Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2021/00445

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М овогт Л-ын М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт Б-ийн П/РД:ГК83050779/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00403/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 оны 03 сард танилцсан. 2014 оны 10 сарын сүүлчээр сүй тавьж, би хадмындаа ирэн очин амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 07 сарын 31-ний өдөр хүү П.Мөнх-Эрдэнэ төрсөн. Энэ хугацаанд тусдаа гарч чадаагүй хүүгээ 5 сартай байхад нөхөртэйгээ таарамж муутай болж салсан. ... ******* нь хүүдээ нэг хонь байтугай нэг ч удаа хоолны мах авчирч өгч үзээгүй, хүүгээ цэцэрлэгт ороход нь хичээлийн хэрэглэл, эрүүл ахуйн хэрэгсэл, өмсөх хувцас, гутал огт авч өгч байгаагүй. Зуны цагт жилдээ тоотой нэг ирнэ. Миний хүү П.Мөнх-Эрдэнэ байнга бие нь өвддөг, хэл ярианы хөгжил муутайг нь мэдсээр байж хүүгээ харж үздэггүй.

          ... Иймд хүүгийн эцгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

          Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй ээжийгээ асардаг тул шүүх хуралдаанд өөрийн биеэр очих боломжгүй байх тул миний эзгүйд хурлыг хийж өгнө үү гэжээ.

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн, хариуцагч нарын гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2014 онд танилцаж, 2015 оны 07 сарын 31-ний өдөр хүү П.Мөнх-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Иймд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч *******гоос 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /213800х12:2=1282800/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 35337 төгрөг гаргуулан Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд  нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хурамаажид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 07 сарын 31-ний өдөр хүү П.Мөнх-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг *******гоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******т даалгасугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 35337 /гучин таван мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг Төрийн санд оруулсугай.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

   6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ