Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2017/0431

 

2017 оны 06 сарын 02 өдөр

         Дугаар 128/ШШ2017/431

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э ХХК” ХХК

Хаяг: УБ хот, Ч дүүрэг, Их тойруугийн гудамж-0, 0 цогцолбор,  0 тоот.

Хариуцагч: Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч

Хаяг: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн Ордон, СБ дүүрэг, 0 дугаар хороо, 0, Их Эзэн Чингис Хааны нэрэмжит талбай

Нэхэмжлэлийн шаардлага: “Шадар Сайдын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 121 дугаар Ажлын хэсэг томилох тухай тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хээгт заасны дагуу илт хууль бус шийдвэр болохыг тогтоолгох, Улсын онцгой комисс 2016 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн дулааны шугамд хүчээр холболт хийж, Могул таун орон сууцны цогцолбор хорооллын дулааныг холбосон үйлдэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус шийдвэр болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , М.М , гуравдагч этгээд “Зайсан дулаан өргөө” СӨХ-ийн төлөөлөгч З.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э   шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: 

“...2016 оны 11 сарын 29-ний өдөр Монгол Улсын Шадар Сайд тушаал гаргаж, Могул таун орон сууцны хорооллын нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ хийх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын онцгой комиссын ажлын хэсгийг томилсон бөгөөд уг тушаалаар томилогдсон Улсын онцгой комиссын гишүүд 2016 оны 11 сарын 30-ны өдөр 0 орон сууцны хорооллын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад хурал хийж, манай компанийн өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан ХТП болон 0-д бидний зөвшөөрөлгүйгээр, хүчээр холболт хийж, “Могул таун” орон сууцны хорооллыг дулаанаар хангасан. Ийнхүү шийдвэрлэхдээ бидэнд бичгээр аливаа шийдвэр хүлээлгэж өгөөгүй. Манай компанийн зүгээс Монгол Улсын Шадар Сайд болон Улсын онцгой комиссын ажлын хэсгийн гишүүдэд ийнхүү холболт хийсэн нь үндэслэлгүй, илт хууль бус шийдвэр болох талаар удаа дараа гомдол гаргасан боловч бидэнд хариу ирүүлээгүй болно.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын онцгой комиссын ажиллах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Улсын онцгой комисс /цаашид "комисс" гэх/Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, шан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, мал, амътан, хүрээлэн байгаа орчныг аврах, хор уршгийг арилгах, хойгилуулшгүй сэргээн босгох арга хэмжээг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутгийн хүчээр хэрэгжүүлэх бололцоогүй болж тусламж, дэмжлэг үзүүлэх талаар албан ёсны хүсэлт тавъсан буюу өөрийн санаачилгаар хүн хүч, техник хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө" гэж заасан байдаг. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар “аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг мөн “техникийн холбогдолтой осол’’ гэж үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэргийг тус тус ойлгоно. Тиймээс Улсын онцгой комисс нь зөвхөн дээр дурдсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд шийдвэр гаргаж, ажиллах үүрэгтэй байна.

“Могул Таун” орон сууцны хорооллын захиалагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Э ХХК” ХХК-ийн өмчлөлийн ус, дулааны шугам угсралтын ажилд хөрөнгө оруулалт хийж, түүний хариуд нь уг шугамд холболт хийн “ м” орон сууцны цогцолборын дулаан болон цэвэр усны хэрэглээгээ хангахаар гэрээгээр харилцан тохиролцсон байдаг. Гэтэл “М ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн дулааны шугамд холболт хийлгэхийг “М” ХХК-д зөвшөөрөөгүй болно.

Тиймээс “Могул таун” орон сууцны цогцолборын дулаан авч чадахгүй болсон нөхцөл байдал нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулагдсан гэрээнээс үүдэлтэй харилцаа буюу “М” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагавар болно. Өөрөөр хэлбэл Гамшгаас хамгаалах тухай хууль болон Улсын онцгой комиссын ажиллах журамд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол зэрэг Улсын онцгой комисс ажиллах үндэслэл, нөхцөл байдал огт бий болоогүй байна.

Ийнхүү хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад Улсын онцгой комисс уг асуудалд оролцож, хуралдаан хийж, хүч түрэмгийлэн компанийн хувийн өмчид халдаж, Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 16.3 болон Иргэний хуулийн 101-р зүйлд тус тус заасан өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуульд заасан өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан илт хууль бус үйлдэл байна...” гэжээ.

Нэхэмжлэгч “Э ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хууль зүйн үндэслэлийн тухайд 122 дугаар тушаал дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчиж байна. Тушаалд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.2, 7.5, 11.1.5-д заасныг үндэслэн тушаах нь гэж заасан байдаг. Эдгээр хуулийн заалтуудыг нь харвал Барилгын тухай хуулийн 7.1.1-д “Барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 7.1.2-д “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”, 7.2-д “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэж заасан.

Эдгээр заалтууд нь Барилгын тухай хуульд заасны дагуу барилга барих үйл явц, зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэх заалтуудыг тусгасан байгаа юм. Мөн хуулийн 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ” гэж заасан. Тэгтэл Шадар  сайд өөрөө барилгын асуудал эрхэлсэн төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага мөн үү гэвэл хуульд нийцээгүй заалтыг хэрэглэсэн байгаа юм. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д “барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх” гэж заасан. Үүнээс харахад барилга байгууламжийн ашиглалтын явцад барилга баригч нь дээрх шаардлагуудыг хангана гэж заасан болохоос тухайн үйл баримттай холбоотой заалтыг огт дурдаагүй байгаа юм.

Илт хууль бус захиргааны актыг үндэслэсэн захиргааны үйлдэл байдаг. Тухайн тушаалын дагуу томилогдсон Улсын онцгой комиссын ажлын хэсэгт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдсон байдаг. Ажлын хэсэг нь анхнаасаа гамшгийн нөхцөл байдал үүсээгүй, үүсэх нөхцөл байдал бий болоогүй байхад томилогдсон төдийгүй, гамшгийн нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулсан ямар нэг ажиллагааг хийгээгүй байдаг. Улсын онцгой комисс ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.1.6-д “Улсын онцгой комисс нь гамшгийн цагийн байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллага, шинжээчээр хийлгэх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Гэтэл тухайн Улсын онцгой комиссын ажиллах хэсэг болон Шадар  сайд нь гамшгийн ажиллагааг тодруулах ажиллагаа явуулаагүй, шинжээч болон мэргэжлийн байгууллага томилоогүй оршин суугчдын хүсэлтийг хүлээн авч гамшгийн нөхцөл байдал үүссэн гэж үзэж тушаал шийдвэр гаргасан байдаг. Ажлын хэсэг нь хоёр удаа хуралдсан. Уг хуралдааны тэмдэглэлээс харахад гамшгийн байдал үүссэн гэх ямар ч агуулга харагддаггүй. Зөвхөн “Э ХХК” ХХК-ийг шахаж шаардаж цагдаагаар баривчлуулан н.У  захирлыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаан дээр авчирсан байдаг. Хурал дээр оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, нүүлгэн шилжүүлэх дээр тулбал та бүгдээс зардал гаргах байдлаар ярьсан нь тэмдэглэлд тусгагдсан нотлох баримт байна.

Илт хууль бус тушаалын дагуу холболт хийсэн үйлдэл нь 2011 оноос эхэлж халаалтгүй барилгыг улсын комиссод хүлээлгэж өгсөн “М” ХХК-ийг тодорхой хэмжээнд хаацайлж, буруутай үйл ажиллагааг нь дэмжсэн захиргааны акт гэж үзэж байна. Аль нэг буруутай талын үйл ажиллагааны улмаас өөр нэг аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хуульд үндэслэсэн байх, үр нөлөөтэй байх зарчмыг баримтлах ёстой. Тушаал гарснаар ямар үр нөлөө үзүүлж байгааг харах ёстой. Үр нөлөөтэй гэдгийг эерэг байдлаар ойлгох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг зөрчиж байна. Бодит нөхцөл байдлыг өөрийн чиг үүрэгтэй хэрхэн нийцүүлж байсан нь хамгийн чухал юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг анхаарч үзээсэй. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн заалтад хамаарч байгаа юм. Энэ нь барилгын тухай хуулийн заалтыг үндэслэсэн байдлаар харагдаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Уг тушаал нь ажлын хэсэг томилох тухай гэсэн. Гэхдээ агуулга нь Улсын онцгой комиссын ажлын хэсгийн бүрэлдүүнд гэж бичсэн байна. Онцгой комиссыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор томилдог гэж байна. Өөрсдөө будлиантуулж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байдлыг бий болж байна. Б.Ууганбаяр ярихдаа ёс зүйтэй холбоотой зүйл ярьж байна. Шүүх ёс зүйг баримталж биш хуулийг баримталж шийдвэр гаргадаг. Биднийг ёс зүйтэй байхыг шаардаж байгаа мөртлөө өөрсдөө хуулиа баримтлахгүй зөрчиж байна. Анхнаасаа Улсын комисс хүлээн аваагүй байрыг халаалтаар хангахаар хүчээр ийм шийдвэр гаргаж байна гэдгийг хэлмээр байна. Хэн нэгнийг өрөвдөж ажиллах ёсгүй юм. Дараа нь улсын комисс нэртэй ажлын хэсэг томилдог гэх хэв маяг үүснэ. Юу сонгох хүний өөрийнх нь эрх. Иргэний хуулийн 5 дугаар зүйлд хуулийг мэдэхгүй, ойлгохгүй гэдэг тайлбар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Анхнаасаа учир дутагдалтай зүйлийг худалдан авсан юм. Гэрээний дагуу худалдан авч байгаа бол шалгаж үзэх ёстой. Нийтийн дулаанд холбогдоогүй гэдгийг өөрсдөө мэдсээр байж орсон. Хууль бус үйлдлээр хууль бус тушаал гарсан. Хэн нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна гэж үзэж байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын Шадар сайд төрийн дээд өндөр албан тушаалтан. Тиймээс

Шадар сайд үндэсний хэмжээнд холбоотой асуудалд Ерөнхий сайдын эрх хэмжээнд хандах эрхтэй. Монгол Улсын Шадар  сайдын баталсан тушаал бол ажлын хэсэг томилох тухай тушаал. Улсын онцгой комиссыг Монгол Засгийн газрын тогтоолоор томилдог. Улсын онцгой комисс 2016 оны 11 дүгээр сарын эхээр Монгол Улсын өвөлжилтийн нөхцөл байдлыг улсын онцгой комиссын төвшинд авч хэлэлцсэн. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн байдал хангагдсан гэдгийг танилцуулсан.

Цаг агаарын хувьд огцом хүйтэрсэн жил байсан. Гэтэл үүний дараагаар “Могул таун” хотхоны оршин суугчдаас Монгол Улсын Шадар  сайдад өргөдөл ирүүлсэн. Өргөдлийг уншиж үзэхэд маш хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон байсан. Авралыг хүссэн өргөдлийг ирүүлсэн байдаг. Уг асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар руу шилжүүлэн цохолт хийсэн. Онцгой байдлын ерөнхий газрын захирагчийн ажлын албаны дарга оршин суугчдын төлөөлөл оролцсон уулзалт хийсэн. Тухайн уулзалтаар ажлын хэсэг томилох нь зүйтэй гэж үзэж Шадар сайдад уламжлан ажлын хэсэг томилуулах шийдвэр гаргасан. Бид 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Энэ хүрээнд Шадар сайдын тушаалыг гаргасан. Ажлын хэсэг хуралдаж анхны шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч тал н.Ундрахбаяр захирлыг хүч хэрэглэж хуралд оролцуулсан гэх тайлбарыг хэлж байна.

Учир нь маргаантай асуудал, оршин суугчид олдохгүй байна гэх зүйлсийг хэлж байсан. Албан ёсоор хүсэлт өгч улмаар хуралд оролцсон. Асуудлыг аль аль талаас нь шийдвэрлэх гэж оролдсон. Надад уламжилсан асуудал бол хөлдөлтийн нөхцөл байдал бий болж асуудал хүндэрч байна. Хүүхдүүд даарч өвчин тусаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гарц хайж байсан. Түүнээс биш компанийн хоорондын өр авлагатай холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг хэлсэн. Богд Уул өөрөө дархан цаазат газар. Уурын зуух ажиллуулахыг хориглодог.

Тэгтэл нэхэмжлэгч тал уурын зуух барьж байгуулсан байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““гамшгаас хамгаалах” гэж гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээг” гэж заасан. Зайлшгүй хөлдөлтийн нөхцөл байдал үүссэн хүндрэлтэй байдал үүссэн тул урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдсэн.

Нэхэмжлэгч талаас намайг буруутган нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж байна. н.Ундрахбаяр захирал өөрөө гэрээг бэлтгэж ирсэн. Би гэрээг нь үзэн СӨХ-тэй холбоотой, хариуцлагатай холбоотой, мөнгө төгрөгний асуудлыг тусгахыг хэлж байсан. Онцгой байдлын ерөнхий газрын дарга заавал надаар гарын үсэг зуруулах шаардлагатай бол би хуралд байлцсан гэдэг байдлаар гарын үсэг зуръя гэж хэлсэн. Үүнийг шүүх анхаарч үзээсэй. Нэг талын барьсан шийдвэр гаргаагүй юм. Бид н.Ундрахбаяр захирлын барьсан барилгын дулааны шугамд холбож өгөхөөр ярилцсан байдаг. Тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан. Хамтран ярилцсаны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг олгохоор болсон. Хоёрдугаар хуралдаанаар ЦТП дээр 10 цагаас уулзахаар болсон байдаг.

ЦТП-ын холболтын асуудал яригдаж байхад ЦТП-ийг барьсан хүн нь газар доорх шугам ямарч дулаан өгөөгүй байгаа учир хөлдүү байгаа. Одоо дулаан өгвөл маш том эрсдэл үүснэ. Хэн хариуцлага хүлээх вэ гэхэд холбох гэж байгаа мэргэжлийн байгууллагын хүн бид хариуцлага хүлээнэ гэж хэлж байгаад холболтыг хийсэн. Маш нарийн тооцоотойгоор хохирол гаргалгүйгээр холболтыг хийсэн...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Онцгой байдлын газраас газар дээр очин иргэдтэй уулзаж нөхцөл байдал ямар байсан талаарх санал дүгнэлтийг авдаг. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “”гамшгийн эрсдэл” гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг”, 4.1.2-д ““гамшиг” гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг” ойлгоно.

Аюулт үзэгдэл гэж байгалын давагдашгүй хүчин зүйлс хамаарч үүсэж байгаа. Техникийн хүчин зүйлс гэдэгт хүнээс хамаарсан зүйлс байна. 4.1.1-д ““гамшгаас хамгаалах” гэж гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээг” гэж заасан. Үүссэн нөхцөл байдлыг тайлбарлахад гаргасан өргөдөл гомдолд орон сууцны нөхцөл байдал +6 градуст хүрсэн байсан. Барилга хот байгуулалтын сайдын 2011 оны Барилгын зураг төсөл боловсруулах, барилгын норм дүрэм, халаалт, агаар сэлгэлт батлах тухай 84 дүгээр тушаалын Т хавсралт буюу Т1 хүснэгтэд орон сууцны дулааныг хүйтний улиралд 18-20 С0 градуст байхаар заасан байдаг. Энэ нь шинжлэх ухааны үндэстэй хүний амьдрах хэвийн нөхцөл гэж заасан байдаг. +6 градус гэдэг нь 5 байрны нийт оршин суугчдын эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон байсан гэдэг нь тогтоогдсон. +6-+8 градус гэдэг бол машин хадгалах градус юм. Монгол Улсын Шадар  сайд Монгол Улсын Засгийн газрын тухай 24 дүгээр зүйлийн 24.2-д “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасан. Уг эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг томилох тухай 122 дугаар тушаалыг гаргасан. Энэ нь дотоод чиглэсэн үйл ажиллагаа харин нийтэд хандсан үйл ажиллагаа биш юм. Нэхэмжлэгч тал энэ нь нийтэд хандсан захирамж юм.

Тиймээс буруу гэж яриад байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримтын хүрээнд тайлбарыг авахыг санал гаргаж байна. Учир нь ярьж байгаа зүйлс нь нотлох баримтын хүрээнд байхгүй зүйлс байна...” гэжээ.

Гуравдагч этгээд “Зайсан дулаан өргөө” СӨХ-ийн төлөөлөгч З.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай зүгээс амьдрах нөхцөл байдал ямар байсан талаар удаа дараа хэлмээр байна. Хэдэн градус ч бай хөлдөлтийн байдал эхэлсэн байсан. Харуулын байр, нойлын парнууд задарсан байсан. Хариуцагч Б.Ууганбаяр хурандаагийн хэлж байгаа зүйлс бүгд үнэн. Гэрээнд н.Ундрахбаяр захирлыг хүчээр зуруулсан асуудал байгаагүй. Б.Ууганбаяр хурандаа н.Болд, н.Ундрахбаяр болон бид нартай найрсаг байдлаар ярилцаж байсан.

н.Ундрахбаяр захирал өөрөө гэрээг бэлтгэж ирсэн. Бид тухайн гэрээтэй танилцаж СӨХ-тэй холбоотой заалт нэмж оруулан гэрээнд гарын үсэг зурж байсан. Манай зүгээс гамшгийн нөхцөл байдал үүссэн, үүсээгүй гэдгийг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ гамшгийн байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэж байгаа. Хариуцагч болон нэхэмжлэгч тал аль аль нь холболт хийхэд дэмжлэг үзүүлсэн. Н.Ундрахбаяр захирал холболт хийхийг зөвшөөрсөн тул энэ дашрамд баярлаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Э ХХК ХХКомпани, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шадар Сайдын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 121 дугаар Ажлын хэсэг томилох тухай тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хээгт заасны дагуу илт хууль бус шийдвэр болохыг тогтоолгох, Улсын онцгой комисс 2016 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн дулааны шугамд хүчээр холболт хийж, Могул таун орон сууцны цогцолбор хорооллын дулааныг холбосон үйлдэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус шийдвэр болохыг тогтоолгох” шаардлага гаргасан ба хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

2016 оны  11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могултаун орон сууцны цогцолборын оршин суугчдын Удирдах зөвлөл гэх нэр бүхий 7 иргэнээс Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссийн дарга У.Хүрэлсүхэд хандаж Могултаун орон сууцны цогцолборын дулаан хангамжийн хүндрэлтэй байдлын тухай хүсэлт бичиж уг хүсэлтдээ “...хотхоны дулаан хангамжийн холболтын ажлын торгон агшинг зөвхөн өөрсдийн ашиг сонирхолдоо ашиглахаар улайран хөөцөлдөж байгаа аж ахуйн нэгжүүдийн зохисгүй ажиллагааг таслан зогсоож иргэд биднийг төвлөрсөн дулаан хангамжинд саадгүй холбогдох ажиллагаанд дэмжлэг үзүүлж 1000 гаруй иргэдийг хөлдөх аюулаас аварна уу” гэжээ.

Уг хүсэлтийг шийдвэрлэх үүднээс Монгол улсын Шадар сайдын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  122 дугаар бүхий “Ажлын хэсэг томилох тухай” тушаалаар Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.2, 7.5, 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах “Могул таун” орон сууцны цогцолборын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, үнэлгээ хийх, шийдвэр гаргах үүрэг бүхий Эрчим хүчний яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын ерөнхий менежер, инженерийн байгууламжийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газар, Улаанбаатар Дулааны сүлжээ, Зайсан дэд бүтэц холбоо болон Гал түймэртэй тэмцэх газрын төлөөллөөс бүрдсэн Улсын онцгой комиссийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж, тус орон сууцны цогцолборын нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулж дүнг Улсын онцгой комиссийн даргад танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаярт даалган, ажлын хэсэг нь холбогдох хууль тогтоомжийг баримтлан үнэн зөв, тодорхой шийдвэрийг яаралтай гаргаж, биелэлтийг Улсын онцгой комисст 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор танилцуулахыг үүрэг болгосон байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07/110/461 дугаар бүхий “Орон сууцны хорооллын зуух, дулаан хангамжийн тухай” дүгнэлтээр Могул скай ХХК НЬ Могул таун орон сууцны барилгуудын дулаан хангамжийг шийдвэрлэхдээ батлагдсан зураг төсөлгүйгээр барилгуудын дулааны ачаалалд хүрэлцэхгүй зуух суурилуулснаас хэрэглэгчдийн дулаан хангамж доголдож, халаалт хангалтгүй...цаашид дээрхи барилгуудыг Эрчим хүчний яамнаас олгогдсон 31/2016 дугаартай техникийн нөхцлийн дагуу ажлын зураг төслийг боловсруулсны үндсэн дээр төвлөрсөн дулаан хангамжид холбох нь зүйтэй” гэж дүгнэж байжээ.

Ийнхүү томилогдсон ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдахад ажлын хэсгийн гишүүд болон Могул скай ХХК-ийн захирал Болд, Могултаун ХХК-ийн захирал Мөнгөнтулга, тус орон сууцны цогцолборын оршин суугчдын төлөөлөл, нэхэмжлэгч Э ХХК ХХК-ийн захирал  Ундрахбаяр, Зайсан дулаан өргөө СӨХ-ны дарга Амар, СӨХ-ны ТУЗ-ийн дарга Балчиндорж нар оролцон үүссэн нөхцөл байдлыг хэлэлцээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдахаар шийдвэрлэсэн, 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас Могул скай ХХК-ийн захирал Болд, Э ХХК ХХК-ийн захирал Ундрахбаяр, Зайсан дулаан өргөө СӨХ-ны дарга Амар нарын хооронд гурван талт гэрээ байгуулах, гэрээнд заагдсан чиг үүргээ хэрэгжүүлэх талд 3 талаас хариуцлагатай хандах...Улсын онцгой комиссийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс ажлын хэсгийн дарга Б.Ууганбаяр, гишүүдээс Т.Гантөмөр, Б.Бямба-Рчир нар байлцсан гэдгээр гарын үсэг зурах, ЦТП-д угсралт хийж дууссаны дараа тохируулга, ашиглалтыг хариуцаж ажиллахыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ОСНААУГ-ын Хан-Уул дүүргийн дулааны ХҮТ-д үүрэг өгөх, Зайсан дулаан өргөө СӨХ-оос оршин суугчдын хэрэглэсэн дулаан, дулаан хангамжийн төлбөрийг цаг тухайд нь авч төлбөр барагдуулж байх, Зайсан дулаан өргөө СӨХ-ноос оршин суугчдыг

Дээрхи шийдвэрийн хүрээнд “Дулааны шугамнаас огтолгоо өгөх зөвшөөрөл олгох, шугамд холболт хийлгэж ашиглуулах гурван талт гэрээ”-г 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Э ХХК ХХК-ийн захирал Б.Ундрахбаяр /өмчлөгч/, Зайсан дулаан өргөө СӨХ-ны дарга Э.Амар /хэрэглэгч/, Могул скай ХХК-ийн захирал Д.Болд /төлбөр төлөгч/ нар байгуулсан байх ба гэрээний төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулснаар энэхүү гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон, уг гэрээний Улсын комиссын эрх үүргийг 4.3.1-д “гэрээгээр хүлээсэн үүргээ “Могул таун хотхон” биелүүлээгүйн улмаас дулааны шугамын өмчлөгч болох А тал дулааны шугамыг салгах тохиолдолд холболтыг салгахыг зөвшөөрөх, Могул таун хотхоныг гэрээний 2.2-д заасан төлбөр тооцоог хугацаанд нь барагдуулахыг шаардах, Могул таун хотхон гэрээний төлбөрийг барагдуулаагүйгээс А тал дулаанаар хангахгүйд хүрсэн тохиолдолд улсын комисс А талыг дулаанаар хангахыг шаардахгүй” гэж заан талуудыг гэрээ байгуулахад байлцсан Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Ажлын хэсгийн ахлагч Б.Ууганбаяр, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б.Бямба-Очир нар гарын үсэг зуржээ.

Эдгээр үйл баримт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл 2016 оны 11 дүгээр сарын байдлаар Могултаун орон сууцны цогцолборын оршин суугчдын өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн, Эрчим хүчний яамнаас 31/2016 дугаартай техникийн нөхцөл олгогдсон байсан нь тогтоогдож байх ба Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2 удаагийн хуралдааныг зохион байгуулсны дүнд оролцогч талуудын хооронд тухайлбал нэхэмжлэгч компанийн захирал өөрөө оролцон гэрээ байгуулснаар өөрийн өмчлөлийн дулааны шугамаас огтолгоо хийхийг зөвшөөрсөн, энэ нь Могултаун орон сууцны цогцолборын оршин суугчдын нийтлэг эрх ашигт нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.1-д “Монгол Улсын Шадар сайд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлын хүрээний бодлогын төвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, ажлыг эрхлэх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Монгол улсын Шадар сайдын гаргасан “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал нь түүнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хамаарч байх бөгөөд түүний гаргасан дээрхи тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчээс “Барилгын тухай хуулийн заалтыг Шадар сайд тушаалдаа баримтлах эрхгүй, иймд энэ тушаал илт хууль бус” гэж маргаж байх боловч уг тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулсан 2 удаагийн хуралдаанд нэхэмжлэгч өөрөө оролцсон, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу талуудтай 3 талт гэрээ байгуулсан зэргээс ажлын хэсгийн хуралдааны шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Ийнхүү талуудын хооронд “гэрээ байгуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэснээр захиргааны байгууллагын, өөрөөр хэлбэл ажлын хэсгийн үйл ажиллагаа хязгаарлагдсан, захиргааны байгууллага гэрээний тал болж оролцоогүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь байгуулсан уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад “захиргаа хүчээр гэрээ байгуулахад хүргэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.    

Улсын онцгой комиссийн ажиллах журамд заасан “гамшгийн нөхцөл байдал бий болоогүй...улсын онцгой комисс ажиллах шаардлагагүй байсан.. “ гэж нэхэмжлэгч маргаж байх боловч тухайн үеийн нөхцөл байдлаас дүгнэхэд Улсын онцгой комиссийн дээрхи үйл ажиллагааг “гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд” хийгдсэн гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.1, 24.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан “Шадар Сайдын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 121 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус шийдвэр болохыг тогтоолгох, Улсын онцгой комиссоос 2016 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн дулааны шугамд хүчээр холболт хийж, Могул таун орон сууцны цогцолбор хорооллын дулааныг холбосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус шийдвэр болохыг тогтоолгох” шаардлага бүхий “Э ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.

3.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                      ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН