. Тэгээд 18 цаг 50 минутад над руу хамт хөдөөгөөс ирсэн жолоочийн утсаар 3-4 удаа залгасан байсан. Би ажил дээрээ утсаа орхиод ойр зуурын хүнсээ бэлдэхээр гарсан байсан ба манай ажил дээр тухайн машины жолоочтой хамт ирчхээд явсан байсан. Тэгээд дахиж холбогдоогүй байж байгаад өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай дүү болох Доржсүрэн "ахыг нас барсан байна гэж цагдаагаас ярьж байна" гээд над руу залгаж мэдэгдсэн. Ах өөрөө ******** гэсэн дугаарын самсунг маркийн цагаан өнгийн утастай байсан ба утасных нь эрх нь дууссан ч өөрт нь явж байсан би сунгаж өгөхөөр ярилцсан байсан. Харин хөдөөгөөс ирэхдээ ямар ямар эд зүйлтэй, ямар хувцастай ирсэн талаар нь мэдэхгүй байна. Талийгаач ахын төрсөн охин болох Алтанболор нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтад амьдардаг ба өчигдөр охиныхоо гэрт 17 цагийн орчимд очоод хөдөөгөөс авч ирсэн ааруул, сүүгээ үлдээгээд над руу ирнэ гэж хэлээд гарсан гэсэн. Талийгаач ээжтэй хөдөө амьдардаг, малаа маллаж, цагаан идээгээ гаргаж авдаг хүн байсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал),
4. Ө.Г-ээс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын **-*** тоотод баригдаж байгаа объектын зүүн талд 40-5 орчим насны хүн ухаангүй байна..." гэх мэдээлэл, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дахь тал),
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 4-9 дэх тал),
6. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 дугаар тал/,
7. Мөрдөгчийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дугаар тал/,
8. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-43 дугаар тал/,
9. Мөрдөгчийн эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр тал/
10. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...холбогдогч Т.Б төв замын урд 2 хүнтэй маргаад зогсож байх бөгөөд амь хохирогч С.Б-той маргаж байгаа байдлыг зураг 1-р харуулав...Б нь амь хохирогчийн нүүрэн тус газарт цохин унагааж байгааг зураг 3-р харуулав...амь хохирогч ар дагзаараа савж унаж байгааг...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51-55 дахь тал),
11. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...амь хохирогч С.Б Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр авто гоёл үйлчилгээний төвийн баруун урд төв зам дагуу зүүн зүгт явах бөгөөд араас нь саарал куртик бүхий зүйл дээгүүрээ өмссөн доогуураа хар өнгийн өмдтэй хүн 3-4 метр зайтай явж...хашаанд баригдаж байгаа 2 давхар объектын зүүн хойд талд хохирогчийг араас нь хөөж байсан хүн гүйцэж очиход хохирогч зугтан урд тал руу 1-2 метр зайд ухарч байгааг мөн толгойт талаас дээгүүрээ цагаан футболктой хүн араас нь очиж байгаа зураг 5-р харуулав...амь хохирогч С.Б өөрийг нь гүйцэж ирсэн хүнтэй хэсэг ярилцаж байгаад уг хүнийг гараараа түлхэж байх бөгөөд энэ үед араас нь гүйж очсон цагаан футболктой залуу гүйцэж очиж...саарал куртиктэй хүн барилгын зүүн талаар чирээд орж байх бөгөөд цагаан футболктой хүн явган хүний зам дээр араас нь хараад зогсож...хамт гарч ирээд цагаан футболктой хүн зам руу гүйж очиж зам зээр зогсож байх бөгөөд саарал куртиктэй хүн урд талд нь 5 метр зайд зогсож...гар өргөн машинд сууж байгааг зураг 10-р харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 61-67 дахь тал),
12. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн №*** дугаартай: "...нийт хохирлын дүн 258,600 төгрөг..." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал),
13. Шүүх сэтгэц эмгэг судлалын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн №*** дугаартай: "...Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал),
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.А-ын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн №**** дугаартай: "...Талийгаачид аман хүзүүний хажуу массын 2 талын хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугасны няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт, дух, зулайн хуйханд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон хэсэгт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын угт язарсан шарх гэмтэл тогтоогдов. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба нэг цаг хугацаанд үүссэн байна. Гэмтэл амьд үед үүссэн байна. Талийгаач нугасны шокод орж төвийн гаралтайгаар амьсгал зүрх гэнэт зогсож нас баржээ. Гэмтэл авснаас хойш хэсэг зуур амьд байх боломжтой ба нарийн хугацааг нь тогтоох боломжгүй. Талийгаачид үүссэн аман хүзүүний хажуу массын 2 талын хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугасны няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт нь үхэлд хүргэсэн гэмтэл байна. Дух, зулайн хуйх, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон, доод уруулын дотор салстын цус хуралт, хамрын угийн язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаачийн цусанд мансууруулах, сэтгэц нөлөөт эм бодис илрээгүй, нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цусны 2-р бүлэгтэй байна. Талийгаачид аман хүзүүний хажуу массын 2 талын хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс дээрх Цусан хураа нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч, эмчилсэн ч амь аврагдах, амьдрах боломжгүй гэмтэл болно..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 125-129 дэх тал),
15. Гэрч Ө.Г-ийн өгсөн: "...Манайх СХД-ийн *-р хороо ***** **-*** тоотод амьдардаг бөгөөд энэ зунаас хашаагаа буулган улмаар үйлчилгээний объект барьж эхэлсэн. 2023.08.30-ны 08 цагт манайд ажиллаж байгаа Хүрлээ ирээд баригдаж байгаа байшингийн хажууд хүн унтаж байна гэхээр нь гараад хартал 40-50 орчим насны эрэгтэй хүн толгойгоороо хана түшсэн байдалтай хөдлөхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...би огт танихгүй, хамар дээр нь бага зэрэг цус л байсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал),
16. Гэрч Д.Б-ийн өгсөн: "...тэр шөнөдөө Б ирж хоноогүй бөгөөд намайг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өглөө үүрээр гэрээсээ гараад гудамжинд алхаж байсан чинь Б доороос бага зэрэг архи үнэртүүлчихсэн ирэхээр нь "би чи архи уучихсан юм чинь ажилд яваад яах юм гэртээ амар" гэхэд ажилд явна гээд ажилд гараад яваад тэр өдөржин хамт 100 айл дээр хувиараа ачигчийн ажил хийгээд орой 20 цагийн орчимд гэртээ ирсэн. ... надад нэг цагаан өнгийн самсунгийн нимгэхэн утас өгөөд “ахаа энэ гар утас хүний гар утас шүү би маргааш хүнд нь өгнө шүү гээд нэг гар утас надад өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дэх тал),
17. хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, хор уршигтай холбоотой шүүхэд гаргаж өгсөн баримт (13 хуудас баримт),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой
Шүүгдэгч Т.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал), ял шийтгэл эдэлж байсан эсэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 173-198 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 211 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал),
Шүүгдэгч Н.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хуралдаанд прокуророос “шүүгдэгч Т.Б-г Н.Н-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ** дүгээр зүйлийн *, ** дугаар зүйлийн * дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн * дахь хэсэгт зааснаар дээрэмдэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ** дугаар зүйлийн * дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *** дүгээр зүйлийн * дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.Н-ыг Т.Б-тэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ** дүгээр зүйлийн *, ** дугаар зүйлийн * дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн * дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нарыг аль алиныг нь гэм буруутайд тооцох, хүнийг алах, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт хохирогч С.Б-той хувийн таарамжгүй харилцаа буюу зүй бус үйлдлээс түүний нүүрэн тус газар 1-2 удаа цохих, баригдаж буй барилгын хана руу (бетон) толгойгоор нь савж, мөргүүлсний улмаас аман хүзүүний хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт, дух, зулайн хуйханд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон хэсэгт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын угт язарсан шарх гэмтэл учруулж, хохирогчийг алсан, улмаар хохирогч С.Б-д дээрх гэмтлийг учруулж, газарт унасны дараа шүүгдэгч Н.Н-тай бүлэглэн хохирогчийн өмдний халааснаас нь гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авсан,
Шүүгдэгч Н.Н нь Т.Б-тэй бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт шүүгдэгч Т.Б нь амь хохирогч С.Б-ийг цохиж, газарт унагаасны дараа түүний эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн өмдний халааснаас нь гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51-55, 61-67 дахь тал), эд мөрийн баримтаар хураагдсан 2 ш Сд, шинжээч эмч Б.Ариунзулын **** дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 125-129 дэх тал), гэрч Ө.Г-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал), гэрч Д.Б-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дахь тал), ******* ******** ХХК-ийн *** дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 39-43 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 4-9 дэх тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 10-15 дахь тал), шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, цуглуулсан нотлох баримтын хүрээнд дээрх үйл баримтыг сэргээн дүрсэлж, хэргийн үйл баримтыг тогтоолоо.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д холбогдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Б, Н.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаа авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.
Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Тодруулбал, шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар амь хохирогчийн биед халдсан үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шалтгаант холбоотой.
Т.Б нь амь хохирогч С.Б-той хувийн таарамжгүй харилцаа буюу зүй бус үйлдлийн улмаас түүнийг хана мөргүүлэн аман хүзүүний хажуу массын 2 талын хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс, цусан хураа бүхий гэмтлийг учруулж алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Н.Н нь Т.Б-тэй бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт шүүгдэгч Т.Б нь амь хохирогч С.Б-ийг цохиж, газарт унагаасны дараа түүний эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн өмдний халааснаас нь гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Дээрэмдэх гэмт хэргийн дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь хохирогчийн өмчлөх эрх болон халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан довтолгоон хийгдсэнээр бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй, шунахайн сэдэлттэй үйлдлийг ойлгоно.
Тодруулбал, шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... Би нөгөө үл таних караокед муудалцсан залуу руу шууд гүйж очоод тухайн залууг дал, мөрөн дээрээс нь түлхэж газар унагаасан чинь жижиг биетэй цагаан цамцтай залуу гүйж ирээд намайг салгаад тухайн газарт унасан залууг заамдаж татаад буцаагаад тавьсан. Тэгээд жижиг цагаан цамцтай залуу тухайн хүний халааснаас гар утас, түрийвчийг нь аваад замын хажуугаас такси бариад...
... тэгээд унахаар нь хараад зогсож байтал нөгөө жижиг залуу гүйж ирээд ахаа боль гээд намайг холдуулаад эргээд өөрөө очоод тэр ахыг дээрээс нь тонгойж байгаад энгэрээс нь татаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 7-8 дахь тал),
Шүүгдэгч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нөгөө том биетэй тэр ахыг чирээд 21 дүгээр хороолол зүгт алхаад намайг араасаа хүрээд ир гэхээр нь би араас нь дагаад алхаж байтал тэр хөгшин хүн зугтаасан чинь араас нь очоод нэг барилгын хажуугийн булан руу дагуулж ороод хувцаснаас нь чирч байсан гараараа тэр ахыг барилгын хана мөргүүлээд унагаасан чинь нөгөө ах газар унаад босохгүй байхаар нь би тэр ах дээр очоод цамцнаас нь татаад босгох гэтэл тэр ах ямар ч хөдөлгөөнгүй байсан чинь нөгөө хана мөргүүлсэн ах намайг чи наад хүнийхээ халаасыг ухаад гар утас, мөнгө хоёрыг нь аваадах гэхээр нь би тэр унасан байсан ахын өмдний халааснаас нь цагаан өнгийн гар утас, бор өнгийн түрийвч хоёрыг гаргаж ирээд тэр том биетэй ахад өгөөд өндийсөн чинь нөгөө ах намайг гялс такси барья гэхээр нь бид 2 зам дээрээс гар өргөөд такси бариад...” гэсэн мэдүүлгээр хүч хэрэглэсэн нь үгүйсгэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх байдлаар мэдүүлсэн нь хэргийн үйл баримтын талаар харилцан зөрүүгүй нь хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хохирогчийг шүүгдэгч Т.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг цохиж, хана мөргүүлж, биеэ хамгаалах чадваргүй болсны дараа шүүгдэгч Н.Н өмдний халааснаас түрүүвч, гар утсыг авсан үйлдэл нь хохирогчид хүч хэрэглэж, довтолсон, хүч хэрэглэхээр заналхийлсэн шинж үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, гэм этгээдүүд гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон эсэхээс үл хамааран, хоёр буюу түүнээс дээш этгээд хууль бус үйлдлээрээ нэгдэж, хохирол, хор уршиг бий болгосныг бүлэглэн гүйцэтгэх гэж үзнэ.
Энэ хэргийн тухайд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд ганцаараа, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байсан С.Б-ийг шүүгдэгч Т.Б алсны дараа шүүгдэгч Н.Н нь хохирогчийн эд зүйлийг авч, Т.Б-д өгсөн, улмаар хэрэг учралын газраас даруй явсан үйл баримт нь Эрүүгийн хууль заасан гэмт хэргийг бүлэглэж гүйцэтгэсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, бүлэглэн гүйцэтгэх нь шүүгдэгч нарыг тодорхой гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ бие биенээ дэмжиж, үйл ажиллагааг нь хөнгөвчилж байна гэдгээ ухамсарласан байхыг ойлгоно.
Тухайлбал, шүүгдэгч Н.Н нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ би дээрэмдээгүй, бусдын албадлага эрхшээлд орсон, айсан учраас хохирогчийн эд зүйлийг авсан гэх боловч түүнийг бодитой дарамталсан, сүрдүүлсэн үйл баримт тогтоогдохгүйн зэрэгцээ хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт Т.Б-г дуудахад тодорхой орон зайд зугтах боломж байсан зэргээр үгүйгэгдэж байх тул шүүгдэгч Т.Б, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч хэргийн үйл баримттай маргахгүй харин дээрэмдэх гэмт хэрэг биш хохирогчийн эд зүйлийг нууц, далд аргаар хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэрэг гэж, шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч шүүгдэгч бусдын албадлага, эрхшээлд байхдаа эд зүйлийг авч өгсөн гэж тус тус тайлбарласан бөгөөд хохирогч нь хүнд гэмтэл авч, ухаангүй байхад эд зүйлийг авсныг хохирогчид мэдэгдээгүй, нууц, далд аргаар эд зүйлийг авсан, Т.Б-ийн эрхшээл, албадлагад байхдаа эд зүйлийг авсан гэсэн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Н.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамласныг зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 47-50, 56-60 дахь талд авагдсан хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шүүх шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд сд нь хоосон, бичлэг байхгүй байсныг дурдах нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нарыг аль алиныг нь гэм буруутайд тооцох, хүнийг алах, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн амь нас хохирч, дээрэмдэх гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн 258.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-өөс 2,109,490 гаргуулж шийдвэрлэв. Харин шүүгдэгч Н.Н нь дээрмийн гэмт хэргийн улмаас учирсан өөрт оногдох 128.300 төгрөгийг төлсөн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Б, Н.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Т.Б, Н.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэгт 12 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, түүний нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаатай, оногдуулсан хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэх...шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй ангид хорих, өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг гаргав...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс “...зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөлийн аль аль нь байхгүй, гэхдээ 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнө шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлсэн нь хүндрүүлэх нөхцөлд тооцогдохгүй...улсын яллагчийн санал болгосон хорих ялаас тус бүр 1/1 жилийг хасаж, нийт 13 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү...”.гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-аас “...хэлэх зүйлгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бол шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн эдлэх хорих ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн арга, хүний амь нас хохирсон, хохирол төлбөрийг төлөөгүй, түүний хувийн байдал буюу урьд хүнийг алах гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, түүндээ дүгнэлт хийгээгүй нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Т.Б-ийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 363 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцов. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 2 ширхгийг хэрэгт үлдээж, самсунг бичиглэлтэй хуучин гар тус хар болон цагаан өнгийн гар утас 2 ширхэг, айфоне маркийн гар утас 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д холбогдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.Б, Н.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
- Шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н цагдан хоригдсон нийт 363 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-өөс 2,109,490 гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самсунг бичиглэл бүхий асдаггүй хар өнгийн болон самсунг бичиглэл бүхий эвдэрхий цагаан өнгийн 2 ширхэг гар утсыг Б.Б-д, айфон маркийн гадуураа хүрэн өнгийн гэр бүхий 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Т.Б-д буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
13. Шийтгэх тогтоолыг шүүдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
ШҮҮГЧ Ц.АМАР
ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР