| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0122/Э/ |
| Дугаар | 0139 |
| Огноо | 2017-05-11 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 0139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Ц.Ч-, Д.А-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Ч-, Д.А- нарт холбогдох эрүүгийн 201714000239 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Булган аймагт төрсөн, эмэгтэй, ** настай, дээд боловсролтой, Япон хэлний багш мэргэжилтэй, ***** ХХК-д даатгалын менежер ажилтай, ам бүл 6 аав, ээж, дүү нарынхаа хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Т овогт Д-ийн А- /РД хх**********/
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Х овогт Ц-ийн Ч- /РД:*********** /
Шүүгдэгч Ц.Ч-, Д.А- нар нь 2017 оны 04 дүгээр сарын 08-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багийн **** тоотод орлогын мөнгөнөөс болж маргалдан харилцан зодож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 08-нд Ч- эгчийн гэрт очсон. Бид Жаргалантаас Ч- эгчийг хүргэж өгсөн. Ч- эгч бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед бид архи, пиво уусан байсан. Тэгээд бид хоёр барьцалдаад авсан. Бид хоёрыг А- салгасан. Ч- эгч бид хоёр ноцолдоод газар унасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Ц.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс ийм зүйл боллоо. Ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад хөнгөн гэмтэл учирсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй. Бид хоёр бие биенээсээ уучлалт гуйсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ц.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд хөнгөн гэмтэл учирсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй. Бид уучлал гуйж эвлэрсэн гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 04-р сарын 08 ны орой 19 цагийн орчимд бид Жаргалант сумаас ирээд замаараа Ч- эгчийг хүргэж өгөхөөр жолооч Бүрнээ гэдэг тендерийн жолооч А-, А- Ч-, бид тавуулаа явсан байгаа. Тэдэн дундаасаа би хамгийн эрүүл нь байсан машин дотор Ч- эгч А- руу чичлээд чи муу гээд нэг юм хэлээд байсан, гэтэл та намайг яагаад ингээд байгаа юм гээд маргалдаад А- түүнийг цохих гээд хоёр гараараа савчаад байсан боловч биед нь хүрээгүй. Хашааны гадаа машинаас буугаад хашааны хаалгыг онгойлгож орсон. Би тэд нарын араас буусан учраас хэн хашааны хаалга онгойлгосныг нь анзаараагүй. Хашаанд ороод Ч- эгч, А- хоёр бие биенээ үсдэж аваад хоорондоо зодолдсон. Тэр хоёрыг хоорондоо зодолдоход нь А- бид хоёр салгасан гэсэн мэдүүлэг /хх 30-31 ху/,
-Гэрч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Даатгалын 10 компани Жаргалант суманд ажилласан. 7, 8-ны өдрүүдэд ажиллаад биднийг тарахад Сумын засаг захиргаа хүлээн авсан, тэднээс салаад бид үргэлжлүүлэн уусан байгаа. Ч- эгч Улаантолгой руу өөрийнхөө машинтай явсан. Их согтсон байсан учраас түүний машиныг Л-т бариулаад түрүүлээд явуулсан. 2017 оны 4 сарын 08-ны орой 20 цагийн орчимд Бүрнээ гэдэг залуугийн машинд Э-, А-, Ч- эгч жолооч бид тавуулаа ирсэн. Бид нар Ч- эгчийг гэрт нь хүргэж өгөхөөр ****ын **** тоот хаягт очсон байгаа. Гэтэл гэрт нь хүн байгаагүй , бүгдээрээ машинаас буугаад хашаа руу нь ороход хүнгүй байхаар нь яах вэ Ч- эгчээ гэхэд миний ээжийн дугаар гээд нэг дугаар өгсөн. Э- хэлсэн дугаар луу нь залгахад ээжээ эд нар намайг аллаа гээд орилоод хүүе та болиоч, та яагаад байгаа юм бэ гэж хэлэх хооронд Ч- эгч А-г үсдэж дараад авахаар нь би салгах гээд хажуунаас нь татахад намайг үсдэж зодсон. А- бид хоёрыг ээлжилж зодсон байгаа. Бид нар Ч- эгчийг нийлж зодсон зүйл байхгүй. Ч- эгч бид хоёрыг ээлжилж зодож байснаас гаднаас хашаанд нь хүн орж ирэхэд эд нар намайг нийлээд зодлоо, ингэж зодлоо гээд газарт хөрвөөж, газраас шороо авч цацаад бид үнэхээр гайхсан. Э- бид гурваас хол зайтай зогсож байсан. А-г үсдэж аваад зодоход нь би очиж салгах гэж байгаад Ч- эгчид зодуулсан байгаа. Түүнээс бид хоёр нийлээд зодоод байсан зүйл байхгүй юм. Жолооч хашааны гадаа машинтай байсан гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 339 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц.Ч-ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хоёр гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд зулгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинэ гэмтлүүд ба 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
5. Тархи доргилт, баруун нүдний зовхи, хоёр гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 40 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 341 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.А-гийн биед нүүр, цээж, зүүн шуунд олон тооны шалбархай, хүзүү, цээж, хуйханд зөөлөн эдэд олон тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.
2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн маажих, самардах, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шинэ гэмтлүүд байна.
5. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэл /хх 45 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8, 9, 22, 24 ху/
-Ц.Ч-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 59-63 ху/
-Д.А-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 70-74 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51, 68 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Ч- Д.А- нар нь 2017 оны 04 дүгээр сарын 08-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багийн **** тоотод орлогын мөнгөнөөс болж маргалдан харилцан зодож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хоорондоо эвлэрсэн талаар өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.А- /хх 29 ху/ Б.Э- /хх 30-31/ нарын мэдүүлгүүд, хохирогч Ц.Ч-ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хоёр гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 339 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.А-гийн биед нүүр, цээж, зүүн шуунд олон тооны шалбархай, хүзүү, цээж, хуйханд зөөлөн эдэд олон тооны цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 341 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ч-, Д.А- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ч-, Д.А- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн Ч-, шүүгдэгч Т овогт Д-ийн А- нарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.т зааснаар шүүгдэгч Ц.Ч-, Д.А- нарт холбодох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-, Д.А- нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА