Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2021/02714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, давхарт  хаягт байрлах, /регистрийн дугаар /, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж  тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Б.Ө,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж  тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Б.О,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж  тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Б.Ө нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,971,495 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагч Б.Ө, Б.О, хариуцагч Б.Өы төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ө, хамтран зээлдэгч Б.О, Б.Ө нар нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 118061320037 тоот автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 22,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Тоёота Алпард маркийн суудлын автомашин болон бусад хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох гэрээний харилцаа мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн. Зээлдэгч нар нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6,833,282 төгрөг, хүүнд 8,484,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 543,432 төгрөг нийт 15,861,000 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нарыг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж энэ тухай шаардлага, мэдэгдлийг хэд хэдэн удаа хүргүүлсэн ч үр дүн гараагүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь дараах мөнгөн дүнг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй байна. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь үндсэн зээлийн төлбөрт 15,166,718 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 9,000,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,800,129 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гаргасан зардал 4,000 төгрөг, нийт 25,971,495 төгрөг байна. Иймд зээлдэгч Б.Ө, хамтран зээлдэгч Б.О, Б.Ө нараас зээлийн гэрээний үүрэгт 25,971,495 төгрөгийг гаргуулж хариуцагч нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Тоёота Алпард маркийн суудлын автомашин болон барьцааны гэрээнд тусгагдсан бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ө, Б.Ө, Б.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө, Б.Ө, Б.О нар 2019 оны 09 дүгээр сараас Гэрэлт Оюу Дэлгэрэх ХХК нь аялал жуулчлалын зөвшөөрөлтэй байсан ба компанийн үйл ажиллагаа Ковид-19 вирус гарснаар дампуурч асуудал үүсч төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Т ББСБ-д хэд хэдэн удаа бичгээр хүсэлт өгч байсан ба нэг ч удаа хүү зогсоох, бууруулах тал дээр арга хэмжээ авч өгч байгаагүй. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх дээр иртэл хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцсон байна. Бидний зүгээс хүүг зогсоож өгөөч, ийм байдал үүссэн гэж удаа дараа хэлж байсан. Т ББСБ-ын нэхэмжилсэн үндсэн мөнгө 15,166,716 төгрөгийг хүлээн зөвшөөрч хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ковид-19 вирусийн үеийн байдлаар нэг ч удаа хүү зогсоож, хөнгөлөх талаар шийдэж өгөөгүй ба улсаас хүртэл ББСБ-ыг хүүгээ зогсоох шийдвэр гарсан ч харгалзан үзээгүй. Иймд бид хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар бууруулах хүсэлтэй байна гэв.

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Ө, Б.О, Б.Ө нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,971,495 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч нар Монгол улсын Засгийн газраас зээлийн хүүг хасна гэж зохицуулсан. Зээлийг хүүг 50 хувь хасч тооцвол үлдэх зээлийг төлнө гэж маргаж байна.

Коронавирус /Covid-19/-ийн тархалттай холбоотойгоор Монгол улсын эдийн засагт хүндрэл учирч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч байгаатай холбогдуулан Монгол банкнаас дараахь журмуудын тодорхой зохицуулалтыг доорх нөхцөлтэйгээр түр хугацаагаар буюу 2020  оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд 1. “Активийг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д б.Хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр тогтоох, 3. Дээрх зохицуулалтын хугацаа дуусах үед дээрх журмуудыг ердийн зохицуулалтын дагуу мөрдөхөөр шийдвэрлэлээ. Эдгээр зохицуулалт нь Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү арга хэмжээг авснаар зээлийг эргэн төлөх үүрэг алга болохгүй бөгөөд зээлдэгчдээс үнэхээр хүндрэл гарсан бол зээлдүүлэгч банктайгаа холбогдон зээлийн үйлчилгээний төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой” гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь зээлдэгч нар зээлийн үйлчилгээний төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй гэж, хариуцагч Б.О нь утсаар мэдэгдсэн, хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ хариуцагч баримтаар нотолж чадахгүй байна.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК, зээлдэгч нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны 118061320037 тоот зээлийн гэрээ, 118061320037 тоот тоот барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар 25,900,000 төгрөгийн зээлийг сарын 2,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч  зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч Т ББСБ ХХК болон зээлдэгч Б.Ө, Б.Ө, Б.О нарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2006 онд үйлдвэрлэгдсэн, АТН10-0019109 арлын дугаартай, улсын дугаартай, хар өнгийн Toyota Alphard маркийн суудлын автомашин, Samsung маркийн зурагт 1 ширхэг, Sharp маркийн хөргөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг, эргэлтийн хөрөнгө зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч нараас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 15,166,718 төгрөг, хүүгийн төлбөр 9,000,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,800,129 төгрөг, нотариатчийн зардал 4,000 төгрөг нийт 25,971,495 төгрөгийг шаарджээ.

 

  Үндсэн зээлийн төлбөр 15,166,718 төгрөгийг 2,7 хувиар тооцвол сард  409,501,386 төгрөгийн хүү төлөх, 30 хоногт хувааж өдөрт 13,650 төгрөг төлөхөөр байх ба 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар өдрөөр тооцоход хүүгийн төлбөрт 9,000,647 төгрөг, үүнээс гэрээнд зааснаар хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрөөс 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,800,129 төгрөг төлөх үүрэгтэй гэх нэхэмжлэгчийн тооцооллыг зөв гэж үзэхээр байна. /хх-ийн 14 тал/

 

Иймд хариуцагч Б.Ө, Б.О, Б.Ө нараас үндсэн зээлийн төлбөр 15,166,718 төгрөг, хүүгийн төлбөр 9,000,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,800,129 төгрөг, нотариатчийн зардал 4,000 төгрөг нийт 25,971,495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХКолгох үндэстэй.

 

Мөн талууд хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 01-ний  өдрийн  ҮЗГ-1310-02 тоот барьцааны гэрээгээр 2006 онд үйлдвэрлэгдсэн, АТН10-0019109 арлын дугаартай, улсын дугаартай, хар өнгийн Toyota Alphard маркийн суудлын автомашин, Samsung маркийн зурагт 1 ширхэг, Sharp маркийн хөргөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг, эргэлтийн хөрөнгө зэрэг хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Хариуцагч Б.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Од итгэмжлэл /хх-ийн 28 тал/ олгож, хариуцагч Б.О түүнийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэсэн зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Б.О нь төлбөрийн чадваргүй болсон тул зээлийг хүүг 50 хувь бууруулах хүсэлт гаргаж Гэрэлт оюу дэлгэрэх ХХК-ийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ө, Б.О, Б.Ө нараас 25,971,495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2006 онд үйлдвэрлэгдсэн, АТН10-0019109 арлын дугаартай, улсын дугаартай, хар өнгийн Toyota Alphard маркийн суудлын автомашин, Samsung маркийн зурагт 1 ширхэг, Sharp маркийн хөргөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг, эргэлтийн хөрөнгө зэрэг хөдлөх эд хөрөнгөөр үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,008 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө, Б.О, Б.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид 358,008 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ