Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 58

 

Ц.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Ариунжаргал,

Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/221 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч С.О-д холбогдох, 2028000900112 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Ариунжаргалын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Яллагдагч Ц.О нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нутаг дэвсгэр гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох 2028000900112 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж, яллагдагч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 1. Шүүх “Д.Л, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын 9 хүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болон шударга ёсны зарчмаас хэт зөрүүтэй байна” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

Яллагдагч Ц.О урьд нь “Хамтын хүч” нэртэй нөхөрлөл ажиллуулж байсан болох нь сумын Засаг даргатай байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ, Ц.О болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд Д.Л, Д.Л, А.Норовренчин, Г.Пүрэвдаш, Ш., Г.Д, Я.Ө, Ж.Батсүх, А.Г нар нь Ц.О-г ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр Өвөрхангай аймагтаа нөхөрлөл ажиллуулж байсныг мэддэг байсан талаар мэдүүлсэн.

Ц.О нь өөрийн үйл ажиллагааг “тусгай зөвшөөрөлтэй, асуудалгүй газар” гэж дээрх хүмүүст ойлгуулсны үндсэн дээр нэр бүхий 9 хүн нь Ц.О-тэй тохиролцож, техник хэрэгсэл жолоодох, ажиллуулахад туслалцаж, цалин хөлс авч ажиллах зорилгоор нутаг дэвсгэрт ирсэн болох нь хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Д.Л, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нар нь гэмт хэрэг үйлдэхээр сэдсэн, санаачилсан, хууль бус үйлдэл хийхийг анхнаасаа мэдэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэсэн гэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нь таамаглал дэвшүүлж, улмаар прокурорын шийдвэр хууль ёсны болон шударга ёсны зарчмаас хэт зөрүүтэй байна гэсэн хийсвэр дүгнэлтийг хийсэн нь “шүүгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлаагүй” гэж үзэх үндэслэл болж байна.

Нэр бүхий 9 хүн нь Ц.О-тэй хамт явж, хийсэн ажлын цалин хөлсийг авахаар тохиролцсон нь тэдэнд үйлдлийн мөн чанарыг зайлшгүй ухамсарлан ойлгох, цаашилбал нөхөрлөлийн үйл ажиллагаа болон гэрээний хугацаа, хэрэгжих газрын талаар лавтай сайн мэдэж байх үүргийг бий болгохгүй, мөн энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хууль зүйн үндэслэл болохгүй.

2. Гэмт хэрэг гарсан газарт байсан ӨВР улсын дугаартай МКзиЫзЫ Ризо маркийн тээврийн хэрэгсэл,  ӨВА улсын дугаартай Нто Капдег маркийн тээврийн хэрэгсэл, ӨВО улсын дугаартай Ну1пс1а1 Рог*ег-2 маркийн тээврийн хэрэгсэл, УБ улсын дугаартай Роозап маркийн газар ухагч, УН улсын дугаартай НуюсЫ-РоЬехбббтур маркийн газар ухагч техникүүд нь бүгд бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд зааснаар прокурорын зөвшөөрлөөр түр хураан авсан эд зүйлийг буцаан олгоход заавал прокурорын зөвшөөрөл гаргах талаар хуульчилсан зохицуулалт байхгүй бөгөөд эд хөрөнгүүд нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө тул мөрдөгч тэмдэглэл үйлдэн, жинхэнэ эзэмшигчдэд хүлээлгэн өгсөн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан үнэлгээгээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг улсын орлогод оруулах асуудлыг шүүх хуралдаанаас шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.Ц.О-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник хэрэгслүүдийн үнэлгээг “Хас үнэлгээ” ХХК гаргасан бөгөөд шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Шүүгчийн захирамжид “....Д.Ц-д нь эксоватор болон алт ялгах зориулалтаар ашиглаж байсан гэх паажуурыг бусдад ашиглуулснаар тухайн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдэж байсан гэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд гэмт хэргийн хамжигч мөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй...” гэж дурдсанаас гадна цаашид “паажуур” гэж нэрлэгдэх эд зүйлийг хэрхэн шийдвэрлэж байх талаар дурдаж бичжээ.

Д.Ц нь Ц.О-ийн хамт гэх газарт ирээгүй, Ц.О-ийн хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байгаа талаар мэдээгүй, түүний үйлдсэн гэмт хэрэгт санаа зорилгоороо нэгдэж хамтран оролцсон үйлдэл тогтоогдохгүй байхад бусдад экскаватор болон алт ялгах зориулалттай паажуурыг ашиглуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэргийг мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-тэй бүлэглэж үйлдсэн гэж эрх зүйн байдлыг нь дордуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Хавтаст хэрэгт паажуур гэх төхөөрөмжийн үнэлгээг гаргуулсан. Мөн паажуурыг шороог шигшиж алт ялгах зориулалтаар ажиллуулдаг, паажуурыг хэрхэн ажиллуулж байсан талаар гэрч нар мэдүүлсэн байхад уг төхөөрөмжийн гарал үүслийг тогтоох шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй байна.

Мөн цаашид “паажуур” гэж нэрлэгдэх эд зүйлийг хэрхэн шийдвэрлэж байх нь яллагдагч Ц.О-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, энэ хэрэгт хамааралгүй байна.

5. Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шууд харьяалагддаг төрийн байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон итгэмжлэлийн дагуу Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Ө-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон.

Иймд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас давхардуулан хохирогч тогтоох шаардлагагүй.

6. аймаг нь сумтай хил залгаа оршдог. Тус аймгаас хууль бус аргаар алт олборлохоор ирсэн этгээдийг Сэврэй сумын эрх бүхий албан тушаалтнуудтай үгсэн ирсэн мэтээр шалгах үндэслэл тогтоогдоогүй, хэн нэгэн эрх бүхий албан тушаалтны үйлдэл, оролцоо байж болзошгүй талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй тул яллагдагч Ц.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/221 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокурор Ц.Ариунжаргал нь яллагдагч Ч.О-г 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нутаг дэвсгэр болох Баян бор нуруу гэх газар техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115590 төгрөгийн хохирол учруулж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн зарим үндэслэлийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ. Үүнд:

  1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай тогтоолын талаар:

Энэ тогтоолоор Д.Л нарын 9 хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор заасан байх бөгөөд тэдгээр нэр бүхий хүмүүсийг энэ хэрэгт яллагдагчаар татаагүй байна.

Тэдгээр нэр бүхий 9 хүний үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хуулийн мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялагдагчийн энэ хуульд заасны хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг заагаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно, 4 дүгээр зүйлийн 4.1.21-т тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг,  4.1.23-т “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг хэлнэ гэж зааснаас үзвэл ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл нь зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгогдох тул  иргэн хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй байна.

Засгийн газрын 2017 оны 151 тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”- ын 2.1, 2.2, 6.1.1 заалтууд, журмын нэгдүгээр хавсралтад зааснаар иргэд нь бичил уурхай эрхлэх зорилгоор  хуулийн этгээд байгуулж, эсхүл нөхөрлөл, хоршооны зохион байгуулалт орж зөвхөн гэрээнд заасан талбайд, гэрээний хугацаагаар үйл ажиллагаа явуулах ба өөр нөхөрлөлийн гишүүнээр бүртгэгдээгүй байх шаардлагатай.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээнээс үзвэл Ц.Онь “Хамтын хүч” бүртгэгдээгүй нөхөрлөлийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан нь нотлогдож байна. Гэтэл нөхөрлөлийн ажилтнуудын бүртгэл, нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл үүсгэн байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн тогтоолыг гардуулан өгсөн тухай 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлд “ Д.Л-т эх хувиар гардуулан өгч, тэмдэглэл үйлдэв” гэсэн байх бөгөөд доод хэсэгт нэр бүхий 8 хүнд “утсаар мэдэгдэв” гэж гараар бичиж, хүлээн авсан хэсэгт П.Л гарын үсэг зураагүй, харин “хуулийн этгээдийн.../албан тушаалтай / гэх нэрийн дор энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.О-ээр гарын үсэг зуруулж, гардуулсан байгаа нь Ц.О-г иргэний хувьд биш нөхөрлөлийг төлөөлөх эрхтэй гэж үзсэн гэж үзэхээр байх боловч түүнийг иргэний хувьд яллагдагчаар татан оролцуулжээ. /хэргийн 2 дугаар хавтас, 33 дугаар хуудас/

Прокурорын  тогтоолд заасан “яллагдагч Ц.О-г техник хэрэгсэл жолоодуулах, ажиллуулахад туслалцуулах зорилгоор хөлсөөр ажиллуулахаар харилцан  тохиролцож” гэж дүгнэсэн боловч уг тохиролцоо нь эрх зүйн ямар харилцаа, ямар төрөлд хамааралтайг заагаагүй байна. Мөн хэрэгт техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн, гүйцэтгэх ажил, үүрэг, хугацаа зэргийг нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул “хууль бусаар ашигт малтмал олборлох талаар хэлэлгүйгээр” гэсэн дүгнэлтийг нотлох баримтад үндэслээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн энэ талаар бичсэн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзлээ. 

  1. Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийн талаар:

Эд мөрийн баримтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, ... гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан, түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн байдлыг тогтоох, тэдгээрийн гэм бурууг нотлох, үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий эд зүйлс хамаарах бөгөөд мөн хуулийн 21.3 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтыг  шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал хадгална.

Мөн прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол эд мөрийн баримтыг хууль ёсны эзэмшигчид нь олгох, улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ гэж хуульд заажээ. 

Гэтэл мөрдөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусаагүй байхад хураан авсан эд мөрийн баримтаас 380 литр бензин болон  ӨВО улсын дугаартай “Тоёота Филдер”,   ӨВР улсын дугаартай “Mitsubishi Fuso”,   улсын дугаартай “Хино Ранжер” маркийн, ӨВО улсын дугаартай Портер, УБ улсын дугаартай эксковатор зэрэг тээврийн хэрэгслийг хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад, УН улсын дугаартай, “Hundai Robex 555MVP” маркийн тээврийн хэрэгслүүдийг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш эзэмшигч гэх этгээдүүдэд  хүлээлгэн өгчээ.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэх тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Уг эд мөрийн баримтуудыг шүүхэд ирүүлээгүйгээс шүүх хуралдааны явцад мөн хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эд мөрийн баримтыг танилцуулж, талуудыг энэ асуудлаар мэтгэлцүүлэх үүргээ шүүхээс биелүүлэх боломжгүй нөхцөл үүсгэж, талуудын эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно.  

Эд мөрийн баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамаарч байвал шүүх  мөн зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх үүрэгтэй. Тухайн  тээврийн хэрэгслүүдийг эд мөрийн баримтаар хураах болон буцаан олгох болсон үндэслэл мөрдөгч, прокурорын шийдвэрүүдэд тодорхойгүй, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар яллах дүгнэлт, түүний хавсралтад заагаагүй тул хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэгжих нөхцөлийг хязгаарласан гэж үзнэ.

Харин мөрдөгч нь хуульд заасан эрх, үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтыг бэхжүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тул шүүгчийн захирамжид заасан мөрдөгчийн үйл ажиллагаа “хууль ёсны” эсэхийг шалган тогтоох шаардлагагүй.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаагаар ӨВО улсын дугаартай “Тоёота Филдер” машин нь “Транскапитал ББСБ” ХХК-ий эзэмшилд бүртгэлтэй байхад Г.П-д, УН улсын дугаартай, “Hundai Robex555MVP” машин нь “Хустын ургац” ХХК-ий эзэмшилд бүртгэлтэй байхад Д.Ц,  УБ улсын дугаартай эксковаторын эзэмшигч Д.Б нь эксковаторыг авахад холбогдох бичиг баримтанд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгосон байхад итгэмжлэл олгогдоогүй Б-ийн Д-г итгэмжлэгч гэж тус тус хүлээлгэн өгсөн байх тул эд мөрийн баримтыг хууль ёсны эзэмшигчид өгсөн эсэхэд эргэлзээтэй байна.  /хэргийн 1 дүгээр хавтас, 230, 234 дүгээр хуудас/

Хэргийн 1 дүгээр хавтас, 233 дугаар хуудсанд авагдсан бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэлд  “3. 91-56 улсын дугаартай эксковаторын гэрчилгээ, ӨВР улсын дугаартай “Митсубиши Фусо” маркийн автомашины гэрчилгээний хуулбар 1 хуудас” гэж бичигдсэн байх боловч ӨВР улсын дугаартай автомашины талаарх мэдээлэл нь уншигдахгүй байх тул уг автомашиныг хууль ёсны эзэмшигч Ц.О-т хүлээлгэн өгсөн гэх боломжгүй байна.

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлоо шийдвэрлүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзнэ.

  1. Иргэний нэхэмжлэгчийн талаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлаар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...учирсан ...хохирлыг нөхөн төлүүлэх,, сэргээлгээхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч” гэж нэрлэж, эрх үүрэг хариуцлагыг өөрөөр хуульд заасан. Гэтэл мөрдөгч нь хохирогчоор тогтоосон шийдвэр гаргаагүй атлаа иргэний нэхэмжлэгчээр Ц.О,  Л.Б, Б.Д, П.Д  нарыг тогтоож, улмаар маргааш нь тэдэнд өмнө дурдсан эд мөрийн баримтаар тооцсон тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, 6 дахь хэсэг, 36.3-36.5 дугаар зүйлүүдэд зааснаар иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж заасантай дээрх ажиллагаа нийцсэн эсэх дүгнэлт хийх боломжгүй байна.

Энэ ажиллагаанууд нь хоёр өдөр дараалан хийгдсэн боловч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэрүүд хэргийн 1 дүгээр хавтас, 47, 48, 53, 56 дугаар хуудсанд, хүлээлгэн өгсөн тэмдэглэл нь 2 дугаар хавтас, 05-08 дугаар хуудсанд авагдсан байна.

Мөрдөгч нь тэдэнд хэргийн материал танилцуулсан гэх баримт үйлдсэн боловч танилцуулаагүй байгааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзнэ.  /2 дугаар хавтас 21-24 дүгээр хуудас /

  1. Хохирогчийн талаар:

Прокурор, мөрдөгчийн шийдвэрүүдэд гэмт хэрэг гарсан гэх газрыг нутаг дэвсгэр болох гэж бичсэн ба тухайн газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэгт Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Ө-ыг хохирлыг төлүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10/2229 дугаартай албан бичиг байна.

Мөрдөгчийн тогтоолоор В.Ө-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 42, 45 дугаар хуудас/

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.

Иймд гэмт хэргийн улмаас хуулийн этгээдэд хохирол учирсан бол мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  9.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох үүрэгтэй.

Хэрэгт хохирогч хуулийн этгээд нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, эсхүл Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа аль нь болохыг тогтоосон шийдвэр байхгүй байна. Иймд хохирогчоор хохирол хүлээсэн хуулийн этгээдийг тогтоогоогүй атлаа В.Ө-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мөн иргэний нэхэмжлэгчээр түүнийг иргэнийх нь хувьд тогтоож оролцуулснаар түүний эрх зүйн байдал нь тодорхойгүй болжээ.

В.Ө нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх ёстой боловч түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийн тэмдэглэлээс тэрээр хэнийг төлөөлөн оролцож байгаа нь бодиттой тогтоогдохгүй байна.

Мөн В.Ө-т итгэмжлэл олгосон тухайн Яамны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь итгэмжлэх олгох эрх бүхий этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалах нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхэд хамаарч байх тул аймгийн удирдлага нь хохирогчоор тогтоогдож, улмаар Аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн бүтцэд хамаарах хэлтэс, Аймгийн Засаг дарга нь эрхлэх ажлын хүрээнд ажилладаг хэрэгжүүлэгч агентлагийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгохыг үгүйсгэхгүй боловч, холбогдох агентлаг, албан тушаалыг шүүхээс тодорхой заах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарахгүй, хэрэгт ач холбогдолгүй юм.    

  1. Эд зүйлийн үнэлгээний талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулах ёстой. Шүүгч захирамждаа эд зүйлийн талаарх үнэлгээг шинжээчийн дүгнэлтүүдэд заасан эх сурвалжаас магадлахад зах зээлийн үнээс хол зөрүүтэй, эргэлзээтэй байна гэж үзэхдээ дүгнэлтэд заасан “unegui.mn”, “unaa.mn” зэрэг эх сурвалжаас магадалсан талаар заасан боловч уг эх сурвалжид ямар нотлох баримт авагдсан талаар бэхжүүлсэн, шинжлэн судалсан байдал тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул энэ дүгнэлтийн талаар дүгнэлт хийх боломжгүй, харин прокурор хэргийг нотлох үүргийн хүрээнд энэ асуудлыг шалгах шаардлагатай гэж үзвэл энэ магадлал саад болохгүй.

Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцсон гэрээгээр хийвэл “үнэлгээний тайлан”, хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийвэл “шинжээчийн дүгнэлт” гаргахаар хуульд зохицуулсныг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан мөрдөн байцаалтын ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт хамааралтай нотолбол зохих байдлыг бүрэн нотолж шалгаагүй байхад шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх зарчмыг баримталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргээ биелүүлэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг заавал мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх шаардлагагүй боловч Ц.О-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/221 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                                       

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ