| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0963/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/970 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/970
2024 9 04 2024/ШЦТ/970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ш-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000****** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 12-ноос 13-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ө.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зүүн 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд уруулд язарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, мөр, бугалгад цус хуралт, хүзүү, дух, бугалгад зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Ө.М манай ээжийн дүүгийнх нь нөхөр юм. Архи уухаараа ах дүү нарыг шоглож, эхнэр хүүхдээ дээрэлхээд байдаг болохоор нь би эрүүлдээ энэ асуудлыг хэлсэн юм. Тэгсэн Ө.М нь согтчихоод дахиад л танайхан манайхан гээд хэл амаар доромжлоод над руу дайраад намайг цохиод авахаар нь би зүүн нүд рүү буцаагаад цохиод цээж рүү нь нэг удаа өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.Б нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ө.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч Ө.М: “...2024 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо гүнтийн даваад хамаатны А гэх хүний зуслангийн байшинд гэрийнхэнтэйгээ баяр тэмдэглээд бөх үзээд байж байсан, тэгээд тэр орой дүү Б, эхнэр Э бид нар 1 шил 0,75 архи, хэдэн лаазтай пиво уусан. Тэр өдөр намайг А гэрт байхад Б надаас сүүлд ирээд "ахаа та согтчихоороо агсан согтуу тавьдаг шүү, баярын өдөр болж байна, битгий агсан согтуу тавиарай" гэхээр нь би "ах нь тэгэхгүй, тийм асуудал байхгүй” гээд өнгөрсөн. Тэгээд би А машинд Б-тэй хамт архи уугаад сууж байсан бөгөөд Б-тэй юунаас болж гэдгийг нь сайн санахгүй байна, хэрэлдэж байсан. Тэгээд нэг сэргэсэн чинь Б намайг машины хажууд унагаачихсан нүүр рүү 1 удаа, зүүн талын хавирга руу 1 удаа өшиглөж байсан. Б нь манай эгчийн хүүхэд. Урьд өмнө 1-2 удаа цуг архи ууж байсан, тэрнээс биш ямар нэг хэрүүл маргаан хийж байсан, өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед миний нүүр, нүд хөх няц болоод хавдсан байсан. Б зодуулж өшиглүүлсэн газар өвдөөд байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн юм. Миний биед учирсан дээрх гэмтлүүдийн баруун зулайдах шарх гэмтэл болохоор 10 орчим хоногийн өмнө гэртээ байхдаа цахилгаан янзалж байгаад өөрөө гэмтсэн шарх байгаа юм. Бусад гэмтлүүдийг миний биед Б-ээс өөр хүн учруулаагүй. Би Б-тэй ах дүүгийн хамаатай тул ямар нэгэн эд зүйл болон сэтгэл санааны хохирол болон надад танилцуулсан сэтгэл санааны хор хохирол тооцох шинжилгээ хийлгэж хүснэгтийн дагуу сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал),
2. Гэрч Д.А: “...Тэр өдөр би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар Гүнтэд байдаг өөрийнхөө зуслан дээр эхнэр хүүхдүүд болон манай эхнэрийн талын ах дүү нар цуглаад хоол унд хийж идэн баяр тэмдэглэж байсан юм. Тэр үед Ө.М болон Ш.Б гэдэг манай эхнэрийн ах дүү нар нь манай зуслан дээр ирсэн бөгөөд манайд байх хугацаандаа бүгд адилхан хоол унд идэж уугаад байж байсан чинь шөнө М ах, Б нар уусан архиндаа согтчихоод нэмээд дэлгүүр орж архи авч ууна гэхээр нь би тэр хоёрыг өөрийнхөө машины ар талд суулгаад дэлгүүр ороод Б дэлгүүрээс 1 шил архи аваад миний машины арын суудал дээр М ахтай хамт суугаад архиа уух гээд тэр хоёр хоорондоо яриад явж байхдаа Б нь М ахын эхнэрийг өмөөрөөд байгаа бололтой " та эгчийг байнга дээрэлхдэг шүү ингэж болохгүй" гэсэн утгатай яриа ярьсан чинь М ах " чамд хамаагүй " гээд маргаан эхэлснээ шууд түс тас гээд ард зодолдоод эхэлсэн юм. …Гэнэт М ах Б-ийг цохисон бололтой түс түс гэж дуугараад Б яаж байна гээд уурлаад тэгээд тэр хоёр намайг машин барьж явах үед миний машины арын суудал дээр зодолдоод эхлэхээр нь би машинаа зогсоогоод эргээд харсан чинь Б нь М ахын сууж байсан талын хаалгыг онгойлгоод М ахыг машинаас түлхэж унагаагаад өөрөө буугаад намайг тойроод очих хооронд Б, М ахыг унаад босоогүй байхад нь Б нь М ахын зүүн талын хэвлий орчим болон зүүн мөр цээж хавьд өшиглөж харагдсан юм… Тэгээд би тэр хоёрыг салгахад М ахын нүүр нүд хавдсан хамраас нь цус гоожсон босож ирэхээр нь би тэр хоёрыг машиндаа суулгаад эргээд гэртээ авчраад хашаанд машинаа оруулаад гэртээ оруулсан чинь М ах өөрийг нь Б зодсонд уурлаад "та нарыг харнаа" гээд занаад гарч явсан. Ө.М ах бол архи уухаараа хөөрүү бусдад бага зэрэг дээрэлхүү зан гаргах гээд байдаг, эрүүлдээ болохоор нам тайван зантай, Б болохоор хувь хүний хувьд эрүүл согтуу ямар ч үед зарчимч уухаараа бодит байдлыг шууд хэлчихдэг, олон долоон зангүй бага зэрэг яриа ихтэй залуу байгаа юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн **** дугаартай:
“...Ө.М биед зүүн 10-р хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун зулайд шарх, дээд уруулд язарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, мөр, бугалгад цус хуралт, хүзүү, дух, бугалгад зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун зулайн шарх гэмтэл нь тухайн үзүүлсэн өдрөөс 7-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх баруун зулайн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх баруун зулайн шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-15 дахь тал),
4. Шүүгдэгч Ш.Б: “...Хохирогч Ө.М нь манай ээжийн дүүгийнх нь нөхөр юм. Архи уухаараа ах дүү нарыг шоглож, эхнэр хүүхдээ дээрэлхээд байдаг болохоор нь би эрүүлдээ энэ асуудлыг хэлсэн юм. Тэгсэн Ө.М нь согтчихоод дахиад л танайхан манайхан гээд хэл амаар доромжлоод над руу дайраад намайг цохиод авахаар нь би зүүн нүд рүү буцаагаад цохиод цээж рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Надаас хохирогч ямар нэгэн хохиролтой холбоотой зүйл нэхэмжлээгүй байгаа бөгөөд хэрэв нэхэмжлэх юм бол би бүгдийг нь төлж барагдуулах болно” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтэд байрлах Д.А-ийн эзэмшлийн зусланд шүүгдэгч Ш.Б, хохирогч Ө.М нар гэр бүлийн хамт очиж баяр тэмдэглэх явцдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн байна.
Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Ө.М-д “архи уусан үедээ элдэв ааш битгий гаргаарай” гэсэн агуулга бүхий зүйлийг хэлж сануулсан, хохирогч нь тухайн үед хүлээн зөвшөөрсөн байх боловч архи ууж халцгаасан үед уг сэдвээр ахин ярьж маргалдан хохирогч Ө.М нь шүүгдэгч Ш.Б-ийг эхэлж цохисон байх ба шүүгдэгч Ш.Б нь түүний энэ үйлдэлд дургүйцэн түүнийг машин чирч буулгах явцдаа газар унаган өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж, гэмтэл учруулсан энэхүү үйл явдал хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн алиных нь мэдүүлэгт агуулгын хувьд зөрүүгүй байдлаар дурдагдсан байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүдийг хөнгөн зэргийн ангилалд хамааруулсан байх ба эдгээр гэмтлээс зулайн шарх гэмтэл нь 7-с дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл, бусад нь гэмтлүүд гэмт хэрэг гарах хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэж дүгнэсэн нь хохирогч Ө.М-ын “ миний биед учирсан гэмтлүүдээс зулайд үүссэн гэмтэл нь хэрэг гарахаас 10 орчим хоногийн өмнө юм янзалж байгаад гэмтээснээс үүссэн, бусад гэмтлийг шүүгдэгч Ш.Б учруулсан гэж мэдүүлсэнтэй нийцсэн, тухайн үйл явдлыг харж гэрчилсэн гэрч Д.А-ийн мэдүүлгээр дээрх үйл явдал нь давхар нотлогдсон зэрэг баримттай байна.
Эндээс үзвэл, шүүгдэгч Ш.Б хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ш.Б энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын зардлыг нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 10, 25, 32, 33 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь: “...прокурорын саналтай холбогдуулан хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч Ш.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, бусад төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгч Ш.Б хувийн байдал /өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай/ зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ш-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ