Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар  132/ШШ2021/00528

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М овогт М-ийн Ж-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий 132/2021/00460/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ж нь 2012 оны 07 сарын 23-ны өдрийн Дугаар 035 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2.500.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 08 сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2,500,000 төгрөг байна.

Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 109 тоот гэрээний алданги нь 1,250,000 төгрөг болж байна.

Иймд  хариуцагчаас нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж *******г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав М.Ж нь 2012 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас трактор, хадлангийн иж бүрдлийн үнийн 50 хувийг төлж, үлдэх 50 хувийг тодорхой хугацааны дараа төлөхөөр худалдаж авсан. Аав маань 2013 онд Солонгос улс руу  явж 60,000,000 төгрөгийн өртөгтэй хагалгаанд орсон. Тухайн үед үр хүүхдүүд, ах дүү нар нь хамаг зүйлээ шавхаж аавынхаа амийг аварсан. Түүнээс  хойш тракторын үнийг төлөх боломжгүй байсан. Гэтэл аав маань 2016 онд дахин хорт хавдартай болж хагалгаанд орсон. Тийм учраас өдийг болтол төлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны *******гийн ажлын алба нь хариуцагч Ж-д холбогдуулан, гэрээний үүрэгт 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2012 оны 07 сарын 23-ны өдөр 035 тоот “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/”-ийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркын хадлангийн иж бүрдэл нэг ширхэгийн эд хөрөнгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөгийг эд хөрөнгийг хүлээн авахдаа төлөх, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулахаар гэрээг байгуулжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худлдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж, мөн хуулийн  76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан.

Талуудын хооронд 2012 оны 07 сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хугацаа 5 жил байх бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна. Хуульд зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол худалдагч тал худалдан авагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Тодруулбал худалдан авагч М.Ж нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол худалдагчид 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шаардах эрх үүсэх бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд шаардах эрхтэй байхад нэхэмжлэгч тал 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугцаааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Ж  гаас гэрээний үүрэгт 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө Аж Ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, нотолж чадаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу *******д шилжүүлсэн болох нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоол, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байх тул  Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны *******гийн ажлын албыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Х албаны нэхэмжлэлтэй, Ж-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэл 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ