| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0982/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/997 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/997
2024 09 11 2024/ШЦТ/997
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000****** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** караокед хамт ажилладаг хүмүүсийн хамт согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх явцдаа хохирогч С.Д-тэй маргалдан түүн рүү шилэн аяга шидэж, эрүүл мэндэд нь баруун хөмсөг, духанд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч С.Д: “...2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажлын газрын хүний хүүхдийн 1 насны төрсөн өдөр болоод очсон, тухайн айлаас гараад ажлын хамт олноороо Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах “***” караоке орж сууцгаасан. Бид хэд нилээн сууж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэгээд ажлын эмэгтэй болох Б.Б над руу шалтгаангүйгээр үг хаяад хараалын үг хэлэхээр нь би хоосон ундааны сав шидчихсэн чинь оночихсон, тэгсэн уурлаад зөрүүлээд архины хундага шидээд миний нүүрэн тус газар баруун хөмсөгний дээд хэсэгт оноод гэмтээчихсэн юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн өдөр гэмтлийн эмнэлэг орж 6 оёдол тавиулсан. Тэр өдрөөс хойш Баянхошуунд байрлах амбулаторид шарлага хийлгэж, цэвэрлэж боолтоо солиулж байсан. Надад одоо баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие одоо зүгээр байгаа.Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал),
2. Гэрч Г.Б: “…2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, **** тоот гэртээ амарч байгаад ажлын газрын хүмүүстэйгээ уулзаад ажлын Б гэх хүний хүүхдийн 1 насны төрсөн өдөр дээр очсон. Тухайн айлаасаа бид нар гараад 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, *** нэртэй караоке орж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Ширээн дээр утсаа оролдоод сууж байтал маргаан гарч Д нь Б-ын урдаас юм шидсэн, би гайхаад хартал Б нь шидсэн зүйлийг нь буцаагаад аваад шидтэл Д дух орчим нь онож, хагарч унасан бөгөөд Д духнаас цус гараад байсан. Удалгүй цагдаагийн албан хаагчид ирсэн. Би архи хэрэглэсэн байсан, согтсон асуудал байхгүй, бүгдийг нь санаж байна. Д болон Б нар байн байн утсаа барьж гарч ороод хоорондоо муудалцах гээд байх шиг байсан. Яг юунаас болж маргалдах гээд байгааг анзаараагүй. Манай ажлын Б, Х, Ш, Б, Д нар байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
3. Гэрч Б.Ш: “...2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ... манай ажлын Д болон Б нар хоорондоо муудалцаад байсан бөгөөд караокены коридорт бие биенийхээ үснээс зулгааж байхаар нь бид нар болиулаад би Д дагуулаад сууж байсан ширээн дээрээ ирээд байтал араас Б орж ирээд явъя гэж байсан. Тэгснээ дахиад маргалдаад Д нь Б урдаас юм ууж байсан шилэн стакан шидээд цээж орчим нь оносон. Тэгтэл Б нь шилэн стаканыг нь аваад буцаагаад шидтэл Д дух орчим нь оноод хагарч унасан, духнаас нь цус гараад байсан. Тэгээд би Д хүүхэд рүү нь залгаад ээжийн чинь толгойг ажлын газрын Б юм шидээд хагалчихлаа, миний дүү цагдаа дуудаарай, аавын чинь утас холбогдохгүй байна гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн албан хаагч ирээд Д болон Б нарыг аваад явсан. Би тэр үед 2 лааз пиво уусан, согтсон асуудал байхгүй. Болсон явдлыг гүйцэт санаж байна. Дараа нь Д утсаар ярихад 6 оёдол тавиулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн: “...С.Д биед баруун хөмсөг, духанд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх хөмсөг, духанд мэс заслын оёдол бүхий шарх нь бүрдэл болон тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
5. Шүүгдэгч Б.Б: “...2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо *** тоот гэртээ амарч байгаад манай ажлын хүн хүүхдийнхээ 1 насны төрсөн өдөрт урьсан тул ажлын газрын хүмүүстэй очоод байж байгаад тухайн айлаасаа гараад Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах "***" нэртэй караоке руу ажлын газрын хүмүүсийн хамт орсон. Тэгээд бид нар архи согтууруулах ундаа хэрэглээд байж байтал манай ажлын Д нь согтоод над руу агсараад үг хаяад байхаар нь би тоохгүй харьцахгүй орхичихсон байсан юм. Тэгээд миний утас дугараад би тухайн караокены гадна гараад нөхөртэйгөө утсаар яриад байж байтал Д нь миний араас дагаж гарч ирээд хэрүүл өдөөд байхаар нь би утсаар ярьж байна, цаашаа бай гэж хэлтэл миний цамцнаас зуураад товчийг нь таслачихсан бөгөөд бид 2 нэг нэгнийхээ үснээс зулгааж муудалцаж байгаад удалгүй буцаад караоке дотор орсон. Тэгээд байж байтал Д нь миний урдаас ууж байсан ундаатай стаканаа аваад шидтэл миний цээж орчим онохоор нь би уурандаа буцаагаад аваад шидтэл Д дух орчим нь оноод сэтэрээд цус гараад байж байтал цагдаагийн алба хаагчид ирсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд бага зэрэг согтолттой байсан. Гэхдээ тухайн үед юу болсон талаар бүрэн гүйцэт санаж байна. Тухайн үед Д нь согтоод ажил яриад хэрүүл маргаан болсон. Миний үснээс л зулгаасан миний биед учирсан гэмтэл шарх сорви байхгүй. Тухайн гэмтлийг бол би учруулсан юм…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эндээс үзвэл, шүүгдэгч Б.Б зүгээс хохирогчийн эсрэг хийсэн дээрх үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Б энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. (хавтаст хэргийн 10 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ