Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

улсын яллагч В.Дэлгэрмаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар *******эд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201705000032 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

******* нь 2016 оны 10 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-18-11 тоотод оршин суух ******* эзэмшлийн 4359 БНЗ улсын дугаартай мотоциклийг худалдаж авъя гэж худал амлан ******* төөрөгдүүлж улмаар тамхи авах нэрээр мотоциклийг нь унаж яван бусдын өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хууль бусаар авсаны улмаас бусдад 533.000 төгрөгийн бодит хохирол учируулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

                          /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХнь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 сарын 16-ны өдөр Баянхонгор сумын 3-р багийн нутаг дэвсгэрт иргэн ******* 4359 БНЗ улсын дугаартай мотоциклийг худалдаж авъя, дэлгүүр орж тамхи аваад ирье гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ гараад Баянхонгор сумын 2 дугаар багт өөрийн эзэмшлийн 4359 БНЗ улсын дугаартай улаан өнгийн мотоциклийг унаад ганцаараа явж байхад үл таних гурван залуу таарсан. Дээрх гурван залуугийн нэг нь дэлгүүр дээр хүргээд өгөөч гэсэн. Би дээрх залууг мотоциклийн араар сундалаад Хөх толгойд нэлээн хойгуур байх хүнсний дэлгүүр дээр очиход дээрх залуу мотоциклийг чинь худалдаж авъя гэсэн. Би уг залууг сундлаад 3-18-11 тоотод байх гэртээ дагуулж ирээд мотоциклийн бичиг баримт нь энэ байна мотоциклоо 1 сая төгрөгөөр зарна гэхэд дээрх үл таних залуу таны мотоциклоор дэлгүүр ороод тамхи аваад эръе гэхээр нь унаж үзэх гэж байгаа юм байна гэж бодоод хамаатаны Ганзориг гэх залууг араар нь суулгаад хамт дэлгүүрлүү явуулсан. Ганзориг манайд эргэж гүйж ирээд намайг дэлгүүрт ороод тамхи аваад гарч ирэх хооронд нөгөө залуу таны мотоциклийг унаад зугтаад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн дээрх залуу эргэж ирж миний мотоциклийг өгөөгүй. Би сургалж явсаар дээрх залууг ******* гэдэг болох талаар нь олж мэдсэн. ******* гэх залуу тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ их согтсон зүйл байгаагүй өөрийн ухаантай зүгээр ярьж хөөрч байсан. Миний мотоциклийг үнэлгээний комисс 533000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, хохирлын мөнгө төлсөн зүйл байхгүй. Ойрын хугацаанд хохирлоо төлүүлмээр байна. Мөн мотоцикпоо эрж хайхдаа “Жаст ойл” ШТС-с 30.000 төгрөгний бензин авч Бат гэх жолоочтой хамт 4900 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр нь хайж явсан дээрх хохирлыг төлж барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 10 сарын 16-ны өдөр Баярсайхан ах нэг залуутай хамт гэртээ ирсэн. Тэр залуу 1 шил архи гаргаж ирээд мотоциклийг чинь авья гээд задалсан. Бид 3 тэр архинаас нэг нэг учаад байж байхад Баяраа ах  намайг тамхинд яваад ир гэсэн. Тэгсэн нөгөө залуу би мотоциклиор чинь яваад ирье гээд тэр залуу бариад би ард нь сууж яваад дэлгүүрийн үүдэнд зогсоод нөгөө залуу надад 2000 төгрөг өгөөд та ороод тамхи аваад ир гэсэн. Би дэлгүүр ороод тамхи аваад гараад иртэл алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016.10.16-ны өдөр 2-35-6 тоотод гэртээ байхад 11 цагийн орчимд ******* манайд ирсэн бид хоёр манайхаас гараад Монхоодойтой таараад бид гурав дэлгүүрээс 0,75 грамтай 3 шил архи аваад манай гэрт очиж уусан. Би гэрээсээ халуун тогоогоо зарахаар аваад бид гурав дэлгүүрт ороод халуун тогоо зарна гэхэд худалдагч нь авахгүй гэсэн. Буцаагаад тогоогоо гэртээ аваачиж тавихаар явж байхад мотоцикльтой хүн зам дээр зогсож байсан. ******* дээрх мотоцикльтой хүнтэй мотоциклийн наймааны талаар яриад байх шиг байсан. Би Монхоодойтой хамт гэрлүүгээ явсан. ******* дээрх мотоцикльтой хүнтэй хамт гудамжинд үлдсэн. Уг хүний мотоцикль улаан өнгийн мотоцикль байсан. Шинэ, хуучин мотоцикль байсан талаар анзаарч сайн хараагүй. Тухайн үед ******* нэлээд их согтсон байсан. *******ийг хүний мотоцикль авч явсан талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед Монхоодой бид хоёр *******ээс салаад гэрлүүгээ явсан эргэж уулзаагүй, 2016 оны 10 дугаар сард *******тэй танилцсан хувийн зан байдлын талаар нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор сумын 2 дугаар баг 2-35-А-7 тоотод байх Ганбаатарын гэрт Ганбаатар, Монхоодой гэх хоёр залуутай 0.75 грамтай 3 шил архи хувааж ууцгаасан. Дараа нь Ганбаатар гэрээсээ цахилгаан тогоо барьцаанд тавьж архи авхаар бид гурав хамт явсан. Тогоогоо дэлгүүрт архинаас өгөх гэхэд худалдагч тогоог нь худалдаж аваагүй. Дэлгүүрээс гараад гудамжинд явж байхад мотоцикльтой хүн таарсан. Мотоцикльтой хүнтэй юм яриад зогсож байхад Ганбаатар, Монхоодой нар цаашаа явж байгаа харагдсан. Би дээрх ахын мотоциклийг худалдаж авъя гэж хэлээд мотоциклийн араар нь сундалаад гэрлүүгээ явсан. Гэртээ очоод ээжээс 40.000 төгрөг аваад нөгөө ахтай хамт мотоциклиор нь “Нураг хайрхан” дэлгүүр ороод 0,75 грамтай архи худалдаж авсан. Дэлгүүр дээр мотоцикльтой ахын танидаг хүн нь таарсан. Бид гурав хамт 3 дугаар багт мотоцикль унаж явсан ахын гэрт нь очсоны дараа би дээрх мотоциклийн эзэн ахаас мотоциклоор чинь тамхинд яваад иръе гэхэд наад ахыгаа сундалаад яв гэсэн. Би мотоцикпийг нь унаад араар нэг танихгүй ах сундалаад 3 дугаар багт нэг дэлгүүрийн гадна очиход мотоциклийн араар сууж явсан ах тамхи аваад иръе гээд дэлгүүрт орсон. Би мотоциклийг нь дэлгүүрийн үүдрүү шахаад зогсоосон байж байгаад буцаагаад эргүүлж зогсоохоор унаад хөдөлсөн тэгээд тэр чигтээ мотоциклийг нь унаж яваад 3 дугаар багт уулын орой дээр очиход тэнд хоёр танихгүй хүн архи уугаад сууж байсан. Шөнө харанхуйд дээрх хүмүүстэй хамт суугаад архинаас нь уусан нэг мэдэхэд уулан дээр мотоциклийн хажууд ганцаараа унтаж байсан. Дээрх хоёр хүн байхгүй байсан. Би уг мотоциклийг тухайн газарт үлдээгээд алхаад 2 дугаар багт Батцэцэг гэх эгчийндээ 21 цагийн орчимд очиж унтсан. Мотоциклийн үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй үнэлгээг зөвшөөрч байна. Тухайн үед би өөрийн ухаангүй шахуу болтолоо согтсон байсан. Согтуудаа дээрх мотоциклийг эзнээс нь худалдаж авсан юм бодоод унаж явсан байх. Өөр санаа зорилго байгаагүй. Би 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор мотоциклийн хохирлын мөнгийг төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 44-46, 50-52, 72-74/

Түүний шүүх хуралдаанд өгсөн: 2016 оны 10 сарын 16-ны өдөр Ганбаатар гэх айлд 0,75 граммтай 2 шил архи хувааж уусан. Ганбаатар, Монхоодой бид 3 хамт модон дэлгүүр орчихоод би мотоцикльтой хүнтэй юм яриад зогсож байсан чинь Ганбаатар, Монхоодой нар цаашаа явж байгаа харагдсан. Баярсайхан мотоциклио зарна гэхээр нь сундалж гэртээ очоод ээжээс 40000 төгрөг авсан Хөх толгой руу явж дэлгүүрээс архи аваад юм ярьж байгаад би Баярсайханы мотоциклийг унаж яваад согтоод унтчихсан байсан гэх мэдүүлэг.

-Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Даюун маркийн мотоцикль 533.000 төгрөгийн үнэтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 36-38/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/,

-шатахуун авсан баримт /хх-ийн 15/,

-БНЗ4359 улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01088088 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 17/,

-Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53/,

-*******ийн төрсний гэрчилгээ болон бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-138/ болон хэрэгт авагдсан бусад шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлахад:

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Шүүгдэгч ******* нь хохирогч д мотоциклийг нь худалдаж авна, мотоциклиор чинь дэлгүүр явж тамхи авч ирнэ гэж итгүүлэн түүнээс түлхүүрийг нь авч мотоциклийг нь унаж зугтаж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 сарын 16-ны өдөр хохирогч д худал ярьж итгүүлэн түүний мотоциклийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч д учирсан хохирол 533.000 төгрөг байгаа нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд хамаарах бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь тохирсон байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар тогтоогдсон байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч *******ээс 533.000 /таван зуун гучин гурван мянга/ төгрөг, алдагдсан мотоциклио эрж хайсны зардал 30.000 /гучин мянга/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч д олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөөгүй  байх тул түүний дундын өмчлөлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэргэлэн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэснийг ял хүндэрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон              

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хоёр зуун цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******эд оногдуулсан хоёр зуун цагийн албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольдог болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******ээс гэм хорын хохиролд 533.000 /таван зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-1-20 тоотод оршин суух, Хиад овогт Нямын Баярсайханд /РД:ВП69111414/ олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн дундын өмчлөлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ