| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 140/2024/00284/И |
| Дугаар | 001/ХТ2025/00024 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00024
Л.Цэ-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дүгээр шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2024/00015 дугаар магадлалтай,
Л.Цэ-гийн нэхэмжлэлтэй
С.Б-д холбогдох
Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг, Жаргалант, Жаргалант хэсэг, 0 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах 507 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Цэ-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Л.Ц, өмгөөлөгч Л.Н, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Цэ нь хариуцагч С.Б-д холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг, Жаргалант, Жаргалант хэсэг, 0 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах 507 м.кв газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2.Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг, Жаргалант, Жаргалант хэсэг, 0 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах Л.Цэ-гийн өмчлөлийн 507 м.кв талбайтай газрыг хууль бусаар эзэмшиж буй хариуцагч С.Б, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2024/00015 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дүгээр дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Л.Цэ-гийн нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг, Жаргалант, Жаргалант хэсэг, 0 дүгээр гудамж, 00 тоот хаягт байршилтай газрыг С.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч Л.Цэ Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2024.11.05-ны өдрийн 205/МА2027/00015 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасныг үндэслэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Л.Цэ нь тус газрыг 2012 онд худалдан авч 2015.01.07-ны өдрийн ***** дугаартай захирамжаар өмчилж гэрчилгээ авсан. Л.Цэ нь Улаанбаатар хотод амьдардаг тул уг газар эзгүй байсан. Дүү Л.Ц 2024.04.04-ний өдөр нас барсан бөгөөд буяны ажлаар Завхан аймагт очоод айл байгааг мэдсэн. С.Б-тэй холбогдоход чөлөөлж өгөхгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Завхан аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б-гийн хууль бус эзэмшлээс дээрх газрыг чөлөөлж шийдвэрлэсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1, 90 дүгээр зүйлийн 94.3, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна.
4.1.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
Хариуцагч С.Б хууль бусаар эзэмшиж байгаа газарт байшингийн суурь цутгасан, хашааг янзалсан гэж тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг зардлын тухайд сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх маргаан бүхий газрыг арчлах, засан сайжруулах зэрэгт гарсан зардлыг хангагдах хүртэл газрыг чөлөөлж өгөхөөс татгалзаж эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг үндэслэл болгосон.
Талийгаач Л.Ц уг газрыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр эзэмшиж байсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй, нэхэмжлэл, тайлбарт энэ талаар дурдаагүй байхад С.Б-гийн газрын шууд эзэмшигч, мөн өмчлөгчийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн мөн Л.Ц нь Л.Цэ-ийг төлөөлөх эрхтэй гэж ойлгон хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь; С.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “... хашааг зарна гэж хүнээс сонсоод эзнийг нь хайсан. н.Л над руу утсаар яриад “А-У” ХХК-д ажилладаг усны машины жолооч тэдний хашаанд байсан юм байна. Тэр хүнээс эзнийг нь асуу гэхээр нь жолооч ахтай уулзсан. Жолооч ах “... Л.Ц гэдэг залуу байгаа.” гэхээр нь Л.Ц-тэй уулзаад хашаагаа зарах уу гэхэд зарна гэсэн. Өөрөөр хэлбэл, Л.Ц тухайн газрыг эзэмшиж байгаагүй, түүнд зарах эрх олгоогүй бөгөөд хариуцагч бусдаас сонсоод Л.Ц-тэй холбогдсон байхад шүүх тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэл болгосон. Л.Цэ Завхан аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар өргөдөл гарган 2024.11.28-ны өдрийн 453 дугаартай албан бичгээр уг газрыг А443 дугаар захирамжаар өмчилж авсан гэсэн хариуг өгсөн.
4.2.Давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн талаар:
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар С.Б-гийн шударга эзэмшигч гэж үзвэл түүнтэй хэлцэл хийсэн Л.Ц нас барснаар хэлцэл дуусгавар болж, эзэмших эрхээ алдсан тул газрын хууль ёсны өмчлөгч буюу эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.
Л.Цэ Иргэдэд газар өмчлүүлэх тухай (2002 оны) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу уг газрыг өмчлөх хүсэлтийг гаргаж өмчилж авсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д заасан үндсэн эрхийг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Иймд Иргэний тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Монгол улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 17 дугаартай тогтоолд “Мөн зүйлийн 94.1, 94.2, 94.3, 94.6, 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсэгт тус тус заасан эрх бүхий этгээд гэдэгт шударга эзэмшигчээс илүү буюу тухайн эд хөрөнгийг хууль, гэрээний дагуу эзэмших эрхтэй этгээдийг ойлгоно гэсэн тул газрын өмчлөгч Л.Цэ-д С.Б газрыг буцаан өгөх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүх тухайн хашаанд буугаад 9 сар болсон эзэмшигч нь бусдын өмчлөлийн газрыг чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч Л.Цэ-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025.01.09-ний өдрийн 001/ШХТ2025/00032 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Л.Цэ-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Л.Цэ хариуцагч С.Б-д холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг, Жаргалант, Жаргалант хэсэг, 0 дүгээр гудамж, 00 тоот хаягт байрлах 507 м.кв газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, Завхан аймгийн Бүртгэлийн хэлтсээс 2015.01.07-ны өдрийн ***** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Л.Ц Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд төрсөн дүү Л.Ц 2024.04.04-ний өдөр нас барсан тул Завхан аймагт буяны ажлаар ирээд уг газарт С.Б хашаа, байшин барьж байгааг мэдсэн. Л.Ц-д газар зарах зөвшөөрөл өгөөгүй.” гэж тайлбарласан бол,
хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Л.Ц-гээс дээрх газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авч 2,500,000 төгрөг төлсөн. Тэрээр бичиг баримтыг шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлж өгөөгүй. Л.Цэ түүнийг нас барсны дараа утсаар холбогдож гэрчилгээг нь шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг авъя гэхэд нь 5,000,000 төгрөгөөр зарсан талаар хэлэхэд тэрээр 8,000,000 төгрөгөөр худалдана гэсэн. Талийгаач Л.Цэ газар худалдсан талаар ах дүү нар нь мэдэж байсан тул нэхэмжлэгч үүнийг мэдээгүй байх боломжгүй. Уг газарт хөрөнгө оруулалт хийсэн тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлж бичиг баримтыг авах хүсэлттэй байна.” гэжээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “Л.Цэ нь Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг, Жаргалант, Жаргалантын хэсэг 0 дүгээр гудамж 00 тоот хаягт байрлах, 507 м.кв, 17**** нэгж талбарын дугаар бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2015.01.07-ны өдөр өмчилж авсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаартай гэрчилгээгээр нотлогдсон, хариуцагч С.Б дээрх газар дээр байшингийн суурь цутгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагч С.Б-д 507 м.кв газрыг эзэмшүүлсэн эрхий бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар 507 м.кв газрын өмчлөгч Л.Цэ нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газар болон түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй, хариуцагч С.Б нь Л.Ц-гээс тус газрыг худалдаж авсан гэх боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй ба мөн хуульд зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр хуульчилсан тул хариуцагч нь буруутай этгээдээс шаардах эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.” гэж дүгнэжээ.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “…өмчлөгч Л.Цэ-гийн төрсөн дүү Л.Цэ газрыг өмчлөгчийн зөвшөөрснөөр эзэмшиж байсан болох нь тогтоогдсон тул түүнийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газрын шууд эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн, хариуцагч С.Б нь маргаан бүхий газрын өмчлөгч нь Л.Цэ гэж итгэн газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар түүнд 2,000,000 төгрөгийг төлсөн тул түүний эзэмшлийг шударга эзэмшигч гэж үзнэ. С.Б газрыг 2023 оны 01 сард худалдаж авсан, худалдаж авснаас хойш өөрийн эзэмшилд байлгаж, засан сайжруулж, хашаанд байшин барихаар суурь тавьснаар тодорхой хэмжээний зардал гаргасан, энэ үйл баримтыг мэдэх боломжтой байсан, шударга эзэмшигч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газрыг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт зааснаар шударга эзэмшигч нь өөрийн шаардлагаа хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй...” гэж үзжээ.
10.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.
11.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Цэ Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг, Жаргалант, Жаргалантын хэсэг 0 дүгээр гудамж 00 тоот хаягт байрлах, 507 м.кв, 17**** нэгж талбарын дугаар бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2015.01.07-ны өдөр өмчилж авсан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаартай гэрчилгээтэй, хариуцагч С.Б нь Л.Ц-тэй бус иргэн Л.Цэ-тэй маргаан бүхий газрыг 5,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцэл хийсэн, улмаар 2,000,000 төгрөгийг түүнд төлсөн, уг газар дээр байшингийн суурь цутгасан зэрэг үйл баримт тогтоогджээ.
12.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2 дахь хэсэгт “...эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж тус тус заасан. Дээрх зохицуулалтын дагуу шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч маргаан бүхий хөрөнгийг хууль ёсоор өмчлөх эрхтэй байх, хариуцагчийн эзэмшилд тухайн хөрөнгө байгаа, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөл хангагдсан байх учиртай.
13.Хариуцагч С.Б нь Л.Ц-ийг маргаан бүхий газрын өмчлөгч гэж итгэн газрыг 5,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцэл хийсэн, улмаар 2,000,000 төгрөгийг түүнд төлсөн үйл баримт тогтоогдож байгаа боловч уг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан ба энэ хэлцэл хийгдээгүй. Хариуцагч С.Б нь Л.Ц-ийг газрын өмчлөгч мөн эсэхийг бүртгэлд суурилан мэдэх боломжтой байхад анхаарал, болгоомжгүй хандсан буруутай байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цэ-гийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий газрыг хариуцагч С.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
14.Дээр дурдсанаар хариуцагч С.Б нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгчийн дүү Л.Ц-ийн өмчлөлийн газар гэж итгэн, 2023 оны 1 сард худалдаж авсан, худалдаж авснаас хойш өөрийн эзэмшилд байлгаж, засан сайжруулж, хашаанд байшин барихаар суурь тавьснаар тодорхой хэмжээний зардал гаргасан гэж тайлбарласан, түүний уг тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
Гэвч маргаан бүхий газар хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байшингийн суурь тавьсан үйл баримтыг мэдэх боломжтой байсан эсэх нь түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй.
Хариуцагч нь хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр газар эзэмших эрхийг олж аваагүйгээр түүний эзэмшил хууль бус болохыг тогтоолын 13-т дүгнэсэн. Харин өөрийгөө газрыг өмчлөх эрхтэй этгээдтэй хэлцэл хийж байна гэж шударгаар итгэж үнэмшсэн тул түүнийг хууль бус шударга эзэмшигч гэж үзэж болох боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт байшингийн суурь тавьсан түүний засан сайжруулалт газрын хууль ёсны өмчлөгчдийн хувьд газрын үнийг нэмэгдүүлсэн, өмчлөгчид ашиг бий болсон гэж үзэхээргүй байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрх хэрэгжих боломжгүй.
15.Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Б нь маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж итгэн, ийнхүү эзэмшиж байхдаа зардал гаргасан үйл баримтыг анхаарсан нь зөв боловч Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигчид газрын засан сайжруулалт давуу байдал бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг анхаараагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205/МА2024/00015 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2024/00351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Цэ нь 2024.12.18-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН