Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0449

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2017/0449

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дүгээр хороо, Б тойруу, М З х байрны 000 тоотод байрлах Э ХХК, М компани

Хариуцагч: Монголбанкны Ерөнхийлөгч,

Хариуцагч: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Б.О, Б.Б, Ө.Т, А.Ш,

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А/153, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Албадан татан буулгах тухай А-157, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай А-144 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нарын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57/13/007 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ж.Б, нэхэмжлэгч Э ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК, М компаний захирал Ш.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Б.Б, М.Б-т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Хадгаламж банк нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 84.000.000 ширхэг энгийн хувьцаанаас бүрдэх 84 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байсан бөгөөд тус банкны хувьцааг Монгол Улсын хуулийн этгээд Э ХХК нь 100 хувь эзэмшдэг юм.

Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг М компани, уг компаний 100 хувийн хувьцааг Ш.Б тус тус эзэмшдэг юм. Гэтэл Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн дагуу томилогдсон Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулж, акт үйлдсэн.

Дээрх улсын байцаагч нарын актыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар Х ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй гэж үзэн, тус банкинд банкны эрх хүлээн авагчийг томилж, албадлагын арга хэмжээ авсан нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн, хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан гэж үзэж байна. Учир нь

Монголбанк нь Улсын Их Хурлаас батлагддаг төрийн захиргааны байгууллага бөгөөд Төрийн албаны тухай хуульд зааснаар Монголбанкны ерөнхийлөгч нь төрийн тусгай албан хаагч юм. Төрийн тусгай албан хаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагааг явуулах ёстой. Гэтэл хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримтлаагүй.

Мөн Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т Монголбанкны хяналт шалгалтыг Монголбанкны ерөнхийлөгчийн томилсон хянан шалгагч, хянагч хэрэгжүүлнэ" гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх... гэж, 52 дугаар зүйлийн 52.1-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ... болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэж, мөн хуулийн 52.3-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 69 тоот тушаалаар батлагдсан Монголбанкны улсын байцаагчийн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Монголбанк нь улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчтай байна. Монголбанкны Ерөнхийлөгч нь улсын ерөнхий байцаагч, тэргүүн ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нь улсын ахлах байцаагч байна гэж зааснаар Монголбанкны Ерөнхийлөгч буюу ерөнхий байцаагч хяналт шалгалтын удирдамжийг батлах эрхтэй, хуулийн зохицуулалттай байхад Хадгаламж банкинд хяналт шалгалт хийх удирдамжийг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч буюу улсын ахлах байцаагч баталсан. Монголбанкны Ерөнхийлөгч нь тухайн үед албан тушаалын бүрэн эрхээ Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид шилжүүлэх хуульд заасан үндэслэл, шаардлага үүсээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй. Хадгаламж банкинд төлөвлөгөөт бус, гэнэтийн хяналт шалгалт хийх хуулиар тогтоосон үндэслэл, шаардлага бий болоогүй, тус банктай холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэр болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэл огт байгаагүй юм.

Иймд Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар банкинд шалгалт хийх шийдвэр гаргах, удирдамж батлах эрх хэмжээ өөрт нь олгоогүй байхад Хадгаламж банкинд хэсэгчилсэн, төлөвлөгөөт бус шалгалт явуулахаар удирдамж батлах эрх хэмжээ хуулиар олгоогүй, гэнэтийн шалгалт явуулах хуульд заасан үндэслэл байхгүй байхад Хадгаламж банкинд хэсэгчилсэн төлөвлөгөөт бус шалгалт явуулахаар шийдвэрлэсэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч /ахлах байцаагчийн эрхтэй/-ийн шийдвэр нь илт хууль бус захиргааны акт бөгөөд уг шийдвэр, удирдамжийн дагуу явуулсан Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нарын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5713007 дугаартай улсын байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт юм.

Нөгөөтээгүүр Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нарын актыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь банкны үйл ажиллагаа өргөжихийн хирээр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага байнга гарч ирдэг. Тодруулбал: Тухайн үед банкны хадгаламж эзэмшигч, зээлдэгч нар өдөр тутам нэмэгдэж, актив хөрөнгө байнга нэмэгдэж байсан бөгөөд ийнхүү банкны үйл ажиллагаа өдөр тутам өргөжиж байсан. Ийнхүү үйл ажиллагаа өдөр тутам өргөжиж байхад банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажиллагаа нь өдөр тутам явагдах зайлшгүй шаардлага болоогүй, тийм боломж байхгүй юм.

Банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нь өдөр тутмын хийгддэг ажиллагаа биш бөгөөд тодорхой тайлант хугацаанд, банкны үйл ажиллагааны бодит өсөлтийг харгалзан үзэж байж, хөрөнгө оруулагчийн шийдвэрээр хийгддэг билээ. Гэтэл ийм завсрын хугацаанд Монголбанкнаас шалгалт хийж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх хугацаа өгөөгүй.

Улсын байцаагч нараас акт гаргах үед Хадгаламж банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж, төлбөрийн чадвар сайн байсан. 2009 оноос өмнө банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд Монгол шуудан банк-ийг Хадгаламж банкинд нэгтгэсэнтэй холбогдуулан актив хөрөнгө өссөн тул үүнийг дагаад өөрийн хөрөнгийн зохистой харьцаа дутсан учир Э ХХК нь банкны хөрөнгийг нэмэгдүүлж, 60 тэрбум төгрөгт хүргэсэн.

Монголбанкнаас 2010 оны 7, 9 дүгээр саруудад дэс дараалсан хяналт шалгалт явуулж, банкны зээлийн эрсдэлийн санг 60.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, банкны алдагдал болгохыг даалгасан акт тогтоосон билээ. Энэ нь Монгол шуудан банк"-ийг нэгтгэснээс үүдсэн алдагдал байсан учир үүнийг засч залруулахад хугацаа хэрэгтэй байсныг Монголбанк зөвшөөрч, харилцан тохиролцсоны дүнд Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөр-ийг 2010 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хөтөлбөрөөр Хадгаламж банк чанаргүй активыг барагдуулах төлөвлөгөөг он, сараар тохирч, хэрэв тохирсон хугацаанд эдгээр актив барагдахгүй бол эрсдэлийн санг байгуулан, банкны алдагдал болгохоор тохирсон. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өргөжүүлэх боломж бүрдсэн ба банкны актив 2012 оны эцэс гэхэд 990 тэрбум төгрөг, барагдах боломжгүй актив санг тухай бүр байгуулснаар банкны алдагдал 32.5 тэрбум болж буурсан.

Банкны төлбөрийн чадварыг төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэсэн үзүүлэлтээр хэмждэг бөгөөд Монголбанкнаас энэхүү хөтөлбөрийг түргэн гүйцэтгэх чадварын зохистой хэмжээг Хадгаламж банкинд 6 дугаар сарын санхүүгийн тайлан тэнцлээр 36.28 хувиар илүү байна гэж тогтоож байсан юм. Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 80 хувиас илүү гарч, дутагдаж байгаагүй.

Монголбанкнаас Хадгаламж банкинд хэрэгжүүлсэн Дунд хугацааны хөтөлбөр дуусаагүй, Хянан шалгагч нь ажлаа тайлагнаагүй байхад нь албадлагын арга хэмжээ авч, хэвийн ажиллаж байсан Хадгаламж банкнаас хөтөлбөрийн зээлд байршуулсан 70 тэрбум төгрөг, мөн Хөгжлийн банкинд үүрэг өгч, 53 тэрбум төгрөгийг татан авснаас үүдэн банкийг зориуд зохион байгуулалттайгаар санхүүгийн хүндрэлд оруулж, хэвийн зохистой харьцааг алдагдуулсан юм. Ийнхүү хэвийн ажиллагааг зохион байгуулалттайгаар алдагдуулан, хувь нийлүүлэгчийг цагдаагийн байгууллагаар цагдан хориулж, энэ хооронд банкны актив болон пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэх шийдвэр гаргаж шийдвэрлэсэн нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хуульд нийцээгүй, хууль бус үйл ажиллагаа болсон.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаар тушаалаар бидний хөрөнгө оруулж, үүсгэн байгуулсан, хувьцааг эзэмшдэг Х ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд татан буулгаж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-144 дүгээр тушаалаар Х ХХК-д хэрэгжүүлсэн банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн болохыг тус шүүхэд хянагдаж буй Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн тайлбар, түүнд хавсаргасан нотлох баримттай 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр танилцах үед мэдсэн.

Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламж банкны эрх хүлээн авагч нараас тус банктай холбоотой гаргасан шийдвэрээ хөрөнгө оруулагчид танилцуулах, холбогдох мэдээлэл гаргуулахыг хүссэн хүсэлтээ хөрөнгө оруулагч нь удаа дараа албан бичгээр гаргаж байсан боловч эдгээр албан тушаалтнууд нь дээрх шийдвэрийнхээ талаар Э ХХК, М компанид огт мэдэгдээгүй.

Э ХХК, М компани нь Монголбанкны Ерөнхийлөгчөөс Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилсон, албадлагын арга хэмжээг сунгасан шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч нь Х ХХК-ийн пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрсэн буюу алдагдал нь хувь нийлүүлсэн хөрөнгө болон бусад сангийн нийлбэрээс хэтэрч, өөрийн хөрөнгөө алдсан гэх үндэслэлээр 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаар тушаалаар Х ХХК-ийг албадан татан буулгасан.

Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Өөрий хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй банкинд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилно гэж заасан тул Хадгаламж банкны 100 хувийн хөрөнгө оруулагч Э ХХК нь Монголбанкнаас тус банкийг алдагдал нь хувь нийлүүлсэн хөрөнгө болон бусад сангийн нийлбэрээс хэтэрсэн гэж үзсэнийг эс зөвшөөрч Хадгаламж банк дахь эрх хүлээн авагчийн гаргасан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм.

Нөгөө талаас Хадгаламж банкны өөрийн хөрөнгө алдагдсан гэж үзэж, банкны эрх хүлээн авагч томилсон нь үндэслэлгүй юм.

Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3 дугаар зүйлд банкин дахь

эрх хүлээн авагч томилсны үр дагавар, түүний хийж гүйцэтгэх үүргийг нэг бүрчлэн тогтоож өгсөн учир эрх хүлээн авагч нь хуульд заасан ажиллагааг явуулах ёстой. Гэтэл эрх хүлээн авагч нь нэг ч өдөр ажиллаагүй байхад түүний саналыг нь үндэслэн татан буулгасан. Тухайлбал, Монголбанкнаас Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилох үед буюу 2013 оны 07 дугаар сард тус банкинд Банкны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.2.1, 56.2.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй буюу банк төлбөрийн чадваргүй болоогүй байхад Х ХХК-ийг татан буулгах шийдвэр гаргасан нь хууль бус, нөгөө талаас Монголбанкнаас онцгой дэглэм тогтоож, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор эрх хүлээн авагч томилсон атлаа уг банкин дахь эрх хүлээн авагчийг нэг өдөр ч ажиллаагүй байхад татан буулгасан нь хуульд нийцээгүй, цаашилбал Монголбанк нь Хадгаламж банкинд эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгасан байгаагаас үзэхэд банкинд онцгой дэглэм тогтоосноор банкны хэвийн үйл ажиллагааг хангах боломжтой гэж Монголбанк өөрөө үзсэн байна.

Ийнхүү 2012 оны онд 1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан Хадгаламж банкийг улсын байцаагч нар акт тогтоож, Монголбанкны Ерөнхийлөгч нь хууль бусаар Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах, Х ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж ажиллагааг нэг өдрийн дотор хийж, цэвэр активыг хураан авч, Төрийн банкинд шилжүүлсэн нь боловсон дээрэм хийсэн үйлдэл юм.

Иймд Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нарын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5713007 дугаартай улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоож, актыг үндэслэн гарсан Монголбанкны ерөнхийлөгчийн Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай 2013 оны А-153 дугаар тушаал, мөн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Албадан татан буулгах тухай А-157 дугаар тушаал, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай А-144 дүгээр тушаал хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Б.О, Б.Б, Ө.Т, А.Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.Г, Г.Б нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хадгаламж эзэмшигч, харилцагчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор банкинд хяналт тавих чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд 2011 оноос хойш 2 жил гаруйн хугацаанд Хадгаламж банкинд хэрэгжүүлсэн хяналт шалгалтын хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, уг хөтөлбөрт хамрагдсан зээл, банкны хувьцаа эзэмшигчидтэй шууд болон шууд бусаар холбоотой этгээдэд олгосон зээл, бусад активын хувийн хэрэг, зээлийн эргэн төлөлт, барьцаа хөрөнгийн байдалд үнэлгээ өгөх зорилгоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Монголбанкны хяналт шалгалтын газраас Хадгаламж банкинд хийх газар дээрх хэсэгчилсэн шалгалтын удирамж-ийн дагуу Хадгаламж банкны үйл ажиллагаанд Монголбанкнаас 2013 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд шалгалт хийсэн.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлүүдэд Монголбанк нь банкны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд банкны үйл ажиллгааг хянан шалгах, банкинд албадлагын арга хэмжээ авах эрхтэй, Монголбанкны хяналт, шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн томилсон хянан шалгагч, хянагч хэрэгжүүлнэ гэж хянан шалгагчийн чиг үүрэг, эрх хэмжээг зааж өгсөн. Мөн хуулийн 26 дугаар зүйлд Монголбанкны Ерөнхийлөгчийн эзгүйд Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчийн эзгүйд Дэд ерөнхийлөгч тус тус орлон ажиллана гэж заасан. Энэ хуульд заасан эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийн эзгүйд Тэргүүн дэд ерөнхийлөгч 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Монголбанкны хяналт шалгалтын газраас Хадгаламж банкинд хийх газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийх удирдамж-ийг баталж, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэр дурдан томилсон. Энэ нь төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчимтай бүрэн нийцсэн.

Томилогдсон хянан шалгагч нар нь хяналт шалгалтыг удирдамжид заасан хугацаанд хийсэн бөгөөд хяналт шалгалтаар тус банк нь алдагдлаас хамгаалах санг дутуу байгуулсан тул улсын байцаагчийн ангиллын дагуу Хадгаламж банкны удирдлага банкны тэнцэлд холбогдох эрсдэлийн санг зардлаар 146.000.588.000 төгрөгөөр байгуулж, холбогдох тохируулгын гүйлгээг хийснээр банкны хуримтлагдсан алдагдал -186.2 тэрбум төгрөгт хүрсэн. Энэхүү хуримтлагдсан алдагдлыг шалгалт хийх өдрийн байдлаар Хадгаламж банк өөрийн хөрөнгөөс хасаж, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тус банкны өөрийн хөрөнгө нь -69.45 тэрбум болж 190 хувиар, өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа -19.24 хувьд хүрч тус тус буурсан. Ийнхүү банкны өөрийн хөрөнгө, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шаардлага сөрөг дүнтэй болсон нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээ, бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болох Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 1.2.1, 1.3.2, Зохистой харьцааг шинэчлэн тогтоох тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 726 дугаар тушаалд заасан өөрийн хөрөнгө ба эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа болох 9 хувийг, нийт өөрийн хөрөнгө ба эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа болох 14 хувийг тус бүр 80-аас дээш хувиар хангахгүй болсон.

Хадгаламж банкнаас хууль тогтоомжийн дагуу ангилаагүй нийт 23 төлбөр хариуцагчийн 181.6 төгрөгийн активыг Монголбанкны зүгээс журмын дагуу ангилж, бууруулан, үүнтэй холбогдуулан тэдгээр чанаргүй зээл, активын эрсдэлийн санг 146.000.588.000 төгрөгөөр нэмж байгуулах шаардлага тавьсан. Банкинд мөнгөн хөрөнгөө хадгалуулсан, зээлдүүлсэн хадгаламж эзэмшигч, харилцагч, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө банкны хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг найдвартай байлгах, банкны актив чанаргүйдэх тохиолдолд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулахыг хуулийн дагуу шаарддаг Зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан нь банкны зардал буюу алдагдал болдог.

Хадгаламж банк, түүний удирдлага нь өөрийн холбогдох этгээд болох 18 зээлдэгчийн 114.6 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл, 4 харилцагчийн 65.3 тэрбум төгрөгийн үнэт цаас, 1.6 тэрбум төгрөгийн бусад актив, үл хөдлөх хөрөнгийг Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сангийн шалгуур үзүүлэлтийн Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д зээлдүүлэгч банк нь олгосон зээлдээ судалгаа хийж, зээлийнхээ үлдэгдлийг Монголбанкнаас баталсан зааврын дагуу ангилах, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 1.2-т Зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, хүлээж болзошгүй үүрэг, бусад активын хугацааны ба чанарын үзүүлэлтийг журмын хавсралтад заасан хүчин зүйлсээр тооцон ангилж, эрсдэлийн санг байгуулах гэсний дагуу ангилаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, банк төлбөрийн чадваргүй болсон болохыг улсын байцаагчийн 2013 оны 57/13/007 дугаар актаар тогтоож, боловсруулсан шалгалтын материал, актыг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-152 дугаар тушаалаар баталгаажуулсан.

Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт нь Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80 хувиас дээш давахгүй байх доод босго болох 1.8 хувь, 2.8 хувиас буурч, -19.24 хувь болсон буюу өөрийн хөрөнгийн хоёр төрлийн шаардлагыг тус бүр 313 хувь, 237 хувиар хангаагүй тул Хадгаламж банк нь төлбөрийн чадваргүй болсон байна. Энэ нөхцөл үүссэнтэй холбогдуулан Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.2.2-т заасны дагуу Хадгаламж банкийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгч нь Төв банкны /Монголбанк/-ны тухай хуульд заасан эрх, Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А-153 дугаар тушаалыг гаргаж, Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авсан.

Эрх хүлээн авагч нь нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр дахин өргөжүүлэх боломж байхгүй гэж үзэн, Монголбанкны Ерөнхийлөгчид өөрийн дүгнэлтийг хүргүүлсэн. Банкны эрх хүлээн авагчаас дүгнэлт ирүүлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгч Хадгаламж банкийг татан буулгах шийдвэрээ гаргасан.

Эрх хүлээн авагч Төрийн банкны удирдлагатай тохиролцон гэрээ байгуулан харилцагч этгээдүүдийг хохироохгүй үүднээс актив, пассивыг шилжүүлсэн. Банкны харилцаа нь зах зээлийн хувьд маш эрсдэлтэй. Уг эрсдэлийг багасгах үүднээс уг ажиллагааг хурдтай авч хэрэгжүүлсэн.

Банкны үйл ажиллагаанд хяналт тавих нь Төв банк /Монголбанк/-ны чиг үүрэг

бөгөөд Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар Монголбанкийг хуулийн дагуу төлөөлөх, банкны үйл ажиллагааг зохицуулах, шийдвэр гаргах бүрэн эрхийг Монголбанкны Ерөнхийлөгчид хуулиар олгосон тул энэ эрх хэмжээний хүрээнд төлбөрийн чадваргүй болсон Хадгаламж банкинд Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч гаргасан. Энэхүү эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх буюу бакны актив хөрөнгийг худалдаж, банкны үүрэг гүйцэтгүүлэгч нарын шаардлагыг хангах нэмэлт хугацаа шаардлагатай болсон, банкны эрх хүлээн авагчид Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үлдсэн 1 жилийн хугацаа шаардлагатай болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны А-144 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авах Хадгаламж банкны албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн.

Монголбанкы Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан албадан татан буулгасан, эрх хүлээн авах ажиллагааг хуульд заасны дагуу сунгасан тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Төв банкны тухай хуульд Монголбанкны үүрэг зорилгод банкны системийн

тогтвортой байдлыг хангаж, хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ гэж хуульчилсан учраас Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь Монголбанкнаас арилжааны банкуудад явуулдаг хяналт шалгалттай холбоотой харилцааг зохицуулахгүй.

Эрх хүлээн авах ажиллагаа нь нэхэмжлэлд дурдсан шиг банкинд онцгой дэглэм тогтоох арга хэмжээ биш бөгөөд эрх хүлээн авах ажиллагаагаар банкны хэвийн үйл ажиллагааг хангах боломжгүй нь Монголбанкнаас хэрэгжүүлж байсан Хяналт шалгалтын дунд хугацааны төлөвлөгөө-ний хэрэгжилтийн байдлаас нэгэнт тодорхой болсон тул хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгө үгүй болох эрсдэлээс хамгаалах зорилгоор дээрх шийдвэрүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хууль бусаар зөрчиж, хязгаарлаагүй. Хадгаламж банк өөрсдийн холбоотой этгээдүүдэд илт давуу байдлаар зээл олгож, үүнтэй холбоотойгоор зээлийн чанар муудаж, Хадгаламж банкийг алдагдалд оруулах гол шалтгаан болсон. Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авах нөхцөл байдалд нэхэмжлэгч өөрөө буруутай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК, М компани нь анх тус шүүхэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Х  ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А/153 дугаар тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Албадан татан буулгах тухай 157 дугаар тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай А-144 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд буюу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагынхаа хэмжээг ихэсгэж, Монголбанкны улсын байцаагч нараас Хадгаламж банкинд хийсэн хяналт шалгалтын үр дүнд тогтоосон улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 51/13/007 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд Монголбанкны улсын байцаагч нарын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57/13/007 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр захирамжаар дээрх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, энэхүү шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч нарт 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсан, нэхэмжлэгч нар уг шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргаагүй байх ба уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт ... илт хууль бус болох нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэсэн зохицуулалтууд нь тус хуулиуд дагаж мөрдөгдсөн цаг хугацаанаас өмнө гарсан үйл баримт, захиргааны актыг хянан шийдвэрлэхэд буцаж үйлчлэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гарсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчээс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч, маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Үүний зэрэгцээ уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байх тул нэхэмжлэгч нарын гаргасан Монголбанкны улсын байцаагч нараас Хадгаламж банкинд хийсэн хяналт шалгалтын үр дүнд тогтоосон улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 51/13/007 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э ХХК, М компаниуд нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ Монголбанкны Ерөнхийлөгч нь ... банкийг зориуд зохион байгуулалттайгаар санхүүгийн хүндрэлд оруулж, хэвийн зохистой харьцааг алдагдуулсан ... Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилох үед буюу 2013 оны 07 дугаар сард ... банк төлбөрийн чадваргүй болоогүй ... өөрийн хөрөнгө алдагдсан гэж үзэж, эрх хүлээн авагч томилсон нь үндэслэлгүй, ... банкин дахь эрх хүлээн авагчийг нэг ч өдөр ажиллаагүй байхад банкийг татан буулгасан ... дээрх шийдвэр, тушаалууд нь хууль бус ... гэж тодорхойлон маргажээ.

Нэг: Нэхэмжлэгч нарын Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А/153 дугаар тушаалаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Х ХХК-д хийсэн газар дээрх хэсэгчилсэн шалгалтаар тус банкны пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрч, өөрийн хөрөнгө алдагдсаныг тэмдэглэн Х ХХК дахь хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөнд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.2.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалт, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт болон Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Хадгаламж банк ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 (нэг ) жил хүртэл хугацаатайгаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авахаар, 2 дахь заалтаар Х ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчаар Ч.А-ийг томилж, 3 дахь заалтаар Х ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ.

Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй банкинд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилно гэж, 55 дугаар зүйлийн 55.1-д Монголбанк нь банк, түүний удирдлагын бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн ... банкийг албадан буулгах үйл ажиллагааг банкны эрх хүлээн авах гэнэ гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д Монголбанк дор дурдсан үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд банкинд эрх хүлээн авах арга хэмжээ авч болно, 56.1.1-д банк төлбөрийн чадваргүй болсон, 56.2-т Монголбанк дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд банкийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно гэж, 56.2.2-т энэ хуулийн 48.2-т заасан нөхцөл үүссэн гэж тус тус тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд Монголбанк нь өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй буюу банк төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд банкинд эрх хүлээн авах арга хэмжээг авч болох бөгөөд энэ тохиолдолд банк, түүний удирдлагын эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжих хуулийн зохицуулалттай байна.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд Хадгаламж банкинд хийгдсэн шалгалтын дүнд үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч нь 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А/05 дугаар тушаал гаргаж, Хадгаламж банкинд хийх хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөр-ийг баталсан байх бөгөөд уг хөтөлбөрт Монголбанк нь уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж, хөтөлбөр хэрэгжиж байгаа үед болон дуусгавар болсны дараа газар дээрх иж бүрэн /хэсэгчилсэн/ шалгалт хийж, энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хангасан байдлыг тодорхойлж байхаар, түүнчлэн банк нь хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг Монголбанкнаас авах үндэслэл болохоор тус тус тодорхойлон заажээ.

Монголбанкны Ерөнхийлөгч нь 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 231 дугаар тушаал гаргаж, уг тушаалаар Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг тэмдэглэн тухайн банкны үйл ажиллагааг хянаж, Монголбанкинд илтгэж байх үүрэг бүхий хянагч томилон ажиллуулж байжээ.

Хадгаламж банкинд хийх хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрийн хугацаа 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд Монголбанк нь дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьсан Монголбанкны хянагчийн дүгнэлт, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн удирдамжийн дагуу хийгдсэн газар дээрх хэсэгчилсэн шалгалтын дүнд үндэслэн Хадгаламж банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалтын хоёр дахь шатны хөтөлбөр-ийг хэрэгжүүлсэн байна. Уг хөтөлбөрийн биелэлтийн явц, Хадгаламж банкны 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1-229 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Н/11 дугаар тушаал гарган, Хяналт шалгалтын хоёр дахь шатны хөтөлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаагаар сунгаж, хөтөлбөрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулжээ. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгч нь 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хязгаарлалт тогтоох тухай Н/26 дугаар тушаал гаргаж, уг тушаалаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны Н/18, 2013 оны Н/11 дүгээр тушаалаар өгсөн үүрэг, даалгавар бүрэн биелэгдээгүй, банкны үйл ажиллагааны доголдол бүрэн арилаагүй, тухайн жилийн хуримтлагдсан алдагдал өссөн, санхүү, төлбөрийн чадварын эрсдэл өндөр, Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоож, түүнд хяналт тавих журам-ын 2.1 дэх заалтад заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг 2013 оны 01 дүгээр сараас эхлэн 6 сар дараалан хангаагүй, эрсдэлтэй активын хэмжээг бууруулж, чанаргүй активыг барагдуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар Монголбанкны удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй байгааг тэмдэглэн тус банкны үйл ажиллагаанд хэсэгчлэн хязгаарлалт тогтоож байжээ.

Мөн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Б.О, Б.Б, Ө.Т, А.Ш нар нь Хадгаламж банкинд хэсэгчилсэн шалгалтыг хийж, улсын байцаагч нарын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57/13/007 дугаар актаар активыг зохих журмын дагуу ангилаагүй, холбогдох эрсдэлийн санг дутуу байгуулсныг тэмдэглээд 23 төлбөр хариуцагчийн зээл, үнэт цаас, бусад активыг хавсралтад заасны дагуу ангилалд шилжүүлэн, эрсдэлийн санг 146.000.588,000 төгрөгөөр нэмж байгуулахаар тогтоожээ.

Х ХХК-д хийсэн газар дээрх хэсэгчилсэн шалгалтаар тус банкны өөрийн хөрөнгө нь шалгах өдрийн байдлаар 76.5 тэрбум төгрөг байсан боловч ажлын хэсгийн тохируулга хийсний дараа банкны өөрийн хөрөнгө -69,4: тэрбум төгрөгт хүрснээр нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа -19,24 хувь, өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа -19,24 хувь хүртэл буурч, банкны өөрийн хөрөнгө алдагдсан болох нь хариуцагчийн тайлбар, улсын байцаагчийн акт, шалгалтын танилцуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар банк өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80 хүртэл хувиар хангаагүй банкинд тухайн банкны онцлог, зөрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанкнаас албадлагын арга хэмжээ авах, 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй банкинд Монголбанкнаас эрх хүлээн

авагч томилох хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагч Монголбанкны Ерөнхийлөгч нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Х ХХК-д нэг жилийн хугацаатайгаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авсан нь Банкны болон Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Хадгаламж банкны пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрч, өөрийн хөрөнгө алдагдсаны улмаас тус банкинд эрх хүлээн авах арга хэмжээ авах хуульд заасан үндэслэл бүрдсэн байх бөгөөд Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банкны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд тус банкинд албадлагын арга хэмжээ авсныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилох үед буюу 2013 оны 07 дугаар сард ... банк төлбөрийн чадваргүй болоогүй ... өөрийн хөрөнгө алдагдсан гэж үзэж, эрх хүлээн авагч томилсон нь хууль зөрчсөн гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Нэхэмжлэгч нарын Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Албадан татан буулгах тухай 157 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Албадан татан буулгах тухай 157 дугаар тушаалаар Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалт, Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Х ХХК-ийн пассив нь актив хөрөнгөөсөө хэтэрсэн буюу алдагдал нь хувь нийлүүлсэн хөрөнгө болон бусад сангийн нийлбэрээс хэтэрч, өөрийн хөрөнгө алдагдсан Х ХХК-ийг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар, 2 дахь заалтаар Х ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Тамгын газарт даалгаж, 3 дахь заалтаар банкийг албадан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд даалгажээ.

Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Банкны эрх хүлээн авагч нь удирдлагын бүрэн эрх болон хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсны дараа банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө буюу албадан татан буулгах санал, дүгнэлтийг гурван сарын дотор боловсруулж, Монголбанкинд танилцуулах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн тохиолдолд Монголбанк нь банкийг албадан татан буулгах шийдвэр гаргах ёстой.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Х ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тайлан тэнцлээр банкны өөрийн хөрөнгө -69,2 тэрбум төгрөг, банкны өр төлбөр 1100,1 тэрбум төгрөг, актив 1040,9 тэрбум төгрөг болж, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа -15,19 хувь болж буурч, банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны доод хэмжээнээс 29,19 хувиар доогуур, нийт актив хөрөнгийн 18 хувь нь чанаргүй болж, 181,2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, бусдад өгөх өглөг нь актив хөрөнгөөс 94,2 тэрбум төгрөгөөр хэтэрсэн болох нь тогтоогджээ. Тодруулбал тус банкны санхүүгийн байдлыг сайжруулж, алдагдлыг багасгах боломжгүй болжээ.

Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч нь тус банкны удирдлагаас хүлээн авсан тайлан, тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний боломжийг судалсны үндсэн дээр тус банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкны Ерөнхийлөгчид 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн байх бөгөөд энэхүү санал, дүгнэлтийг үндэслэн Х ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан нь Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзэж, тус банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д заасан Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах ... Монголбанкны үндсэн зорилттой

нийцжээ.

Иймд нэхэмжлэгч нарын ... хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй буюу банк төлбөрийн чадваргүй болоогүй байхад татан буулгах шийдвэр гаргасан нь хууль бус гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт Монголбанкнаас банкинд тавих хяналттай холбоотой харилцааг зохицуулсан, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т Монголбанкны хяналт шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн томилсон хянан шалгагч, хянагч хэрэгжүүлэх-ээр, 25 дугаар зүйлийн 1-т Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ гэж тус тус тодорхойлон зааснаас үзэхэд Монголбанкнаас банкинд тавих хяналт шалгалттай холбоотой харилцааг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар зохицуулсан байх ба Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Ажил үүргийн хуваарь батлах тухай А-68 дугаар тушаалаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч нь Хяналт шалгалтын газрыг хариуцахаар заасан байх тул нэхэмжлэгч нарын Монголбанкнаас эрх олгогдоогүй этгээд удирдамжийг баталж, хяналт шалгалтыг явуулсан нь хууль зөрчсөн..., Монголбанкны хянан шалгагч, хянагч нар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалтыг хийх ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар тушаалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Гурав: Нэхэмжлэгчийн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-144 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай А-144 дүгээр тушаалаар Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны тус тус үндэслэн 1 дэх заалтаар Х ХХК-д 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ жил хүртэл хугацаатайгаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгахаар, 2 дахь заалтаар татан буугдсан Хадгаламж банк-ны хадгаламжийг шилжүүлэн авсан банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Хадгаламжийн даатгалын корпораци-ийн бүтэц зохион байгуулалтад авлага барагдуулах чиглэлийн нэгж байгуулах арга хэмжээ авахыг Хадгаламжийн даатгалын үндэсний хороо-нд зөвлөж, 3 дахь заалтаар Хадгаламжийн даатгалын корпораци-иас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу Х ХХК-ийн актив хөрөнгийг албадлагын арга хэмжээ авах хугацаанд ирүүлэхийг Банкны эрх хүлээн авагчид үүрэг болгожээ.

Нэхэмжлэгч нар нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ ... энэхүү тушаал нь өмнөх тушаалтай холбогдож байгаа учраас хүчингүй болох ёстой. 2014 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх, үүрэг Тэргүүн дэд ерөнхийлөгчид шилжээгүй, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид уг тушаалыг гаргах эрх олгогдоогүй гэж маргажээ.

Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд банкны эрх хүлээн авагч нь мөн хуулийн 63.2.1- 63.2.3, 65 дугаар зүйлд зааснаар банкийг татан буулгахтай холбоотой арга хэмжээ болон банкны актив хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг явуулах бөгөөд нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг Монголбанк баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагч Монголбанк нь банкны актив хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг дуусаагүй гэж үзэж, тус банкинд авсан Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгахаар шийдвэрлэсэн нь Банкны тухай болон Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. Тодруулбал Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д зааснаар банкны эрх хүлээн авагч нь томилогдсон өдрөөсөө хойш банкны актив хөрөнгийг хоёр жилд багтаан худалдан борлуулах хуулийн зохицуулалттай байх тул хариуцагчаас банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгасныг хууль бус гэж үзэхгүй.

Түүнчлэн Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-д Монголбанкны Ерөнхийлөгчийн эзгүйд Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчийн эзгүйд Дэд ерөнхийлөгч тус тус орлон ажиллана гэж тодорхойлон заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нь Монгол Улсын Ерөнхийлөгч

Ц.Элбэгдоржийн Япон улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд оролцож, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд Япон улсад ажилласан болох нь тогтоогдож байх тул хуульд зааснаар Монголбанкны Ерөнхийлөгчийн эзгүйд түүний ажлыг Тэргүүн дэд ерөнхийлөгч орлон ажиллах хугацаандаа маргаан бүхий дээрх тушаалыг гаргасныг шүүх буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг ... хянан шийдвэрлэх ...-ээр, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох-оор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт ... хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ... зөрчигдсөн байх гэж тус тус тодорхойлон заажээ. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд хууль бус гэж маргаж буй захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар тушаал, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-144 дүгээр тушаалууд нь нэхэмжлэгч компаниудад шууд чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Дээрх хэргийн нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий тушаалуудыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ дээрх тушаалуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан Монголбанкны улсын байцаагч нараас Хадгаламж банкинд хийсэн хяналт шалгалтын үр дүнд тогтоосон улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 51/13/007 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК, М компаний Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А/153 дугаар тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Албадан татан буулгах тухай 157 дугаар тушаал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай А-144 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар

зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН