| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0936/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/982 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/982
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000919 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт О-ийн М, Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:
Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн1989 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 134 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил, 278 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сар, 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялын нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ял,
Ажилчин дүүргийн шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Эрдэнэт хот дахь сум дундын шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 60 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 173 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 23 хоногийн хугацаагаар хорих ял,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1440 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М хохирогч Х.Т-ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч О.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч О.М нь 2024 оны 05 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS-25 сүлжээ дэлгүүрийн дотор хохирогч Х.Т-ыг ариун цэврийн өрөө орох хооронд түүний сандал дээр үлдээсэн 1 ширхэг нөүтбүүк, цэнэглэгч, утастай хулгана, флаш зэрэг эд зүйлтэй байсан цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 1-2 дах тал),
- Хохирогч Х.Т-ын “...Би 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хүн суудаг хэсэгт өөрийн нотебүүктэй цүнхээ үлдээгээд бие засах өрөө ороод гараад ирэх хооронд алга болсон байсан. ...Хяналтын камер шалгаж үзэхэд тэнэмэл амьдралтай хар мэт өнгийн гадуур хувцастай хүн ширээн дээрээс миний цүнхийг авч гарч байгаа нь бичигдсэн байсан. ...Би өөрийн алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 10-11 дэх тал),
- Иргэний нэхэмжлэгч С.Г-ийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Барс-2 захын хашааны гадна явж байхад ...нэг эрэгтэй Төрийн банк гэсэн бичигтэй хар хөх өнгийн цүнхтэй нөүтбүүк зарна, 100,000 төгрөг, манай охины нөүтбүүк байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарж байна, ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би худалдаж авахаар болоод өөрийн Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот М гэсэн нэртэй данс руу мөнгийг шилжүүлсэн. ...Тухайн цүнхэнд нөүтбүүк, цэнэглэгч, хулгана, хар өнгийн флаш л байсан. Эдгээр зүйлийг өөрийн сайн дураар хүлээлгэн өгч байна. ...100,000 төгрөгийг М-аас эргүүлж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 23-24 дэх тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 27-29 дэх тал),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35, 36 дахь тал),
- Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч 2024 оны 05 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах GS-25 сүлжээ дэлгүүрийн дотор хохирогч Х.Т-ыг ариун цэврийн өрөө орох хооронд түүний сандал дээр үлдээсэн 1 ширхэг нөүтбүүк, цэнэглэгч, утастай хулгана, флаш зэрэг эд зүйлтэй байсан цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Х.Т нь хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар хүлээн авч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч С.Г 100,000 төгрөгөө буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 8 сар 71 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг камерын бичлэг бүхий компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна ...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт шүүгдэгч О.М-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэл (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтууд авагдсан.
Шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 8 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн үедээ дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгч О.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сарын 8 хоногийн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 жил 9 сар 8 хоногийн хорих ялаар сольж эдлэх ялыг мөн өдрөөс эхлэн тоолж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч О.М-ын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцоход 1 жил 8 сар 9 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 08 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шүүгдэгч О.М-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт О-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 08 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ын биечлэн эдлэх хорих ял нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь эрүүгийн 2408000000919 дугаартай хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.М эрүүгийн 2408000000919 дугаартай хэрэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР