Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 57

 

Б.Ө-д холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: А.Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Ж,

Шүүгдэгч: Б.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,      

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ө-д холбогдох 2028000000048 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21-22 цагийн орчимд эрэгтэй Ж.Ч-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр, толгой хэсэгт өшиглөн, толгой орчимд сандлаар цохиж амь насыг нь санаатай хохироон, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Т.Нансалмаа нь Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ө-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын цагдан хоригдсон 52 хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Ө-д авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэнтэй холбогдуулж, шүүхийн барьцаа хөрөнгийн 100110005411 тоот данснаас 5.000.000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.Ө-д буцаан олгохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж. шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь банкны зээл гаргуулах тухай нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Б.Ү нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Еssе нэртэй тамхины иш 2 ширхэг, ягаан өнгийн хагарсан пивор сандал 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороотой дээж бүхий марль 1 ширхэг, 4 ширхэг сальфетика, цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс буюу машины шалавчин дээрээс бэхжүүлэн авсан 2 ширхэг марль, бөөлжис гэх мэт зүйлийг боож авсан 1 ширхэг марль, талийгаач Чимэдцэрэнгийн өмсөж явсан хар хөх өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн Hilfinger гэсэн бичигтэй фудволк 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг саарал өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, гарын 10 хурууны хумс, Б.Ө-аас хураан авсан хар саарал урдуураа цахилгаантай юүдэнтэй цамц 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн Martian gravity гэсэн бичигтэй фудволк 1 ширхэг, хөх өнгийн өвдөг хэсгээрээ ногоон өнгийн оруулгатай өмд 1 ширхэг, ногоон өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, улаан үдээстэй цагаан өнгийн пүүз 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, талийгаач Ж.Ч-гийн цогцосны гадна үзлэг, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий 2 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Ө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-д 21.837.000 төгрөгийн хохирол, хор уршгийн төлбөрт төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоолгохыг хүсэж байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.08.05-ны өдрийн шүүх хуралдаанаар надад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял шийтгэлийг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний хувьд надад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт холбогдох хэргийн болсон нөхцөл байдлын талаар 2 дугаар хавтаст хэргийн 47 дугаар талд хамгийн анх 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Дараа нь хавтаст хэргийн 50 дугаар талд яллагдагчаар татан ял сонсгож мэдүүлгийг тус тус өгсөн.

Миний зүгээс тухайн 2 мэдүүлэгт болсон нөхцөл байдлын талаар тууштай хүлээн мэдүүлж, 2020.03.21-ний өдөр ямар үйл баримт болоод өнгөрсөн талаар өөрийн мэдэх бүх зүйлийг чин үнэнчээр мэдүүлсэн. Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлсэн мэдүүлгийг хамтатган үнэлүүлж шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэж гомдлынхоо гол үндэслэлийг хүсэмжлэн гаргаж байна.

Би талийгаачийн амь насыг хохироох гэсэн зорилго, санаатайгаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаад амь насыг хөнөөё гэх бодол надад огт байгаагүй. Тухайн өдөр хүний амь нас хохирсон явдалд би маш харуусаж харамсаж байна. Би амьдралдаа хар толбо үлдээж ар гэрийнхнийгээ болон хохирогчийн ар гэрийнхнийг нь маш их сэтгэл санааны хүнд байдалд оруулж, үр хүүхэд хань ижилтэйгээ сайхан амьдрах цаг хугацаагаа алдаж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж чадахгүй ханийгаа зовоон хохироон өөрийгөө ийм байдалд хүргэсэндээ маш их харамсаж байгаа.

Эрхэм шүүгч та бүхэн надад холбогдох 2 хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаан дээр талийгаачийн аав хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон С.Ж ахын мэдүүлэг, шүүх хуралдаанаас өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө өөрийн сайн дураар сэтгэлээрээ нөхөн төлж барагдуулсан нөхцөл байдал, миний боловсрол, хүмүүжил, зан чанарын талаарх байдлын тодорхойлолт, цаашид талийгаачийн үр хүүхдийг харж хандан туслалцаа дэмжлэгийг үзүүлж чадах зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан 8 жилийн хорих ялыг 5 жил 2 сар болгон хөнгөрүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад эцэг хүн, өрх гэрийнхээ тэргүүний хувьд ах дүү нарынхаа төлөөлөл болж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож шүүх хуралдаанд оролцож шүүх хурал хэрхэн явагдсан, хэрэгт цугларсан нотлох баримтууд хэр бодит үнэнд нийцсэн байна гэдгийг өөрийн биеэр танилцаж сонссон.

Холбогдсон хэрэгтээ харамсаж, уучлалт гуйж байсан. Анхан шатны шүүх хуралдаанаар Б.Ө-ын холбогдсон хэргийн талаар зохих эрх бүхий албан тушаалтнууд оролцож шийдвэрлэсэн ба шүүх хуралдааны явцад Б.Ө талийгаачтай маргалдсан шалтгаан нөхцөл хэн нь хэнийхээ эрх чөлөө биед хүрч халдсан, хэн хэн хэдий хэмжээтэй архи уусан зэрэг байдлуудыг мэдсэн.

Хэрэгт цугларсан бичиг баримтаар миний талийгаач хүү над руу ярьсан нь үнэн. Хүү жаахан халамцуу байсан болохоор найзтай нь ярьсан чинь зүгээрээ ахаа гээд утсаа тасалсан. Б.Ө-ын хувьд миний хүүгээс ялгаагүй залуу байна. Энэ хүү амьдралдаа нэг удаа алдлаа. Алдахдаа маш том алдлаа.

Миний зүгээс энэ хүүд хүүгийнхээ амь насыг нэхэж мөнгө төгрөг илүү дутуу зүйл нэхсэнгүй ээ. Одоо би гомдолгүй. Аль болох ял шийтгэлийг нь бага оногдуулмаар байна. Эрхэм шүүгч та нар минь энэ залуу хүү Б.Ө-ын нэг алдсан алдааг уучлаад хуульд 8 жилийн хорих ялаас доошлуулж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ял хөнгөрүүлэх зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ гэм буруутай нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээс гадна учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан эсвэл энэ талаар гаргасан саналыг нь тооцож үзэх хэрэгтэй гэж заасан. Хүний амь нас хохирсонтой холбоотойгоор дээрх зохицуулалтыг хэрэглэх боломж нь хязгаарлагдмал байна гэсэн практикийг тогтоосон байна. Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй байдлаар үйлдсэн гэмт хэрэг. ...Мөн шүүхээс шүүгдэгч Б.Ө-ын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв болсон гэж дүгнэж оногдуулсан ял хүнд биш байна гэдгийг хэлмээр байна.

Энэ хэрэг дээр прокуророос шийтгэх тогтоолд гаргасан техникийн шинжтэй алдааг заслуулах хүсэлтэй байна. 2020 оны 08 дугаар  сарын 20-ны өдөр улсын яллагчаас саналаа шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс шүүгч нар нь ээлжийн амралттай, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг хэлэлцэж шийдвэрлээгүй. Иймээс шүүхийн шийтгэх тогтоолд улсын яллагчийн саналын дагуу энэ залруулгыг хийж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж оролцогчдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний бие өөрийнхөө хийсэн хэргийг ухамсарлаж ойлгож байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Ар гэр болон талийгаачийн ар гэрийнхэнд маш их хохирол учруулсан гэдгээ ойлгож маш их харамсаж байна. Эрхэм шүүгч та бүхэн миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би бага насны гурван хүүхэдтэй. Манай эхнэр жирэмсэн. Эхнэр хүүхэд, ар гэрээсээ удаан хугацаагаар хол байхыг хүсэхгүй байна. Ял эдэлж гарч ирээд талийгаачийн ар гэрийнхэнд тусламж дэмжиж явна гэдгээ амлаж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү”гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай хуульд хуульчилж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдолгүй энэ хүүгийн 8 жилийн ялаас нь багасгаад өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасныг анхаарч үзээрэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ялын хэмжээ нь 8-15 жил байдаг. Эрүүгийн хуульд хүний амь нас хохирсон л бол 8-15 жил заавал хорино гэсэн хатуу заалт байдаггүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар тухайн хорих ялын доод хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр хорих ялыг доошлуулах эрх зүйн зохицуулалттай. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, миний үйлчлүүлэгчийн гомдол, хэргийн хүрээнд авагдсан хувийн байдалтай холбоотой баримтууд, миний гаргасан санал зэргийг анхааран үзэж 5 жил 3 сар болгон ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Б.Ө-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг 5 жил 3 сар болгон өөрчилж ялыг хөнгөрүүлэн тогтоож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-ы 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

“Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21-22 цагийн орчимд эрэгтэй Ж.Ч-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр, толгой хэсэгт өшиглөн, толгой орчимд сандлаар цохиж амь насыг нь санаатай хохироон, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Э.У, Ц.А, яллагдагч Б.Ө нарын мэдүүлгүүд,  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэрийг хянахад

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгч Б.Ө-ын цагдан хоригдсон 52 хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай” гэж, “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагатай нийцээгүй бичигдсэнийг мөн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж” гэж Эрүүгийн хуульд байхгүй заалтыг хэрэглэснийг анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Б.Ө нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хүнийг алсан, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул шүүгдэгчийн “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 8 жилийн хорих ялыг 5 жил 2 сар болгон хөнгөрүүлэн тогтоох тухай”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-ы “..Б.Ө-ын 8 жилийн хорих ялаас доошлуулж тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нарын ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтын “тооцож, эдлэх ялаас хассугай” гэснийг “тооцсугай” гэж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ