| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2024/0930/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/964 |
| Огноо | 2024-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/964
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
Улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408016690998 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** аймгийн ********* хотод төрсөн, ** настай, эрэгтэй, ***** **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхийн хамт Чингэлтэй дүүрэг ** дугаар хороо, Сурагчийн ** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай,
- урьд нь ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр уг хорих ялын хугацаа дуусаж суллагдсан гэх
Б овогт Б.Б (РД:**********)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1300 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рэйж" нэртэй цахим тоглоомын газраас насанд хүрээгүй хохирогч Г.Т-ийн эзэмшлийн "Redmi note 12s” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Саппорогийн автобусны буудлын хажууд үйл ажиллагаа явуулдаг “Рейж” нэртэй цахим тоглоомын газарт орж тоглоом тоглож хоносон. Тухайн тоглоомын газартаа хонож тоглочхоод гараагүй тоглож дуусчхаад байж байхад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчим 11-13 орчим насны 3 хүүхэд тоглохоор орж ирсэн. Тухайн хүүхдүүдийн тоглож байхыг хараад ард нь зогсож тоглолтыг нь харсан. Тэгээд хараад зогсож байх үед 13 цагийн орчим нэг нүдний шилтэй жаахан хүүхдийн сууж байсан сандал дээр Redmi маркийн гар утас байж байсан. Тухайн хүүхэд тоглоомдоо улайрч сатаараад анзаарахгүй байхаар нь би гар утсыг нь авчихсан. Тэгээд би тухайн гар утсыг авангуутаа шууд тухайн цахим тоглоомын газраас гарч яваад Хар хорин захын гэрлэн дохионы ард талд үл таних эрэгтэй хүнд бэлэн 20,000 төгрөгөөр зарчихсан. Би гар утас зарж олсон мөнгөөрөө хоол авч идээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дахь тал),
2. Насанд хүрээгүй хохирогч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо саппоро орчимд үйл ажиллагаа явуулдаг “Рейж” нэртэй цахим тоглоомын газарт компьютероор тоглож байхдаа өөрийн эзэмшлийн рэдми 12 си загварын гар утсаа сууж байсан сандал дээрээ өөрийнхөө баруун талдаа тавьсан бөгөөд тоглож дуусаад харсан чинь миний гар утас байгаагүй. Миний гар утас хар өнгийн резинен кейстэй, бүдэг ногоон өнгийн бөгөөд 10 орчим минут дуудаж байгаад л ходогдохоо больчихсон. Би гар утсаа 2023 оны 08 дугаар сарын үед 700,000 төгрөгөөр худалдан авч байсан... ...Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. Сэтгэцэд учирсан ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 26-27 дахь тал),
3. Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвд байрлах Рэйж нэртэй цахим тоглоомын газартаа админаар ажиллаж байсан. Тухайн өдрийн 11 цагийн орчим 10-12 орчим насны 3 эрэгтэй жаахан хүүхэд орж ирж манай цахим тоглоомын газарт тоглосон. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12:00-13:00 цагийн орчим 10-12 орчим насны нэг эрэгтэй хүүхэд нь тоглож байгаад гар утсаа алдчихлаа гэж хэлээд манай тоглоомын газрын хяналтын камерын бичлэгийг найзынхаа гар утсан дээр бичиж аваад гараад явсан. Тухайн бичлэгт манайхаар тогтмол үйлчлүүлдэг 30-35 орчим насны эрэгтэй, туранхай биетэй, 180-185 см орчим өндөр, бордуу царайтай, гар утсыг нь авч байгаа бичлэг байсан. Тэгээд тухайн хүүхэд 15 цагийн орчим аавынхаа хамт цагдаатай ирээд манай камерын бичлэгийг үзэж шалгасан бөгөөд би хяналтын камерын бичлэгээ хуулбарлаж өгсөн...” (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Тус хяналтын камерын бичлэгийг эхлүүлэн үзэхэд хохирогч Г.Т /********** / нь компьютероор тоглон сууж байх бөгөөд түүний ар талд хар өнгийн гадуур хувцастай, хар өнгийн халимаг үстэй, шөвгөр бор царайтай сэжигтэн Б.Б /**********/ нь зогсож байгаа байгаа дүрс ажиглагдав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд сэжигтэй этгээд нь хохирогчийн сууж байсан сандал дээр байсан гар утсыг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч, халаасандаа хийгээд явж байгаа дүрс ажиглагдав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-16 дахь тал)
6. Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ц-**** дугаартай хөрөнгийн үнийн магадалгаагаар алдагдсан гар утсыг Рэдми нөт-12 си маркийн гар утас 400,000 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1300 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Рэйж" нэртэй цахим тоглоомын газраас насанд хүрээгүй хохирогч Г.Тэнгисийн эзэмшлийн "Redmi note 12 s" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг зохицуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Шүүгдэгч Б.Б-ийн насанд хүрээгүй хохирогч Г.Т-ийн 400,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Т-т 400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Б-ээс 400,000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-т олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч ч Б.Б-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-т 400.000 төгрөг гаргуулах ...” гэсэн дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнийг хохирол, хор уршигийг арилгах, төлбөр төлөх талаар хуульд заасан завсарлага авах эсэхийг тодруулж, шүүгдэгч шаардлагагүй гэснийг үндэслэн эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлбөр төлөгдөөгүй), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийдвэрлэлээ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сд-ыг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй 1 ширхэг сд-ийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 400,000 /дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-т олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгүй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР