Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2021/02664

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, байрлах, /регистрийн дугаар /, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байрлах, /регистрийн дугаар /, “Б яам”-нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 460,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяржаргал, өмгөөлөгч О.Мягмарсүрэн,  хариуцагчийн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.  

                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б яам болон Хөгжлийн банктай 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2013/13, IC-ДБ-Б 2013-120 дугаартай Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан. Дээрх ажлын нийт үнийн дүн нь 7,000,001,754 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил байсан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан нийгмийн болон инженерийн барилга байгууламжийн шугам, сүлжээний төслүүдийг санхүүжилттэй холбоотой улсын төсвөөс санхүүжиж байсан ажил бөгөөд уг ажлыг гэрээний дагуу 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул талууд харилцан тохиролцож 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, гэрээний ерөнхий нөхцөлийн 28 дугаар зүйлийг үндэслэн барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэрээний дагуу манай компани нь ажил үүргээ гүйцэтгэх явцад Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажлын төсвийг Жэй Ди Эй ХХК-ийн захиалгаар тэргүүлэх зэргийн төсөвчин П.Пүрэвхүү дээрх ажлын төсвийг дахин гаргасныг Барилгын хөгжлийн төвийн экспертүүд хянаад 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан. Тэргүүлэх төсөвчин П.Пүрэвхүүгийн гаргасан төсөв нь нийт 7,840,876,798 төгрөгөөр хийж гүйцэтгэх ажлын төсвийг гаргасан бөгөөд төсвийг JDA Мон-Энержи ХХК-иудийн ажлын зургийн дагуу, төсвийн суурь норм болон тээврийн зардлыг ЗТАЖ Сайдын 2008 оны 136 дугаар тогтоол, нэмэгдэл зардлыг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 18 болон 181 дүгээр тушаалуудыг үндэслэн тооцож төсөвт гаргасан алдааг залруулсан байдаг. Төсөвчин П.Пүрэвхүү болон дүгнэлт бичиж, биелэлтийг шалгасан эксперт Х.Цуурай нар 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр БУА-ын угсралтын ажлын төсвийг баталгаажуулж экспертийн санал, илэрсэн алдаа зөрчлийг засаж нийт БУА-ын ажлын төсвийг 7,840,786,798 төгрөг байхаар анхны төсөвт өөрчлөлт оруулсан. Манай компани нь байгуулсан гэрээнийхээ дагуу ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэн улмаар 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2014/162 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар Буянт-Ухаа хорооллын гадна цахилгаан хангамжийн ХТП-7, ХТП-8-ын барилга байгууламжийг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2014/164 дугаартай актаар Буянт-Ухаа хорооллын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил ХТП-3906, ХТП-3907, ХТП-3904, ХТП-3905, ХТП-3910, ХТП-39-ийн барилга байгууламж, кабель шугамын ажлыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2014/163 дугаар актаар Буянт-Ухаа хорооллын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил ХБ-43 ажлыг, 2014 оны 09 дүгээр сарын 2014/531 дугаартай актаар Буянт-Ухаа хорооллын гадна цахилгаан хангамж тус бүр 10/0,4 кв, 2*400 кВА чадалтай 5 иж бүрдэл хаалттай дэд өртөө ХТП  9, 10, 11, 12, 13,4,5 км ЦДКШ барилга байгууламжийн ажлыг хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Захиалагчийн зүгээс дээрх ажлын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь төлж ирсэн бөгөөд гэрээний дагуу 7,000,001,754 төгрөгийг бүрэн төлсөн. Төсвийн дагуу нэмэгдсэн 840,786,798 төгрөгөөс огт санхүүжилт хийхгүй. Энэ хугацаанд манай компанийн зүгээс албан бичгүүдийг хүргүүлсэн боловч янз бүрийн шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүргэж байгаа ба нэгэнт гэрээний дагуу хийгдсэн ажлын үлдэгдэл хөлсийг төлөх үүрэг нь захиалагч талд байгаа боловч энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Захиалагчийн зүгээс төсөв нэмэгдсэн ч гэрээнд өөрчлөлт оруулаагүй учраас төсвийн зөрүүг төлөхгүй гэсэн тайлбар өгч байгаа нь илт үндэслэлгүй. Манай компанийн зүгээс нэмэгдсэн төсвийн хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж улсын комисс хүлээн авсан тул ажлын үлдэгдэл хөлсөө шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 840,786,798 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б яам шүүхэд болон төлөөлөгч Г.Гантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газраас Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг хэрэгжүүлэх дэд бүтэц төслийн нэгжийг байгуулсан. Уг төслийн нэгж нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын дагуу Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж, бүрдүүлсэн хөрөнгөөс Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж, шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, талуудын хороонд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан байна. Энэхүү ажлын хүрээнд Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын гүйцэтгэгчээр төслийн удирдах хорооны шийдвэрээр С ХХК, Мон-Энержи Консалтинг ХХК-иудын түншлэлийг шалгаруулж 2013/13, IC-ДБ-Б 2013-120 дугаартай гэрээг захиалагч Б яам, санхүүжүүлэгч Хөгжлийн банк гүйцэтгэгчийн төлөөлөгч С ХХК-ийн хооронд 7,000,001,154 төгрөгөөр байгуулсан. Гүйцэтгэгч тал дээр дурдсан гэрээт ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 сар хүртэлх хугацаанд улсын комисст хүлээлгэн өгснөөр, захиалагч тал гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг бүрэн олгосноор талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн. Гүйцэтгэгч С ХХК-ийн зүгээс анх 2013 оны 01/278 тоот албан бичгээр бидэнд хандаж гэрээний үнэ болон төсөвт өртгийн зөрүүг 2014 оны төсөвт оруулан тооцож өгөхийг хүссэн хүсэлт ирүүлж байсан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар бид тус компанид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/3955 тоот албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл гүйцэтгэгч талын зүгээс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/077 тоот албан бичгээр Б яаманд, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/060 тоот албан бичгээр Б сайд З.Баянсэлэнгэд, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/182 тоот албан бичгээр Б сайд Г.Мөнхбаярт, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/032 тоот албан бичгээр Б сайд Х.Баделханд, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/155 тоот албан бичгээр Б яаманд хандаж нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Тус яамны зүгээс дээрх удаа дараагийн хүсэлтэд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/1225 тоот албан бичгээр, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/3048, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03/4015 тоот албан бичгээр уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг гүйцэтгэгч тал зөрчсөн, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С ХХК  нь хариуцагч Б яам”-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 460,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлага 380,786,798 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 840,786,798 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Тэргүүлэх төсөвчин П.Пүрэвхүү 7,840,876,798 төгрөгөөр хийж гүйцэтгэх ажлын төсвийг гаргасан тул 840,786,798 төгрөг шаардаж байна. Ханшийн зөрүү нэхэмжлээгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Б яам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээ байгуулагдах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг гүйцэтгэгч тал зөрчсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс шаардах эрхтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын дагуу бүрдүүлсэн хөрөнгөөс Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж, шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, талуудын хороонд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн энэхүү ажлын хүрээнд Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын гүйцэтгэгчээр төслийн удирдах хорооны шийдвэрээр С ХХК, Мон-Энержи Консалтинг ХХК-иудын түншлэлийг шалгаруулжээ.

Нэхэмжлэгч С ХХК нь Б яам, Хөгжлийн банктай 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2013/13, IC-ДБ-Б 2013-120 дугаартай Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 23-25 тал/

Дээрх гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан нийгмийн болон инженерийн барилга байгууламжийн шугам, сүлжээний төслүүдийг санхүүжүүлэх, санхүүжилттэй холбогдон захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хооронд үүссэн харилцааг зохицуулах зорилготой, ажлын нийт үнийн дүн нь 7,000,001,754 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх ба Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх 2013/13, IC-ДБ-Б 2013-120 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах  гэрээг 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож /хх-ийн 23-25, 36 тал/ байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, гэрээний хөлс 7,000,001,754 төгрөг бүрэн төлөгдсөн талаар зохигчид маргаагүй.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2014/164 дугаар актаар “...Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж Цахилгаан хангамжийн зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд захиалагч байгууллага болох Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдэлд 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрч шийдвэрлэсэн /хх-ийн 74 тал/ байна.

Захиалагч Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь С ХХК-нд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 9/1970 албан бичгээр “Танай байгууллагаас ирүүлсэн албан хүсэлтэд дурдсан “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цахилгаан хангамжийн ажил нь 2014 онд тус байгууллагын үндсэн хөрөнгөд нийт 5,971,159,055.89 төгрөгөөр бүртгэгдсэн байна” гэх, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 9/2059 албан бичгээр “Танай байгууллагаас ирүүлсэн албан хүсэлтэд дурдсан “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цахилгаан хангамжийн ажил нь 2014 онд тус байгууллагын үндсэн хөрөнгөд нийт 9,169,405,569 төгрөгөөр бүртгэгдсэн байна” гэх хариуг хүргүүлжээ. /хх-ийн 33-34 тал/

Хариуцагч Б яамны төлөөлөгч шүүх хуралдаанд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цахилгаан хангамжийн 6 төсөл хэрэгжсэн. Ганцхан С ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг үндсэн хөрөнгөд нийт 9,169,405,569 төгрөгөөр бүртгээгүй гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч С ХХК-нь “гэрээний дагуу манай компани нь ажил үүргээ гүйцэтгэх явцад Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажлын төсвийг Жэй Ди Эй ХХК-ийн захиалгаар тэргүүлэх зэргийн төсөвчин П.Пүрэвхүү дээрх ажлын төсвийг дахин гаргасныг Барилгын хөгжлийн төвийн экспертүүд хянаад 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан. Тэргүүлэх төсөвчин П.Пүрэвхүүгийн гаргасан төсөв нь нийт 7,840,876,798 төгрөг байсан гэж мэтгэлцэв.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн зураг, төслийн баримт бичгийн Магадлалын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1285/2013 дүгнэлтээр “Захиалагч С ХХК, Зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч Жэй Ди Эй ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/01 тоот гэрээгээр ХУД-ийн 8,9,10 дугаар хороо, Буянт-Ухаа шинэ орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн10 КВ-ын хаалттай хувиарлах байгууламж, 10 КВ-ын2x400 КВА-ын хаалттай дэд станц, 10 КВ-ын цахилгаан дамжуулах Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын Кабель шугамын зураг төслийн ажлын төсөвт өртгийг 7,840,876,798 төгрөгөөр тооцсоныг хянасан байна. ХУД-ийн 8,9,10 дугаар хороо, Буянт-Ухаа шинэ орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн зураг төсөвт “Барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм” Төсөв зохиох дүрэм, Дэд бүтэц төслийн 2013-10-17-ны 01/261 тоот албан бичгийг үндэслэн магадлал хийх ажлыг зохион байгуулж ерөнхий дүгнэлт бичсэн болно” гэжээ. /хх-ийн 131 тал/

Нэхэмжлэгч С ХХК-ийн 2013 оны 01/278 тоот албан бичгээр гэрээний үнэ болон төсөвт өртгийн зөрүүг 2014 оны төсөвт оруулан тооцож өгөхийг хүссэн хүсэлт ирүүлснийг Захиалагч тал уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар тус компанид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/3955 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/077 тоот албан бичгээр Б яаманд, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/060 тоот албан бичгээр Б сайд З.Баянсэлэнгэд, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/182 тоот албан бичгээр Б сайд Г.Мөнхбаярт, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/032 тоот албан бичгээр Б сайд Х.Баделханд, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/155 тоот албан бичгээр Б яаманд хандаж нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Тус яамны зүгээс дээрх удаа дараагийн хүсэлтэд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/1225 тоот албан бичгээр, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/3048, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03/4015 тоот албан бичгээр уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн дээрх албан бичгүүд /хх-ийн 233-237 тал, 2 хав 33-39 тал/-ийг ирүүлсэн байх ба нэхэмжлэгч маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

Мөн Б яам “Дэд бүтэц”, Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай Төслийн удирдах хорооны “...Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажил /2013/13/-ын санхүүжилтийн асуудлаар С ХХК-иас тавьсан хүсэлт нь төслийн баримт бичгийн ТББХ 7.1-д заасантай зөрчилдөж байгаа тул шийдвэрлэх боломжгүй болно” гэж тогтоолоор шийдвэрлэж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай Төслийн удирдах хорооны хурлын тэмдэглэлд тусгасан байжээ. /хх-ийн 241-250 тал/

Дээрх баримтуудаас хархад нэхэмжлэгч С ХХК-нь Буянт-Ухаа шинэ орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн10 КВ-ын хаалттай хувиарлах байгууламж, 10 КВ-ын2x400 КВА-ын хаалттай дэд станц, 10 КВ-ын  цахилгаан дамжуулах Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын Кабель шугамын зураг төслийн ажлын гүйцэтгэх явцдаа нэмэлт зардал гарсан тухайгаа захиалагчид мэдэгдээгүй, ямар ажил нэмж гүйцэтгэж, хэдэн төгрөгийн зардал гарсан  талаарх баримтыг ирүүлээгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяржаргал, өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдааны үед /хх-199 тал/-д байгаа Буянт-Ухаа шинэ орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын санхүүжилтийн тооцоогоор 1,234,974,342 төгрөгийн зардал гарснаас 840,786,798 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тооцоолол нотлох баримтын шаардлага хангаагүй, 840,786,798 төгрөгөөр төсвийн хэмжээ нэмэгдсэн болохоо нотолж чадахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2013/13, IC-ДБ-Б 2013-120 дугаартай Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 КВ-ын түгээх сүлжээнд 9,9 мвт орчим чадлын хэрэглээг хангах 10 кв-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2x400 КВА чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 КВ-ын Кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 4.1.Санхүүжүүлэгч нь Захиалагчаас баталгаажуулсан гүйцэтгэл болон төлбөрийн даалгаврыг үндэслэн Гүйцэтгэгчид санхүүжүүлэлтийг олгох үүрэгтэй” гэж тохиролцжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гантөр нь нэхэмжлэгч С ХХК-нь дээрх ажлыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2014/164 дугаар актаар хүлээн авснаас хойш 2014 оны төсөвт оруулан өгөхийг хүссэн хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байгааг нэхэмжлэгч  тал үгүйсгэж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2.Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч Б яам”-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 840,786,798  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                            

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б яам”-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 840,786,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,520,280 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.НАРАНГЭРЭЛ